Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2021/0549

 

“Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны төлөөлөгч Х.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, БСШУСЯ/202001346 дугаартай Баян-Өлгий аймгийн Толбо сумын 300 суудалтай Соёлын төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, 27.4-т заасныг тус тус баримтланЛ” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргад болон БСШУСЯ/202001346 дугаартай, Толбо сумд баригдах 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/891 дугаартай мэдэгдэл, БСШУЯ/202001346 дугаартай Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны уг тендерийн гүйцэтгэгчээрЛ” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг тус тус хүчингүй болгож, уг ажлын гүйцэтгэгчээрЛ” ХХК-ийг шалгаруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А давж заалдах гомдолдоо: “Шүүх ... “К” ХХК нь ТОӨЗ 14.1 (ж)-ийн 10-т заасан шаардлагыг хангасан хангаагүй нь нэхэмжпэгч “Л” ХХК нь тендерийн ажлаар хүлээсэн үүргийг биелүүлж чадах үгүй эсэхэд шүүх үнэлэлт өгөөгүй.

... Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.2.1-4.2.9-д заалтад ямар нэгэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн хувьтай холбоотой зохицуулалт байхгүй буюу анхан шатны шүүхийн дугаар 3 үндэслэлд дурдсан үндэслэл үүнд ороогүй. Мөн ТОӨЗ-ны 6 буюу Тендерт оролцогч түншлэл хэсгийн 6.1 а/-д “түншлэлийн гишүүн бүр энэхүү ТОӨЗ-ны 5.2-т заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлнэ гэж заасны дагуу 14.1.ж-д заасан заалтыг нэгэн зэрэг хангах шаардлагагүй байна.

... Түншлэлийн аль нэг гишүүн хангасан байхад шаардлага хангасанд тооцохоор байна. Үүний дагуу нэхэмжлэгч “Л” ХХК нь шаардлагын хангасан бөгөөд түншлэлийн компани болох “К” ХХК нь шаардлага хангасан үгүй нь чухал биш, энэ талаарх нотлох баримтыг шүүх буруу дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн.

... Түншлэл компанийн ирүүлсэн гэх ажил олон багц ажилд багтах уу, эсхүл өөр ижил төстэй ажилд багтах уу зэрэгт үнэлгээ өгөөгүй, ... түншлэлийн гишүүн компани 9 төрлийн ажлыг нэрлэсэн байхад аль нэг ажил нь хангаагүй гээд бусад бүх ажлыг шаардлага хангаагүй гэж дүгнэх нь буруу.

... “К” ХХК-ийн ижил төрлийн ажил гэх 120 ортой цэцэрлэгийн ажил төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй учир ижил төрлийн ажил гэж үзэхгүй. Иймээс тендерийн баримт бичигт энэ тухай шаардлага тавьж, мөн тус компанийн энэ төрлийн ажилд холбогдох бичиг баримт ирүүлээгүй гэдэг нь өөрөө үндэслэлгүй.

Үүнээс үзвэл, анхан шатны шүүх дугаар 3 үндэслэлд Сангийн сайдын тушаалаар батлагдсан нэр бүхий маягтыг ирүүлэх ёстой хэмээн тайлбарласан нь эрх зүйн эх сурвалжийг буруу эрэмбэлсэн буюу хуульд нийцээгүй тендерийн баримт бичгийн шаардлагыг хуулийг буруу тайлбарлах замаар нотлох баримтыг үнэлсэн байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/297 дугаар захирамжаар байгуулагдсан БСШУЯ/202001346 дугаартай Баян-Өлгий аймгийн Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо ирүүлсэн бүх тендерийг хянаад “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй” үндэслэлээр бүх тендерээс татгалзжээ.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1 (ж)-ийн 10-т “Тендерт оролцогч нь олон багц ажлын тендерт оролцох болон өөр ижил төстэй ажил нь 70 хувиас бага гүйцэтгэлтэй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно. /70% буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй бол захиалагчийн тодорхойлолт, санхүүжилт авсан баталгаажуулсан гүйцэтгэлийн маягт ирүүлнэ/” гэж заажээ.

Л” ХХК-ийн түншлэгч “К” ХХК Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл 70 хувь буюу түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй тухай захиалагчийн тодорхойлолт, санхүүжилт авсан тухай баталгаажуулсан гүйцэтгэлийн маягт ирүүлээгүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон байна.

Тодруулбал, “К” ХХК-ийн сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн барилга угсралт, засварын ажил болох Өлгий сумын 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 282 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтуудад тусгасны дагуу ирүүлээгүй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь хууль тогтоомж зөрчсөн, улмаар нэхэмжлэгчиийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус зааснаар Үнэлгээний хороо тендерийг сонгон шалгаруулахдаа тендер тус бүр нь тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, шаардлагад нийцээгүй гэж үзвэл уг тендерээс татгалзах”-аар заасан бөгөөд захиалагчаас Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (и)-д “Гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийн үнийн дүн бүхий ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж, тендерийн хамт ирүүлэх ба түншлэгч нь ТОӨЗ-д дурдсан шаардлагыг нэгэн адил хангасан байх шаардлагатай” гэж заажээ.

Нэхэмжлэгч “Л” ХХК 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “К” ХХК-тай Баян-Өлгий аймгийн Толбо сумын 300 суудалтай соёлын төвийн БСШУЯ/202001346 дугаартай барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд “Түншлэгч гишүүн компанийн гүйцэтгэх ажлын хэмжээ санал болгож буй нийт төсөвт өртгийн 15 хувь” байхаар тусгасан “Хамтран ажиллах гэрээ” [1]-г захиалагчид ирүүлсэн нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2 (и)-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Л” ХХК түншлэгч этгээдээр гэрээний үнийн дүнгийн 10-аас дээш хувийн үнийн дүн бүхий ажлыг гүйцэтгүүлэх тохиолдолд түншлэгч нь тендерт оролцогчид хамаарах ТОӨЗ-д заасан бүх шаардлагыг нэгэн адил хангасан байх захиалагчийн шаардлагыг “К” ХХК хангаагүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “туслан гүйцэтгэгчээр оролцох компани нь нэхэмжлэгчийн тендерийн ажлаар хүлээсэн үүргийг биелүүлж чадах эсэх нь чухал биш” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

 

[1] Хэргийн 114 дэх тал.