| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0367/Э |
| Дугаар | 835 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 835
2020 05 06 2020/ШЦТ/838
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: П.Даваасүрэн
шүүгдэгчийн өмгөөлөгч :
шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Нямаагийн Тунгаад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Н.Т, 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6,эмээ, ээж, 2 дүү, нагац ахын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 69 дүгээр байрны 5-48 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугцаагаар хойшлуулж байсан,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны оройн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 69 дүгээр айлын байрны 5-48 тоотод М.Эрдэнэ-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч Э.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүлэхдээ: Би хөдөөнөөс ирж ажил хийж байгаа юм. Хотод байрлах байр байхгүй болохоор хамаатны эгчийн байр гээд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны хажуу талд байдаг хуучины байранд 2019 оны 11 дүгээр сараас хойш хааяа нэг тэр байранд хонодог байсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хамт ажилдаг найз Эрдэнэ-Очирынд очиж хоол идчихээд хамт гараад тэр байрнаас үлдсэн хувцасаа авах гээд очсон юм. Гэрт ороод байж байхад манай доод талын айлын Халзаа гээд байдаг залуу 2 эрэгтэй хүнтэй хамт орж ирээд мэндийн зөрөөгүй хамт явсан залуу нь зодоод эхэлсэн. Гэрт Халзаа, Халзаагийн найз Хурц, наана нь нэрийн мэдэхгүй өндөр дүү нуруутай, туранхай, духаар нь битүү улаан батгатай юм шиг залуу 3 орж ирсэн юм. Тэр дундаас намайг эхлээд тэр нэрийг нь мэдэхгүй залуу өшиглөж унагаад миний эрүү, нүүр лүү 5-6 удаа өшиглөсөн. Би тэр залууд өшиглүүлээд толгойгоо дараад доошоо хараад шалан дээр хэвтэхэд дээрээс дэвсээд байсан. Шалан дээр 5 минут орчим зодуулсан байх. Шалнаас босоод орон дээр сууж байхад нөгөө нэрийг нь мэдэхгүй нүүрэндээ батгатай залуу түшлэгтэй модон сандлаар миний баруун мөр лүү 2 удаа цохьсон. Сандалаа бариад босвол ална шүү гээд зогсоод байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 17-21/,
Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 01 сарын 30-нд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны хажуу талын 69 айлын байрны 5 дугаар орцонд Хурцтай хамт Нийслэл 2.5 литрийн пиво нэгийг хувааж уусан. Эхний пиво ууж дуусаад гарч яваад танил дүү Наагийтай таарсан. Бид гурав дэлгүүрзэс дахиж нэг ширхэг 2.5 литрийн Нийслэл пиво аваад гэртээ орсон чинь дээд давхарын Мэндээ чамайг асуугаад гарсан гэхээр нь би нөгөө хоёрыгоо дагуулаад дээд давхарт байдаг Мэндбаярынд орсон. Тэнд ороод нэг пивоо ууж байхад Мэндбаярын хамт ажилдаг найз гэх Эрдэнэ-Очир нь бага байхдаа шоронд орж байсан гэж яриад тэрнээсээ болж Эрдэнэ-Очиртой маргалдаад барилцаж аваад бид 2 зодолдоод би Эрдэнэ-Очирыг буйдан дээр унагаад баруун гараараа нүүр хэсэг рүү нь нилээд хэдэн удаа цохисон. Хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Намайг Наагий ирж салгаад бөөн маргаан болоод байх шиг байсан. Сүүлд Мэндээ намайг гаргаж өгч байсан шиг санаж байна./ хх-н 25-27/
Гэрч Б.Хурц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байж байхад тэр хавийн найзууд маань дуудаад 69 айлын байрны голд сагс тоглож байсан. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан байх сагсны талбай дээр 5-6 хүн тоглож байсан юм. Тэгсэн чинь 69 айлын байранд нэг нь амьдардаг гээд 2 залуу тортой пиво барьчихсан ирээд Тунгаа, Наагий хоёрыг дээрэлхэх гээд байсан.
Тэгээд тэр хоёр залуу пиво уухаар 69 айлын байр луу орцгоосон. Нөгөө хэдийг ороод ирээрэй гээд байсан. Сагс тоглож байсан залуучууд бүгд тэр хоёр залуугийн араас 69 айлын байр луу орох гээд байхаар нь би 3 залууг нь гэр лүү нь явуулаад Тунгаа намайг хамт ороё гээд байхаар нь би Тунгаа, Наагий гэх залуугынх нь хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны байрны зүүн талд байдаг 69 айлын байрны хойшоо харсан хоёр дахь орц руу ороод Тунгаагын гэрийн дээд давхарт нөгөө хоёр залуугын гэр лүү орсон. Тэнд ороход нөгөө хоёр залуу Мэндбаяр, Эрдэнэ-Очир гэж өөрсдийгөө танилцуулсан. Эрдэнэ-Очир нь би шоронд орж байсан гээд томроод Тунгаа, Наагий хоёрыг зодох гээд байсан. Тэгэхээр нь би одоо больцгоо та нар одоо ийм нийгэм биш шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Эрдэнэ-Очир нь босоод ирсэн чинь Тунгаа түрүүлээд цохиод авсан. Эрдэнэ-Очир Тунгаа хоёр буйдан дээр харилцан зодолдоод эхэлсэн. Хэн хэнийхээ хаана нь цохиод байгааг анзаараагүй. Ямар ч байсан нилээн хэд цохиод л байсан. Тэр үед Наагий гэх залуу нь тэнд байсан Мэндбаяр гэж залуугын араас нь боогоод шууд арагшаа унасан. Эрдэнэ-Очир буйдан дээр Тунгаад зодуулж эхэлсэн Эрдэнэ-Очир нь Тунгаад зодуулж байхад нь би салгасан. Тэгсэн чинь Эрдэнэ-Очир босоод гал тогооны өрөөрүү гүйгээд хутга аваад ороод ирсэн. Эрдэнэ-Очир Тунгаа руу дайрхаар нь гараас нь хутгыг нь би булааж авсан. Би хутгыг нь гал тогооны өрөеьий буланд шүүгээн доогуур нь шидсэн чинь Тунгаа хутгыг ингэж хэрэглэдэггүй юм гзэд Тунгаа нөгөө хутгыг бариад ороод ирсэн. Тэр үед Наагий Мэндбаяр хоерыг салгаж босгоход Наагий нь Мэндбаярыг 2 удаа өшиглөөд салсан. Би буцаж ирээд Тунгаагаас хутгыг нь булааж авсан. Би тэд нарыг больцгоо зодолдож танилцсан хүмүүс сайн найзууд болдог гэсэн гэж хэлээд салгацгаасан... гэсэн мэдүүлэг / хх-н 22-24/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 28/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2144 тоот шинжээчийн :
1. М.Эрдэнэ-Очирын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-н 29-30/, М.Эрдэнэ-Очирын ТКТГн шинжилгээ / хх-н 31/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 32-33,37-38/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 34/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2143 тоот шинжээчийн дүгнэлт: 1. Э.Мэндбаярын биед эрүүнд шарх, зулгаралт, хамрын нуруунд зулгаралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-н 35-36/, Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 50 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 49/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 51/,захиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 55-56/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 52-54/ Б.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 41/, прокурорын тогтоол /хх-н 42-43/,
Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байрны хажуу талын сагсны талбай дээр Хурцтай таараад 2.5 литрийн пиво хувааж уугаад гарч явж байгаад манай тэнд багадаа байдаг байсан Наагий гэж залуутай тааралдаад дахиж нэг 2.5 литрийн пиво аваад манай дээд давхарт байдаг Мэндбаяр гэж залуугийнд Хурц, Наагий нарын хамт орсон. Мэндбаярынд ороод пиво уугаад эхлэж байсан чинь Мэндбаярын найз гэх Эрдэнэ-Очир нь шорон орон яриад байхаар нь тэрнээс нь болж маргалдаад би чиний тэр шорон чинь яадаг юм гээд хувцасаа тайлаад барилцаж аваад цохилцож байгаад Эрдэнэ-Очирыг буйдан дээр түлхэж унагаад хэд хэдэн удаа нүүр лүү нь цохисон юм. Яг хэдэн цохисноо бол мэдэхгүй байна. Тэр үед Хурц, Наагий хоёр намайг боль гээд салгаад бид нар тэднийхээс гараад явсан юм... гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,
Яллагдагч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 46-47/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл/ хх-н 48/,хүсэлтүүд/ хх-н 65-66/, прокурорын тогтоол/ хх-н 72/, Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай мөрдөгчийн санал/ хх-н 40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны оройн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 69 дүгээр айлын байрны 5-48 тоотод М.Эрдэнэ-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны оройн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 69 дүгээр айлын байрны 5-48 тоотод М.Эрдэнэ-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч М.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хаалгаа онгойлсон чинь 3 эрэгтэй хүн орж ирээд шууд Мэндбаяр бид хоёрыг зодож эхэлсэн. Намайг буйдан дээр унагаагаад дээрээс дараад нүүр, элэгрүү цохиж зодоод Мэндбаярыг доош нь үсдэж дараад дээрээс нь өшиглөөд байсан. Миний баруун гарын булчин хэсэгрүү түшлэгтэй модон сандлаар цохьсон. Тухайн асуудал 10-15 минут орчим үргэлжилсэн байх. Тэр 3 залуугийн өөрийгөө Халзаа гэж дуудаад байсан намхан залуу нь намайг зодсон. Бусад 2 залуу намайг нэмж зодсон үгүйг нь мэдэхгүй байна би зодуулаад доошоо даруулж хэвтээд зодуулж байсан болохоор сайн харж чадаагүй. Эхэлж орж ирээд Халзаа нь намайг барьж аваад доош нь дарж унагаад зодож эхэлсэн... гэсэн мэдүүлэг / хх-н 12-16/,
Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Мэндбаярын хамт ажилдаг найз гэх Эрдэнэ-Очир нь бага байхдаа шоронд орж байсан гэж яриад тэрнээсээ болж Эрдэнэ-Очиртой маргалдаад барилцаж аваад бид 2 зодолдоод би Эрдэнэ-Очирыг буйдан дээр унагаад баруун гараараа нүүр хэсэг рүү нь нилээд хэдэн удаа цохисон. Хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Намайг Наагий ирж салгаад бөөн маргаан болоод байх шиг байсан. Сүүлд Мэндээ намайг гаргаж өгч байсан шиг санаж байна./ хх-н 25-27/
Гэрч Б.Хурцын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Эрдэнэ-Очир нь би шоронд орж байсан гээд томроод Тунгаа, Наагий хоёрыг зодох гээд байсан. Тэгэхээр нь би одоо больцгоо та нар одоо ийм нийгэм биш шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Эрдэнэ-Очир нь босоод ирсэн чинь Тунгаа түрүүлээд цохиод авсан. Эрдэнэ-Очир Тунгаа хоёр буйдан дээр харилцан зодолдоод эхэлсэн. Хэн хэнийхээ хаана нь цохиод байгааг анзаараагүй. Ямар ч байсан нилээн хэд цохиод л байсан. Тэр үед Наагий гэх залуу нь тэнд байсан Мэндбаяр гэж залуугын араас нь боогоод шууд арагшаа унасан. Эрдэнэ-Очир буйдан дээр Тунгаад зодуулж эхэлсэн Эрдэнэ-Очир нь Тунгаад зодуулж байхад нь би салгасан. Тэгсэн чинь Эрдэнэ-Очир босоод гал тогооны өрөөрүү гүйгээд хутга аваад ороод ирсэн. Эрдэнэ-Очир Тунга&руу дайрхаар нь гараас нь хутгыг нь би булааж авсан. Би хутгыг нь гал тогооны өрөеьий буланд шүүгээн доогуур нь шидсэн чинь Тунгаа хутгыг ингэж хэрэглэдэггүй юм гзэд Тунгаа нөгөө хутгыг бариад ороод ирсэн. Тэр үед Наагий Мэндбаяр хоерыг салгаж босгоход Наагий нь Мэндбаярыг 2 удаа өшиглөөд салсан. Би буцаж ирээд Тунгаагаас хутгыг нь булааж авсан. Би тэд нарыг больцгоо зодолдож танилцсан хүмүүс сайн найзууд болдог гэсэн гэж хэлээд салгацгаасан... гэсэн мэдүүлэг / хх-н 22-24/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2144 тоот шинжээчийн дүгнэлтээр М.Эрдэнэ-Очирын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. Зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 65/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэсмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН