Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 933

 

 

 

 

 

 

 

  2020         05         20                                  2020/ШЦТ/933

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч /томилолтоор/ Ц.Гантулгабат, шүүгдэгч Ц.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Т д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1189 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Т

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.Т  нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.С тэй мөнгөний асуудлаас болон маргалдаж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохин, баруун, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т  мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.С ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-10/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Доржжүгдэрээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5364 дугаар дүгнэлт /хх-н 19-20/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 21-23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ц.Т гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-40/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Ц.Т  нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.С тэй мөнгөний асуудлаас болон маргалдаж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохин, баруун, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Ц.Т г 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.С тэй мөнгөний асуудлаас болж маргалдан түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохин, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.С ийн хохирогчоор өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед гэртээ унтаж байхад манай баз хүргэн Ц.Т  нь орж ирээд намайг гэрээс авч гараад машиндаа суулгаад гудамжинд авч очоод миний баруун нүд рүү гараараа 2-3 удаа цохисон. Хүзүү, хамар, зүүн хацар, цээж, хэвлий, баруун, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь бид 2 ноцолдож байх үед үүссэн.” гэх мэдүүлэг /хх-н 7-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Р.Доржжүгдэрийн гэрчээр өгсөн: “...Д.С ийнд очиход Ц.Т  нь ганцаараа явж ороод түүнийг авч гарч ирээд 1 км орчим яваад шороон зам дээр буугаад тэр 2 барилцаж авсан. Машин дотор хэн ч юу ч  яриагүй. Ц.Т  согтуу байсан. Ц.Т  эхлээд Д.С ийн аль нүдийг нь санахгүй байна, нүд, нүүр, хамар хавьцаа нь гараараа 2-3 удаа цохиж байсан. Тэр 2 шороон дээр ноцолдоод, өнхөрөлдөөд унаад байсан.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5364 дугаартай:

1. Д.С ийн биед баруун, зүүн нүдний дотор булан, доод булан, доод зовхинд цус хуралт, хүзүү, хамар, зүүн хацар, цээж, хэвлий, баруун, зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Т гийн өгсөн: "...Би өмнө мэдүүлэгээ үнэн зөв өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хх-н 39-40/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т  нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Т д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 41, 9-10/ гэх мэдүүлгээ өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 2, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Ц.Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНХИШИГ