Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 17

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 4 дүгээр баг, Хүйсийн говьд оршин суух, Сульчин бэсүд Гэндэнжавын Нансалмаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэcнийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Нансалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Сульчин бэсүд овогтой Гэндэнжавын Нансалмаа нь 1965 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөхморьт сумд төрсөн. Би 1981-1983 онд тус сумын Хүйсийн говь бригадад маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үерт алдсан учраас ажилласан жилээ шүүхээр тогтоолгох болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Хүйсийн говь бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 515 дугаартай архивын лавлагаанд “...Тус аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Хүйсийн говь бригадад малчин байсан Гэндэнжав овогтой Нансалмаа нь 1981 оны 8-12 сард 579 төгрөг, 1982 оны 1-12 сард 1087 төгрөг, 1983 оны 1-2 сард 365 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн байгаагаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Сульчин бэсүд Гэндэнжавын Нансалмааг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Хүйсийн говь бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сульчин бэсүд Гэндэнжавын Нансалмааг 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 35 жил нэгдлийн Хүйсийн говь бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН