Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 113/ШШ2018/0007

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: О.Д

Хариуцагч: ГСА-ийн ШГС-ын З Д 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, цалингийн 20 хувийн суутгал 98289 төгрөгийг гаргуулахтухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д, хариуцагч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч О.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын өрөөнд Засаг даргын орлогч Ж.Цэвээндулам, Засаг даргын Тамгын газрын дарга Д.О нар нь Санхүүгийн албаны ажилчдыг дуудаж хуралдан 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Үндэсний Аудитын газраас ирсэн 183 дугаар албан бичгийн дагуу Эрүүл мэндийн төвийн гүйлгээг хаагаагүй гэсэн үндэслэлээр намайг 1 сар цалингийн 20 хувиар бууруулж, Санхүүгийн албаны дарга Ч.Чулуунцэцэгийг сануулах арга хэмжээ авна гэж шийдвэр гаргасан. Үүний дагуу Засаг даргын Тамгын газрын даргын Б/31 дугаар тушаалаар надад 1 сар цалингийн 20 хувиар бууруулах арга хэмжээ авсныг үндэслэлгүй гэж үзэж байна.

            Иймд Говьсүмбэр аймгийн ШГС-ын З Дын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, цалингийн 20 хувийн суутгал 98289 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

             Хариуцагч Говьсүмбэр аймгийн ШГС-ын З Д Д.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн О.Д-т 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаатай, 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан.

            Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтаны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу Төрийн сангийн мэргэжилтэн О.Д-т сумын Засаг даргын Тамгын газрын дарга миний бие сахилгын шийтгэл ногдуулсан.

            Төрийн сангийн мэргэжилтэн О.Д нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлтонд заасан “Төсвийн байгууллагын орлого, зарлагын гүйлгээг төрийн сангийн системд бүртгэж гүйцэтгэх, хяналт тавих мөн мэргэжил арга зүйгээр хангах, сумын статистикийн мэдээ судалгааг хянан нэгтгэж, дээд шатны байгууллагад хүргүүлэх” зорилгыг хэрэгжүүлэх бөгөөд ажлын байрны үндсэн зорилтын 3-т “Албаны даргын баталсан ажил үүргийн хуваарийн дагуу төсвийн байгууллагын сар бүрийн төсвийн гүйцэтгэлийн мэдээг хянан хүлээж авах”, ажлын байрны I үндсэн зорилтын хүрээнд 1.1-д “Төсвийн байгууллагын гарын үсгийн баталгааг холбогдох журмын дагуу хянан хүлээж авах” чиг үүрэгтэй байна.

            Төрийн Аудитын газраас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4-т “Төрийн сангийн бүртгэлийн дансыг дараахь тохиолдолд хаана” гээд 5.4.4-т “Үндэсний Аудитын газраас тавьсан албан шаардлага, актыг үндэслэн” гэж заасны дагуу тус сумын Орон нутгийн хөгжлийн сан, Эрүүл мэндийн төвийн бүртгэлийн дансны гүйлгээг хаасныг мэдэгдсэн. Иймд тус журмын дагуу Эрүүл мэндийн төвийн бүртгэлийн дансны гүйлгээ тухайн өдрөөс хаагдаж, нээгдэх зөвшөөрөл олгох хүртэл хугацаанд гүйлгээ хийхгүй байхад сумын Санхүүгийн албаны дарга болон Төрийн сангийн мэргэжилтэн нар ажлын байрны чиг үүргийнхээ дагуу хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байсан. Гэтэл Төрийн сангийн мэргэжилтэн О.Д, Санхүүгийн албаны дарга У.Чулуунцэцэг нар 2017 оны 10 дугаар сарын 30-нд Эрүүл мэндийн төвийн хаалттай данснаас гүйлгээ хийж, ажлын байрны тодорхойлолтонд заасан хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “...албан үүргээ биелүүлээгүй...” гэсэн хэсэгт хамаарна.

            Төрийн сангийн мэргэжилтэн О.Д нь Төрийн Аудитын газраас ирсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар албан бичиг ирсэнийг мэдээгүй гэх боловч 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэлд Санхүүгийн албаны дарга “Сумын орон нутгийн хөгжлийн сан, Эрүүл мэндийн төвийн дансыг хаа гэсэн албан бичиг миний нэр дээр ирсэн, 2016 оны баримтуудад аудит хийсэний дагуу Орон нутгийн хөгжлийн сан дээр акт тавигдаад акт, төлбөрийн барагдуулаагүй Эрүүл мэндийн төвийн дансыг тайлан дутуу хүргүүлсэн, зөвлөмжийн хариу гүйцэт бус гэсэн шалтгаанаар хаасан” талаар хэлсэн. Төрийн сангийн мэргэжилтэн О.Даваажав уг хуралд оролцсон тул Эрүүл мэндийн төвийн дансыг хаасан албан бичгийн талаар мэдээгүй байх боломжгүй юм.

            Мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д “...харъяа дээд шатны албан тушаалтаны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх...” нь Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг байхаар заасан. Санхүүгийн албаны дарга болон Төрийн сангийн мэргэжилтэн нар Төрийн Аудитын газраас ирсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар албан бичигт тусгагдсан Эрүүл мэндийн төвийн бүртгэлийн дансны гүйлгээг хаах тухай шийдвэрийг биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл юм.

            Иймд Төрийн сангийн мэргэжилтэн О.Д-т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасны дагуу албан тушаалын үндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.Д-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Д нь Говьсүмбэр аймгийн ШГС-ын З Д-д холбогдуулж “...тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, цалингийн 20 хувийн суутгал 98289 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.Д нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Говьсүмбэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөлөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн тухай” 02 дугаар тогтоолоор “...Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/31 дүгээр тушаалыг үндэслэл бүхий байна гэсэн комиссын дүгнэлтийг үндэслэлтэй байна” гэж үзэн уг тогтоолыг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоол “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 13.2, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, дүгнэх журам”-ын Үр дүнгийн гэрээний нийт ажил үйлчилгээ төсөвт бүтээгдэхүүний 1.1-ийг тус тус үндэслэн Төрийн сангийн мэргэжилтэн О.Д-выг удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлж, Эрүүл мэндийн төвийн дансыг хаасан тухай шийдвэрийг үл хайхран, хариуцлагагүй хандаж, хаалттай дансны гүйлгээг хийсэн зэргээр ...зөрчил гаргасан тул албан тушаалын үндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.

Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаар албан бичгээр тус сумын Орон нутгийн хөгжлийн сан болон Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд санхүүгийн болон нийцлийн аудитаар зөрчил, дутагдал илэрсэн тул дээрх хоёр байгууллагын бүртгэлийн дансны гүйлгээг тус тус хаахыг мэдэгдсэн байх бөгөөд уг албан бичгийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга У.Чулуунцэцэг хүлээн авч 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөн” дээр танилцуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4-т “Төрийн сангийн бүртгэлийн дансыг дараахь тохиолдолд хаана” гээд 5.4.4-т “Үндэсний Аудитын газраас тавьсан албан шаардлага, актыг үндэслэн” гэж заажээ.

Гэвч нэхэмжлэгч О.Д Төрийн аудитын газрын 2017 оны 183 дугаар албан бичгийг өөрт нь албан ёсоор танилцуулаагүй тул дансны гүйлгээ хаасныг мэдээгүй, мөн аудитын газар нь төрийн сангийн бүртгэлийн дансыг хаах эрхгүй гэж, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн төвийн данснаас гүйлгээ хийсэн нь дээрх хууль болон журамд заасантай нийцэхгүй байх бөгөөд өмнө дурдсан Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөнд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг байхаар заажээ.

Мөн нэхэмжлэгч О.Д нь Эрүүл мэндийн төвийн дансаар гүйлгээ хийсэн нь Төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зорилгын “Төсвийн байгууллагын орлого, зарлагын гүйлгээг төрийн сангийн сиситемд бүртгэж гүйцэтгэх, хяналт тавих,...”, Ажлын байрны үндсэн зорилтын 2-т “Өдөр тутмын мемориалын баримтыг тулган, архивын нэгж үүсгэх, Ажлын байрны lll үндсэн зорилтын 3.1-д “Сумын төрийн санд шинээр данс нээх, хаах, төсвийн байгууллагын нэр өөрчлөгдөх, бүртгэлтэй байгаа дансын судалгааг хийн...” гэснийг тус тус гүйцэтгэж хэрэгжүүлээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан байх бөгөөд хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байгаа нь албан үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ.

Иймд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “О.Даваажавт сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр тушаалаар түүнийг албан тушаалын үндсэн цалинг 1 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч О.Д-ын гаргасан “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, цалингийн 20 хувийн суутгал 98289 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д-ын нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын  2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “О.Д-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй,

мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ