Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2018/0001/З |
Дугаар | 09 |
Огноо | 2018-04-05 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Ц.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Есөнбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Оюунцэцэгт холбогдох 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08/04/321/01 дугаартай улсын байцаагчийн актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч Н.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод явж байгаад дэлгүүрт орж банкны картаараа төлбөр хийх гэхэд карт ажиллаагүй бөгөөд аймагт ирж холбогдох банкнаас лавлаж асуухад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хаасан талаар мэдсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас лавлаж Есөнбулаг сумын Байгаль орчны байцаагч Н.Оюунцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08/04/321/01 дугаартай улсын байцаагчийн актыг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар холбогдох ажиллагааг явуулсан болохыг мэдсэн. Миний бие уг акттай холбоотой ямар ч асуудлыг мэдэхгүй бөгөөд 2016 онд эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн байцаагч С.Батмагнай шалгаж байгаад уг хэрэг хэрэгсэхгүй болсон гэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл иргэн надад захиргааны болон эрүүгийн хариуцлагын ямар ч арга хэмжээ авагдаагүй болно. Эрүүгийн болон захиргааны хариуцлага огт хүлээлгээгүй байж иргэн надаас хохирол нөхөн төлбөр төлөхийг шаардаж байгаа нь хууль бус юм. Түүнчлэн энэхүү акт нь миний эрх ашиг сонирхолыг хөндөж хохироож байгаа бөгөөд иргэн надад миний эрх үүргийг огт танилцуулаагүй, гомдол гаргах нөхцөл боломжоор хангаагүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний дансыг хаахаасаа өмнө надтай уулзаж танилцуулж болоогүй юмуу гэж асуухад таны хаягаар очсон боловч болоогүй талаар хэлсэн лавлаж үзэхэд миний хаяг буруу бичигдсэн байв. Миний бие хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл данс хаагдсанаас болж миний цаашид явуулах үйл ажиллагаа хүртэл зогсонги байдалд орсон. Би 2015 оны 11 дүгээр сард Ялаатын гол гэх газар руу орсон. 7 хоноод хөөгдөөд гарсан. Тэр үед Батмагнай гээд цагдаа надаас нэг удаа тайлбар авсан. Дараа нь дуудвал ирээрэй гэсэн түүнээс хойш дуудаагүй. Намайг буруутай гэж нотолсон нотолгоо байхгүй. Торгууль тавьж байна гэж надад утсаар ч мэдэгдээгүй гэрт ирж ч мэдэгдээгүй. Хотод байж байгаад ийм зүйлийг мэдсэн. Данс хааснаас болж энэ хэргийг болсныг мэдсэн. Хуулийн байгууллага энэ хүн ийм хохирол учруулсан байна гэж нотолж байж торгууль тавьмаар юм. Ямар ч нотолгоо байхгүй Холбогдох актыг гаргахдаа С.Э, Ц.Л нараар төлүүлэхээр дунд нь акт тогтоосон, уг актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, бодит байдалд биелэгдэх боломжгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Яагаад энэ нэхэмжлэлийг гаргах болсон гэхээр улсын байцаагчийн акт нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа. Ц.Л-ийн эрхэд халдах хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй. Эрүүгийн хэргээр энэ хүнийг буруутай гэж тогтоогоогүй. Захиргааны хариуцлагын ямар нэгэн арга хэмжээг энэ хүн дээр аваагүй. Тийм байж нөхөн төлбөр тавьчихсан. Нөхөн төлбөр тавьж байгаа улсын байцаагчийн акт нь өөрөө захиргааны хариуцлага болдог юм бол хариуцлага тооцох хугацаа нь өнгөрчихсөн байгаа. Акттай холбоотой энэ хүнд мэдэгдээгүй. Эрхийг нь хангаагүй. 30 хоног гэдэг энэ хүний гомдол гаргах эрхийг нь зөрчсөн. Магадгүй улсын байцаагч прокурорын шийдвэрээр захиргааны арга хэмжээ ав гэсэн байдлыг тайлбарлах гэж байгаа байх. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйл дээр байгаа. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчил захиргааны хариуцлага болох тохиолдолд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно гэсэн байгаа. Тэгэхээр нөхөн төлбөр тавьж байгаа нь захиргааны шийтгэл биш. Захиргааны шийтгэл гэж юу? юм гэхээр 4 дүгээр зүйл дээр маш тодорхой заасан байгаа. Торгох, тусгайлан олгосон эрх хасах, хууль бусаар олсон орлого эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмж байрыг хураах, баривчлах гээд энэ 4 шийтгэлийн ногдуулах ёстой. Гэтэл прокурорын тогтоолоор захиргааны арга хэмжээ аваагүй байж Ц.Л гэдэг хүн дээр акт тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрвээ захиргааны хариуцлага гэж улсын байцаагч тайлбарлах бол захиргааны хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа буюу хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихсөн байгаа. Энэ хүний гомдол гаргах эрхийг нь хангаагүй хууль зөрчөөд акт ногдуулснаараа энэ акт өөрөө үндэслэлгүй. Мөн Байгаль орчны захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа үүн дээр огт явагдаагүй. Энэ нь хэрэгт цугларсан материалуудаас маш тодорхой харагдана. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэж юу байх юм бэ? гэхээр мөн тухайн үед мөрдөгдөж байсан Улсын ерөнхий прокурор, мэргэжлийн хяналтын газрын даргын 2004 оны 142/159 дугаартай тушаал байгаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч захиргааны хэрэг бүртгэлт явуулах түүнд прокурор хяналт тавих журам гээд байгаа. Энэ журам зөрчигдсөн. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа үүнд явагдаагүй зүгээр нэг акт гарчихсан. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явууллаа гэхэд гэрч байх ёстой, энэ хүнээс өөрөөс нь тайлбар авах ёстой. Эрх үүрэг энэ хүнд танилцуулсан байх ёстой. Гэтэл эрх үүрэг ч танилцуулаагүй акт гаргачихаад гомдол гаргах эрхийг нь ч гэсэн хаачихсан ийм акт байгаа юм. Акт тавигддаг юм байж гээд актаас харахаар Э, Л гээд хоёр хүний нэр дээр 28.000.000 төгрөг байдаг. Тухайн мөнгөнөөс хэн нь хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй. Эсхүл тус тусдаа 28.000.000 төлөх гээд байгаа юм уу? энэ нь ойлгомжгүй. Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан материалууд нь хаана байна гэдгийг удаа дараа шаардаж байсан. Тэгэхэд надад гаргаж өгөх өөр материал байхгүй гэдэг тайлбарыг хариуцагч анх эхлээд хэлж байсан. Хэрвээ эрх хэмжээгээ ашигладаг юм бол 3 жил дамнаад явж байгаа. Жилийн дараа захиргааны хариуцлага тооцох бас хөөн хэлэлцэх хугацаа 3 сар чинь 3 жил болж байна. Хамгийн боломжит хугацаа нь эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш эсхүл эрүүгийн хэрэг үүсэх хүртэл захиргааны зөрчил гэж үзсэн бол зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдаг юм. Бодит байдал дээр энэ актыг хэрэгжүүлээд явахад үнэхээр асуудалтай. Шүүхэд ирээд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах асуудал ярихад асуудалтай бодит байдал дээр биелэгдэх боломжгүй акт гэдэг үндэслэлүүд дээр гомдлыг гаргаж, нэхэмжлэлээ гаргасан байгаа.
Хариуцагч Н.Оюунцэцэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 31-ий өдөр рашаант багийн Ялаатын голын усыг техникээр ухаж алт олборлож байна гэсэн аймгийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 01-ий өдөр сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч М.Барсбаатар, хэсгийн байцаагч Б.Арсланбаатар, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Оюунцэцэг, Байгаль хамгаалагч Э.Энхбаатар, Рашаант багийн Засаг дарга Ө.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ялаатын голд очиход иргэн С.Эрдэнэ-Очир, Ц.Л нар нь Рашаант багийн Ялаатын голын Тэмээн хүзүүнээс доош 500-600м машин зам засаж, Ялаатын голын бэлчирт суурьшин 2 гэр барьж, гэрээсээ доош, голыг DOOSON 2800 трактороор ухаж, голд нуур тогтоон голын захад алт угаадаг төхөөрөмж суурьлуулан ажиллуулсан байсан.
Аймгийн Цагдаагийн газраар шалгагдан Прокуророос эрүү үүсгэхээс татгалзсан байгаль орчны үнэлгээ хийх эрх авсан аж ахуй нэгжээр үнэлгээ хийлгэхэд байгаль орчинд 28 294 573 төгрөгийн хохирол учруулсан гэж тооцсон. С.Эрдэнэ-Очир, Ц.Л нарт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3, 49.5-ыг үндэслэн 28 294 573 төгрөгийн хохиролд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар нөхөн төлбөр тавьж, Усны тухай хуулиар шийтгэвэр ногдуулсан болно. С.Э, Ц.Л нарыг дуудаж уулзсан боловч төлөх мөнгө байхгүй гэсэн тайлбар тавьж гарын үсэг зурахаас татгалзсан. Их мөнгө байна нөхөн төлбөрийг төлсөн дор эрүү үүссэн нь дээр байж гэж хэлээд гарын үсгээ зураагүй. Бид нар аймгийн иргэдийн хурлын тогтоолоор Бидний түшээ гээд компаний хүмүүс байна гэж бодсон чинь энэ хоёр өөрсдөө бид хоёр хамтраад үйл ажиллагаа явуулсан юм гэсэн. Энэ үүднээс энэ хоёр хүн энэ хэрэгт холбогдолтой. Би өөрөө газар дээр нь байсан болохоор энэ хоёр дээр арга хэмжээ авсан. Хугацаа хоцорч арга хэмжээ авсан гэдэг нь манайд мэдэгдснээр би арга хэмжээ авсан. Нөхөн төлбөр хоёуланд нь тавьсан. Нөхөн төлбөрөө Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.5.1-т зааснаар мэргэжлийн байгууллага болох “Нуман–Алтай” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 16/19 дугаар шинжээчийн дүгнэлтээр байгаль орчинд 28 294 573 төгрөгийн учруулсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг үндэслээд нөхөн төлбөр актаа тавьсан. Голын голдирлыг ухаж хууль бусаар алт олборлосон гэдэгт Усны тухай хуулийг үндэслэж тавьсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2-т улсын байцаагч нь аж ахуйн нэгж иргэний хууль бусаар олсон орлого эд хөрөнгийн акт үйлдэж улсын орлогод оруулах түүнчлэн учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тавьж шийдвэрлүүлнэ гэсний дагуу энэ актыг тавьсан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.3-т улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх гэж заасан байдаг тул хохиролд нөхөн төлбөр ногдуулсан болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Л иргэн С.Э нар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг Ялаатын гол гэх газар 2015 оны 10 дугаар сард хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 103 дугаарт “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, Есөнбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Оюунцэцэгийн тайлбар, илтгэх хуудас, тухайн газрын байдлыг авсан фото зураг /хх 28-31, 49 хуудас/, Есөнбулаг сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга нарын зүгээс тухайн үйл ажиллагааг зогсоох талаар аймгийн Цагдаагийн газар, иргэн Ц.Л-д албан бичиг хүргүүлж байсан, гэрч Есөнбулаг сумын Байгаль хамгаалагч Э.Энхбаатарын мэдүүлэг /хх 59-61 хуудас/, Ц.Л-г асуусан тайлбар /хх 53-56 хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүх дээрх асуудалд дүгнэлт хийхгүй харин Ц.Л хууль бусаар ашигт малтмал хайх, олборлохдоо байгаль орчинд хохирол учруулсан гэж тооцож, нөхөн төлбөр тавьж, акт тогтоосон Есөнбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Оюунцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08/04/321/01 дугаар улсын байцаагчийн акт үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Ц.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг шалгах явцад 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад С.Батмагнай тусгай мэргэжилтэй шинжээч шаардлагатай байх тул шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын газарт даалгаж шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол гаргасан байна.
Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-т “усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах” гэж зааснаар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын усны нөөц ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Б.Содмаа Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-388 дугаар тушаалаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг баримтлан нийт 28189576 төгрөгний хохирол учируулсан талаар дүгнэлт гаргасан байна. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий “Нуман-Алтай” ХХК-ний шинжээч А.Цэнд-Аюуш 2016 оны 06 дугаар сарын 24-ний 16/19 дүгээр шинжээчийн дүгнэлтийн 7-д “иргэн ..., Ц.Л нарын эвдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ нь усан орчинд учруулсан хохирлын хэмжээтэй нийлсэн дүнгээр 28294573 төгрөг болж байна”, шинжээчийн дүгнэлтийн 9-т “аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын усны нөөц ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Б.Содмаагийн усан дээр гаргасан дүгнэлт нь ... бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т зааснаар Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилах бөгөөд хуулийн 49.2.4-т усны нөөцөд учруулсан хохирол хамаарч байна.
Есөнбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Оюунцэцэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны дагуу хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд иргэн Ц.Л, С.Э нар зохих ёсны зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан нөлөөгөөр эвдэрсэн 0,22га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ 28294573 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан 08/04/321/01 дугаар бүхий улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Ц.Л Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг Ялаатын гол гэх газар хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулж, голд нуур тогтоон голын захад алт угаадаг төхөөрөмж суурьлуулсан байгаа зэрэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1.“онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно”, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн байгаа нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа буюу хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчихсөн байгаа. Ц.Л гэдэг хүнд захиргааны хариуцлага, шийтгэл ногдуулсан нэг ч торгууль шийтгэврийн хуудас, эрхийг нь хассан зүйл байдаггүй. Тэгснээ нөхөн төлбөр тавьсан. Улсын байцаагчийн акт нь захиргааны хариуцлага юм бол хариуцлага татах хугацаа өнгөрсөн байна. Үндсэн хугацаа нь захиргааны шийтгэл хүлээсэн этгээд шийтгэлийг эдэлж дууссанаас хойш нэг жил зөрчил гаргасан этгээд уг зөрчил гарсан өдрөөс хойш зөрчил үргэлжилсэн бол давтан гаргасан бол сүүлчийн өдрөөс хойш 3 сар, харин эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон бол хэрэгсэхгүй болсноос хойш 1 сар гэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүн ч хариуцлага хүлээхгүй байх тохиолдол байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед байдаг. Тэгэхээр энэ хүн захиргааны зөрчил гаргасан байг тэгвэл хариуцлагад татах хугацаа нь өнгөрсөн байна..” гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дүгээр зүйл 57.1. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, хуулийн 57.3-т “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар иргэн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл Ц.Л-ийн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон, Захиргааны хариуцлагын тухай /хүчингүй болсон/ хуулийн дагуу захиргааны шийтгэл ногдуулаагүй байгаа нь байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийг ногдуулж байгаа нь Захиргааны хариуцлагын тухай /хүчингүй болсон/ хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны шийтгэлийн төрөлд хамаарахгүй байх бөгөөд нөхөн төлбөр ногдуулсан атлаа захиргааны шийтгэл хүлээлгэх нь хуулиар нээлттэй байгааг дурдах нь зүйтэй. Иймд нөхөн төлбөр ногдуулах нь Захиргааны хариуцлагын тухай /хүчингүй болсон/ хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.4, 49.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Л-ийн Есөнбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08/04/321/01 дугаар актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ