Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0517

 

“Б э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч

Ш.Д, У.Т, М.О нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З, Д.Г, Ц.М, өмгөөлөгч П.Ц, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Б э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Д, У.Т, М.О нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Д, У.Т, М.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн “Г т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус 1386 м.кв газрын эрхийг “Б э" ХХК-д буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг Даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зуйлийн 38.2.1 дэх заалт болон нотлох баримтыг буруу үнэлсэн, нотлох баримтгүйгээр үнэлэлт дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн “Г т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар "Б э" ХХК-д олгосон 9874 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар “Б э” ХХК-ийн 10074 м.кв газрын эрхээс 200 м.кв газрыг “MHM” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар 9874 м.кв нийт газрын хэмжээнээс 4903 м.кв, 3539 м.кв газрыг тус тус “Б э” ХХК-д, 1386 м.кв газрын эрхийг “Г т” ХХК эзэмшүүлсэн. “Г т” ХХК-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г шилжүүлэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, “Б э” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Д-Я, Д.Г нарын хооронд байгуулсан “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” -г тус тус үндэслэсэн байна. Төрийн захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтад зааснаар тухайн байгууллагын албан хүсэлт, холбогдох баримт бичгийг үндэслэн шийдвэр гаргадаг. Хувьцаа эзэмшигч нар хөрөнгийг тухайлан эзэмшдэггүй, эд хөрөнгийн асуудлаар компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. Иргэн Б.Д-Я Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг гаргахад хувьцаа эзэмшигчид байхгүй байсан учраас өөрсдөөс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр гарын үсгийг зурсан гэдэг боловч үүнийг төрийн байгууллага тогтоодоггүй. Нийслэлийн Засаг даргын захирамж нь “Б э” ХХК-ийн ерөнхий захирлын албан хүсэлт, “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэрээ болон холбогдох бусад баримтуудыг тус тус үндэслэн гарсан. Дээрх захирамж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, гаргасан нэхэмжлэлийн дагуу үүсэж буй хэргийг шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрсдийн яг ямар эрх ашиг хөндөгдсөн талаар дурдаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад хүртэл тодорхойлоогүй. Иргэн Ш.Д, У.Т, М.О нар нь өөрсдийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн л нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Б э ХХК-ийн эрх ашгийг төлөөлж байгаа мэт тайлбарлаж, тус компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн газар эзэмшүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнүүлэн түүнийг үндэслэн гарсан нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/1003 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болно. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/1003 дугаартай захирамж нь гуравдагч этгээд Г т ХХК болон Б э" ХХК нарт чиглэгдсэн бөгөөд нэхэмжлэгч иргэд болох Ш.Д, У.Т, М.О нарын эрх ашгийг огт хөндөөгүй болно. Нэхэмжлэгч иргэд нь Б эХХК-иас “Г т ХХК-д шилжсэн маргаан бүхий газрыг эзэмшдэггүй, уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд зөвхөн Б э ХХК-ийн энгийн хувьцаанаас тодорхой хувийн хувьцааг эзэмшдэг. Ийм учраас тухайн маргаан бүхий захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэл байхгүй болно. Шүүхээс хувь хүний эрх, компанийн хувьцаа эзэмшигчийн эрх гэдэг нь ялгаатай зүйл гэсэн ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Компанийн хувьцаа эзэмшигч нь хувь хүнийхээ хувьд бус хөрөнгө өмчлөх эрхийнхээ хүрээнд хуулийн этгээдийн хувьцааг эзэмшдэг бөгөөд хуульд тодорхойлон заасан эрх, үүргийг эдэлдэг. Аливаа хуулийн этгээдийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөл, түүний эрх үүрэг нь хэн нэгэн хувьцаа эзэмшигчээс өөр ойлголт бөгөөд нэхэмжлэгч нарыг Б э ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, эсхүл төлөөлөн удирдах зөвлөл гэж үзэх үндэслэл байхгүй. Б э ХХК-ийн зарим хувьцаа эзэмшигч нь иргэнийхээ хувьд тус компанийн байгуулсан гэрээ, хэлцэлтэй холбоотойгоор гарсан захиргааны актад маргаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар тус компанийн өмнөөс даалгах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Нотариатаар гэрчлүүлэх шаардлага нь Нотариатын тухай хуулийн 46.2 дугаар зүйлд заасны дагуу талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг тодорхойлоход оршдог. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Б э ХХК болон Г т ХХК нь байгуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн ойлгож, энэ талаар аль аль нь маргаан үүсгээгүй бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь бүрэн гүйцэт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй талаар эрх шилжүүлэгч болон эрх хүлээн авагч талууд, төрийн захиргааны байгууллагын аль аль маргаан үүсгээгүй нөхцөлд зөвхөн ... нотариараар ... гэрчлүүлсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох  үндэслэл байхгүй. Маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал, Б э ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хэр хэмжээ, төлөөлөх эрхээ хэтрүүлсэн эсэх, эсхүл гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдсон эсэх талаарх маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.1-д заасан “…эдийн ба эдийн бус баялагтай холбоотой... маргаан бөгөөд Иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн зүйл огт байхгүй бөгөөд ийм маргаан огт байхгүй болно. Гэтэл шүүхээс Компанийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэж хувьцаа эзэмшигч нар болон гүйцэтгэх удирдлагын хоорондын эдийн болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой үүргийн үйл баримтад дүгнэлт хийж байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй бөгөөд дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д заасан харъяаллыг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ямарваа нэгэн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэл гаргадаг. Гэтэл маргаан бүхий захиргааны акттай холбоотой ямар нэгэн эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр байхгүй байхад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Нэхэмжлэгчээс даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зөрчигдсөн эрхийн талаар тодорхойлон огт гаргаагүй бөгөөд шүүх энэ байдлыг тодруулахгүйгээр шууд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Б э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Д, У.Т, М.О нар нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн “Гүн тулга” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус 1386 м.кв газрын эрхийг “Баянзүрх эмнэлэг” ХХК-д буцаан шилжүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус баримтлан, захирамжийн холбогдох хэсгээр “Б э” ХХК-ийн эзэмшилд байсан газраас 1386 м.кв газрыг “Г т” ХХК-д шилжүүлэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”: 38.2.1 “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2 “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.2.3 “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”, 38.2.4 “татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хуулийн шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээ “нотариатчаар гэрчлүүлээгүй гэрээгээр газрын эрхийг шилжүүлсэн нь хууль бус” гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь “Б э” ХХК-ийн ерөнхий захирал Б.Д-Я-ийн Нийслэлийн Газрын албанд гаргасан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/611 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/660 тоот албан бичгүүд, “Г т” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 43/17 тоот албан бичиг, “Б э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 тоот тогтоол, “Б э” ХХК-ийн ерөнхий захирал Б.Д-Я болон “Г т” ХХК-ийн захирал Д.Г нарын хооронд байгуулагдсан “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”, 2 компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг үндэслэн “Б э” ХХК-ийн эзэмшилд байсан газраас 1386 м.кв газрыг “Г т” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байх ба дээрх гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д заасан нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүйгээс нэхэмжлэгч нэр бүхий хувьцаа эзэмшигч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын хууль зөрчсөн хууль бус үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхолтой шууд шалтгаант холбоотой байх ёстой бөгөөд “Б э” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь гэрээ байгуулсан Б.Д-Я болох нь нотлогдсон, энэ талаар маргаагүй байгаа энэ тохиолдолд гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчихгүй, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолтой шалтгаант холбоогүй гэж үзнэ.

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “Нотариатаар гэрчлүүлэх шаардлага нь Нотариатын тухай хуулийн 46.2 дугаар зүйлд заасны дагуу талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг тодорхойлоход оршдог. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Б э ХХК болон Г т ХХК нь байгуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн ойлгож, энэ талаар аль аль нь маргаан үүсгээгүй бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл нь бүрэн гүйцэт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй талаар эрх шилжүүлэгч болон эрх хүлээн авагч талууд, төрийн захиргааны байгууллагын аль аль маргаан үүсгээгүй нөхцөлд зөвхөн нотариатаар гэрчлүүлсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох  үндэслэл байхгүй” гэх гомдол хангагдана.

Түүнчлэн, “Б э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч гэх үндэслэлийн тухайд Газрын тухай хуулиар газар эзэмших эрх шилжүүлэхэд Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол шаарддаггүйн зэрэгцээ уг тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч эсэхийг захиргааны байгууллага шалгаж тодруулах үүрэг хүлээхгүй бөгөөд Баянзүрх эмнэлэг ХХК-ийн гүйцэтгэх удирдлага эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, гэрээ байгуулах зөвшөөрөл олгогдсон эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, хуурамч баримт бичиг үйлдсэн эсэхэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүх хувийн эрх зүйн харилцаанд хамаарах хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаанд дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасантай нийцээгүй байна.

Харин компанийн хувьцаа эзэмшигчийн хуулиар олгогдсон үндсэн эрх болон компанийн дүрмээр тогтоогдсон хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөнтэй холбоотой маргаан нь иргэний эрх зүйн маргаан мөн боловч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо захиргааны байгууллагын актын улмаас зөрчигдсөн гэж үзэн уг эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасантай нийцэх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “нэхэмжлэл гаргах эрхгүй” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Д, У.Т, М.О нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн “Г т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус 1386 м.кв газрын эрхийг “Б э” ХХК-д буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                   Э.Зоригтбаатар

 

                ШҮҮГЧ                                                       Д.Оюумаа

    

                ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН