| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0790/Э |
| Дугаар | 869 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 869
2020 05 11 2020/ШЦТ/869
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Д.Аянагүл, хохирогч Ш.Э , шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.С д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07474 0796 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.С
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 66 дугаар байр 2 орцны гадаа байсан иргэн Ш.Э ын эзэмшлийн 25-35 УНӨ улсын дугаартай тоёота клугер маркийн автомашины 400.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хугалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ш.Э аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6, 15-18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 27-28/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-н 29-30/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 35/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.С гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 42-44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/, Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэсээс ирүүлсэн албан бичиг /хх-н 63/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 66 дугаар байр 2 орцны гадаа байсан иргэн Ш.Э ын эзэмшлийн 25-35 УНӨ улсын дугаартай тоёота клугер маркийн автомашины 400.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хугалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.С г 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 66 дугаар байр 2 орцны гадаа байсан иргэн Ш.Э ын эзэмшлийн 25-35 УНӨ улсын дугаартай тоёота клугер маркийн автомашины 400.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хугалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Э ын хохирогчоор өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08 цагийн үед би байрныхаа гадаа буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 66 дугаар байрны 02 дугаар орцны гадаа өөрийн эзэмшлийн 25-35 УНӨ улсын дугаартай тоёото клугер маркийн автомашинаа байрлуулчихаад оройн 21 цаг 40 минутын үед гэрийнхээ тагтан дээрээс өөрийнхөө машин руу хартал миний машины 2 ширхэг толь алга болчихсон байсан. Тэгтэл манай эхнэр дэлгүүрийн бичлэг үзээд энэ толь хулгайлсан хүн Б.С мөн байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр Б.С рүү залгаад " чи яагаад манай машины толийг хулгайлсан юм бэ" гэж асуухад " яадаг юм, би согтуу явж байгаад хугалаад эвдчихсэн юм." гэж хэлсэн. Манай эхнэр 2019 оны 3 дугаар сарын эхээр Б.С гэх залуутай нууц амрагийн холбоотой байсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.С гийн өгсөн: "... Би тухайн үед согтуу байсан болохоор нэг мэдсэн машиных нь 2 толийг хугалж авч байснаа санаж байна. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 43-44/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 35/, хохирлын үнэлгээ /хх-н 28/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.С г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.С д ял шийтгэл оногдуулахдаа ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.С нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтүүлж, уг ялыг биелүүлж дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэв.
Хохирогч Ш.Э ад энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 570.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, урьд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 489 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С гээс 570.000 /таван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Э ад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ