Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 213/МА2017/00001

 

Нэхэмжлэгч *******гийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ийн *******д холбогдох

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2016/00757  дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн *******гийн нэхэмжлэлтэй   

Хариуцагч *******ийн *******д холбогдох

2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн” тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг иргэн Н.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй,

2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн” тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар, хашаа бүхий хувийн сууц нь Н.*******гийн хууль ёсны өмч болохыг тогтоолгохыг хүссэн хариуцагч Н.*******гийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Н.*******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн  2016 оны 12 дугаар сарын 7-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга  А.Батдорж  нар оролцов. 

Нэхэмжлэгч *******гийн *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор сумын 2 дугаар багийн Эрдэнэмандалын 6 дугаар гудамж 15 тоотод байрлах 000010361 тоот гэрчилгээний дугаартай 0320000986 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, 000021078 тоот гэрчилгээний дугаартай Ү-03200003014 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болохын хувьд Н.*******гийн  *******тэй байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өөрийн хууль ёсны өмч болох хашаа,  байшин, газрыг эзэмшиж ашиглаж байгаа иргэн Н.*******, "Амьдрал тэтгэгч христийн цуглаан" нэртэй төрийн бус байгууллагын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Би Н.*******д охин  *******тэй миний хашаа, байшин газрыг худалдан авах гэрээ хий гэж огт хэлээгүй, тийм зөвшөөрөл ч өгөөгүй би тийм гэрээ хийснийг мэдээгүй байсан. Гэтэл Н.******* нь манай охин *******ийг хуурч нотариат дээр дагуулж очоод мөнгө төлсөн баримт гэж ойлгуулаад гэрээ гэгч дээрээ гарын үсэг зуруулсан байсныг би сүүлд нь шүүх дээр мэдсэн. Н.******* нь миний үлдэгдэл мөнгийг манай цуглаанд мөнгө орж ирэхгүй байна эгчээ та хүлээж байгаарай гэдэг байснаа жил гаруй болоод сураггүй алга болсон гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие хашаа, байшингаа 18.000.000 төгрөгөөр зарахаар охинтойгоо тохиролцсон юм.  Гэтэл 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай охин ******* хашаа, байшинг чинь зарчихлаа гээд надад бэлэн 3.952.680 төгрөг авч ирж өгсөн. Үлдэгдэл мөнгө нь яасан бэ гэхэд нэг эгчид зарчихлаа тэр эгчийн  дээд ажлын газраас нь хүмүүс ирнэ гээд гуйгаад байхаар нь  урьдчилгаа 5.200.000 төгрөг аваад, банкнаас бичиг баримтыг чинь аваад өгчихлөө гэж хэлсэн.

Би  2011 оны  9 дүгээр сарын 3-ны өдөр аймагт ирээд Н.*******тай уулзаад мөнгөө авъя гэхэд надад 500.000 төгрөг өгч гарын үсэг зуруулчихаад  дахин над дээр битгий ирээрэй, хэцүү байна гэхээр нь би явсан.

Дараа нь дахиад уулзах гээд ирэхэд хүүхдэд чинь мөнгийг чинь өгчихсөн, одоо таньд мөнгө өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн.

Би Н.*******гаас болж хохирч байна, одоо манайх айлын өвөлжөөнд төлбөр төлж амьдарч байна.   Иймд хашаа, байшинг надад буцааж авч өгнө үү гэв.

Хариуцагч *******ийн *******гаас шүүхэд гаргасан тайлбартаа:

******* 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр анх уулзахдаа Хөх толгойд 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод зарах хашаа, байшин байгаа, 5.800.000-д  зарчихмаар байна. Ээжийн нэр дээр газар, хашаа ба үл хөдлөхийн гэрчилгээ байдаг. Ээжээс зарах тухай асуусан зар зар гэж зөвшөөрсөн гэж хэлсэн.

Д.******* гуайтай утсаар ярьж   “..охин ******* чинь бидэнд таны нэр дээр байдаг 2-6-15 дахь хашаа, байшинг 5.800.000 төгрөгөөс яриад бидэнд 5.200.000 төгрөгөөр зарахыг зөршөөрч байгаа юм уу гэж асуухад Д.******* гуай би зөвшөөрч байна. 5.200.000 төгрөгөөр худалдан авч болно..”  гэж хэлсэн.  Д.******* гуай 2011 оны 9 дүгээр сард надтай уулзаад эгчдээ 500.000 төгрөг нэмээд өгчих, эгч нь дахиж нэмж мөнгө авахгүй гэрчилгээнүүдийг чинь чиний нэр дээр яаралтай шилжүүлж өгнө. Эгч нь худлаа ярихгүй чи надад итгэж болно гэхэд л би итгээд нэмээд 500.000 төгрөг өгсөн.

*******, Д.******* нар намайг хуурч мэхлэн надад зөвшөөрч гэрээ хийж хашаа байшингаа зарчихаад өмнө хэлсэн ярьснаасаа буцаж миний мөнгөөр тоглож, намайг залилан миний нэр төрийг гутаан доромжилж, цаг зав амьдралд чирэгдэл учруулж байгаад  гомдолтой байна. Би засвар хийсэн ажлын хөлс, барилгын материал, нэмэлт засвар, урсгал засвар, найзуудын өгсөн хүүхдүүдийн тоглоомын мөнгө зэрэг зардлуудаа  бүгдийг нэхэмжилж гаргуулах болно.

Худалдан авснаас хойш 2011 онд 2.800.000 төгрөгийн засвар хийсэн. 2012-2014 онд банз будаг, барилгын материал ба нэмэлт засварт 6.930.00 төгрөг зарцуулсан, засвар хийсэн хүмүүст цалин, ажлын үнэлгээ 960.000 төгрөг, 2015 онд төмөр зуух, хашаа тэлэхэд банз урсгал засварт 500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард найзууд ба өөрийн хөрөнгөөр хүүхдийн тоглоомын талбай барихад 3.664.200 төгрөг тус тус зарцуулсан болно гэжээ.

Хариуцагч *******ийн *******гаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оны 7 дугаар сард хашаа байшин худалдаж авахаар зар гаргасан олон газруудыг очиж үзсэн. Үүний дагуу ******* надруу ярьж хашаа байшин зарах тухайгаа хэлсэн. Зарах газрыг нь очиж үзэхэд манай ээж зарахыг зөвшөөрсөн юм гэж хэлсэн. Үнэ хөлсөө тохироод авах гэхэд хашаа, байшингийх нь бичиг баримт банкны барьцаанд байгаа гэхээр нь авахаа больё гэхэд мөнгөний хэрэг байна та авчих гээд гуйсан. Бид 5.200.000 төгрөгөөр тохирон худалдаж авсан.  Энэ үед 18.000.000 төгрөг болон дахиад мөнгө цувуулж өгөх талаар яригдаагүй.

 Хашаа, байшинг худалдаж авснаас хойш буюу 2011 оноос 2016 он хүртэл маш их засвар хийж зардал гарсан, мөн 3.664.200 төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай хүртэл барьсан. *******тэй ярилцаад зогсож байхад Д.******* өөрөө зөвшөөрсөн учраас хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байгаа. Одоо Д.*******д төлөх төлбөр байхгүй, үнээ тохироод худалдаж авсан гэжээ.

Хариуцагч Н.******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

*******ээс 2011 оны 7 дугаар сарын 20-нд хашаа байшинг нь  5.200.000 төгрөгөөр худалдан авсан. Банкны барьцааны 1.547.320 төгрөгийг би Хадгаламж банкинд төлж өргүй болгож өгсөн. Үлдэгдэл 3.652.680 төгрөгийг Батчимэгийн гарт бэлнээр нь өгч тооцоог бүрэн дуусгасан. Энэ үед ******* хэлэхдээ ээж 7 хоногийн дараа хөдөөнөөс ирээд таны нэр дээр газар хашааны гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн.

Би одоо 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 дахь хашаа байшин, анх авах үед засвар их орохоор хуучин барилга байсан тул 2011-2016 онуудад нэмэлт ба бусад засваруудыг хийсэн.   Худалдан авснаас хойшхи хугацаанд зарцуулсан бүх зардлуудаа нэхэмжилбэл 25.417.200 төгрөг болно. Энэ мөнгийг төлнө гэвэл би энэ хашаа байшинг буцаан өгч болно. Иймд 5 жил хашаа газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж намайг хуурч мэхэлсэн Д.*******д холбогдуулан нэхэмжлэл гарган 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож, миний өмчлөлийн 000010361 тоот гэрчилгээний дугаартай,  0320000986 тоот улсын бүртгэлийг дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, 000021078 тоот гэрчилгээний дугаартай, Ү-03200003014 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, хашаа, байшин газрыг иргэн Н.*******гийн хууль ёсны өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий 3 өрөө, 1 давхар хувийн сууцыг худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож тус, тусын гарын үсгээ зурж, гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар батлан гэрчлүүлсэн, *******, Н.******* нарын гэрээ хийсэн тухай гэх бичгээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Н.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий 3 өрөө, 1 давхар хувийн сууц болон өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Н.*******гийн эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгч Д.*******гаас 5.500.000 төгрөг гаргуулж, хариуцагч Н.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д тус тус заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид улсын төвлөрсөн төсвийн данснаас 145.000 төгрөг, хариуцагч Н.*******гаас 102.950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, хариуцагч Н.*******гийн төвлөрсөн төсвийн дансанд төлсөн 102.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ийн *******гаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие 2011 оны 7 дугаар сарын 20-нд Д.*******гийн охин *******ээс Баянхонгор аймгийн Эрдэнэмандал 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоот дахь хашаа байшинг анх 5.200.000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх хөрөнгийг худалдсан ба худалдан авсан хууль ёсны хэлцэл хийж нотариатаар баталгаажуулсан. Би Д.******* гуайгаас асуухад би хөдөө байна, *******ийг зарахыг зөвшөөрч байна гэж хэлсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьж буруу шийдсэн. Би анх охин *******тэй тохиролцон, ээж Д.******* нь зөвшөөрсний дагуу хашаа байшинг худалдан авч, хэлцэл хийж баталгаажуулсан байхад буруу шийдвэр гаргасан.

Би  2011-2016 онд 5 жил 5 сар өөрийн өмч болгож тордож, зассан барилгын нэмэлт, сайжруулсан засвар  хийсэн баримтуудаас 1 ч төгрөгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдээгүй, миний *******, Д.******* нарт залилуулсан эд хөрөнгө, мөнгө, сэтгэл санааны ба цаг хугацааны бусад хор уршиг, үр дагавар алданги хохирлыг тооцоогүй.

******* зөвшөөрсөн, худалдаж худалдан авахаар харилцан тохиролцож тус тусын гарын үсгээ зурж үнэн, зөвийг нотариатчнаар баталгаажуулсан. Хэлцэл хийгдсэн байтал хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, миний биеийг хохироож байна.

Иймд 2016 оны 11  дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 131/ШШ2016/00757 шийдвэртэй хэргийг сайн хянаж, миний тус хашаа байшинд 2011-2016 онд хийсэн нэмэлт засвар, ажлын хөлс, хүүхдийн тоглоомын талбайд зарцуулсан нийт 25.417.200 төгрөгийн баримтуудыг хянан гаргуулж, уг хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатараас давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:   

Нэхэмжпэгчийн охин ******* нь дур мэдэн Н.*******д тухайн хашаа, байшин газрын хамт зарсан нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодорхой болсон. Үүнээс шалтгаалж энэхүү иргэний хэргийн жинхэнэ хариуцагч нь Н.******* биш, нэхэмжлэгчийн охин ******* болох нь тодорхой болсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг солих тухай хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргаагүй учраас шүүх хариуцагчийг солиогүй нь үндэслэлтэй ч тухайн үед энэ нөхцөл байдал нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон учраас хариуцагч Н.******* болон өмгөөлөгч Х.Мөнхбаатар бид хүсэлт гаргах эрхгүй болсон байсан юм. Анхан шатны шүүх иргэний хуулийн 56.1.8-д заасан үндэслэлээр шийдвэрлэсэн нь *******ийг зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзсэн.  Нэхэмжлэгчийн охин *******ийн дур мэдэн хийсэн хэлцлийг Н.******* хариуцах нь агуулгын хувьд болон хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  №131/Ш2016/00757 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох буюу нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******гаас 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг иргэн Н.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч Н.*******гаас үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар, хашаа бүхий хувийн сууц нь Н.*******гийн хууль ёсны өмч болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх *******, Н.******* нарын гэрээ хийсэн тухай гэх бичгээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Н.*******гийн сөрөг нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч Д.*******гийн охин *******ээс Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг худалдан авч  бичгээр гэрээ байгуулсан энэ хэлцэл нь  эрх зүйн үр дагаварыг бий болгоогүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, хэлцлийн хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал:

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д зааснаар Д.*******гийн охин ******* нь гэр бүлийн газар, хашаа, хувийн сууцыг захиран зарцуулахдаа эцэг, эхийнхээ бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь аваагүйгээр захиран зарцуулсан, мөн нэхэмжлэгч Д.*******гаас охин *******т хэлцэлд төлөөлөх буюу захиран зарцуулах эрхийг нь итгэмжлэлээр олгоогүй  байхад хариуцагч  Н.******* нь энэ үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах ажиллагааг *******тэй хийхдээ хэлцлээ хүчин төгөлдөр болж байгаа эсэхийг анхаараагүй нь буруу байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар худалдагч худалдан авагч талууд уг хэлцлийг үл хөдлөх эд  хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй байх тул Н.*******д хашаа, газар бүхий хувийн сууцыг өмчлөх эрх  үүсээгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгийн  эрхийн улсын бүртгэлийн 000010361 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн 000021078 тоот гэрчилгээнүүдээр /Хэргийн 40-41 дүгээр тал/ маргааны зүйл болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцны зориулалттай 3 өрөө бүхий 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийн  хууль ёсны өмчлөгч нь *******гийн ******* болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт  ямар нэг хөдөлгөөн, шилжилт хийгдээгүй байна.

Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч Д.*******гийн охин *******ээс Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг худалдан авч  бичгээр гэрээ байгуулсан энэ хэлцэл нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар  хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул мөн хуулийн 56  дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Д.******* нь Иргэнийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Н.*******гийн хууль бус эзэмшлээс  газар,  хашаа болон 1 давхар хувийн сууцаа шаардах эрхтэй байна. 

Хариуцагч Н.*******гаас би  2011-2016 онд 5 жил 5 сар өөрийн өмч болгож тордож, зассан барилгын нэмэлт, сайжруулсан засвар  хийсэн баримтуудаас нэг ч төгрөгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдээгүй гэж гомдол гаргаж байгаа боловч хариуцагчаас  анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “…03200003014 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, хашаа байшин, газрыг иргэн  Н.*******гийн хууль ёсны өмч болохыг тогтоож өгнө үү..”  гэсэн  нэхэмжлэл гаргаж улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлжээ.

Харин Н.*******гаас гаргасан сөрөг нэхэмжлэлдээ зардлуудаа нэхэмжилбэл нийт  25.417.200 төгрөг болж байгаагаа дурьдсан боловч энэ зардлаа нэхэмжлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгээр тооцож тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр ч энэ засаж сайжруулсан засвар, зардлаа  нэхэмжлээгүй байна. Иймд анхан шатны шүүх Н.*******гаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих  үндэслэлтэй байна гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв. 

Харин  хариуцагч Н.******* нь газар, хашаа бүхий хувийн сууцыг худалдан аваад  засвар хийсэн зардлаа анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болно.

Хариуцагч Н.*******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102.950  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэстэй байна.            

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 11 дүгээр сарын 15-ны  өдрийн 131/ШШ2016/00757  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч Н.*******гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Н.*******гаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  102.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                  ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                                                     Г.УЛАМБАЯР