Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2017/0078/З |
Дугаар | 031 |
Огноо | 2018-03-26 |
Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 031
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн оршин суугч Х нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн С сумын Засаг даргад холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: “С сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/69, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, хариуцагч С сумын Засаг дарга Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбарт:
Миний бие Өлгий суманд 1981 оноос хойш оршин сууж амьдарч байгаа бөгөөд 1994 онд Өлгий сумын нутаг дэвсгэртэй хил залгасан С сумын “Хар уулын Желди хавиргийн Хар шохы, Хар үзүүр, Полигон автодром, Улаан худаг” нэртэй газруудаас бүрдсэн газар нутгийг бэлчээрийн зориулалтаар мал аж ахуй эрхлэх зорилгоор тус сумын Засаг дарга Т.Какений захирамжаар 60 жилийн хугацаатайгаар авч, надад гэрчилгээ өгсөн юм. Тэр жилээс Ховд аймгийн Булган сумаас баз дүү К.Суханыг ирүүлж, 300 гаруй малтай болж, С сумын нутаг болох “Хар шохы”-д өвөлжөөний саравчтай хашаа, 3 өрөө малчны сууц, түүнийг уруудаад Ховд голын эрэгт мал төллүүлэх хашаа, төлийн пүнз, мөн 3 өрөө сууц барьж байрлуулан, тэнд хаваржиж мөн намаржиж “Хар үзүүр”-т зусаж тэр малчин маань 2010 он хүртэл бүтэн 16 жил оршин сууж нутагшсан. Дараа нь К.Сухан нь Казахстанд нүүсэн ба Улаанхус сумаас М.Далай гэдэг малчин нэг жил өвөлжөөд мөн л Казахстан улсад шилжээд явсан. Тэгээд Өлгий сумын оршин суугч Р.Жумахан гэдэг малчныг авсан боловч бие, эрүүл мэндийн байдлаас болж, миний малыг хүлээлгэж өгөөд явсан, 2011-2012 онуудад мал зудад хорогдож, үлдсэн малаа малчин олтол н.Зулхарнай гэдэг айлд түр тавьж, оронд нь дээрх эзэмшил газар, бэлчээрийг ашиглаж байхаар тохиролцсон. Энэ хугацаанд иргэний хувьд уг бэлчээр нутгийг эзэмшсэний татварыг миний бие 2013 оныг дуустал төлж байсан. Хамгийн гол нь би уг бэлчээр нутгийг эхлээд 60 жил, дараа нь шинэчилсэн журмаар 20 жил эзэмших албан ёсны гэрчилгээтэй байсан ба сүүлийн гэрчилгээ одоо хүртэл байж байгаа. Дахин малтай болох малчин олох гэж явсан сүүлийн 3-4 жил манай эзэмшлийн бэлчээрт саахалт суудаг Хамшыбайн хүүхдүүд болох Х.Ерлан, Х.Е нар мал маллан амьдарч байсан ба эдгээр хүмүүстэй тохиролцож бэлчээр ашигладаг байсан, зарим үед бэлчээрийн асуудлаар үл ойлголцол, маргаан гарч байсан удаа бий. Мөн тухайн үед өвөлжөө, хаваржааны зориулалттай хоёр хашаатай байсан бөгөөд мал хорогдож, малчид ч гэсэн янз бүрийн шалтгаанаар мал хариулахаа больсон учраас тэр бүх эд хөрөнгүүд тоногдоод алга болсон, хаваржаанд байсан чулуун хашааны чулууг хүртэл зөөж аваад явсан, гэхдээ үүнийг хэнээс ч нэхэмжлэхгүй байгаа. Харин 2016 оноос малын тоог өсгөж, энэ оны эхээр малчинтай болж, газар бэлчээрээ эзэмших эрхээ сэргээж, Цэнгэл сумаас ирсэн Өлгий суманд 6-7 жил оршин суусан н.Мергенбай гэдэг малчныг авч 200 гаруй малтай болж суурьшуулсан юм. Гэтэл өнгөрсөн оны 6 дугаар сард С сумын Засаг дарга Х захирамж гаргаж, манай саахалт айл болох өргөн их бэлчээр нутагтай Х.Ерлан, Х.Е нарт “Желдихавирга” орчмын бэлчээр нутгийг эзэмшүүлэхээр шийдвэр гаргасныг би захирамж гарсан үед мэдээгүй, сүүлд маргаан үүсэж, мал хөөж эхэлснээр би уг асуудлаар Засаг даргатай уулзахад анхны газар эзэмшүүлсэн захирамжийг олохыг надаас шаардсан.
Надад захирамж байх ёсгүй, төр захиргааны байгууллагын өөрт нь байдаг баримт бичиг гэж өөртөө байсан газар эзэмших гэрчилгээгээ үзүүлэхэд, гэрчилгээний огноо, дугаар, код бүгд зөрчилтэй байна гэсэн хариу өгсөн. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэл маань Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд нийцэж байгаа. Учир нь, надад газар эзэмшүүлсэн гэрчилгээ нь төрийн албан ёсны тамга, тэмдэгтэй, зохих кодтой, нэгж талбарын дугаартай бөгөөд уг гэрчилгээг үндэслэн миний бие нэхэмжлэл гаргасан. Аймгийн Засаг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр газрын маргаантай холбогдуулан өгсөн хариуд, С сумын Засаг дарга 1994 онд газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаагүй байх тул архивын лавлагаа өгөх боломжгүй, мөн сумаас 2008 оны захирамжийг архивд хүлээлгэж өгөөгүй байна гэсний дээр мөн 2008 оны 15 дугаар захирамж өөр утгатай болох тухай баримт өгсөн байна гэж үзэж миний хүсэлтийг хангах боломжгүй гэснийг хүлээж авах боломжгүй байна.
1994 онд захирамжгүйгээр надад газар эзэмшүүлсэн, эсвэл уг захирамжийг зориудаар алга болгосон санаатайгаар өгөхгүй байгаа гэсэн үг юм, эрхийн актгүйгээр буюу Засаг даргын шийдвэргүйгээр гэрчилгээ бичигдэх ёсгүй. Шинэчилсэн гэрчилгээ олгох үед урьдах гэрчилгээ нь цагаан цаасан дээр хөх цэнхэр өнгөөр бичсэн гэрчилгээ байсан ба захирамж ч гэсэн тухайн үед байсан юм. Түүнийг 2008 онд хурааж аваад оронд нь одоогийн гэрчилгээг олгосон. Уг гэрчилгээ нь газрын даамал Ү.Аманбекийн гарын үсэгтэй эрхийн гэрчилгээний болон нэгж талбарын тодорхой дугааруудтай учраас хуулийн хүчин төгөлдөр эрхийн акт гэж үзэж байна.
Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шийдвэр гаргана гэж тодорхой зааж өгсөн байгаа.
Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн хүний Монгол улсын Үндсэн хуульд заасан эрх ашиг нь хөндөгдөх ёсгүй гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан С сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.
Хариуцагч С сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Миний бие 2008 оноос 2012 он хүртэл С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар, 2012 оны 05 дугаар сараас эхлэн одоо хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байна.
Миний бие тус сумыг удирдсан 9 жилийн хугацаанд маргаан бүхий газарт Хамшыбайн хүүхдүүд Х.Ерлан Х.Е нар нь мал аж ахуй эрхэлж байнга оршин суудаг байсан ба Х.Е нас барсны дараа түүний хүүхэд Е.Е нь 2017 оны 05 дугаар сард надад газар эзэмшүүлэх тухай хүсэлт гаргасан. Тодруулбал, надад бидний намаржиж байгаа Хар уулын чиглэлд өвөлжөө барих зориулалтаар газар эзэмшүүлж өгнө үү гэсэн хүсэлт оруулж ирсэн байгаа. Харин түүний хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд нийцэж байсан учраас газар эзэмшүүлэх захирамж гаргаж өгсөн бөгөөд тухайн үед газрын даамлыг дуудаж, Е.Ед эзэмшүүлэх гэж байгаа газрыг бусдад олгосон эсэхийг тодруулахад бусдын газартай давхцаагүй гэж мэдэгдсэн. Харин уг захирамжийг гаргаснаас хойш сар гаруй хугацааны дараа Х надад ирж, таны Е.Ед эзэмшүүлсэн газрыг би урьд нь эзэмшсэн байгаа гэсэн тайлбар хэлснээр би сумын Засаг даргын захирамжийн үлдэх хувийг судалж үзэхэд нэхэмжлэгч Хт газар эзэмшүүлсэн захирамж гараагүй байсан. Тэгээд би аймгийн төв архивт очоод захирамжийг үзээд танд газар эзэмшүүлсэн захирамж байгаа бол аваад ирээрэй, би сүүлд гаргасан захирамжийг хүчингүй болгож өгье гэж явуулсан. Гэтэл Х нь тэр чигээрээ алга болсон ба сүүлд газар эзэмших гэрчилгээний хуулбарыг авч ирсэн. Уг гэрчилгээний хуулбарыг судалж үзэхэд, “2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар захирамжийг үндэслэн бичив” гэж заасан байсан. Гэтэл 2008 оны сумын Засаг даргын 15 дугаар захирамж нь “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж байсан нь тогтоогдсон. Мөн 1994 онд газар эзэмшсэн талаарх захирамж бас л олдоогүй, гэрчилгээний хуулбар ч гэсэн байхгүй байсан. 2008 онд авсан гэх газар эзэмших эрхийн гэрчилгээний гараар бичсэн хэсгийг үзэхэд тухайн үед С сумын Засаг даргаар ажиллаж байсан К.Болатын бичиг байсан бөгөөд энэ асуудлыг газрын даамлаас тодруулахад К.Болат нь өрөө бичиж намайг дуудаад гарын үсэг зуруулж авсан гэж хэлж байсан. Газар эзэмшихийг хүсэж байгаа иргэн нь сумын Засаг даргад хандаж хүсэлтээ гаргана, үүнийг сумын газрын даамал хянаад эзэмшүүлэх гэж байгаа газар нь бусдын эзэмшил газарт давхцаагүй байвал газар эзэмшүүлэх захирамжийг төлөвлөж, сумын Засаг даргад батлуулдаг. Дараа нь захирамжийг үндэслэн газар эзэмших гэрээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгдөг. Гэтэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэрчилгээ болон захирамж нь зөрүүтэй байсан учраас сүүлд гаргасан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байсан юм. Мөн нэхэмжлэгч уг газрыг хуулийн дагуу эзэмшилдээ авсан гэхэд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн талаар тусгаж өгсөн бөгөөд эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол сумын Засаг дарга газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байна. Нэхэмжлэгч 2013 он хүртэл газрын төлбөрийг төлсөн гэж байгаа ба 2013 оноос хойш 5 жил өнгөрсөн байгааг хэлмээр байна.
Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол уг газрыг хүчингүй болгох үндэслэл болох юм. Иймд Газрын тухайн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн Хт газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгосон байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.
Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Миний өвөө Н.Хамшыбай нь “Хар уулын Желдихавирга” гэдэг газарт байсан Тышхан гэдэг хүний өвөлжөөний хашаа байшинг 1990 онд явагдсан өмч хувьчлалын үед худалдан авсан. Түүнээс хойш өнөөдөр хүртэл 27 жил уг газарт өвөлжиж, хаваржиж, намаржиж байна. Өвөө маань 2003 онд нас барсан. Үүний дараа хүүхдүүд нь болох миний эцэг Х.Е, дүү нь Х.Ерлан нар хамтарч уг газарт өвөлжиж, хаваржиж, намаржиж ирсэн. Миний аав Х.Е 2012 онд нас барсан ба тухайн үед би насанд хүрээгүй үлдсэн. Харин 18 насанд хүрсний дараа С сумын Засаг дарга Хт өргөдөл гаргаснаар 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/69 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаж, тус сумын 3 дугаар багийн нутаг болох “Хар уулын Желдихавирга”-д байршилтай Х.Ерланы өвөлжөөний хойд тал дахь хуучин өвөлжөөний бууриас 700 м.кв газрын Х.Е овогтой Е.Е надад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Үүний дараа Хын малчин гэх С.Мергенбай нь надад олгосон газрыг миний газар, Х уг газрыг миний газар гэж хэлсэн гэж булаацалдаж бэлчээрт байсан малыг тууж эхэлсэн. Энэ явдлыг тухайн үед би сумын удирдлагад 2 удаа мэдэгдэж газрыг даамал Ү.Аманбек, орлогч дара Т.Хангай, хэсгийн цагдаа олон нийтийн цагдаа зэрэг албан тушаалтнууд ирж С.Мергенбайд ойлгуулан Хыг дуудсан боловч ирээгүй болно. Энэ маргааныг удаа дараа гаргасан учир С.Мергенбайг торгож арга хэмжээ авч байсан.
Тухайн үед сумын Засаг дарга Х, газрын даамал Ү.Аманбек нараас Хын гар дээр байгаа 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон 0169785 тоот гэрчилгээ ямар учиртай болохыг асуухад танд эзэмшүүлсэн газрыг Хд эзэмшүүлэх талаар 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 тоот захирамж гаргаж байгаагүй гэж хэлж байсан. Иймд Хын гаргасан нэхэмжлэлийн дагуу С сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/69 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд нэхэмжлэгч Хт газар эзэмшүүлсэн 0169785 дугаар гэрчилгээг олгохдоо Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “... “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно...” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэрчилгээ засвартай, хоёр хүний гарын үсэгтэй учраас уг баримтыг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна. Учир нь, тухайн гэрчилгээнд “2008” гэж бичигдсэн тоог мэргэжлийн байгууллагын тусламжаар шинжлэн үзэхэд “2003” гэсэн тоог “2008” гэж бичсэн нь тогтоогдсон.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт газрын харилцааны талаарх сумын Засаг даргын эрх хэмжээг зохицуулсан, 21.4.3-т “... энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах ...” гэж заасан байхад тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан К.Болат нь өөрийн гараар гэрчилгээ бичиж олгосон нь үндэслэлгүй болжээ. Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд сумын газрын даамлын эрх хэмжээг зохицуулсан байх бөгөөд 23.4.2 дахь хэсэгт “... Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох ...”, 23.4.3-т “... эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх ...” гэж тус тус заасан. Гэтэл газрын даамал нь сумын Засаг даргын захирамжийн дагуу газар газар эзэмшүүлэх гэрчилгээ бичиж, гэрээ байгуулах ёстой байтал шууд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон нь буруу байна. Сумын Засаг даргын захирамж гараагүй учраас маргаан бүхий газарт хэмжилт хийгдээгүй, бүртгэлд оруулаагүй байгаа. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж, байгууллагын гэсэн гурван төрөлтэй байгаа. Гэвч нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн сумын Засаг дарга К.Болат нь хуульд заагаагүй асуудлаар буюу мал аж ахуйн зориулалтаар гэж газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ бичээд өгсөн байдаг. Ингэснээр нэхэмжлэгч Х нь С сумын Хар уулын “Желдихавиргийн Хар шохы, Хар үзүүр Полигон автодром, Улаан худаг” нэртэй бэлчээрийн зориулалттай газрыг би эзэмших ёстой гэж маргаан гаргаж байгаа юм. 2003 онд тус сумын малчид ямар газрыг эзэмшиж оршин сууж байгааг тодруулах зорилгоор бүртгэл явуулсан бөгөөд бүртгэлийн дэвтэр нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг бүртгэлийн дэвтрийн 388 дугаарт К.Сухан нь С сумын “Желдихавирга” гэдэг газрыг эзэмшиж байгаа болохыг 2003 оны 11 дүгээр 26-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Хын гар дээр байгаа гэрчилгээний “2003.10.16” гэсэн огноо, бүртгэлийн дэвтэрт байгаа тоотой давхцаж байгаа. Дээрээс нь “15” гэснийг “51” гэж бичсэн байдаг. Тэгээд газар эзэмших эрхийн гэрчилгээнд 2003 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэж бичсэн ба тухайн үед газар эзэмшүүлэх гэрчилгээ нь цагаан өнгөтэй байсан тул нэхэмжлэгч 2008 онд гэрчилгээ бичүүлж аваагүй болох нь тогтоогдож байна. Тийм учраас хууль бусаар олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчээс “С сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/69, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
С сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/69 дугаартай захирамжаар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Желдихавирга” гэх газарт байршилтай 700 м2 газрыг тус багийн иргэн гуравдагч этгээд Е.Ед гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсний дагуу сумын газрын даамлаас Е.Ед газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Уг шийдвэрт газрын байршлыг “...Х.Ерланы өвөлжөөний хойд тал дахь хуучин өвөлжөөний бууриас 700 м2 газрыг” гэж тодорхойлсон байх ба шүүхээс үзлэг хийхэд маргаан бүхий газар нь тус газарт ойролцоо орших иргэн Х.Ерлан, Х.Е нарын өвөлжөөний газрын хойд тал байршилтай байх ба машины замаар явж хүрэхэд газар хоорондын хэмжээ 2.7 километрийн зайтай байна. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн уг газрыг 1994 оны үеэс эзэмшиж ирсэн гэж маргаж, үндэслэлээ ... би 1981 оноос Өлгий суманд амьдарч байгаа, 1994 онд С сумын “Хар уулын Желдихавирга, Хар шохы, Хар үзүүр Полигон автодром, Улаан худаг” нэртэй газар нутгийг тус сумын Засаг дарга Т.Какений захирамжаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ өгсөн. Уг газар нутгийг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байсан, гэхдээ мал аж ахуй эрхлэх ажиллагааг өөрөө гардан хийгээгүй. 1994 оноос 300 гаруй малтай болж, Ховд аймгийн Булган сумаас баз дүү К.Суханыг ирүүлж, малаа маллуулсан, малчин К.Сухан нь 2010 он хүртэл 16 жил нутагшиж, Казакстан улсад нүүсэн, 2011 онд М.Далай гэдэг малчин нэг жил өвөлжөөд мөн Казакстан улсад нүүсэн, 2011-2013 он хүртэл Р.Жумахан гэдэг малчнаар малаа маллуулж байсан. Тус газрыг эхлээд 60 жил, дараа нь гэрчилгээг шинэчилж олгоход 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0169785 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн дагуу 20 жилийн хугацаагаар эзэмших болсон. Мал зудад хорогдож, үлдсэн малаа тус газарт ойролцоо оршдог н.Зулхарнай гэдэг айлд түр тавьсан, дахин малтай болох малчин олох хүртэл сүүлийн 3-4 жил өвөлжөөний газар түр эзгүй байсан үед саахалт суудаг Х.Ерлан, Х.Е нар эзэмшиж байсан гэж тайлбарлаж, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон гэх 0169785 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг гэрээний хамтаар шүүхэд ирүүлжээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т ...сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэж, зохион байгуулахаар заасан.
Газар эзэмших эрхийн 0169785 дугаартай гэрчилгээг үзэхэд С сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг үндэслэж “Хар уулын Желдихавирга, Хар шохы, Хар үзүүр, Полигон авдтодром, Улаан худгийн хоорондох 0.05 га буюу 500 м2 газрыг нэхэмжлэгчид 20 жилийн хугацаагаар эзэмшүүлснээр тусгагдаж, сумын газрын даамал Ү.Аманбекийн гарын үсэг зурагдаж, газрын даамлын тэмдэг дарагдсан, гэрчилгээний гараар бөглөх хэсэг нь 2 өөр хүний бичигтэй байв.
Гэрчилгээний гараар бичих хэсгийн газар эзэмшигчийн овог, эцгийн нэр, нэр бичих хэсэгт “Жадик-Хостай, Омар Хабсатар” гэж, аймаг, сумын нэрийг бичих хэсэг дэх “Баян-Өлгий, С” гэж, Засаг даргын шийдвэрийн огноо, дугаарыг бичих хэсгийн оны гэсэн үгийн өмнөх “2008” гэсэн тоог, газрын байршлын хаяг, нэрийг тусгах хэсгийн “Хар уулын Желди хавирга, Хар шохы, Хар үзүүр, Полигон автодром, Улаан худгийн хоорондох” гэснийг, газар эзэмших зориулалтыг тусгах хэсэг дэх “мал аж ахуй эрхлэх” гэж, гэрчилгээний сүүлийн хэсэгт “2008.09.04” гэж бичсэн бичгүүд нь 2008 онд С сумын Засаг даргаар ажиллаж байсан К.Болатын бичиг болох нь, харин нь Засаг даргын шийдвэрийн огноо, дугаарыг бичих хэсгийн сарын гэх үгийн өмнөх “10” гэсэн тоог, өдрийн гэдгийн өмнөх “16” гэсэн тоог, нэгж талбарын гэсний дараах “030900675” гэсэн тоог, тоот гэсний өмнөх “15” гэсэн тоог, м2/га/ гэсний өмнөх “0.05” гэсэн тоог, жилийн гэсний өмнөх “20” гэсэн тоог тус сумын газрын даамал Ү.Аманбек бичиж, гэрчилгээнд гарын үсэг зурж, тэмдэг дарсан нь гэрч К.Болат, газрын даамал Ү.Аманбек нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Уг гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон үндэслэлээ гэрч С сумын газрын даамал Ү.Аманбекээс “...Тухайн 2008 оны үед сумын Засаг даргаар К.Болат ажиллаж байсан, Х нь надад ирж би сумын Засаг даргад газар эзэмших талаар хүсэлт гаргасан ба үүний дагуу Засаг дарга К.Болат нь С сумын нутаг дэвсгэрээс надад газар эзэмшүүлсэн захирамж гаргаж өвөлжөөний газар олгохоор боллоо. Та надад гэрчилгээ бичиж өгөөрэй гэсэн.
Энэ талаар сумын Засаг даргаас асуухад, ...захирамжийг сүүлд гаргаж өгнө, одоохондоо захирамжийн албан бланк дууссан учраас захирамж гаргах боломжгүй боллоо, гэрчилгээнд Засаг даргын шийдвэр гэсэн хэсэгт 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартайгаар захирамжийн огноог тавиад өгчих, энэ огноо дугаараар захирамж гаргаад өгчихнө, бусад хэсгийг хоосон үлдээж гэрчилгээ өгч, гарын үсэг зурж явуулаарай” гэснээр дээрх байдлаар гэрчилгээ өгсөн” гэжээ. Харин гэрч К.Болат нь “...2008 онд иргэн Х нь надад газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх тухай хүсэлт гаргаж орж ирсэн. Энэ үед Хт 2008 оноос өмнөх хугацаанд одоогийн гэрчилгээнд дурдсан газрыг эзэмших эрхийн цэнхэр гэрчилгээ байсан, уг гэрчилгээнд Т.Какен нь Засаг даргаар ажиллаж байсан үед гаргасан шийдвэрийн талаар тусгагдсан байсан юм. Иймээс Х нь тухайн газрыг дээр үеэс эзэмшиж ирсэн эрхийн гэрчилгээтэй байсан учраас түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох тухай хүсэлтийг хүлээн авч, 2008 онд энэхүү 0169785 дугаартай гэрчилгээ олгогдсон. Би энэхүү гэрчилгээнд газрын байршлыг Хын өмнөх цэнхэр гэрчилгээнд бичигдсэн газрын байршлын нэрийг хуулж бичсэн. Гэрчилгээ шинэчлэн олгох тухай эсвэл энэхүү газрыг Хт эзэмшүүлсэн тухай 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар захирамж гарсан гэж бодож байна” гэж мэдүүлжээ.
Нэхэмжлэгчээс түүнд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэх С сумын Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн огноотой 15 дугаартай захирамжийг шүүхэд гаргаж өгөөгүй ба тус сумын Засаг даргын 2008 онд гарсан захирамжуудын эх хувьд үзлэг хийхэд тус сумын Засаг даргаас 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 15 дугаартай нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох агуулга бүхий захирамж гараагүй болох нь, 2008 оны 10 дугаар сарын 15, 20, 22, 27, 29-ний өдрүүдэд 85,87,88,89,90,92 дугаартай өөр агуулгатай захирамжууд гарсан нь, 2008 оны 15 дугаартай захирамж нь 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан “Хөрөнгө зарцуулах тухай” шийдвэр байгаа нь, түүнчлэн 15 дугаар давхар олгогдсон зэргээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн өөр захирамж гараагүй нь тогтоогдсон.
Түүнчлэн 0169785 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний Засаг даргын шийдвэрийн огноо, дугаарыг бичсэн хэсгийн оны гэсний өмнөх “2008” гэсэн тооны сүүлийн “8”-ын тоо нь засвартай буюу “3”-ын тоог “8” болгож өөрчилсөн нь шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсоноор нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн эсэхийг тодруулж, С сумын Засаг даргын 2003 оны захирамжийн эх хувьд үзлэг хийхэд 2003 оны 15 дугаартай захирамж нь 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан “Цалин шинэчлэн тогтоох тухай” байсан нь, харин 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх асуудлаар 48 дугаартай захирамж гарсан, энэ нь газар эзэмшүүлэх болзол, журам, нөхцөлийн шаардлага хангасан иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын урьд эзэмшиж байсан эзэмшил газарт олгох гэрээ гэрчилгээг журмын дагуу бичиж олгохыг газрын даамал Т.Бейбитэд үүрэг болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдсон.
Тухайн 2003 оны үед тус сумын Засаг даргаар ажилласан гэрч К.Болатын мэдүүлгээс үзэхэд уг 48 дугаартай захирамж нь 2002 онд Газрын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор 2003 оноос өмнөх хугацаанд газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдийн эрхийг баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх асуудлаар гарсан шийдвэр байх ба гэрч К.Болатаас “2003 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох тухай асуудлаар гаргасан захирамжийн хавсралтад Хын нэр байж болно” гэж мэдүүлсэн боловч 2003 оны 48 дугаартай захирамж нь хавсралтгүй, нэхэмжлэгч Х болон бусдад шинээр газар эзэмшүүлсэн агуулгагүй, харин 2003 оноос өмнөх хугацаанд газар эзэмшигч иргэдийн тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох агуулгатай байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн 2003 оноос өмнө буюу 1994 онд маргаан бүхий газрыг сумын Засаг дарга Т.Какений захирамжаар эзэмшиж байсан гэх тайлбар нь гэрч Т.Какений мэдүүлгээр мөн үгүйсгэгдсэн.
Газрын тухай хууль 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдаж, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн, хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д сумын Засаг дарга …тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана, 32 дугаар зүйлийн 1-д газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан.
1990-1996 онуудад С сумын Засаг даргаар ажилласан иргэн Т.Какен нь шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгдээ ...Хт С сумын “Хар уулын Желдихавирга, Хар шохы, Хар үзүүр, Полигон автодром, Улаан худаг” гэж нэрлэгддэг газраас газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаж байгаагүй,тухайн онуудад Засаг даргын хувьд гаргасан захирамжууд архивт байгаа. Би Засаг даргаар ажилласан хугацаанд хүний нэр зааж газар эзэмшүүлсэн шийдвэр гаргаж байгаагүй. Газрын тухай хууль батлагдахаас өмнө иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн Засаг дарга нар зохицуулан шийдвэрлэдэг байсан. Газрын тухай хууль батлагдсанаас хойш ч Хын нэр дээр дээрх газрыг эзэмшүүлсэн захирамж гаргаагүй” гэжээ.
Мөн 1995-2006 онуудад С сумын газрын даамлаар ажиллаж байсан Т.Бейбит, 1996-2016 оны хооронд тус 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Кабей нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Х нь маргаан бүхий газрыг 1994 оноос хойш эзэмшсэн байж болох үйл баримт мөн үгүйсгэгдсэн буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчид 1994 онд сумын Засаг даргаас тухайн газрыг эзэмшүүлсэн захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон нь тогтоогдохгүй байна.
Дээрх байдлаар Газрын тухай хууль батлагдсанаар С сумын Засаг дарга анх 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Газар эзэмшүүлэх тухай” 13 дугаартай захирамж гаргасан нь Газрын тухай хуульд заасан газрыг эзэмшүүлэх, газрыг ашиглах болзол, журам нөхцлүүдийн шаардлагыг хангасан сумын ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудад газар эзэмшүүлэх, гэрээ гэрчилгээг бичиж олгох, жил бүр дүгнэлт гаргаж ажиллахыг ...газрын асуудал хариуцсан туслах түшмэл Т.Бейбитэд үүрэг болгосон агуулгатай байна. Уг шийдвэрийн талаар гэрч Т.Какен нь 1996 оны 13 дугаар захирамж нь Газрын тухай хууль батлагдаж гарснаар С сумын Засаг даргын хувьд тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэх агуулгатай, энэ нь зөвхөн С сумын иргэдэд хамааралтай, өөр сумын оршин суугч иргэдэд хамааралгүй, уг шийдвэр нь Хт газар эзэмшүүлсэн шийдвэр биш гэж тайлбарласан байна. Иймээс 1996 оны 13 дугаартай С сумын Засаг даргын захирамжаар мөн нэхэмжлэгч Хыг маргаан бүхий газрыг эзэмшсэн гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгчээс 1994 онд маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг тухайн үед бичиж өгсөн гэж маргасан боловч уг гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар мөн гаргаж өгч чадаагүй ба уг баримтыг 2008 оны газар эзэмших эрхийн гэрчилгээг солиулах үед хурааж авсан гэж тайлбарласан нь нэхэмжлэгчид 2008 онд 0169785 дугаартай гэрчилгээг бичиж олгосон гэрч С сумын Засаг дарга К.Болат, газрын даамал Ү.Аманбек нарын мэдүүлгээр мөн үгүйсгэгдэж байна. Түүнчлэн 2003 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой нэхэмжлэгчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний хэрэгт авагдсан нотариатчаар баталгаажуулсан хуулбарт С сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай захирамжаар уг гэрээг байгуулснаар тусгагдсан боловч тус сумын Засаг даргын 2003 оны 51 дугаартай захирамж нь 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан “Унааны зардал гаргах тухай” байна. Гэрээг газрын даамал Ү.Аманбек байгуулснаар гарын үсэг зурсан байх боловч 2003 оны үед тус сумын газрын даамлаар Т.Бейбит ажилласан, Ү.Аманбек нь 2009 оноос эхлэн газрын даамлаар ажиллаж байгаа нь тогтоогдсон.
Дээрх байдлаар 2003 оноос өмнө нэхэмжлэгч Хд газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гарсан гэж үзэх, 1994 онд тухайн газрын хууль ёсны эзэмшигч байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Газрын тухай хуулийг 2002 онд шинэчилж баталснаар С сумын Засаг даргаас байгууллага, иргэдийн урьд өмнө эзэмшиж, ашиглаж байсан газрын гэрээ, гэрчилгээг хураан авч шинээр гэрчилгээ олгож, гэрээ байгуулах асуудлыг анх 2003 оны 48 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгчийн хувьд дээрх байдлаар 2003 оноос өмнө маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр гараагүй нь тогтоогдсоноор уг 48 дугаартай захирамжийг нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн буюу түүний маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр олгосон гэх хуучин гэрчилгээг шинэчлэх тухай шийдвэр гэж мөн үзэхээргүй байна.
Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 1994 оноос эзэмшдэг гэх боловч 1994 оны Газрын тухай хуулийг дагаж мөрдсөн 1995 оны 04 дүгээр сарын 01-ний үеэс хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд болох сумын Засаг даргад хандаж уг газрыг өөрт нь эзэмшүүлэх талаар хуульд заасан журмаар захирамж гарч, гэрчилгээ авсан нь тогтоогдоогүй, харин 2002 оны Газрын тухай хуульд заасан журмаар 2003 оноос 2008 оны хооронд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн С сумын Засаг даргаас захирамж гараагүй нь дээрх байдлаар нотлогдсон.
2002 оны Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байхад нэхэмжлэгчид 2008 оны 0169785 дугаартай гэрчилгээг С сумын Засаг даргын 2008 оны 15 дугаартай, эсхүл 2008 оныг 2003 он болгож засварласан гэдэг утгаар 2003 оны 15 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай”, “Цалин шинэчлэн тогтоох тухай” зэрэг нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн агуулгагүй өөр захирамжуудыг үндэслэн 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон нь хуулийн 21.4.3, 34.1-д заасантай нийцээгүй байна. Иймээс тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 0169785 гэрчилгээг нэхэмжлэгчид олгосноор нэхэмжлэгчийг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Нөгөө талаар маргаан бүхий газар нь С сумын бэлчээрийн бүс нутагт оршдог байх ба тухайн газар нь тус сумын газрын нэгдмэл сангийн зураг, бэлчээр ашиглалтын зурагт тус тус “Хар уул, Желдихавиргийн хөтөл” гэж тэмдэглэгдсэн буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд тусгасанчлан “Хар уулын Желди хавирга, Хар шохы, Хар үзүүр, Полигон авдтодром, Улаан худаг” нэртэйгээр тэмдэглэгдээгүй байна.
Нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд түүнд эзэмшүүлсэн гэх газрын нэр, байршлыг дээрх байдлаар тусгасан боловч, газрын даамлаас тухайн газрын байршлыг зааж өгөөгүй, ингэснээр аль газар болох нь тодорхойгүй зэргээс нэхэмжлэгчийн 0169785 дугаартай гэрчилгээгээр эзэмшдэг гэх газар нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн маргаан бүхий газар мөн гэдэг нь шууд байдлаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчээс түүнд 2008 онд 0169785 дугаар гэрчилгээгээр эзэмшүүлсэн гэх 500 м2 газар нь урьд нь К.Сухан гэгч хүний өвөлжөөний зориулалтаар эзэмшиж ашиглаж суусан газар мөн гэж тайлбарлаж маргасан. Нэхэмжлэгч Х нь түүний тайлбарласанчлан 1994 оны үеэс 200-300 толгой малтай байсан, үүнийг С сумын нутаг дэвсгэр болох “Хар уул, Желдихавиргийн хөтөл” чиглэлийн бэлчээрийн бүс нутагт малчин К.Сухан, М.Далай, Р.Жумахан нарын малчдаар малаа маллуулж байсан зэрэг үйл баримтыг үгүйсгэхгүй боловч эдгээр үйл баримт нь нэхэмжлэгчийг тухайн газрын эзэмшигч гэдгийг нотлохгүй байна. Учир нь гуравдагч этгээд Е.Ед эзэмшүүлсэн маргаан бүхий газарт урьд нь К.Сухан нэртэй малчин өвөлжиж суусан, 2010 оны үед Казакстан улсад нүүсэн, К.Сухан нь 1994 онд С сумын 3 дугаар багт өөр сумаас нүүж ирж, 2010 он хүртэл маргаан бүхий газарт мал маллаж, өвөлжсөн, уг газарт түүний өвлийн сууц, малын чулуу хашаа байсан зэрэг үйл баримтууд нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч Т.Какен, Т.Кабей, Т.Бейбит, К.Жиналыс нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Иргэн К.Сухан нь урьд нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байсан эсэх талаар гэрч Т.Бейбитээс ...К.Сухан нь Хар уулын чиглэлд мал маллаж суусан болохоор С сумын Засаг даргын 2003 оны 48 дугаартай захирамжаар тухайн газрыг эзэмшдэг гэж ойлгож болно. Уг 48 дугаар захирамж нь нийтлэг байдлаар гарсан захирамж юм гэжээ.
Дээрх үйл баримт болон гэрч Т.Какен, Т.Бейбит нарын мэдүүлгээс үзэхэд 2003 онд С сумын Засаг даргаас газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж болгоны нэрээр газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх тухай захирамж гараагүй байх ба дээрх байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулах талаарх 48 дугаартай захирамж нь тухайн сумын нийт иргэдэд хамааралтайгаар гарснаар К.Сухан нь маргаан бүхий газрыг тус 3 дугаар багийн оршин суугч байсны хувьд анх сумын Засаг даргын 1996 оны 13 дугаартай захирамжаар, дараа нь 2003 оны 48 дугаартай захирамжуудаар тус тус эзэмшсэн байж болохоор байгаа ч энэ нь уг газрыг нэхэмжлэгч Х эзэмшдэг байсныг нотлохгүй гэж дүгнэлээ.
Учир нь иргэн К.Сухан нь С сумын, нэхэмжлэгч Х нь Өлгий сумын оршин суугчид байх ба С сумын Засаг даргаас тус сумын иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад газар эзэмшүүлэх асуудлаар 1996 онд 13 дугаартай, 2003 оны 48 дугаартайгаар гарсан захирамжууд зөвхөн С сумын оршин суугч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хамааралтайгаар гаргасан шийдвэрүүд байна.
К.Сухан нь маргаан бүхий газрын эзэмшигчийн хувьд 2010 он хүртэл уг газрыг эзэмшиж суугаад Казакстан улсад нүүж явах болсноор газар эзэмшигчийн хувьд тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүргээ хэрэгжүүлэх шаардлагагүй болсон. Ингэснээр К.Сухан нь уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Хт Газрын тухай хуульд заасан журмаар шилжүүлсэн, эсхүл уг газрыг нэхэмжлэгчид шинээр эзэмшүүлсэн шийдвэр сумын Засаг даргаас гараагүй байна.
Мөн нэхэмжлэгч 1994 оноос 2013 он хүртэл тус газарт газар эзэмшигчийн хувьд төлбөрийг нь төлж байсан гэх боловч түүнийг анх уг газрыг эзэмшсэн гэж маргасан 1994 оноос 2010 оныг хүртэлх хугацаанд газрын төлбөр төлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, энэ хугацаанд газрын төлбөр төлж байснаа нэхэмжлэгч өөрөө мөн нотлоогүй, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2010 оноос 2013 оны хооронд газрын төлбөрт 16 000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн нь 2008 онд 0169785 дугаартай газар эзэмших гэрчилгээ авсны дараах үйл баримт байна. Иймээс нэхэмжлэгчийн тухайн газарт газрын төлбөр төлсөн хугацаанаас үзэхэд мөн уг газрыг 1994 оноос эхлэн ашиглаж, эзэмшиж ирсэн гэж дүгнэхээргүй байна.
Газар эзэмших гэдгийг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд энэ нь газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшихийг хэлнэ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, 34 дүгээр зүйлийн 34.1-д ...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн тухайн аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоор, 21.4.3-т сумын хэмжээнд газар эзэмшүүлэх бүрэн эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр, мөн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан тул хуульд заасан энэхүү журмаар нэхэмжлэгч газар эзэмшээгүй буюу газар эзэмших эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр тухайн газрыг эзэмших эрх олгосон шийдвэр дээрх байдлаар гараагүй тохиолдолд нэхэмжлэгчид олгосон 2008 оны 0169785 дугаартай маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэх гэрчилгээг газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байхад газрын асуудал хариуцсан газрын даамлаас хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж нэхэмжлэгчид 0169785 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус ба энэ нь төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ энэ мэтээр Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар уг байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор заасан тул сумын Засаг даргаас 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/96 дугаартай захирамж гаргасан нэхэмжлэгчид олгосон 0169785 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
Дээрх байдлаар нэхэмжлэгч маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч биш тохиолдолд уг газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн шийдвэр нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэх асуудлыг зохицуулсан холбогдох заалтуудтай нийцсэн гэж дүгнэлээ.
Мөн энэхүү маргаан нь агуулгаараа бэлчээр ашиглалттай холбоотой байх ба С сумын “Хар уул, Желдихавиргийн хөтөл” нэртэй газар нутаг нь бэлчээрийн бүс нутаг болохын хувьд 126 га талбайтай газар болох нь тодорхойлогдсон, бэлчээрийг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52.2-т зааснаар нийтээр ашиглах тул бэлчээр ашиглах асуудлаар нэхэмжлэгч Х, гуравдагч этгээд Е.Е нар нь тэгш эрхтэй юм.
Газрын тухай хуулийн 52.7-д зааснаар бэлчээрийн бүс нутгаас өвөлжөө, хаваржааны доорх газрыг иргэн эзэмших эрхтэй ба шүүх хуралдааны явцад хариуцагч С сумын Засаг даргаас нэхэмжлэгч Хт тухайн бүс нутгаас хуулийн 52.7-д заасны дагуу маргаан бүхий газраас өөр газрыг өвөлжөөний зориулалтаар шинээр эзэмшүүлэх боломжтойг мэдэгдсэн тул маргаан бүхий захиргааны актууд гарснаар нэхэмжлэгчийн “Хар уулын Желдихавиргийн хөтөл” нэртэй бүс нутгийг бэлчээрийн зориулалтаар ашиглах, тус газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар Монгол улсын иргэний хувьд хуульд заасан журмаар газар эзэмших эрхийг зөрчсөн, цаашид зөрчигдөж болзошгүй үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Хын тус шүүхэд гаргасан “С сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/69, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/96 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА