Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00600

 

Г.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02556 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2554 дүгээр магадлалтай,

Г.Ц-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзийгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 тоот шийдвэрээр Г.Ц-оос 233.263.813 төгрөгийг гаргуулан Эм Эй Эф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Г.Ц-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хансвилл Их монгол улсын гудамж 103 дугаар байр, 1302 тоот 98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 191.100.000 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувь буюу 133.770.000 төгрөгөөр тооцон худалдаанд оруулж байна. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж, 66/и байрны 17 тоот 49,81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 94.639.000 төгрөгөөр үнэлж, үүний 70 хувь буюу 66.247.300 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 29-нд гардаж авсан. Дээрх орон сууцнуудын  зах зээлийн үнэ нь 230.000.000 төгрөг, 150.000.000 төгрөг байхад хэт доогуур үнэлэн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул дээрх үл хөдлөх хөрөнгөнд тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 дугаартай шийдвэрээр Г.Ц-оос 234.588.083 төгрөгийг гаргуулан Эм Эй Эф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хансвил Их Монгол улс гудамж 103 дугаар байрны 1302 тоот 98 м.кв 3 өрөө, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Да хүрээ гудамжны 66И байрны 17 тоот 49.81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг тус тус битүүмжлэн, хураасан. Өмчлөгч нараас үнийн саналаа 2017 оны 5 дугаар сарын 03-ны дотор ирүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэхэд төлбөр төлөгч Г.Ц- нь ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч Эм Эй Эф ББСБ нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул 2017 оны 5 дугаар 15-ны өдрийн 165 тоот тогтоолоор Лэндс ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үүргийн гүйцэтгэлийн нэр бүхий барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хансвил Их Монгол улс гудамж 103 дугаар байрны 1302 тоот 98 м.кв З өрөө орон сууцыг 19.100.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 66И байрны 17 тоот 49.81 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 94.639.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02556 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0026 тоот шийдвэрээр Г.Ц-оос 233.263.813 төгрөгийг гаргуулан Эм Эй Эф ББСБ ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2554 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “37 дугаар зүйлийн 37.3” гэснийг “55 дугаар зүйлийн 55.7” гэж, 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол эрхтэйг тайлбарласугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02556 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2554 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Г.Ц-оос Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албан ёсоор үнийн санал авахгүйгээр шуудангаар бичиг явуулсан гэх үндэслэлээр шийдэж, зөвхөн төлбөр авагч талын хүсэлтийг голчлон анхаарч хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай 98 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг 191.100.000 төгрөгөөр үнэлж 70 хувиар бодон 133.770.000 төгрөгөөр тооцож, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах 49.81 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 94.639.000 төгрөгөөр үнэлж 70 хувь болох 66.247.300төгрөгт тооцон албадан дуудлага худалдаанд оруулахаар болж байгаад гомдолтой байна. Үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлттэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02556 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2554 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Г.Ц- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

Төлбөр төлөгч Г.Ц- нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр “Эм эй эф ББСБ” ХХК-д 233.263.813 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцааны зүйл болох Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, 103 дугаар  байрны 1302 тоотын 3 өрөө, Баянзүрх дүүргийн 16 хороо, 66/и байрны 17 тоотын 2 өрөө орон сууцыг тус тус битүүмжилж, хураан авчээ.

Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй ба үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр авагч эс зөвшөөрсөн тул шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилоход 3 өрөө орон сууцыг 191.100.000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 94.639.000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар буюу 3 өрөө орон сууцыг 133.770.000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 66.247.300 төгрөгөөр тогтоож, энэ тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь “...шинжээч орон сууцнуудыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн” гэх тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс гадна шийдвэр хүчинтэй болох, хүчин төгөлдөр болох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ 37 дугаар зүйлийн зүйлийн 37.3.-т төлбөр төлөгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан, нэхэмжлэгч мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч улмаар мөн сарын 30-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь зөв боловч шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ.

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд заасан, нэхэмжлэгч уг хууль батлагдахаас өмнө явагдсан шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд гомдол гаргажээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2554 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...1 дэх заалтад 37 дугаар зүйлийн 37.3 гэснийг 55 дугаар зүйлийн 55.7 гэж” гэснийг хасч, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзийгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ