| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0874/Э |
| Дугаар | 899 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 899
2020 05 14 2020/ШЦТ/899
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Ц.Гантулгабат, шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Г д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1102 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Г
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайз Таун” хотхоны 406 байрны 26 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Х г “Хаалга удаан тайллаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, үсдэж чирэн ширээ мөргүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Х гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-11, 22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4940 дугаар дүгнэлт /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар М.Г гөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 68/, хохирогчийн хүсэлт /хх-н 73/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас М.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайз Таун” хотхоны 406 байрны 26 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Х г “Хаалга удаан тайллаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, үсдэж чирэн ширээ мөргүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч М.Г г 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайз Таун” хотхоны 406 байрны 26 тоот гэртээ байхдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Х г “Хаалга удаан тайллаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, үсдэж чирэн ширээ мөргүүлж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х н хохирогчоор өгсөн: “...би нөхөр М.Г тэй 2016 онд гэр бүл болж байсан ба одоо Тэмүүлэн, Номин-Эрдэнэ гэх 2 хүүхэдтэй болсон. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нөхөр хүмүүстэй тоглоод маргааш нь буюу 18-ны өглөө 07 цагт гэртээ эрүүл ирсэн. Тэгэхээр нь би уурлаж цагдаад дуудлага өгөх гэхэд гар утас булааж аваад, миний зүүн талын хацар руу 2 удаа гараараа цохиж, үсдэж газар унагаад, ширээ рүү чирч аваачиж байгаад ширээ мөргүүлсэн. Тэгээд хажууд том хүү уйлж ирэхэд нөхөр надаас салсан. Миний духанд зулгаралт, баруун зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн.” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4940 дугаартай:
1. Б.Х н биед духанд зулгаралт, баруун, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 30-31/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Г гийн өгсөн: "...Би эхнэр Хуншагайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 36-38/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч М.Г д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 73/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Г г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ