| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0861/Э |
| Дугаар | 890 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 890
2020 05 13 2020/ШЦТ/890
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: А.Ариунаа
шүүгдэгч өөрийг өмгөөлж оролцов
шүүгдэгч: А.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Арсланбаатарын Амартүвшинд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01379 0934 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Арсланбаатарын Амартүвшин, 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Жи Эс Эн Ди ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 02 дугаар баг, Ногоон дов гудамжны 4-18 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: МЕ98033113,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Амартүвшин нь 2020 оны 2 дугаар сарын 28-ны оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг “Хавдар судлалын Үндэсний төв” дотор иргэн П.Нямбатаас утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвулан ашиглаж түүний эзэмшилийн самсунг С6 маркийн гар утсыг залилан авч 110.000 төгрөгийн хохирол учруулсан.
Мөн Амартүвшин нь 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын үндэсний төвд харуул хамгаалалтын ажил эрхэлж байхдаа хамт ажиллаж байсан иргэн М.Сэргэлэнгийн самсунг Жи-2 маркийн гар утсанд сим картаа хийж интернэт орох нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан авч улмаар ломбарданд тавьж бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өвөл нэг сарын хугацаанд ажил зогссон байсан учраас Халдварт өвчин судлалын Үндэсний төв дээр хамгаалалтын ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа эгчийн бие өвдөөд 7 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймаг руу явсан. Буцаад ирэхэд надаас бусад ажилтны цалинг өгсөн байсан. Тэгээд намайг “харуулын ахлахтай уулзаарай” гэж хэлсэн. Харуулын ахлахтай уулзахад миний цалинг өгөхгүй маргааш, нөгөөдөр гээд хойшлуулаад байсан. Тэгэхээр нь “цалингаа яаж ийж байгаад авна шүү” гэж хэлсэн. Тэгээд П.Нямбат, М.Сэргэлэн нарын утсыг хууран авч ломбардад тавьсан.
Цагаан сар болоод 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буцаж ирсэн. Тэгээд П.Нямбат, М.Сэргэлэн нарын утсыг ломбардад тавьсан талаар хэлээд бичиг баримтаа өгсөн. Дараа нь тэдгээр хүмүүсийн утсыг миний цалингаас авч өгөөгүй, тус бүртээ өөр өөрийн мөнгөөр авсан байсан. Би тухайн байгууллагаас 350.000 төгрөгийн цалин авах ёстой. Өнөөдөр манай байгууллагын цалин бууна тэгээд П.Нямбат, М.Сэргэлэн хохирлыг төлж барагдуулна гэв.
Хохирогч П.Нямбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавдар судлалын Үндэсний төв”-д миний ажлын ээлжтэй өдөр тул ажилдаа 09 цагт ирсэн. Өдөр 15 цагийн үед нөгөө ээлжний залуу болох Амартүвшин ажил дээр ирсэн. Жолооны үнэмлэхгүй машин барьж явж байгаад цагдаагаас машинаа авчихаад явж байна. Хүнээс мөнгө зээлж машинаа авсан. Тэгээд миний самсунг эс 6 загварын гар утсыг гуйж аваад би хүмүүстэй яриад мөнгө зохицуулна гээд байсан. Тэгээд би утасаа хэрэглүүлээд буцааж аваад байж байсан. 3 дахь удаагаа утсаа авахдаа би гараад түц ороод ирэхэд Амартүвшин явчихсан байсан. Намайг түц рүү явах гэж байхад ахаа та хэр удахын гээд асуугаад байсан. Би түц ороод 15 минут болоод эргээд ирэхэд явчихсан байсан. Орж ирээд Амартүвшинг хайгаад олохгүй болохоор нь баруун хаалганы ээлжийн харуул Сэргэлэнгээс асуухад цагийн өмнө миний утсыг сим солиод фэйсбүүк ороод өгье гэж хэлээд бас утсыг нь аваад явчихсан байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 5-10/,
Хохирогч М.Сэргэлэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр урьд хамт ажилладаг байсан Амраа гэж дууддаг залуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Хавдар судлалын Үндэсний төвийн харуулаар гарч байхад гар утсаа өгч байгаач сим картаа хийж интернэт орчихоод өгье гэж хэлээд явсан бөгөөд одоо болтол өгөхгүй байна гар утас руу нь залгахаар утсаа аваагүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 20-ны орчим тааралдаад гар утсаа авая гэхэд удахгүй өгнө ломбарданд тавьсан гэж хэлсэн тэгээд одоог болтол сураггүй байна...” гэсэн мэдүүлэг / хх-н 44-47/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол: / хх-н 13-14, 53/
2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: “самсунг S6 маркийн хуучин утсыг 110.000 төгрөгөөр гэж тогтоогджээ / хх-н 15-16/,
2020 оны 04 сарын 17-ны өдрийн Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: самсунг J2 маркийн утсыг 80.000 төгрөг гэж тогтоогджээ. / хх-н 52/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17, 38, 54-55/, А.Амартүвшингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд / хх-н 26-28/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/ А.Амартүвшинд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 28,58/, эрүүгийн хэрэг нэгтэх тухай мөрдөгчийн санал/ хх-н 41/ , прокурорын тогтоол /хх-н 29-30, 59-60/,
Яллагдагч А.Амартүвшин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 02 дугаар сард Хавдар судлалын Үндэсний төвийн хамгаалалтын албанд ажилд орсон юм. Тэгээд би ойролцоогоор нэг сар орчим ажилласан боловч надад цалин өгөөгүй. Цагаан сарын шинийн нэгний өдөр 100.000 төгрөг л авсан. Тэгээд 02 дугаар сарын сүүлээр надад мөнгөний хэрэг гараад би цалингаа авах гэхэд маргааш бууна гээд 2-3 удаа хариу өгсөн би сүүлд хамт ажилладаг байсан Нямбат гэх ахын утсыг гуйж фэйсбүүк орж байхад Нямбат нь эхнэртэйгээ уулзаад ирье гэж гараад явахаар нь би тэр хооронд нь утсыг аваад гараад явсан. Тэгээд би утсыг нь сансарын тунель дээр ломбарданд тавьсан байгаа. Би П.Нямбат ахын утсыг нь тэр өдөр 2-3 удаа гуйж аваад фэйсбүүк орчихоод буцааж өгч байсан юм. Нямбат ахын утсыг ломбарданд 80.000 төгрөгөөр тавьсан.
Би хохирол мөнгийг төлөөгүй байгаа. Би Нямбат ахын утсыг авдаг өдөр нөгөө хаалган дээр хамгаалагчаар ажиллаж байсан Сэргэлэн гээд ахын утсыг мөн авч ломбарданд тавьсан байгаа. Энэ хэрэг тус цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа би хоёр хэргээ нэгтгүүлж шалгуулмаар байна ... гэсэн мэдүүлэг /хх-н 33-35/ , 63-65/, яллагдагч А.Амартүвшинд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36-37, 66-67/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Амартүвшинг 2020 оны 2 дугаар сарын 28-ны оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын Үндэсний төв дотор иргэн П.Нямбатаас утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвулан ашиглаж түүний эзэмшилийн самсунг С6 маркийн гар утсыг залилан авч 110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хавдар судлалын Үндэсний төв”-д харуул хамгаалалтын ажил эрхэлж байхдаа хамт ажиллаж байсан иргэн М.Сэргэлэнгийн самсунг Жи-2 маркийн гар утсанд сим картаа хийж интернэт орох нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан авч улмаар ломбарданд тавьж бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч А.Амартшвшинг 2020 оны 02 дугаар сарын 28-ны оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын Үндэсний төв дотор иргэн П.Нямбатаас утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшилийн самсунг С6 маркийн гар утсыг залилан авч 110.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын Үндэсний төвд харуул хамгаалалтын ажил эрхэлж байхдаа хамт ажиллаж байсан иргэн М.Сэргэлэнгийн самсунг Жи-2 маркийн гар утсанд сим картаа хийж интернэт орох нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан авч улмаар ломбарданд тавьж бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Шүүгдэгч А.Амартүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...П.Нямбат, М.Сэргэлэн нарын утсыг хууран авч ломбардад тавьсан. Цагаан сар болоод 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буцаж ирсэн. Тэгээд П.Нямбат, М.Сэргэлэн нарын утсыг ломбардад тавьсан талаар хэлээд бичиг баримтаа өгсөн. Дараа нь тэдгээр хүмүүсийн утсыг миний цалингаас авч өгөөгүй, тус бүртээ өөр өөрийн мөнгөөр авсан байсан… гэсэн мэдүүлэг,
Хохирогч П.Нямбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний самсунг эс 6 загварын гар утсыг гуйж аваад би хүмүүстэй яриад мөнгө зохицуулна гээд байсан. Тэгээд би утасаа хэрэглүүлээд буцааж аваад байж байсан. 3 дахь удаагаа утсаа авахдаа би гараад түц ороод ирэхэд Амартүвшин явчихсан байсан. Намайг түц рүү явах гэж байхад ахаа та хэр удахын гээд асуугаад байсан. Би түц ороод 15 минут болоод эргээд ирэхэд явчихсан байсан. Орж ирээд Амартүвшинг хайгаад олохгүй болохоор нь баруун хаалганы ээлжийн харуул Сэргэлэнгээс асуухад цагийн өмнө миний утсыг сим солиод фэйсбүүк ороод өгье гэж хэлээд бас утсыг нь аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 5-10/,
Хохирогч М.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Амраа гэж дууддаг залуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Хавдар судлалын Үндэсний төвийн харуулаар гарч байхад гар утсаа өгч байгаач сим картаа хийж интернэт орчихоод өгье гэж хэлээд явсан бөгөөд одоо болтол өгөхгүй байна гар утас руу нь залгахаар утасаа авдаггүй бөгөөд 03 дугаар сарын 20-ны орчим тааралдаад гар утсаа авая гэхэд удахгүй өгнө ломбарданд тавьсан гэж хэлсэн тэгээд одоог болтол сураггүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-47/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж, ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Амартүшингээс нийт 190.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч П.Нямбатад 110.000, М.Сэргэлэнд 80.000 төгрөгийн хохирол олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Амартүвшин нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Шүүхээс шүүгдэгч А.Амартүвшинд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Арсланбаатарын Амартүвшинг хуурч, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Амартүвшинг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Амартүвшин нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Амартүвшинг торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Шүүгдэгч А.Амартүвшин нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Амартүшингээс нийт 190.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 34в-406 тоотод оршин суух хаягтай, РД:РП78040419, Утас: 88212824, 88008284, Гундан овогт Пэрэнлэйн Нямбатад 110.000, хохирогч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 24-65 тоотод оршин суух хаягтай, РД:ХВ74012079, Утас: 95652265, Харчин овогт Маахүүгийн Сэргэлэнд 80.000 төгрөгийн хохирол гаргуулж тус тус олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Амартүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН