| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2016/01522/И |
| Дугаар | 138/ШШ2016/01445 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 138/ШШ2016/01445
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах, 9029443 регистрийн дугаартай, тус аймаг дахь ******* газрын хүсэлттэй,
Дорнод аймгийн Хэрлэн сумын баг, *******-гийн ******* тоотод оршин суух, ажилгүй, ЖЭ71112774 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийг албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* газраас шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр гарсан учир Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Согтуурах донтой этгээдийг албадан эмчилгээнд хамруулна гэсэн заалтын дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргаж байна. ******* нь ахуйн дуудлагаар эрүүлжүүлэгдэн саатуулагддаг. Өөрөө өөрийгөө удирдаад архинаас гарах ямар ч чадвар байхгүй. Олон жил архи ууж байгаа хүн юм. Иймээс зайлшгүй архины эмчилгээ хийлгэж байж архинаас гарч үр хүүхэдтэйгээ хамт байх хэрэгтэй гэж бодож байна гэв.
Гуравдагч этгээд ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архи уудаг нь үнэн. Олон жил болж байна. Биеийн байдал муу учир албадан эмчилгээнд явж чадахгүй. Архи уухгүй байгаа. Албадан эмчилгээнд явахгүй, зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу Дорнод аймаг дахь ******* ******* нь *******т холбогдуулан албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
******* нь архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан нийгмийн хэв журмыг зөрчсөн болох нь Ж.Гаваагийн өргөдөл, тайлбар, албадан саатуулагдсан хүний бүртгэл, тэмдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Энэ хугацаанд ******* нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэсний улмаас гэр бүлийн гишүүд болон бусдын амгалан тайван байдал алдагдаж байнгын дарамттай байдалд байлгадаг учир ******* байгууллагад гомдол гаргах нөхцлийг бүрдүүлжээ.
******* нь “хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр, зайлшгүй албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай” гэсэн Зүүн Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн эмнэлгийн комиссын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн “Архинд донтох өвчтэй” гэсэн дүгнэлт, удаа дараалан нийгмийн хэв журмыг зөрчсөн талаарх материал болон гэр бүлийн гишүүдийн гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймээс *******ийг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснааар ******* овогт ******* *******ийг албадан эмчилүүлсүгэй.
2. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар албадан эмчлэх *******т хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь ******* *******т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА