Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00599

 

Г.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 182/ШШ2017/01946 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2555 дугаар магадлалтай,

Г.М-ын нэхэмжлэлтэй,

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдох,

ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Батсайханы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Г.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 10 дугаар сараас хойш Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газарт бараа материалын болон цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж,  ажлаа үнэнч шударгаар гүйцэтгэж, үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлж ирсэн. Миний ажил үүрэг бол шийдвэрийн дагуу батлагдсан үнийн дүн, тодорхой тоог үндэслэн тооцоо бодож гаргадаг. Даргын тушаалд дурдсан 31% нь санхүү, эдийн засгийн ажилтан 15 хүний 2017 оны 02-р сарын үр дүнгийн урамшуулал олгох тодорхойлолтыг ахлах эдийн засагчаар шалгагдаад, санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга хянаж, гарын үсэг зурж баталгаажаад над дээр ирж тооцоо нь бодогдсон хувь юм. Би дур мэдэн өөрчилж, ихэсгэж багасгах эрхгүй бөгөөд үүргээ л биелүүлсэн. Ийм атал үндэслэлгүйгээр намайг буруутгаж ажлаас халсанд гомдолтой тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Г.М- нь ажил олгогчтой 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэгт Цалин хөлсний нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэх ба Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын өдөр тутмын санхүүгийн дотоод тооцоог хөтлөн явуулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, өр авлагагүй ажиллах, нягтлангуудын цалингийн тооцоололд хяналт тавих болон цалингийн сангийн хэтрэлт хэмнэлтийн талаар тооцоо гаргаж энэ тухай удирдлагад мэдээлэл өгч ажиллах чиг үүрэгтэй. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрх үүргээ зөрчиж өөрт олгогдсон эрх мэдэл, чиг үүргээ ашиглан ажил олгогчийн итгэлийг алдаж Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 заасан ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлс бодохдоо газрын даргын зөвшөөрсөн 25 хувийг 31 хувь болгон нэмэгдүүлэн өөрийн хэлтэс болох Санхүү, эдийн засгийн хэлтсийн ажилчид, мөн өөртөө нэмж олгож цалин хөлсийг бодсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг удирдлага болгож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд хөдөлмөрийн тухай хууль, газрын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг тус тус удирдлага болгон тушаал гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 182/ШШ2017/01946 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.М-ыг Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-ын цалин хөлсний нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-аас 5,646,170 төгрөгийг гаргуулж Г.М-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Г.М-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-т үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Г.М- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Орон сууц, нийтийн аж ахуйн газар ОНӨААТҮГ-аас 105,289 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611016627 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2555 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/01946 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18 ны өдрийн 2555 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Г.М-ыг мөнгө болон эд хариуцах үүргээ зөрчиж, итгэл алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Гэтэл тус газрын Цалин хөлсний нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.М- нь 2017 оны 02 дугаар сарын ажлын үр дүнгийн урамшууллыг бодож олгохдоо өөрийн хэлтсийн үр дүн урамшуулал авах болзол хангаагүй 2 ажилтны нэрийг тооцоонд оруулан бодуулсан дараа нөгөө 2-ын үр дүнгийн урамшуулалд гарсан мөнгөн дүнг бусад ажилтнуудад нэмэх байдлаар 25 хувийг 31 хувь болгож нэмэгдүүлэн олгосон үйлдлийг хийсэн. Цалин хөлсний нягтлан бодогч нь ажлын байрны тодорхойлолтоор тус газрын өдөр тутмын санхүүгийн дотоод тооцоог хөтлөн явуулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, өр авлагагүй ажиллах газрын ажилтнуудын цалинг бодож олгох, цалингийн тооцоололд хяналт тавих үүрэг зорилготой ажиллах ажилтан. Г.М-ын дээрх ажил олгогчийн итгэл алдаж мөнгийг бусдад илүү олгосон үйлдлийн талаар хэргийн материалд нотлох баримтыг өгсөн байхад Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 зааснаар хариуцлага хүлээлгэх ажилтан биш гэж үзэж байгаа нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хариуцагч талаас үзэж байгаа учир Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/011946 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2555 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч нь 2017 оны 5 дугаар сарын 15-ний өдөр Б/670 дугаар тушаал гаргаж, Г.М-ыг цалин хөлсний нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. дах зохицуулалтыг тушаалын үндэслэл болгожээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй боловч ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх шаардлагатай.  

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар цалин хөлсний нягтлан бодогч нь санхүү эдийн засгийн хэлтсийн дарга болон ахлах нягтлан бодогчийн шууд удирдлагад харьяалагдан ажилтнуудын цалинг бодож олгох үүрэгтэй байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын 2017 оны А/76 дугаар тушаалаар 2 дугаар сарын ажлын үр дүнгийн нэмэгдэл цалин хөлсний хэмжээг тогтоож, хавсралтын дагуу нэмэгдэл цалин хөлсийг тооцон олгохыг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргад даалгасан байх ба Г.М- нь ахлах нягтлан бодогч, ахлах эдийн засагч, мөн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргын хянан баталгаажуулсан цалингийн тооцооллыг үндэслэн нэмэгдэл цалин хөлсийг бодож олгосныг хариуцагч үгүйсгээгүй байна. Нэмэгдэл цалин хөлс олгох тухай тушаалын хавсралтад нэмэгдлийн хувь буюу санг санхүү эдийн засгийн хэлтэст ...25 хувь, урамшууллын нийт дүн 2.722.916 төгрөг гэж тогтоосон байх тул “Г.М- нь ...25 хувийг 31 хувь болгон нэмэгдүүлсэн, тооцоог шалгаж илрүүлээгүй” гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн 182/ШШ2017/01946 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2555 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Батсайханы гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.ЗОЛЗАЯА

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ