Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 920

 

 

 

 

 

 

   2020       05         18                                         2020/ШЦТ/920

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, улсын яллагч Г.Цэрэнжамц, шүүгдэгч С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Пт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07053 0903 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.П

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Эрдэнэтолгойн 33-75 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.У тэй маргалдаж улмаар хутга барин босоход нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин А.А ыг хутганы ирэн тус газраас нь барьж авахад хутгаар гарыг нь зүсэх боломжтойг мэдсээр байж хутгыг татан авч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.П мэдүүлэхдээ: “...Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж байгаад гэртээ ирээд эхнэртэйгээ санхүүгийн асуудлаар маргалдаад гэрээсээ гарах гэтэл манай охин 2 шил архи өгөхөөр нь 1 шил архийг ажлын хүнтэйгээ хамт хэрэглээд нөгөө 1 шил архийг ганцаараа хэрэглэсэн. Тэгээд гэртээ орж ирээд хүмүүсийн цалин мөнгөний асуудлаар маргалдаж байгаад мах чанасан байхаар нь идэх гэж байхад маргалдаад босож ирээд түлхээд хойшоогоо унахдаа татаад унасан. Одоо ажил хөдөлмөрөө эрхлээд эхнэртэйгээ эвлэрсэн, охинтойгоо эвлэрсэн байгаа.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-11, 41/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.У ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14266 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагаанд С.Пийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 43/, эрүүгийн хариуцлага хүлэээ байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцаас С.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Эрдэнэтолгойн 33-75 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.У тэй маргалдаж улмаар хутга барин босоход нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин А.А ыг хутганы ирэн тус газраас нь барьж авахад хутгаар гарыг нь зүсэх боломжтойг мэдсээр байж хутгыг татан авч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч С.Пийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин А.А ыг хутганы ирэн тус газраас нь барьж авахад хутгаар гарыг нь зүсэх боломжтойг мэдсээр байж хутгыг татан авч эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А ын өгсөн: “...Би өөрийн хойд эцэг Пт Хараа нэртэй 0.33 литрийн хэмжээтэй архи хоёр ширхэгийг авч өгсөн. Тэгээд манай хойд эцэг нэг шил архыг танихгүй хүнтэй хувааж уугаад дуусгачихсан. Хоёр дахь шил архыг нь ганцаараа уугаад согтсон тул би хойд эцгээ аваад өөрийн гэр болох Эрдэнэтолгойн 38-75 тоот гэртээ ирэхэд миний төрсөн эх У т агсан согтуу тавиад хэл амаар доромжилж байгаад гал тогооны шургуулганаас бор иштэй хутгыг авахаар нь би ээж рүү дайрах гэж байна гэж бодоод зүүн гараараа хутагны ирнээс барьтал цааш нь татахад миний долоовор хуруу зүсэгдсэн. Нэг харахад шүүгээ онгойлгоод хутга авсан өөрөө болохоор хутга авч мах идэх гэж байсан гэж хэлсэн. Мах чанаагүй шөлтэй хоол хийсэн байсан. Тэгээд ээж рүү дайрах гэж байна гэж бодоод хутганаас нь барьж авсан. Аав П булаацалдаад хутганаас татаж байсан. Миний гарын долоовор хуруу зүсэгдээд би айгаад орилсон.” гэх мэдүүлэг /хх-н 9-11, 41-42/,  

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14266 дугаартай:

1. А.А т зүүн долоовор хуруунд шарх тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 17/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Пийн өгсөн: “...Гэртээ 1 шил архи уугаад дараа нь дахиад 1 шил архи уусан. Эхнэр У тэй маргалдсан. Эхнэртэй хэрэлдэж байсан болохоор охин А ыг хутганаас барихад нь хутгаа авах гээд буцаагаад татсан. Тэгээд А ын гар зүсэгдсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-н 35/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүхээс шүүгдэгч С.Пийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Хохирогч А.А  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх бичгийг шүүхэд бичгээр бичиж ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Пт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

            1. Шүүгдэгч С.Пийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ