Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00629

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/03365 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Х” ХХК-д холбогдох,

300.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, 97.022 ам.доллар буюу 127.195.842 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, нарийн бичгийн дарга  Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь тус компанитай 2012 оны 04 сарын 12-ны өдөр 001/12 дугаар Тоног төхөөрөмж түрээсээр худалдах, худалдан авах опционы гэрээ (Зээлээр худалдах, худалдан авах)-г байгуулж DX480LCA маркийн гинжит экскаваторыг 18 сарын хугацаатай, 1 сарын 1,5 хувийн хүүтэй, 2012 оны 09 сарын 30-ны өдөр 027/2012 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, SD300 маркийн дугуйт ачигчийг 13 сарын хугацаатай, 1 сарын 1,5 хувийн хүүтэй, 028/2012 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж SD300 маркийн дугуйт ачигчийг 13 сарын хугацаатай, 1 сарын 1,5 хувийн хүүтэй тус тус зээлээр худалдан авсан.

Хариуцагч тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаас хойш DX480LCA экскаваторын үнэнд нийт гэрээнд заасан хуваарьт төлбөрөөс хамгийн сүүлд буюу 2012 оны 08 сарын 01-ний өдөр хуваарьт төлбөрийг төлсөн бөгөөд түүнээс хойш аливаа төлбөрийг төлөөгүй, хоёр ширхэг SD300 маркийн дугуйт ачигчийн төлбөр  төлөлгүйгээр авч ашигласан.

Бид өөрсдийн тоног төхөөрөмжүүдийг 2014 оны 08 сарын 27-ны өдөр хариуцагчаас эргүүлэн авсан. Гэрээний дагуу түрээсийн төлбөрийг тооцож үзвэл DX480LCA экскаваторыг 2012 оны 5 сарын 10-ны өдрөөс эхлэн 2013 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл буюу нийт 445 өдөр тэнцүү 14,83 сарын хугацаагаар түрээсэлсэн.  Нэг сарын  түрээсийн төлбөр гэрээгээр тохиролцсоны дагуу 18,400 ам.доллар, 14,83 сарын түрээсийн төлбөр 272.872 ам.доллар болж байна. Үүнээс хариуцагчийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 55.440 ам.доллар, 2 удаагийн хуваарьт төлбөрт төлсөн 41,582 ам.доллар, нийт 97.022 ам.долларыг хасвал  175,850 ам.доллар буюу 230.539.350 төгрөг төлөх үүрэгтэй.  

2987УБ улсын дугаартай SD300 дугуйт ачигчийг 2012 оны 09 сарын 08-ны өдрөөс эхлэн 2013 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл буюу нийт 325 өдөр тэнцүү 10,83 сарын хугацаагаар түрээсэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр нь гэрээгээр тохиролцсоны дагуу 9.900 ам,доллар, 10,83 сарын түрээсийн төлбөр нь 107,217 ам,доллар буюу 149.460.498 төгрөг.

2988УБ улсын дугаартай SD300 дугуйт ачигчийг 2012 оны 09 сарын 07-ны өдрөөс эхлэн 2013 оны 07 сарын 30-ны өдрийг хүртэл буюу нийт 326 өдөр тэнцүү 10,86 сарын хугацаагаар түрээсэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр нь гэрээгээр тохиролцсоны дагуу 9.900 ам,доллар, 10,86 сарын түрээсийн төлбөр 107,514 ам,доллар буюу 149.874.516 төгрөг. Хариуцагч дээрх 2 техникийн урьдчилгаа болон хуваарьт төлбөрөөс огт төлөөгүй.

Иймд эдгээр 3 тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт нийт 529.874.364 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй боловч төлбөрийг 229.874.364 төгрөгөөр багасгасан тул  хариуцагчаас 300.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээний зүйл нь Иргэний хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 61.1-д зааснаар хэлцлийн зарим хэсэг нь хүчингүй болж болно. 2012.4.12-ны болон 9.30-ний өдрийн гэрээнүүд нь утгын хувьд ойролцоо буюу гэрээ цуцлагдвал төлбөрийг түрээсийн төлбөрөөр тооцохоор заасан. Энэ нь хуульд зааснаас өөр байна. Иргэний хуулийн 189.1-д гэрээг чөлөөтэй байгуулахаар заасан. Гэрээнээс татгалзах, цуцлах заалттай нийцэх ёстой. Иргэний хуулийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзвал өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан ба үүнтэй холбогдох хохирлоо шаардах эрхтэй.  Иймд гэрээний энэ заалтаар түрээсийн төлбөр нэхсэн нь Иргэний хуулийн 205, 204, 221, 227, 231, 232-д заасныг зөрчиж байна. Улмаар 300.000.000 төлөх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч “Хамтын эх” булаг ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: талууд 3 тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож 2012 оны 04 сарын 12-ны өдөр №001/12 тоот, 2012оны 09 сарын 30-ны өдөр №027/2012 тоот, №028/2012 тоот  гэрээ байгуулсан. 2012 оны 04 сарын 12-ны өдөр №001/12 тоот гэрээний дагуу нийт 97.022 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш хуваарьт заасан төлбөрөө манай байгууллага төлж чадаагүй.  Э ХХК нь дээрх 3 гэрээнээс татгалзсан учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог тул 2012 оны 04 сарын 12-ны өдрийн №001/12 тоот гэрээний 3.4 дэх заалт, 2012 оны 09 сарын 30-ны өдрийн №027/2012, №028/2012 тоот гэрээнүүдийн 3.3 дах заалтууд нь Иргэний хуулийн ерөнхий ангийн 204, 205, 221, 225, 227, 231 дүгээр зүйлүүдэд нийцэхгүй байна.

Мөн Э ХХК-тай байгуулсан 2012 оны 04 сарын 12-ны өдөр 001/12 тоот гэрээний дагуу DX480LCA маркийн гинжит экскаваторыг 308.000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 55.400 ам.доллар, зээлийн төлбөр 41.582 ам.доллар буюу нийт 97.022 ам.долларыг шилжүүлсэн. Зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөрийг хийж чадаагүй тул худалдан авагчийн зүгээс 2013 оны 07 сарын 30-ны өдөр гэрээнээс татгалзан шүүхэд хандаж, тоног төхөөрөмжийг буцаан авсан.

Иймд Х ХХК, Э ХХК нарын хооронд 2012 оны 04 сарын 12-ны өдөр байгуулагдсан №001/12 тоот Тоног төхөөрөмж түрээсээр худалдах, худалдан авах опционы гэрээ нэртэй гэрээний 3.4 дэх заалт, 2012 оны 09 сарын 30-ны өдөр байгуулагдсан №027/2012 тоот Тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3 дах заалт, 2012 оны 09 сарын 30-ны өдөр байгуулагдсан №027/2012 тоот Тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3 дах заалтыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Э ХХК-иас 97.022 ам.доллар буюу 127.195.842 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээний дээр дурдсан заалтууд нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга биш харин гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг зохицуулж буй зохицуулалт юм. Э ХХК тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнүүдээс татгалзаагүй харин эдгээр гэрээг цуцалсан тул нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд нь хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Гэрээг цуцалсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/03365 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Х ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгч Э ХХК-д холбогдох 001/12 дугаар гэрээний 3.4, 027/2012 дугаар гэрээний 3.3, 028/2012 дугаар гэрээний 3.3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, 001/12 дугаар гэрээний гүйцэтгэлд төлсөн 97,022 ам.доллар буюу 127,195,842 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Х ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,657,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,451,879 төгрөгөөс 1,211,005.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,240,873.58 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/03365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК-аас 300.000.000 /гурван зуун сая/ төгрөг гаргуулж, Э ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул 001/12 дугаар гэрээний 3.4, 027/2012 дугаар гэрээний 3.3, 028/2012 дугаар гэрээний 3.3 дахь заалтыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, 001/12 дугаар гэрээний гүйцэтгэлд төлсөн 97.022 ам.доллар буюу 127.195.842 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, найруулан өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793.930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий" болж чадсангүй.

Х ХХК нь DХ480LСА маркийн гинжит тракторыг БНСУ-ын Э ХХК-аас зээлээр худалдан авсан. Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1-д заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г 2012.04.12-ны өдөр байгуулсан гэж манай талаас үзэж байгаа. Мөн 2012.09.20-ны өдөр 2 гэрээ байгуулж, SD300 маркийн 2 ширхэг дугуйт ачигчийг зээлээр худалдан авсан. Талууд гэрээндээ Иргэний хуулийн 112.1-т заасны дагуу тохиролцсон. Өөрөөр хэлбэл үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрх шилжихээр тохиролцсон. Гэрээ бүхэлдээ “зээлээр худалдах худалдан авахаар талууд тохиролцсон болохыг гэрчилж байгаа, түүнээс биш хэсэг хугацаанд тоног төхөөрөмж түрээслэх талаар талууд харилцан санал гаргасан, тохиролцсон зүйл байхгүй. Гэрээнд огт байхгүй, талууд тохиролцоогүй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг хэрэглэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.27-ны өдрийн 27 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Х” ХХК-с түрээсийн төлбөрт 300.000.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлд  зохигчийн хооронд байгуулсан 3 гэрээг дурдаж, уг гэрээг цуцалсан гэжээ. Хариуцагч  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дээрх гэрээнүүдийн 3.3, 3.4 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, төлбөрт төлсөн 127.195.842 төгрөгийг буцаан  гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн хоёр шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгчид гэрээ цуцлах эрх үүссэн, энэ тохиолдолд талууд төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тохиролцсон нь хууль зөрчөөгүй, өмнөх үүргийг сольсон, хариуцагч гэрээгээр тохиролцсон төлбөрийг   төлөх үүрэгтэй”  гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч талууд 2012 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр Тоног төхөөрөмжийг  түрээсээр худалдах, худалдан авах опционы гэрээ, 2012 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээгээр хариуцагч нь 308.000 ам долларын үнэтэй  DX480LCA маркийн гинжит экскаватор,  тус бүр нь 66.000 ам долларын үнэтэй SD300 маркийн 2 ш дугуйт ачигчийг урьдчилгаа төлбөрийг төлж, үлдэх төлбөрийг тодорхой хугацаанд хүүтэйгээр гэрээний хавсралтад заасан хугацаанд төлөх, нэхэмжлэгч нэр бүхий эд хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч гэрээнээс заасан техникийг шилжүүлсэн, хариуцагч гинжит экскаваторын төлбөрт нийт 97.022 ам доллар төлснөөс өөр төлбөр төлөөгүй бөгөөд худалдан авагч төлбөрийг хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнүүдийг цуцалж, эд хөрөнгөө 2014 оны 8 дугаар сарын 27-ний өдөр буцаан авсан ба шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээ цуцалсан тул тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг гэрээнд зааснаар түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцсон гэжээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож, нэхэмжлэлийн үндэслэлийг  тодорхойлох шаардлагатай.

Талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба  худалдан авагч  төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх,  бүрэн төлсөн тохиолдолд худалдагч гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.  

Түүнчлэн худалдан авагч хуваарьт хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоног тутам алданги тооцохоор талууд харилцан тохиролцож, энэ тухайгаа гэрээнд тусгажээ. 

Худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон ба мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2.-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгана.

Хариуцагч нь гинжит экскаватор  болон дугуйт ачигчийн үнийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн,  мөн хүү төлөхөөр тохиролцсон нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй байна.

Гэрээ цуцлагдсан тохиолдолд дугуйт ачигчийн төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн 1 сарын түрээсийн үнэлгээг 9.900 ам доллараар, экскаваторын электрон мото цагийн тоолуурт үндэслэн түрээсийн үнэлгээний дагуу тооцохоор гэрээний 3.3, 3.4-т тус тус заасан, шүүх уг заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох хэдий ч  гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан. Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлах ба ийнхүү цуцлахад Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэдэг.

Хуулийн энэхүү зохицуулалтаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй  бөгөөд хариуцагч гэрээ цуцалсан талаар маргаагүй байна.

Худалдагч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэх бөгөөд гэрээ цуцалснаас учирсан хохирлыг түрээсийн төлбөрөөр тооцохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Гэрээ цуцлагдсан тохиолдолд техникийн төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох тухай талуудын тохиролцоог  шүүх худалдагчид учирсан хохирлын хэмжээг тогтоох агуулгатай, өмнөх үүргийг сольсон хэлцэл гэж үзжээ.

Төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс гэрээ цуцлагдсан, энэ талаар хариуцагч  маргаагүй хэдий ч гэрээ цуцалснаас үүсэх үр дагаврыг тодорхойлоход гэрээг цуцалсан хугацаа ач холбогдолтой бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т заасан. Өөрөөр хэлбэл, өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол дараа нь шинээр үүсэх үүрэг, гэрээний нөхцлийг талууд бодитоор тохиролцсон байх шаардлагатай бөгөөд энэхүү нөхцөл байдал тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх өмнөх үүргийг сольсон гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.   

Нөгөө талаар гэрээний 3.3, 3.4-т заасан тохиролцоо нь үүрэг солигдох бус, харин худалдан авагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээг цуцалбал учирсан хохирлоо шаардах агуулгатай байх ба  нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т зааснаар шаардах  боломжтой бөгөөд хохирлоо  нотлох үүрэгтэй болно.   

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/03365 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 794.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ