Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 032

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Б сумын 1 дүгээр багийн оршин суугч Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С ийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Б сумын  1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох;

“Б сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” тогтоолын От холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Х, гуравдагч этгээд О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч  Бын  итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас “Газар эзэмшүүлэх тухай” 7 дугаар тогтоол гаргасныг 2017 оны 10 дугаар сарын сүүлд 11 дүгээр сарын эхээр олж мэдээд даруй тус тогтоолд хориг тавьж өгөхийг хүсэж Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг даргад өргөдөл гаргасан боловч нэгэнт багийн иргэдийн Нийтийн Хурлаас “Газар эзэмшүүлэх тухай” тогтоол гарсан байх тул хориг тавих боломжгүй, сумын Засаг даргад хандана уу хэмээн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бичгээр хариу өгсөн. Харин  сумын Засаг дарга аман хэлбэрээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гарсан байх тул би үүнд газар эзэмшүүлэхээс өөр арга байхгүй, одоогоор сумын газрын даамал тэтгэвэрт гарч байгаа, оронд нь шинээр хүн томилогдсоны дараа газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргана, харин та гомдолтой байгаа бол шүүхэд хандаж болно хэмээн 7 дугаар тогтоол, хурлын тэмдэглэлийг хуулбарлан өгсөн байна. Энэхүү дээд шатны байгууллага шийдвэр гаргаж чадаагүй тул эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

Б Б сумын 1 дүгээр багт мал маллаж, ахан дүүсийн хамтаар амьдран суудаг. Тус багийн нутаг дэвсгэр болох “Улаан-зуух” хэмээх газрыг хууль ёсны эзэмшдэг 000598429 дугаар бүхий гэрчилгээтэй, өвөлжөөний хашаа, хороотой иргэн юм. Эзэмшиж буй өвөлжөөний зориулалттай хашаа, хороондоо жилийн жилд 10 дугаар сард нүүж очоод хавар 5 дугаар сар гэхэд зусланд гардаг бөгөөд жилийн 7 сарын турш энэхүү газарт мал маллаж суудаг.Түүнээс өмнө “Улаан-зуух”–д Болатын аав Мухитан гэж хүн амьдарч байсан. Тус хотонд нийтдээ 1500-аад мал байдаг. “Улаан-зуух”-ны өвөлжөөний ойр хавьд нийтдээ арван хэдэн айл өрх мал маллаж амьдран суудаг. “Улаан зуух”-ны өвөлжөөний хашаа, хороо байршиж буй газрын довын цаад тал болох “Улаан зуухны амны хангал” гэдэг газрыг бусдад эзэмшүүлснээр Бын мал бэлчих газаргүй болно гэдгийг тайлбарлах нь зүйтэй байна. Мөн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдахад иргэдэд хүртээмжтэй байдлаар зарлаж, ийм чухал асуудал хэлэлцэж байхад эрх ашиг нь хөндөгдөхөөр иргэдийг заавал оролцуулах шаардлагатай байсан ба багийн төвийн хэдэн иргэд хуралдаж хурлыг хуулийн хүчин төгөлдөр мэтээр харуулж, илт хууль бус тогтоол гаргасан явдал нь багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Хн буруутай, хариуцлагагүй явдал хэмээн үзэж байна. Хуралдах тухай зар өгөхөд зөвхөн гол дагуух айл өрхөд зар тараасан бөгөөд уул руу байрлал бүхий айл өрхүүдэд зар хүрээгүй байдлаар хууль бусаар хуралдсан болох нь хурлын тэмдэглэлд байгаа иргэдийн санал шүүмжлэлээр нотлогдож байна.Хурлын тэмдэглэлээс авч үзэхэд тухайн хурлын зар хүртээмжтэй байдлаар хүрээгүй, зарлагдаагүй талаар хуралд оролцсон иргэд Жигжид, Баттулга, Алтанцэцэг нар шүүмжилсэн байна. 

Иймд Б сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7 тоот тогтоолын От холбогдох хэсгийг хүчингүй болгож бодит байдлыг тогтоож өгөхийг хүсье гэв. 

Хариуцагч Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие  2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн Б сумын Хөх эрэг /1 дүгээр/ багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байгаа болно. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулсан юм. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулах талаар багийн хүний бага эмч С.Байгалмаа, багийн Засаг дарга Ө.Аманбол бид багийн иргэдэд утсаар болон өөрсдийн биеэр бүх айл өрхөд мэдэгдсэн юм. Тэгээд багийн хуралдаан товлосон хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагт багийн төвд зохион байгуулагдаж, хуралд багийн нийт өрхийн дөрөвний нэг нь хүрэлцэн ирсэн тул хуралд оролцсон иргэдийн 90 хувийн саналаар хурлыг эхлэн явуулж, 9 төрлийн асуудлыг авч хэлэлцсэн юм. Уг 9 асуудлын наймд иргэдээс өвөлжөө, хаваржааны зориулалттай газар эзэмшүүлэх талаар гаргасан хүсэлтийг авч хэлэлцсэн юм. Тэгээд багийн иргэн малчин Р.Октябрийн хүсэлтээр түүнд “Улаан зуухны амны хангал” гэх газраас өвөлжөөний зориулалтаар газар олгохоор шийдвэрлэсэн нь үнэн юм. Тэр хуралд О өөрөө оролцсон ба тэрээр хурал дээр Тохантай уулзсан, зөвшөөрч байгаа гэж хэлсэн тул зөвшөөрсөн юм байна гэж бодсон. Тэр газрын гэрчилгээ Бын нэр дээр байсныг мэдээгүй, харин эсрэгээр Тоханы нэр дээр байгаа гэж бодоод шийдвэрлэсэн юм. 

Иймд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан зохих хууль тогтоомжийн хүрээнд явагдсан тул багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй юм. Яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Бтай холбоотой хэсэг нь хуульд нийцсэн эсэхийг л захиргааны хэргийг шүүхээс авч хэлэлцэх ёстой гэж ойлгож байна гэв.

Гуравдагч этгээд  О шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: 

Одоогийн миний хашаа, байшин байгаа газар нэлээн ус авсан байдалтай амьдрахад хэцүү байна.  Хуурай газар гарах зорилгоор Б сумын Засаг даргад өргөдөл гаргасан, багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар надад газар эзэмшүүлэхээр болсон. Би өөрөө тахир дутуу хүн бөгөөд нэхэмжлэгч тал тахир дутуу хүнд газар эзэмших эрх байхгүй гэж доромжилж байна. Б нарт удаа дараа очиж учир байдлыг ойлгуулж хэлсэн боловч чи хараагүй хүн, хүний асаргаанд байж газар авна гэсэн ойлголт байхгүй гэж хэлж байсан. Одоо маргаан бүхий газрын орчимд тийм их малтай айл байдаггүй. Нэхэмжлэгч тал мал нийлнэ гэж намайг суулгахаас татгалзаж байгаа ба нийлсэн малыг ялгаад авах бүрэн боломжтой байгаа. Сумын захиргаанаас та хоёр хэлэлцэн тохиролцоорой, тэгээд би танд захирамжийг гаргаж өгье гэсэн хариу өгч байгаа. Бид хоорондоо ярилцаж, учир байдлыг ололцож болно, би амьд байгаа цагт хуурай газар амьдармаар байна. Харин олонхийн саналаар надад газар олгосон Б сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Гэрчээр асуугдсан зарим хүмүүс өөрсдийн гарын үсгийг минийх биш гэж хэлсэн байна. Миний сумын Засаг даргад гаргасан өргөдөл байхгүй гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга хэлж байгаа,яагаад тэр өргөдөл алга болсон бэ, эдгээр хүмүүс шүүхээр тоглож байгаа. Иймд намайг уснаас гаргаж өгөхийг эрхэм шүүгч танаас хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Тухайн үед бид нарт газар олгох эсэх асуудлыг шийдвэрлэх гэж тус багийн иргэдийн Нийтийн Хурал зарлагдаагүй, би энэ газрын асуудлаар О ахыг дагуулан Б,И.Тохан нарын гэрт 8 удаа очиж байсан. И.Тохан бол надад татгалзах зүйл байхгүй, бидний мал багтахгүй учраас маргааш хэрүүл маргаан гарч болзошгүй гэж хэлсэн. Тэгээд энэ асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хуралд оруулснаар олонхийн саналаар маргаан бүхий газрыг От олгохоор шийдвэрлэж тогтоол гаргасан байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хууль ,журмын дагуу хугацааг нь товлон зарлаж, ирц бүрдсэн гэж үзэж  хийсэн. Одоо бидний амьдарч байгаа газрын ихэнх хэсгийг ус авсан байдалтай байгаа бөгөөд намрын улиралд тэр чигээрээ ус авдаг газар байгаа. Миний бие өнөөдрийн байдлаар эхнэрийн хамт таньдаг айлын хажууд хамт сууж байгаа ба газар эзэмшүүлэх асуудлыг урьд өмнө багийн иргэдийн Нийтийн Хуралд оруулаад олонхийн саналаар дэмжигдсэн тохиолдолд сумын Засаг дарга захирамж гаргаад эзэмшүүлдэг байсан. Гэхдээ От газар олгохоор шийдвэрлэсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг сумын Засаг дарга Од битгий өгөөрэй гэхээр нь би өгөөгүй гэж Х хэлээд байгаа. О нь Монгол Улсын иргэн учраас газар эзэмших эрхтэй гэж үзэж байна.  Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох Б сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” тогтоолоор  иргэн От “Улаан зуухны амны хангал” гэдэг газрыг өөрийн эзэмшилд олгож, гэрчилгээжүүлж өгөх тухай саналыг Б сумын Засаг даргад  өргөн мэдүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал уг маргаан бүхий актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Улаан зуух” гэх газраас 700 м2 газрыг хууль ёсоор эзэмшдэг ба  1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр, хуралдаанд оролцуулахгүйгээр тус багийн  малчид бидний бэлчээрийн зориулалтаар ашигладаг  “Улаан зуухны амны хангал” гэх газрыг эзэмших тухай иргэн Р.Октябрийн гаргасан хүсэлтийг хэлэлцэж, уг газрыг түүний эзэмшилд нь олгож, гэрчилгээжүүлэх саналыг сумын Засаг даргад  уламжилсан тогтоол гаргасан нь хууль бус,эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж байна” гэж тодорхойлжээ. 

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд  болон гэрч нарын мэдүүлгээр  нэхэмжлэгч Б нь Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаан зуух” гэх газраас 700 м2  газрыг эзэмшдэг,тухайн газарт нэхэмжлэгч Б болон иргэн И.Тоханы  байшин, малын хашаа байрладаг, нэхэмжлэгчийн эзэмшлийн уг газраас маргаан бүхий “Улаан зуухны амны хангал” гэх газар нь 800-1100 м-ийн зайтай, энэхүү маргаан бүхий  газрыг нэхэмжлэгч Б нарын тус багийн  хэсэг иргэд бэлчээрийн зориулалтаар нийтээр ашигладаг  болох нь  тус тус  тогтоогдсон.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.10–т тус тус зааснаар  Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр  болох хуралдаанд тухайн багийн сонгуулийн насны иргэн бүр оролцох эрхтэй бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” нь Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаардаг байна.

Гэтэл нэхэмжлэгч Б нарын хэсэг иргэд  тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд оролцоогүй байх ба хариуцагч Хурлын дарга хуралдааны товыг утсаар мэдэгдсэн гэх боловч ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулаагүй буюу нотолж чадаагүй, мөн тухайн хуралдааны тэмдэглэл , гэрч нарын мэдүүлгээр  нэхэмжлэгч Б нарын  тус багийн хэсэг иргэдэд хуралдааны товыг мэдэгдээгүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Түүнчлэн 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулах шийдвэрийг  эрх бүхий этгээд болох Тэргүүлэгчдээс гаргаагүй, өөрөөр хэлбэл тухайн хуралдааныг товлон зарлах асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээгүй, товлон зарлах  шийдвэр гаргаагүй, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар ”Багийн иргэдийн нийтийн хурал хуралдуулах тухай” тогтоолыг  дараа нь өөрөө нөхөж гаргаснаа хариуцагч Хурлын дарга хүлээн зөвшөөрсөн  болно.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т зааснаар бэлчээрийг нийтээр ашиглахаар зохицуулсан  тул  дээрх байдлаар нэхэмжлэгч  Б нарын тус сумын 1 дүгээр багийн хэсэг иргэдэд 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр, хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангахгүйгээр эдгээр иргэдийн бэлчээрийн зориулалтаар нийтээр ашиглаж байсан газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч болон  тухайн иргэдийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1,12.1.2-т заасан хуралдаанаар асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар  асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах эрхийг тус тус зөрчсөн, мөн  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимтай нийцэхгүй байна гэж үзлээ.

Мөн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын нийтлэг бүрэн эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйл,  газрын харилцааны талаар  хэрэгжүүлэх бүрэн эрхийг Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгээр тус тус зохицуулснаас үзэхэд багийн иргэдийн Нийтийн Хуралд газар эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх буюу  иргэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах тухай саналыг сумын  Засаг даргад  уламжлах   эрх байхгүй, харин Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар газрыг сумын хэмжээнд иргэн, ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх нь сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаардаг байна.

Сумын Засаг дарга нь энэхүү эрхээ  хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр  зүйлийн 31.2-т  “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж тус тус зааснаар  сумын  тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэхээр зохицуулсан. 

Гэтэл Б сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  зөвхөн сумын төв буюу 4 дүгээр багаас иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан шинээр 21000 м2  газар эзэмшүүлэхээр тусгасан, өөрөөр хэлбэл  маргаан бүхий “Улаан зуухны амны хангал” гэх газар байрлах   Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд заагдаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон болно. 

Дээрх байдлаар эрх бүхий этгээдээс Б сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр  хуралдуулах талаар шийдвэр гаргаагүй байхад хуралдаан хийж, уг хуралдааны товыг мэдэгдэхгүйгээр, оролцуулахгүйгээр нэхэмжлэгч  Б нарын хэсэг иргэдийн  багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар  асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар  асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах  эрхийг зөрчиж, улмаар  газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй этгээд болох  багийн иргэдийн Нийтийн Хурлаас  тус сумын 2017 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй газрыг гуравдагч этгээд От эзэмшүүлэхээр сумын Засаг даргад уламжилсан шийдвэр гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1,12.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна  гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 7 дугаар тогтоолын гуравдагч этгээд От холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1,12.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.2.1, 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг тус тус баримтлан  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Б сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” тогтоолын  “От Улаан зуухны амны хангал гэдэг газрыг өөрийн эзэмшилд олгож, гэрчилгээжүүлж өгөх тухай саналыг Б сумын Засаг даргад  өргөн мэдүүлсэн” хэсгийг хүчингүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ЕРКЕШ