Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 21

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ард аюуш гудамж 11 дүгээр байр, 113 тоотод оршин суух, Нямбуу, Чадраабалын Удвалын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Удвал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нямбуу овогт Чадраабалын Удвал миний бие 1965 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумд төрсөн. Одоо Улаанбаатар хотод гэр бүлийн хамтаар амьдарч байна. 1986 онд Ховд аймаг дахь Улсын багшийн дээд сургуулийг төгсөөд Бигэр сумд томилогдон физикийн багшаар ажиллаж байгаад 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Бигэр сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байх хугацаанд 1987 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охин Э.Оюун-Эрдэнэ, 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Мөнх-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Бигэр сумын 10 жилийн дунд сургуульд багшаар томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалууд Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасаг, Бигэр сумын бүрэн дунд сургуулийн архив бичиг хэрэгт байхгүй байгаа тул шүүхээр ажилласан байдал, хугацаагаа тогтоолгох хүсэлтэй байна. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд Бигэр сумын 10 жилийн сургуульд физикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хүсэлтдээ 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн сургуульд физикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан нь Монгол улсын шатрын анхны олон улсын мастер Т.Үйтүмэнгийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Бигэр сумын бүрэн дунд сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 86 дугаартай тодорхойлолтод 1986 оны 08 дугаар сараас 1993 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон байгаагаар тогтоогдож байна. Уг цалингийн тодорхойлолтод зарим сарууд тасалдсан байгаа боловч тухайн үед охин Э.Оюун-Эрдэнэ, хүү Э.Мөнхмандах нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иймд Нямбуу Чадраабалын Удвалыг 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн сургуульд физикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвжав нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Нямбуу, Чадраабалын Удвалыг 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 10 жилийн сургуульд физикийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН