| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0821/Э |
| Дугаар | 831 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 831
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, улсын яллагч Л.Галав, шүүгдэгч Л.Жнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Жад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01410 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Ж,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.Жнь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 41-993б тоотод хардлагын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Азодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Жмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Ааас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2685 дугаар дүгнэлт /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Л.Журамтаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галаваас Л.Жнь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 41-993б тоотод хардлагын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Азодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Ж 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 41-993б тоотод хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Азодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Аын хохирогчоор өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг ажлаасаа ирэхэд автобусны буудал дээрээс манай нөхөр Журамт намайг тосч авсан. Бид хоёр өмнө нь хоорондоо маргаантай байсан болохоор Журамт дэлгүүрээс пиво авч гэртээ харьж пивоо уунгаа ярилцаж ойлголцъё гээд гэртээ харьсан. Бид хоёр гэртээ очоод Журамт пивоноосоо надад хоёр аягыг хийж өгөхөд би уугаад унтах гээд хэвтсэн. Тэгэхэд өөрөө үлдсэн пивоо уугаад суугаад үлдсэн. Надад дахиад пиво хийж өгөхөөр нь би уугаагүй. Тэгсэн чинь намайг пиво уусангүй гэж маргалдсан. Тэгээд би цаашаа хараад хэвттэл Журамт оронд орж ирээд чамаас өөр хүний үнэр үнэртээд байна гэх мэтээр хэлж унтуулахгүй байхаар нь би Журамтад би ээж рүүгээ явлаа гэж хэлэхэд Журамт чи яасан их ээж рүүгээ явдаг юм. Чамайг хэн ч ирж авахгүй гэж хэлээд дотуур өмдөөрөө гараа ороож байгаад миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа цохихоор нь би Журамтын өөдөөс нь эсэргүүцэж нүүр амыг нь самардтал миний үснээс татаж газарт унагахаар нь би нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвттэл миний зүүн талын бөөрөнд өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2685 дугаартай:
1. Б.Аын биед зүүн нүдний гадна булан, хацар, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хөхлөг сэртэнгийн урд дээд хэсэг, бүсэлхийн баруун хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 19-20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Журамтын өгсөн: "...2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би эхнэрээ ажлаас ирэхэд нь тосч аваад бид хоёр дэлгүүр орж нэг том савтай пиво авч гэртээ орсон. Би тухайн үед эхнэрээ өөр эрэгтэй хүнтэй явалддагыг нь мэдсэн юм. Тэрнээс болж бид хоёр маргалдсан. Тэгтэл Алтангадас миний гарын шууг хумсаараа маажихаар нь би Алтангадасын нүүрэнд нь нэг удаа гараараа алгадаж баруун талын бөөр хэсэгт нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-н 16/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Ж ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 53/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.