Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 482

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Я.Сансар, шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Ст холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07013  дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, П.С, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч П.С нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Жуковын 1А тоотод оршин суух гэрийнхээ хашаанд иргэн Т.Мхашааны гадна нохой тоглуулсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ: “…Би 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 сартай хүүхдээ эхнэр, охины хамт эмнэлэгт үзүүлчихээд гэр рүүгээ ирсэн. Хашаа руугаа орох гэтэл 2 залуу хаалга нь дээр машин тавьчихсан нохой зодолдуулаад байж байсан. “Машинаа холдуулчихаа. Хашааны үүдэн дээр битгий нохой зодолдуулаад бай” гэж хэлсэн. Тэрнээс болж маргаан гарсан. Нохой байсан учраас би машинаасаа бууж чадахгүй байсан. Тэгээд “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь О.Сугар гэх залуу “Чиний дуудсаны зоргоор ирэхгүй. Би өөрөө цагдаа байна” гэсэн. Би эхнэрийнхээ 80669449 гэсэн дугаараас цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгсөн. Намайг цагдаад дуудлага өгсөн чинь Мөнгөн машинаа хойш нь ухраасан. Тэгээд би хашааны хаалга онгойлгоод машинаа оруулах гэсэн арай багтахгүй байсан. Би “машин багтахгүй байна. Машинаа жоохон холдуулчих” гэсэн чинь О.Сугар гэж залуу нь “газрынхаа бичиг баримтыг, иргэнийхээ үнэмлэхтэй аваад гаргаад ир. Тэгвэл би машинаа холдууллаа. Нийтийн эзэмшлийн газарт машин холдуулна уу, машин тавина уу чамд хамаагүй” гэхээр нь “нийтийн эзэмшлийн газар нохой зодолдуулахдаа чи өөрөө бас дүрэм журамтай байх ёстой” гэсэн чинь “гэрийг чинь эндээс юу ч үгүй арчиж хаяна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь “нохойтой нөгцсөн юм уу” гэж хэлсэн. Тэр миний үгийн алдаа. О.Сугар нохойндоо нэг үг хэлсэн чинь нохой нь над руу дайрсан. Би сандарсандаа зөөлөн бөмбөг, нохой тоглуулдаг юм хоёрыг аваад шидсэн. Тэгсэн О.Сугарын биш ард нь явсан Мөнгөний нохойг оночихсон. О.Сугар нь “наад муу гөлөг чинь айнааг оночихлоо” гэсэн. Тэгсэн Мөнгөн “яасан даварчихсан муу хулгайч вэ, наад мууг чинь алаад хаячихъя” гэсэн. Би зугтаагаад гүйсэн чинь Мөнгөн араас гүйгээд ирсэн. Би хашаа руу орох гэсэн боловч зузаан хувцастай явж байсан болохоор хашааны хаалга, машин хоёрын завсраар багтаагүй. Тэгсэн Мөнгөн намайг ирээд бариад авсан. Намайг барьж аваад зуураад байхаар нь би барьцыг нь тавиулах гээд хоолойг нь шахаад түлхсэн. Шахаж түлхээд арагшаа болсон чинь манай эхнэр “та нар яаж байгаа юм, болиоч” гээд хүүхдээ тэврээд машинаас бууж ирсэн. Тэгсэн О.Сугар нь манай эхнэрийг хүүхдээ тэвэрчихсэн байхад нь түлхээд ороод ирсэн. Мөнгөн миний нэг талын хөл дээр хөлөөрөө мордоод намайг арагш нь дараад унагаасан. Би арагшаа унахгүй гээд эргэсэн. Мөнгөн унахдаа гараа тулж унасан. Би хүнээс яаж унахаар хүний гар хугардаг юм гэж асуусан гараа буруу байрлуулахаар хугардаг гэж хэлсэн. Араас нь О.Сугар орж ирээд миний араас өшиглөж, цохисон. Удаан хугацаа ч болоогүй. Хүний дээрээс дарж, гарыг мушгисан зүйл болоогүй. Хэрэг явдал манай хашаа нь дотор дууссан. Би Мөнгөний гарыг мушгаагүй, нугалаагүй, дараагүй.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Т.Мий өгсөн мэдүүлэг /хх-н 7-8/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ш.Эрдэнэчулууны өгсөн мэдүүлэг /хх-н 14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Шинэзоригийн өгсөн мэдүүлэг /хх-н 15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Дэлгэрмаагийн өгсөн мэдүүлэг /хх-н 16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14030 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 19/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас П.С нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Жуковын 1А тоотод оршин суух гэрийнхээ хашаанд иргэн Т.Мхашааны гадна нохой тоглуулсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч П.Сыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Жуковын 1А тоотод оршин суух гэрийнхээ хашаанд иргэн Т.Мхашааны гадна нохой тоглуулсан гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Мий хохирогчоор өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны орой дүү О.Сугарын хамт 10-н сартай 2 нохой тоглуулахаар Тарвилан хотхоны хажууд 20 цагийн орчим тоглуулж байхад суудлын автомашинтай хүн ирээд эндээс зайл, нохойгоо аваад зайл гэх мэтээр хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгэхэд Сугар “та яаж харьцаад байна” гэхэд тухайн залуу машинаа холдуулмаар байна” гэхээр нь би өөрийн 76-50 УБӨ дугаартай машинаа холдуулсан. Тэгээд тухайн залуу хашааны хаалга онгойлгоод машинаа оруулж байгаад зогсоод машин багтахгүй байна гэж хэрүүл хийж бууж ирээд нохой тоглуулдаг тоглоом аваад явах үед С нь нохойны тоглоом авъя гэхэд нөгөө залуу 2 нохой руу тоглуулагч шидэх үед нохой гаслаад явсан. Тэгээд би тухайн залуу дээр очиход барилцаж аваад намайг машиныхаа урд копуд дээр дарж би тавиулсан. Тэгээд би босоод тонгорох үед намайг газар унаган биеэрээ баруун гар дарсан. Энэ үед миний тохой маш их өвдсөн тул бос гэхэд босохгүй байсан. Тэгэхэд Сугар ирж нөгөө залууг татаж босгосон. Миний баруун гарын тохой хугарсан." гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Сугарын өгсөн: “...Хуурай ах Мөнгөнтэй 20 цагийн үед Жуковын хөшөөний зүүн ар талд уулзаж 2 гөлөг салхилуулангаа уулзаж байхад үл таних цагаан машинтай хүн ирж дайрчих шахаад тулаад зогссон. Тэгэхээр нь бид хоёр таних хүмүүс тоглож байгаа юм байх гэж бодоод инээлдээд байж байхад 40 гаруй насны ах бууж ирээд “та нар одоо зайл наанаа байх эрхгүй” гэж уурласан. Тэгэхээр нь бид хоёр энэ талбай нийтийн талбай гэж хэлсэн. Тэгэхэд тухайн ах машинаа холдуул гэхээр нь Мөнгөн ах өөрийнхөө машиныг холдуулсан. Тэгэхэд нөгөө ах машиныхаа хамрыг хашаа руугаа оруулчихаад дахин бид хоёрт та нар холдохгүй бол би дайраад орчихно шүү, дээрэлхээд байна уу гээд намайг цохих гээд гараа далайгаад нохойтой нөхцдөг юмнууд гэж дайрсан. Тэгээд машины хамар дээр байсан нохой тоглуулагч авч охин гөлөг рүү шидэж оноход гөлөгний уяа алдуурч зугтаасан. Би охин гөлөгөө барьж ирээд машиндаа хийх хооронд Мөнгөн ахыг нөгөө ах доороо хийсэн Мөнгөн ах орилоод эхэлсэн. Тэгээд орох гэхэд эхнэр нь намайг хашаа руу оруулахгүй миний хөл рүү өшиглөхөөр нь би зодолдохгүй салгах гэж байна гэхэд оруулахгүй байсан. Тэгээд би арай гэж ороод Мөнгөн ах дээр очиход Мөнгөн ахыг газар унагаасан, баруун гарыг нь мушгиж дарсан, нүүрийг нь дарсан байсан. Мөнгөн ахын баруун гарнаас маш их хэмжээний цус алдсан байсан." гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Эрдэнэчулууны өгсөн: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороололд очсон. Тэгэхэд 30 гаруй насны залуу, 2 гаруй насны залуучууд нохой салхилуулж явж байхад үл таних машинтай хүн ирж уурлаж 30 гаруй настай залууг зодлоо гэж хэлж байсан. Зодуулсан залуугийн баруун гарын тохой орчимоос маш их цус алдсан байсан. 103 дуудаж үзүүлэх үед тухайн хүний баруун гарнаас маш их цус алдаж байсан." гэх мэдүүлэг /хх-н 14/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14030 дугаартай:

             1. Т.Мий биед баруун гарын тохойн үений мултрал, үений уут, булчин, судас, зөөлөн эдийн урагдсан шарх, хаван, хавдар, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо,

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

             3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

             4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 19/,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч П.Сыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Хохирогч Т.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400.000 төгрөг хүлээн авсан, одоо гомдол саналгүй гэх хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлсэн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Т.М нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Шүүхээс шүүгдэгч П.Ст ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.