Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1392

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Матад сумын 6-р баг “Булаг-2” хороолол 5-05 тоотод оршин суух, ЖЖ81101404 регистрийн дугаартай, Халх овогт Баярцогтын Туяамаагийн хүсэлттэй,

Иргэн хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Борхүүгийн Батцэрэнг эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Туяамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

   Нэхэмжлэгч Б.Туяамаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 сарын 27-ны өдөр Батцэрэнтэй гэрээ хийж 8*7 хэмжээтэй палкан байшингийн торх захиалан 2015 оны 09 сарын 20-ны дотор бүх ажлаа дуусгахаар тохиролцон 2000000 төгрөгийг бэлэн тооцож ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Түүнээс хойш холбоо тасарч хэл сураггүй болсон. Иймээс Б.Батцэрэнгээс урьдчилгаа төлбөрт өгсөн 2000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй тооцож 2400000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж түүнийг эрэн сурвалжиж, хаягийг тогтоолгох хүсэлтэй байна. Батцэрэн нь шүүхэд өгсөн хаягт байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа болно. Батцэрэн нь Баян-уул сумын 3-р баг “Хошуу” гэх газарт амьдардаг гэсэн. Батцэрэн нь бор царайтай, 175 см орчим өндөр нуруутай, баруун хөл нь хазгар, доглож явдаг, холбоо барих утас 86479020 гэсэн утастай. Өөр мэдэх зүйл байхгүй. Манай хүргэн таньдаг. Манай суманд айлын байшин бариад байхад нь бид итгэж гэрээ хийсэн юм гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Туяамаагийн Борхүүгийн Батцэрэнг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих Борхүүгийн Батцэрэн нь Дорнод аймгийн Баян-уул  сумын 3-р баг “Хошуу” гэх оршин сууж байж болзошгүй, түүний  гадаад байдлын хувьд: 170 см өндөр нуруутай, бор царайтай, баруун хөл нь хазгар, доглож явдаг, холбоо барих утас 86479020 дугаартай. Дархан, Эрдэнэт хотод байж болзошгүй. Иймээс хариуцагчаар оролцвол зохих Борхүүгийн Батцэрэнг эдгээр хаяг болон утсаар холбогдон олж тогтоох боломжтой болно.

Иймд ЖЕ78072579 регистрийн дугаартай, Борхүүгийн Батцэрэнг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож, албадан ирүүлэх ажиллагааг Дорнод аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ЖЕ78072579 регистрийн дугаартай, Борхүүгийн Батцэрэнг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Батцэрэнг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоож, албадан ирүүлэх ажиллагааг Дорнод аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАЙГАЛМАА