Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 809

 

                                         

 

 

 

 

 

   2020        05      04                                   2020/ШЦТ/809

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: С.Чимэдцэеэ

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Б.Зт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Банзрагчийн Золбоотод эрүүгийн 2006 01451 0869 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б.Золбоот, 1973 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 47 настай, эрэгтэй,   дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Трю Эл менежмент ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вилла хотхоны В блок 1302 01 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД:

           Холбогдсон хэргийн талаар:

           Б.Зт нь согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 06-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх  дүүргийн 26 дугаар хороо Парк вилла хотхоны 355 дугаар байрны гадна дуудлагаар ирсэн такси буюу таксины жолооч Б.Мөнгөнсүхтэй маргалдаж  түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын нуруу зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт, уруулын язарсан шарх, нэг шүдний эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                           

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Б.Зт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Маргалдах шалтгаан таксины жолоочоос эхэлсэн. Манай гэрийн гадна 04 цаг 24 минутын үед такси ирсэн. Бид нар 04 цаг 29 минутын үед гэрээс гарахад таксины жолооч хүлээлгийн мөнгө 15.000 төгрөг нэхэмжилсэн. Таксины хүлээлгийн мөнгөнөөс болж миний дүү Ариунаатай маргалдсан байсан. Жолооч, дүү хоёрыг салгах гэж байгаад уг асуудал гарсан. Тэр 2 бие биенээсээ барьцалдсан байсан. Хойноос нь манай дүү барьсан, жолооч урд суудал дээр сууж байгаад манай дүүтэй барьцалдсан байсан. Эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцаад байхаар нь түүнийг цохисон. Энэ үйл явдал 4 минутын хугацаанд үргэлжилсэн. Тэр хоёрыг салгаад дүүгээ буцаагаад гэр рүүгээ аваад орсон гэв.

         Хохирогч Б.Мөнгөнсүх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 03 дугаар сарын 05-04-нд шилжих шөнө ажилтай байсан бөгөөд би Улаанбаатар такси комланид жолооч хийдэг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд дуудлага ирээд би очиход 2 эмэгтэй 1 эрэгтэй байсан. 2 эмэгтэй нь миний машинд суугаад намайг явуулахгүй яадаг юм гээд хэл амаар доромжлоод байхаар нь би төв рүү залгаад учраа хэлэхэд та архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй байж болно гэсэн. Би үйлчлэхгүй та өөр такси дууд би  үйлчлэхгүй гэхэд чи такси олж өг гэсэн. Би такси дуудахгүй та өөрөө өөр такси дууд гэхэд хамт байсан эрэгтэй нь машин тойрч ирээд миний машиныг нэг удаа хаалган дээр пид гээд дугарахаар нь би харахад намайг зүүн шанаа хэсэгт 2 удаа гараараа цохиод удаа дараа өшиглөөд байсан. Тухайн үед миний хувцаснаас зулгаагаад миний хувцасыг урчихсан. .. гэсэн мэдүүлэг / хх-н 4-9/,

          Шүүгдэгч Б.Зт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр Ариунаагийн төрсөн өдөр болсон. Манай гэрт манай дүү нар ирчихээд хөзөр тоглоод вино уучихаад хоноод яв гэхэд хөхүүл хүүхэдтэй болохоор харина гэсэн учраас такси дуудсан.  Удахгүй гэрийн гадна такси ирчихлээ гэхээр нь дүү Ариунаа, бэр Дэлгэрмаа нарыг дагуулаад гарсан. Тэр 2 лифтнээс буугаад түрүүлээд такси дээр оччихсон байсан. Такси дээр очиход Дэлгэрмаа суугаагүй, Ариунаа таксины арын суудал дээр суучихсан нөгөө таксины жолооч буугаад ирсэн тэр үед жаахан маргаан үүссэн би дүүгийнхээ 2 цүнхийг бариад Ариунааг дагуулаад орц руу орсон. Ардаас нөгөө нөгөө жолооч гүйж ирээд хэл ам хийгээд байсан.. гэсэн мэдүүлэг / хх-н 18/,

          Гэрч Н.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 05-06нд шилжих шөнө 04 цагийн үед хадам ах Золбоотын гэрээс такси дуудсан. Гэрээс миний нөхрийн ах Золбоот, эгч Ариунаа бид 3 гарсан. Таксинд эхлээд манай эгч суугаад би дараа нь суусан. Таксины жолооч хүлээлгийн мөнгө төгрөг авна гэхээр нь манай эгч ийм хурдан гарч ирж байхад хүлээлгийн мөнгө төгрөг яахаар авдаг юм вэ гээд жаахан үл ойлголцол гарсан. Хадам ах Золбоот таксины жолоочид гар хүрэхийг нь нүдээр хараагүй, харилцан зууралдахын хувьд зууралдаж байсан.. гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

          Гэрч Б.Ариунаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 05-06 нд шилжих шөнө 04 цагийн үед Золбоот ах такси дуудсан. Гэрээс ах Золбоот, бэр дүү Дэлгэрмаа нарын хамт гарсан. Таксинд би суугаад Содон хороолол явна гэж хэлсэн, тэгтэл таксины жолооч яасан уддаг юм вэ хүлээлгийн мөнгө авна, Содон хороолол хүртэл явна гэж хэлсэн. Тэгээд километрээрээ явна гэж хэлсэн. Тэр үед Золбоот ах ийм жолоочид дүүгээ өгч явуулахгүй, буугаад ир гээд миний цүнх нөтбүүк хоёрыг авсан. Би тэгээд таксинаас буугаад бид 3 ахын гэр лүү буцаад орох гэтэл жолооч ардаас орж ирээд байрны үүдний коридорт орж ирээд маргалдаад байсан. Тэнд 5-10 минут орчим маргалдаад салцгаасан. Тэгээд бид 3 гэр лүүгээ ороод тэр жолооч явсан... гэсэн мэдүүлэг  / хх-н 20/,

         Гэрч Ч.Номун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 03 цагийн орчимд би Парк вилла хотхоны 355 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд ресепшин хийгээд байж байсан.  Тэгтэл гаднаас 2 эрэгтэй, 2 эмэгтэй орж ирцгээгээд миний хажууд маргалдацгаагаад байсан. Гэтэл таксины жолооч Мөнгөнсүх нь Золбоотыг намайг цохиоч” гээд байсан. харин тэр Золбоот гэх залуу нь Мөнгөнсүх рүү 1 удаа далайгаад больсон. Тэгтэл хажууд нь байсан 40 орчим насны согтуу эмэгтэй Ариунаа нь тэр таксины жолооч гэх Мөнгөнсүх гэх залууг нүүрэн тусах газар нь 2 удаа баруун гарын алгаараа хүчтэй түлхсэн. Тэгээд хоорондоо маргалдацгааж байгаад Золбоот нь цуг явж байгаа 2 эмэгтэйгээ дагуулан гэртээ орох гээд явсан. Харин тэр таксины жолооч залуу үүдэнд үлдээд гарахдаа надад хандан тэр 50 орчим настай Золбоот гэх эрэгтэй хүн сая гадаад үүдэнд миний нүүр лүү цохичоод ийшээ орж ирсэн учраас би дагаж орж ирсэн юм гэж хэлээд үүдээр гараад явсан юм .. гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 10/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3364 дугаартай:

1. Б.Мөнгөнсүхийн биед хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын язарсан шарх, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.5 Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-н 12-13/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 14-15/

          Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... хохирогч Мөнгөнсүхийн 3364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь нэг болон олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг удаагийн гэдэг нь хэсэг газрын үзлэгээр түүний нүүрний зүүн хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал цус хуралт үүссэн байна. Нэг удаагийн цохилтын улмаас үүсэх боломжтой... гэсэн мэдүүлэг / хх-16-17/

         Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 35/, баримтыг хүлээн авсан тэмдэглэл/ хх-н 36/,Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 37/, Б.Зтын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 26-28/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 30/, Б.Зтод Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 40/, прокурорын тогтоол /хх-н 42-44 яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-47 /,  Б.Зтод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн  тогтоол,  /хх-н 48-49 /зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Зтыг согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 06-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх  дүүргийн 26 дугаар хороо Парк вилла хотхоны 355 дугаар байрны гадна дуудлагаар ирсэн такси буюу таксины жолооч Б.Мөнгөнсүхтэй маргалдаж  түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын нуруу зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт, уруулын язарсан шарх, нэг шүдний эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

            Шүүхээс шүүгдэгч Б.Зтыг согтуурсан үедээ 2020 оны 3 дугаар сарын 06-ны шөнийн 04 цагийн үед Баянзүрх  дүүргийн 26 дугаар хороо Парк вилла хотхоны 355 дугаар байрны гадна дуудлагаар ирсэн такси буюу таксины жолооч Б.Мөнгөнсүхтэй өөрийн дүүг таксинд суулгах гэж байгаад хоорондоо маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж хамрын нуруу зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт, уруулын язарсан шарх, нэг шүдний эмтрэл гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

     

          Шүүгдэгч Б.Зтын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Таксины хүлээлгийн мөнгөнөөс болж миний дүү Ариунаатай маргалдсан байсан. Жолооч, дүү хоёрыг салгах гэж байгаад уг асуудал гарсан. Тэр 2 бие биенээсээ барьцалдсан байсан. Хойноос нь манай дүү барьсан, жолооч урд суудал дээр сууж байгаад манай дүүтэй барьцалдсан байсан. Эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцаад байхаар нь түүнийг цохисон. Энэ үйл явдал 4 минутын хугацаанд үргэлжилсэн. Тэр хоёрыг салгаад дүүгээ буцаагаад гэр рүүгээ аваад орсон гэсэн мэдүүлэг,

         Хохирогч Б.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би такси дуудахгүй та өөрөө өөр такси дууд гэхэд хамт байсан эрэгтэй нь машин тойрч ирээд миний машиныг нэг удаа хаалган дээр пид гээд дугарахаар нь би харахад намайг зүүн шанаа хэсэгт 2 удаа гараараа цохиод удаа дараа өшиглөөд байсан. Тухайн үед миний хувцаснаас зулгаагаад миний хувцасыг урчихсан. .. гэсэн мэдүүлэг / хх-н 4-9/,

          Гэрч Ч.Номуны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...тэр Золбоот гэх залуу нь Мөнгөнсүх рүү 1 удаа далайгаад больсон. Тэгтэл хажууд нь байсан 40 орчим насны согтуу эмэгтэй Ариунаа нь тэр таксины жолооч гэх Мөнгөнсүх гэх залууг нүүрэн тусах газар нь 2 удаа баруун гарын алгаараа хүчтэй түлхсэн. Тэгээд хороондоо маргалдацгааж байгаад Золбоот нь цуг явж байгаа 2 эмэгтэйгээ дагуулан гэртээ орох гээд явсан. Харин тэр таксины жолооч залуу үүдэнд үлдээд гарахдаа надад хандан тэр 50 орчим настай Золбоот гэх эрэгтэй хүн сая гадаад үүдэнд миний нүүр лүү цохичоод ийшээ орж ирсэн учраас би дагаж орж ирсэн юм гэж хэлээд үүдээр гараад явсан юм .. гэсэн мэдүүлэг /хх-н 23-25/,

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3364 дугаартай: Б.Мөнгөнсүхийн биед хамрын нуруу, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын язарсан шарх, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт / хх-н 12-13/,

  Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... хохирогч Мөнгөнсүхийн 3364 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь нэг болон олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг удаагийн гэдэг нь хэсэг газрын үзлэгээр түүний нүүрний зүүн хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал цус хуралт үүссэн байна. Нэг удаагийн цохилтын улмаа үүсэх боломжтой... гэсэн мэдүүлэг / хх-16-17/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Шүүгдэгч Б.Зтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Зт нь хохирогч Б.Мөнгөнсүхэд хохирол төлөөгүй болно.

         Энэ хэргийн улмаас Б.Зт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

       Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнм 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Б.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт    зааснаар Б.Зтыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650.000 төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Зтын торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Зт нь шүүхийн тогтоосон хугцаанд торгох ялыг билелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 5. Б.Зт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн    нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хугцаагаар хэрэгт үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Зт нь хохирол төлөөгүй  болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9 .Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Зтод  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН