Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 627

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Э.Намуун, хохирогч Т.Бгийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хохирогч М.У, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Ж.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00022 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ж.Б,

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

            Яллагдагч Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 37 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Баянзүрх техник хяналтын төв”-ийн урд замд “Тоёота приус-20” маркийн 50-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Бжолоодон явсан “Тоёота приус-20” маркийн 38-78 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар явган зорчигч Т.Бмөргөж, эрүүл мэндэд нь хүнд, М.Умөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.У мэдүүлэхдээ: “...Миний хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас би гомдол саналгүй. Цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.

             Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 15-16/, хохирогч Т.Бгийн хохирлын баримт /хх-н 18-32/, хохирогч М.Уийн хохирлын баримт /хх-н 34-41/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-47/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Уээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-54/, иргэний нэхэмжлэгч Т.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57-58/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 69-70/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Мөнхгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-н 87-94/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 695 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 96-97/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-н 116-119/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 718 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 123-124/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-н 135-136/, “Виннер Вэй” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 140-143/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Боос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 169-171/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 177/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 173/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 172/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас  Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 37 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Баянзүрх техник хяналтын төв”-ийн урд замд “Тоёота приус-20” маркийн 50-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Бжолоодон явсан “Тоёота приус-20” маркийн 38-78 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар явган зорчигч Т.Бмөргөж, эрүүл мэндэд нь хүнд, М.Умөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Ж.Быг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Баянзүрх техник хяналтын төв”-ийн урд замд “Тоёота приус-20” маркийн 50-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Бжолоодон явсан “Тоёота приус-20” маркийн 38-78 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар явган зорчигч Т.Бмөргөж, эрүүл мэндэд нь хүнд, М.Умөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бгийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянзүрх техник хяналтын төвийн урд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 9 цаг өнгөрч байхад хүн хүлээгээд замын хажууд зогсож байтал зүүнээсээ баруун тийшээ явсан автомашин, баруунаасаа зүүн тийшээ явж байсан автомашин хойшоо эргэх үйлдэл хийж, эсрэг урсгалд орох үед нь мөргөж осол болсон. Эсрэг урсгалд орсон автомашин мөргөлдөөд замын хойшоо шидэгдэх үед нь би хамт зогсож байсан эмэгтэй, түүний хүүхдийн хамт автомашинд мөргүүлсэн. Тухайн үед хамт байсан эмэгтэйг танихгүй надтай адилхан хүн хүлээж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 42-45/,   

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Уийн өгсөн: “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянзүрх техник хяналтын төвийн урд талд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрч байхад хүү Б.Түвшинбаярын /5 настай/ хамт зогсож байтал зүүнээсээ баруун чигэлэлд нэг автомашин хурдтай ирж яваа харагдсан. Тэгсэн эсрэг урсгалаас нэг автомашин эргээд ороод ирсэн. Тэгээд л түс тас болоод ухаан алдсан. Эсрэг урсгалаас эргэж орсон автомашин баруунаасаа зүүн тийшээ явж байгаад хойшоо эргээд, зүүнээсээ баруун тийшээ явсан эгнээ рүү орж чигээрээ явсан автомашинтай мөргөлдсөн. Нэг ухаан орсон чинь автомашины доор байсан.” гэх мэдүүлэг /хх-н 49-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Мөнхгэрэлийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, "Баянзүрх техник хяналтын төв"-ийн урд замд нөхөр Т.Бхамт түүний "Toyota prius" маркийн, 38-78 УБП улсын дугаартай автомашинтай зүүнээс баруун чиглэлд замын нэгдүгээр эгнээгээр явж байтал гэнэт нэг "Toyota prius" маркийн автомашин урдуур орж ирээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн. Урдуур орж ирсэн машин нь баруунаас зүүн тийш явж байгаад хойшоо буюу манай явж байсан эгнээ рүү гэнэт ороод ирсэн. Миний биед гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хх-н 72/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Бөгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, "Баянзүрх техник хяналтын төв"-ийн урд замд өөрийн эзэмшлийн "Toyota prius" маркийн 38-78 УБП улсын дугаартай автомашинтай зүүнээс баруун чиглэлд замын нэгдүгээр эгнээгээр явж байтал эсрэг урсгалаас "Toyota prius" маркийн автомашин гэнэт ороод ирсэн. Тухайн үед би тоормос гишгээд, гэрлээ анивчуулсан боловч зогсож чадалгүй мөргөсөн. Миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 76-77/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дугаартай:

1. Т.Бгийн биед баруун хөлийн тавхайн өлмийн 1-р яс, бэлбэрхий үений завь хэлбэрт яс, дөрвөлжин яснуудын ил хугарал, баруун хөлийн шагай, тавхайн хууларсан гүн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас арьс, зөөлөн эд, яс үхэжсэн тул шилбэний доод 1/3-ээр тайрах мэс ажилбар хийгдсэн байна.

2. Баруун хөлийн шилбэний доод 1/3-ийн тайрагдалт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.17.108.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 50 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 116-119/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 718 дугаартай:

1. М.Уийн биед зүүн тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-н 123-124/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ж.Бын өгсөн "...2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 8 цаг өнгөрч байхад өөрийн тоёота приус-20 маркийн 50-15 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Баянзүрх дүүргийн автотээвэр рүү автомашинаа оношлогоонд оруулах гээд гарсан. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Чулуун овооны тойргоор эргээд баруунаасаа зүүн тийшээ яваад тус дүүргийн авто тээвэр рүү орох гээд эсрэг урсгал руу эргээд орсон чинь зүүнээсээ баруун тийшээ явж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн." гэх мэдүүлэг /хх-н 171/,

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт /хх-н 135-136/, "Виннер Вэй" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 16055360 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-Н 146-155/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ж.Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв. 

           Хохирогч Т.Бгийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг, хохирогч М.Уийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг тус тус төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Т.Бавтомашинд 3.083.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

            Харин хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ж.Бод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлбөр төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасны дагуу шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлбөрийг төлж, мөн цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.