| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0907/Э |
| Дугаар | 925 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 925
2020 05 18 2020/ШЦТ/925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.М д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01406 1039 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.М
Холбогдсон хэргийн талаар:
С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хар хошуу” гэх газарт Ш.М ын нүүрэн хэсэгт гараараа хүчтэй цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээд Бумбанцагаан, Ш.М 2 муудалцаад байхаар нь би “боль” гэж хэлсэн чинь Ш.М унтаад өгсөн. Тэгээд удалгүй Бумбанцагаан орж ирээд Ш.М ыг татаж чангаагаад байхаар нь би Бумбанцагаанд “болио” гээд хэлээд байж байхад Ш.М “больцгоо, чимээгүй бол гөлөгнүүд минь” гээд босоод ирэхээр нь би нүдэнд нь цохисон, би тэгээд харьсан. Одоохондоо хохирол төлбөр төлөөгүй байгаа гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.М ын өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар хошууны тэнд байдаг зүс таних Баяраа ахын гэрт М , Болорчулуун, Хумбанцагаан бид нар цагаан сарын баяр тэмдэглэж архи уусан. Тэгээд бүгд их согтоод би унтаад өгсөн чинь миний нүд рүү хүчтэй цохих шиг болсон. Тэгэхээр нь би сэрсэн чинь М намайг Сүрэнжавын М гэдэг шүү гэж хэлээд гэрээс гараад машинаа унаад зугтсан тэр миний зүүн нүдний зовхи сэтэрч цус гараад тогтохгүй байсан чинь Баяраа ахын эхнэр цагдаа дуудсан удалгүй цагдаа залгаад байгаа хаягийг чинь мэдэхгүй байна, чи зам дээр гараад ир гэхээр нь би зам руу гараад хүлээж байхад миний хамар, амнаас цус гараад тогтохгүй байхаар нь би хүчтэй нусаа нийсэн чинь миний зүүн нүд бүлтрээд гараад ирэхээр нь би сандарсандаа би алгаараа буцаагаад дарсан чинь орчихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3066 дугаартай шинжээчийн:
1. Ш.М ын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт язарсан шарх, хамрын нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн С.М ы: ...Тэгтэл Хумбанцагаан Ө ыг босгох гээд татаад байхаар нь би унтуул гэсэн үгэнд орохгүй бид сүүлдээ бид хоёр маргалдсан. Тэр үед Ө босч ирээд дуугүй бай гөлөгнүүд гэхээр нь би уурандаа нэг удаа хүчтэй нүүр хэсэгт нь цохиод гэрээс гараад зугтсан. Тэгэхдээ Ө ыг цагдаад хандсан гэж мэдээгүй гэртээ ирсэн чинь ээж чамайг цагдаа хайгаад байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,
- Шүүгдэгч С.М ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 23, 24, 25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар хошуу гэх газарт Ш.М ын нүүрэн хэсэгт гараараа хүчтэй цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ш.М , гэрчээр өгсөн С.М нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3066 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.М нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.д-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/- ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1: ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Ш.М нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын 120.000+25.000+150.000+6400+17.850+880.000+301.840=1.510.090 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн нь хуулийн шаардлага хангасан байна гэж үзэж уг хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч С.М оос гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ш.М энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.М ыг 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.М д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар С.М /РД: /-с 1.510.090 /нэг сая таван зуун арван мянга ерэн/ төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Ө /РД: /-д олгосугай.
6. Хохирогч Ш. Ө нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ