| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0789/Э |
| Дугаар | 926 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 926
2020 05 19 2020/ШЦТ/926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, улсын яллагч Б.Ганзориг, шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.А д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 0800 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С.А
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 4-56 тоотод хохирогч Д.Б тэй “янхан өмөөрсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Б гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-8, 10-11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цэцэгтуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-16/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3675 дугаар дүгнэлт /хх-н 21-22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 24/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар С.А оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-42/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганзоригоос С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 4-56 тоотод хохирогч Д.Б тэй “янхан өмөөрсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч С.А ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 4-56 тоотод хохирогч Д.Б тэй “янхан өмөөрсөн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б гийн хохирогчоор өгсөн: “...С.А , н.Ганбаа нар нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрт ирсэн. Тэгээд гар утас барьцаанд тавьж 3 шил архи авч уусан. С.А агсан тавьсан. С.А янхан өмөөрсөн гээд, цээж хэсэгт өшиглөсөн, би унасан. Модон жижиг сандал аваад толгой хэсэгт цохиж хагалсан. Мөн унасан байхад хамар хэсэгт цохисон байсан.” гэх мэдүүлэг /хх-н 6-8/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ганбатын гэрчээр өгсөн: “...Намайг нэг сэрэхэд Д.Б , С.А нар зодолдож байсан. С.А Д.Б гийн толгой хэсэгт сандлаар 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Цэцэгтуяагийн гэрчээр өгсөн: “...Намайг С.А хөл хэсэгт өшиглөсөн. Тэгсэн Д.Б өмөөрч тэр хоёр маргалдсан. Намайг гарчихаад буцаад ороод ирэхэд ширээ сандал эвдэрсэн Д.Б толгойгоо барьсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3675 дугаартай:
1. Д.Б гийн биед зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 21-22/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч С.А ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч С.А д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. 150.000 төгрөгийн хохирол төлбөр авсан” /хх-н 8-10/ гэж хохирогчоор мэдүүлэг өгч хүсэлтээ шүүхэд бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ