Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 213/МА2017/00002

 

******* нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны  шүүхийн шүүгч Л.Нямдорж  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2016 оны 11  дүгээр сарын 15-ны  өдрийн 131/ШШ2016/00758  дугаар  шийдвэртэй

            Нэхэмжлэгч  *******гийн Ням-Эрдэнийн нэхэмжлэлтэй   

            Хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт холбогдох

Шүүхийн тамгын газрын няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.736.184 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга *******ын  давж заалдсан гомдлыг үндэслэн  2016 оны 12 дугаар сарын 26-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга *******  нарийн бичгийн дарга Л.Хаш-Эрдэнэ  нар оролцов. 

Нэхэмжлэгч  *******гийн *******эс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн шүүхэд 2008 оны 10 дугаар сард няравын ажилд орж, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 70 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Би 2016 оны 07 дугаар сарын 30-ны өглөө ах, эгч, дүү нарын хамт миний ээжийн төрсөн нутаг бууцан дээр очиж, газар, нутаг усаа тахисан.  Газар усыг тахиад ирэх замд машин эвдэрч,  телефон утасны сүлжээгүй газарт саатсан билээ.  Гэтэл миний хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзахгүйгээр ажлаас халсанд гомдолтой, ажлаас халсан тушаалд заасан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Тухайн өдөр би хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Мөн намайг хуулийн буруу үндэслэлээр ажлаас халсан гэж үзэж байгаа тул намайг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт 2008 оны 10 дугаар сард няравын ажилд орж, 2016 оны 08 дугаар  сарын 02-ны өдөр халагдсан. Би 2016 оны 07 дугаар   сарын 31-ний өдөр  ээжийн төрсөн нутаг руу яваад машин саатаж, 2016 оны 08 дугаар  сарын 03-ны өглөө ажилдаа ирсэн. Би 2016 оны 08 дугаар  сарын 04-ний өдөр тушаал гардаж авсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нийт 1.736.184 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрыг төлөөлж тус шүүхийн  тамгын газрын дарга *******аас   шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн  9.8-д ажлын цагийг албан ёсны чөлөө зөвшөөрөлгүйгээр 1 өдрөөс дээш хугацаагаар тасалсан  гэсэн заалт болон 2015 онд Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заахдаа  “..Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсэгт заасны дагуу дараах ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажпын 8-аас дээш цагаар хоцорсон буюу чөлөө, зөвшөөрөлгүй явсан болон энэ зөрчлийн талаар захиргаанаас мэдэгдэж сануулснаас хойш давтан гаргасан, 1 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан бол..”  гэсэн заалтууд байдаг.

Д.******* нь удаа дараа ажлын цагаар алга болох, өдрөөр ажил таслах зэрэг алдааг байнга гаргаж байсан бөгөөд өмнөх онуудад сахилгын арга хэмжээ авагдаж засрахгүй  байсаар өдийг хүрсэн юм.

Иймд Д.Нямэрдэнэ нь удаа дараа ажлын цагаар алга болох, өдрөөр ажил таслах, санхүүгийн мэдээ тайланг цаг хугацаанд гаргаж өгдөггүй, буруу гаргадаг ажлын байрны тодорхойлолтод заасан боловсрол мэргэжлийн ерөнхий шаардлагыг хангахгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд биелүүлдэггүй зэрэг шалтгаан байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрыг төлөөлж тус шүүхийн  тамгын газрын дарга *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.******* чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлаа тасалсан, тайланг гаргаж явуулаагүй хугацаа хоцроосон асуудалд арга хэмжээ авагдсан. Ер нь Д.******* байнга ажил таслах, чөлөө зөвшөөрөл авч яваад хэтрүүлж байсан. Мөн мэдээ тайлантай холбоотой асуудалд хойш суух, цаг хугацааг нь хэтрүүлдэг. Анхан шатны санхүүгийн баримтын тайлангаас болж байгууллагын санхүүгийн мэдээ тайлан хоцрох явдал удаа дараа давтагдсан. Үүнийг тухай бүрт нь удирдлагын зүгээс өөрт нь хэлж, анхааруулаад байхад энэ алдаагаа давтсаар байсан. Энэ нь байгууллагын нэр хүнд, ажилд хор уршигтай, цаашид ажиллуулахад хүндрэлтэй нөхцөл байдлууд үүссэн учраас энэ тушаалыг гаргасан.

Д.******* нь  07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар  сарын 06-ны өдрийн хооронд ямар ч чөлөө зөвшөөрөл, хүсэлт байхгүйгээр 3 өдөр ажлаа тасалсан. Мөн 2016 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ажил тасалсан. Ийм учраас ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ням-Эрдэнийг тус аймаг дахь шүүхийн тамгын газрын няравын ажилд эгүүлэн тогтоож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар тус аймаг дахь шүүхийн тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.606.196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130.018 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч ******* дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг тус аймаг дахь шүүхийн тамгын газрын санхүүд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс 20.324 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрыг төлөөлж тус шүүхийн  тамгын газрын дарга *******аас  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэлт хийгээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Д.******* нь  2016 оны 07 дугаар сард 3 өдөр чөлөө зөвшөөрөл авалгүйгээр ажил тасалсан, 2016 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд хөдөө машин эвдэрч саатсан учир ажилдаа ирж чадаагүй гэх боловч энэ талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь 2016 оны 07 дугаар сар, 08 дугаар сарын цагийн тооцоо, бүртгэл зэргээр тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Нярав Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 8-аас дээш цагаар хоцорсон буюу чөлөө, зөвшөөрөлгүй явсан болон энэ зөрчлийн талаар захиргаанаас мэдэгдэж сануулснаас хойш давтан гаргасан, 1 хоногоос дээш хугацаагаар ажил тасалсан” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор заасан байгаа болно.  Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.8-д “ажлын цагийг албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүйгээр 1 өдрөөс дээш хугацаагаар тасалсан” тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор журамласан.

Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газрын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн болон 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ажил дүгнэх тухай хурлын тэмдэглэлүүдэд жилийн эцсийн мэдээ тайланг цаг хугацаанд гаргаж өгдөггүй” “Нярав ажлаа хийж өгөхгүй байна” "Д.******* тайлангаа өгч үр дүнгээ дүгнүүлсэнгүй” гэсэн асуудлууд хэд хэдэн удаа дурдагдсан.

Д.******* нь удаа дараа ажил тасалж, санхүүгийн мэдээ тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй явдал нь Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл бий болсон учир түүнийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажпаас нь чөлөөлсөн.

“Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдгийг сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан гэж үзэхийн зэрэгцээ зөрчил тус бүрт сахилгын шийтгэл заавал ногдуулсан байх шаардлагагүй, харин зөрчил бүр  тогтоогдсон байх ба давтан гаргасан зөрчлүүдийн хоорондын хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх ёстой гэж Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд дурдсан байна.

Д.******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.7, 9.8, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн нь захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байгааг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.*******эс ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай гомдолдоо анхан шатны шүүхэд шүүхийн тамгын газрын няравын ажилд эгүүлэн тогтоолгож,  ажилгүй байсан хугацааны цалин 1.736.184 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай  шаардлага  гаргажээ. 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт нярав ажилтай Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж,  Шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 70 дугаар тушаал гаргасан боловч энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, алдаатай болжээ.

Шүүхийн тамгын газраас  Д.Ням-Эрдэнийг  ажлаас халах тухай гэсэн тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээг цуцлах  болсон үндэслэлээ Д.******* нь 2016 оны 8 дугаар сарын 1,2 ны өдрүүдэд ямар нэгэн чөлөө зөвшөөрөлгүйгээр  ажил тасалсан гэж  дурьсан боловч ажилтныг ажлаа тасалсан  өдөр нь буюу  2016 оны 8 дугаар сарын 2-ны өдөр халах тухай  тушаалыг нь гаргасан нь тухайн ажилтны зүгээс  ажил тасалсан шалтгаанаа  тайлбарлах боломж олгоогүй, мөн ажил олгогчийн зүгээс ажил тасалсан шалтгаан, нөхцөлийг тогтоолгүйгээр Д.Ням-Эрдэнийг   ажилдаа ирээгүй байхад нь буюу түүний эзгүйд  ажлаас халах тухай тушаалыг гаргаж, Д.Ням-Эрдэнийг  2016 оны 8 дугаар сарын 3-ний өглөө ажилдаа ирэхэд нь  ажлаас халсан  байсан, мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 гэсэн хуулийн заалтыг барьж  хуулийг буруу хэрэглэснээс болж  Д.******* нь Нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй нөхцөл байдал бий болсон зэрэг байдлууд нь ажлаас халах тухай гэсэн тушаал зөрчилтэй болсоныг нотолж байна.  

Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нэг үндэслэл нь санхүүгийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаж явуулаагүй сахилгын зөрчил гаргасан гэж  ажлаас халах тухай тушаал дээрээ дурьдсан боловч энэ талаар ямар мэдээ, тайланг ямар хугацаанд хожимдуулсан талаар тодорхой нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Шүүхийн тамгын газрын ажилчдын  2015 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээ хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэл зэрэгт хэдэн оны хэдэн сарын мэдээ тайланг яаж хоцроосон нь тодорхойгүй байх тул нотлох баримт болгон үнэлэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрыг төлөөлж тус шүүхийн тамгын газрын дарга *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-т    заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2016 оны 11 дүгээр сарын 15-ний  өдрийн 131/ШШ2016/00758  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                  ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                                                     Г.УЛАМБАЯР