Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2021/0261/з |
Дугаар | 221/МА2021/0528 |
Огноо | 2021-10-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2021/0528
“Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, цахимаар нэхэмжлэгч С.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 449 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Ш т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 449 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.1, 95.1.3, 95.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар зохих журмын дагуу хэлэлцүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдол гаргагч төлөөлөгчийг биечлэн оролцуулж зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хууль тогтоогчоос Захиргааны ерөнхий хуулийг 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шинээр баталж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлснээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн үйлчлэл дуусгавар болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хугацаа харгалзалгуй хандах боломж үүсэж иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг тогтоосон хэдий ч хуулийг буцаан хэрэглэх талаар зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш дагаж мөрдөх, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хандах эрх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи актад хамаарахаар байна. “Ш т” ХХК нь гомдолдоо өмнө шүүхэд хандаж захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гомдол, нэхэмжлэлийг гаргасан, харин маргаан бүхий актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргаж байгаагүй гэж маргаж байгаа хэдий ч хуулийн дээрх зохицуулалт болон нэг үйл баримт, маргааны зүйлийн талаар гаргасан гомдлын шаардлага өөр гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 261 дүгээр тогтоол гарсан байхад үйл баримт, маргааны зүйл ижил нэг захиргааны актын талаар гомдлын шаардлагыг өөрчилж дахин гомдол гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй. Гэтэл анхан шатны шүүх дээрх асуудалд огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй болсон. “Татварын маргаан таслах комиссын ажиллах журам”-ын 4.6-д “Маргаан таслах зөвлөл нь дараах тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана”, 4.6.2 “гомдлыг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарсан” тохиолдолд хариуг албан бичгээр гомдол гаргагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу гомдлыг буцааж шийдвэрлэх эрхтэй, ийнхүү зөвлөлийн хурлаар хэлэлцэлгүй гомдлыг буцааж шийдвэрлэсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т заасантай нийцэж байна. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын тухайд илт хууль бус акт гэдэг нь хуульд огт нийцээгүй буюу хэн ч харсан илэрхий алдаатай, бодит байдалд биелүүлэх боломжгүй байхыг шаарддаг. Гэтэл тус захиргааны актад дурдсан зөрчил, түүгээр бий болгосон торгууль, алдангийн талаар өмнө Маргаан таслах зөвлөл, бүх шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримт нэг, татварын улсын байцаагчийн актыг дүгнэсэн маргаан таслах зөвлөл болон гурван шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар гомдлыг хянан үзэх, шийдвэр гаргах боломжгүй. Гэтэл анхан шатны шүүх “Ш т” ХХК-ийн гомдлыг Маргаан таслах зөвлөл хүлээн авч магадлах ажиллагаа хийсэн, зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад орсон, маргаан таслах зөвлөлийн хуралд гомдол гаргагчийг оролцуулаагүй мөн маргаан таслах зөвлөлийн хурлаас буцаасан гомдлын тухайд заавал тогтоол гаргах байсан гэх үндэслэлээр Маргаан таслах зөвлөлийн хурлаар гомдол гаргагчийн гомдлыг хэлэлцүүлээгүй эс үйлдэхүй гаргаагүй байхад эс үйлдэхүй гаргасан мэтээр хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Ш т” ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “тус компанийн гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй буцаасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 дугаар актыг хүчингүй болгуулахаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор актыг хэвээр баталж шийдвэрлэсэн, улмаар уг тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд хандан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 126 дугаар шийдвэрээр маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 275 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 261 дүгээр тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн, тухайн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.
Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “...Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална” гэж заасан бол Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 4.6-д “Маргаан таслах зөвлөл нь дараах тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана”, 4.6.2-т “гомдлыг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарсан” гэж зааснаас үзвэл аливаа татвар төлөгчийн татварын акттай холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана гэж ойлгох бөгөөд ийнхүү татгалзах үндэслэл гомдол хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлтгэх үе шат болон хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед илрэх боломжтой.
Гэтэл Татварын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 210286 дугаар актыг эс зөвшөөрсөн гомдлыг “Ш т” ХХК-иас дахин гаргасан нь гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл мөн байх атал анхан шатны шүүх холбогдох хууль болон журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “...хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлтгэх үе шатанд орохоос өмнө татгалзаж буцаахаар байхад татгалзаагүй, хариуцагч нь гомдлыг хэлэлцэхээр шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан...хуралдааны товыг мэдэгдсэн атлаа гомдол гаргагчийг Маргаан таслах зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцуулаагүй, түүнд хууль болон журмаар олгогдсон эрхийг олгоогүй нь хууль бус” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн гомдлыг татгалзах үндэслэл тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, хариуцагч захиргааны байгууллагаас гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг албан бичгээр хүргүүлсэн нь “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 4.7-д заасантай нийцсэн байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...татварын улсын байцаагчийн актыг дүгнэсэн маргаан таслах зөвлөл болон гурван шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хянан үзэх, шийдвэр гаргах боломжгүй” гэх гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг баримтлах үүрэгтэй тул захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гагцхүү 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи актад хамааруулж гаргана гэж үзэхгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 449 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш т” ХХК-ийн “тус компанийн гаргасан гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй буцаасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.Оюумаа
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ О.НОМУУЛИН