Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Готовын Уламбаяр |
Хэргийн индекс | 131/2016/00681/И |
Дугаар | 213/МА2017/00003 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 213/МА2017/00003
*******ийн нэхэмжлэлтэй хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2016/00789 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Заг сумын Засаг даргын тамгын газар болон *******ын ******* нарт холбогдох
Цалин 6.863.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******ын *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 1 дүгээр сарын 3-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
Нэхэмжлэгч *******ын *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2013 оны багийн Засаг дарга сонгох сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж 50,4 хувиар ялалт байгуулсан боловч сумын Засаг дарга Э.******* намайг батламжлаагүй, дараагийн багийн иргэдийн нийтийн хуралдааныг зарласан.
Би хууль бус энэ шийдвэрийг эсэргүүцэж 3 шатны шүүхэд хандаж, багийн Засаг даргаар томилуулах шийдвэрийг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 193 дугаар тогтоолоор багийн Засаг даргын ажлыг авсан. Дээд шатны шүүх анхан шатны шүүхэд хандаж цалингаа нэхэмжилж болно гэсэн. Иймд 2013 оны 01 дүгээр сарын 04 ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 10 сар 24 хоногийн цалин 6.863.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч *******ээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 2013 оны багийн Засаг даргын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, 50.4 хувиар сонгуульд ялалт байгуулсан боловч сумын Засаг дарга Э.******* нь *******тэй үзэл бодол таарахгүй гэсэн шалтгаанаар баталгаажуулаагүй. Дараагийн багийн Иргэдийн нийтийн хурлийг зарласан.
Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр багийн Засаг даргын ажлыг хүлээж авсан. Тухайн үед гомдолдоо цалингаа нэхэмжлээгүй.
Баянхонгор аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж цалингаа нэхэмжилж болно гэсний дагуу 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх 10 сар 24 хоногийн үндсэн цалин 6.863.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч *******ын ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие сумын Засаг даргын хувьд хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд томилохоос татгалзсан шийдвэр гаргасан юм.
******* нь багийн Засаг даргаар томилогдсоноос хойш 2 жил 10 сар буюу 34 сарын хугацаа өнгөрсний дараа цалингаа нэхэмжилжээ.
******* өмнө нь маргааны талаар аль нэгэн байгууллага албан тушаалтанд хандаагүй учир миний ойлгож байгаагаар хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх гэж бодож байна. Төрийн албаны тухай хуулийн дагуу гомдолоо төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана гэж заасан байна.
*******ийн нэхэмжлэлд дурьдсан цалин гаргуулах нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх гэж би хувьдаа ойлгож байна. Шүүх олон талаас нь харна гэдэгт итгэж байна. Иймд *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч *******ын ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Шүүхийн шийдвэр ирээд 2 хоногийн дараа энэ хүнийг ажилд нь томилсон. Түүнээс хойш бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан байгаагүй. Цалингийн хувьд тухайн үед ажлаа хийж чадаагүй байсантай холбоотой асуудал юм. Хууль бидний амьдрал сэдэвтэй тэмцээн явуулахад бүх багийн дарга нар зохион байгуулалтайгаар оролцоогүй тул арга хэмжээ авсан. Энэ үүргээ хэдэн сарын дараа биелүүлээгүй байсан учраас дахин арга хэмжээ авсан. Мөн ажил тасалсан учраас 1-2 удаа цалингийн арга хэмжээ авсан. Тэрнээс ээжийнх нь бие муу байсан, нас барсан зэрэг энд хамаарахгүй. Энэ хүний нэхэмжлэл хууль тогтоомжуудыг харахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг. Дараагийн асуудал нь бид хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул хуулийн дагуу энэ хүнийг ажилд томилохоос татгалзсан. Би энэ хүнийг ажилд авсан байж байгаад сүүлд нь ажлаас халсан байсан бол хөдөлмөрийн маргаан үүснэ. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан цалин 4.485.352 /дөрвөн сая дөрвөн зуун наян таван мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.377.648 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар *******т олгох 4.485.352 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцон бичилт хийлгэхийг тус аймгийн Заг сумын Засаг даргын тамгын газрын санхүүд даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.758 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн , 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамж 43,358 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч *******ын ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл нь буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговортой холбоотой заалт юм байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2013 оны 03 сарын 22-ны өдрийн 06 дугаар шийдвэр гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн шийдвэр гаргаагүй. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 23 дугаар зүйлийн 23.11-д заасныг үндэслэн *******ийг багийн засаг даргаар томилохыг сумын Засаг даргад даалгасан. Шүүхийн шийдвэрийн дагуу багийн Засаг даргад томилсон, одоо ажлаа хийж байна.
Харин Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан бол авч хэлэлцэх нь зүйн хэрэг байх. Аль ч шатны Засаг даргаар нэр дэвшсэн хүнийг томилохоос татгалзсан тохиолдол улсын хэмжээнд зөндөө бий. Багийн засаг дарга *******ийн нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.*******ын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
******* нь ажилд томилуулах тухай нэхэмжлэл гаргасан хугацаандаа, тухайн үед ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэлээ нэхэмжлэх боломжтой байсан. Гэтэл тухайн үед нэхэмжлээгүй хирнээ даруй 2 жил 10 сар өнгөрсний дараа цалин болон нэмэгдэлийн хохирол буюу ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх нь хариуцагч Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь агуулгын хувьд алдаатай буюу хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх нь хэргийг хэлэлцсэн нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Заг сумын Засаг даргын тамгын газар болон 2013 оны 1 дүгээр сарын 4-нөөс 2013 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүртэлх 10 сар 24 хоногийн цалин 6.863.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
******* нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр багийн засаг даргаар томилогдож, эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу цалингаа нэхэмжлэх эрхтэй болохоо мэдсэнээс хойш 2 жил 10 сар өнгөрсөний дараа ажилгүй байлгасан хугацааны цалингаа нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийг зөрчсөн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч Э.******* нар нь хөдөлмөрийн гэрээний талууд мөн эсэх талаар, нэхэмжлэгч нь албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болоод олох ёстой байсан орлого, гэм хор хохирол нэхэмжилж байна уу гэдэг талаар дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна.
******* нь сумын засаг дарга байсан Э.******* болон Заг сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх шийдвэрлэхдээ Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалин 4.485.352 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасныг зөрчиж шүүх хүсэлт гаргаагүй байхад хариуцагчийг сольж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг шийдвэрлэх үед хариуцагч Э.******* нь сумын Засаг даргын ажлыг хүлээлгэн өгөөд удаж байсан бөгөөд Заг сумын 4 дүгээр багийн иргэн Э.******* гэж шүүх хуралд оролцсон, шүүх Заг сумын засаг даргаас гэж шийдвэрлэсэн боловч тухайн Засаг даргын албан тушаалыг хэн хашиж байсан нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрээр гаргуулах мөнгийг тухайн засаг дарга хувиасаа төлөх, Засаг даргын тамгын газар төлөх эсэх нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэрийн хариуцагч тодорхойгүй байдлаар шийдвэрлэжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 131/Ш32016/02842 дугаар захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 11 цагт шүүх хуралдааныг хийхээр товыг тогтоож, зохигч талуудад мэдэгдсэн боловч /хх-ийн 40 дүгээр тал/ 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдааныг хийсэн нь хэлэлцүүлэх захирамжтайгаа зөрсөн, хариуцагч Э.*******аас прокурор оролцуулах тухай, өмгөөлөгч авч оролцуулах тухай хүсэлтүүд гаргасан байхад хүсэлтийг шүүгч захирамж гаргаж шийдвэрлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг оролцуулахдаа төрийн байгууллагын хүсэлтээр оролцуулах байтал хариуцагч Э.*******ын хүсэлтээр оролцуулсан зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа гаргажээ.
Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй, хариуцагчийг зөв тодорхойлооогүй, шүүх хуралдааныг товолсон өдрөө хийгээгүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Э.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86.858 төгрөгийг хариуцагчид буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 131/ШШ2016/00789 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86.858 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР