Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 134/ШШ2017/00018

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би

Нэхэмжлэгч: 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянхонгор аймаг, Өлзийт сум, 6 дугаар баг, Улаан уул гэх газар оршин суух, Зүүн богдынхон овогт Хишигсүрэнгийн Хишигжаргал /РД: НХ76111812, утас: 80805951/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, Улаанбаатар төмөр замын барилга ашиглалтын 2 дугаар ангид галч ажилтай, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 2 дугаар баг, 16 дугаар зөрлөг, 4-1 тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэвсүрэнгийн Мандах /РД: КД73062814/-д холбогдох

 

Ажлын хөлс 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.Хишигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 188 хонь, 441 ямаа хүлээн авсан. Ц.Мандах нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр миний маллаж байсан 177 хонь, 398 ямааг хүлээн авсан. Миний ажлын хөлс сарын 300 000 төгрөг бөгөөд 2.5 сарын нийт 750 000 төгрөг болохоос 150 000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 600 000 төгрөг болно. Мөн Ц.Мандахын дүүгийн 35 хонь, 94 ямаа, 1 ухна малласны хөлс 100 000 төгрөг, нийт 700 000 төгрөг авах ёстой юм. Иймд миний ажлын хөлс 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Х.Хишигжаргал, Ц.Мандах нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 700 000 төгрөгөөс 200 000 төгрөг өгье гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, 500 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, бидний дунд одоо ямар нэгэн маргаангүй болсон. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 21 350 төгрөг төлсөнийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.Хишигжаргал нь хариуцагч Ц.Мандахад холбогдуулан ажлын хөлс 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн анхны шаардлагаас 200 000 төгрөг төлье гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, 500 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 350 төгрөгийн тавин хувь болох 10 675 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, зохигч 200 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 6 650 төгрөгийн тал хувь болох 3 325 төгрөгийг хариуцагч Ц.Мандахаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х.Хишигжаргалын нэхэмжлэлтэй Ц.Мандахад холбогдох ажлын хөлс 700 000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21 350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 10 675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 10 675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, 3 325 /гурван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                         Ц.НАРАНЧИМЭГ