Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 775

 

Э.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.О,

хохирогч Д.Т,

 шүүгдэгч Э.М-н өмгөөлөгч Л.А,

нарийн бичгийн дарга Л.Мөнхцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1153 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.О-н бичсэн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Э.М-д холбогдох 1706013690055 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Э-н М, 19.. оны .. дугаар сарын .-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...................их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ............ дүүргийн ... дүгээр хороо, .......... дугаар гудамж, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УК......../;

Э.М нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 4А дугаар гудамжны 23 тоот хашаанд Д.Т-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.М-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтална гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн эсэх” гэж заасны дагуу шүүгдэгч хохиролд 1.750.000 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт байгаа хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэрлэхээр заасан хэдий ч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална" гэж заасны дагуу энэ хуульд заасан тусгай журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирсэн хэргийг энэ хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянана гэсэн хуульд заасан ердийн журмыг баримтлан шийдвэр гаргана.

Иймд шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д "гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх" гэж заасан нөхцөл байдал хангагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

   Прокурор Э.О бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Э.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл "Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамд" зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргах шаардлагагүй хуульд зааснаар заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зүйл, хэсэг бүхий гэмт хэрэгт хамаарахаар байна.

Мөн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар дээрх хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ шүүхээс "Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл Цагаатгах тогтоол"-ын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргахаар заажээ. Гэтэл шүүхээс хуульд байхгүй "Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж" гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэсэн ойлголтгүй хуульчилсан учир мөрдөгч дээрх хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн хугацаа байхгүй гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Т-н зүгээс ямар ч баримтгүйгээр 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч 173.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.750.000 төгрөгийн хохирол хохирогчид төлсөн. Гэтэл анхан шатны шүүхээс хохирол маргаантай, хохирол нөхөн төлөөгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дахь хэсэгт "... урьдчилсан хэлэлцүүлгийн үед ... хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ" гэж заасан байна. Гэтэл мөн хуулийн 17.5 дахь хэсэгт заасан дээрх төрлийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүхээр шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл шүүх зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан байхад урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь мөн хууль зөрчсөн үйлдэл юм.

Мөн захирамжлах хэсгийн 3-т "Хэргийн прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай" гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан бол 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногт эсэргүүцэл бичих эрхтэй, шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар "... шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч ... өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор эсэргүүцэл бичих эрхтэй" гэж заасан байна. Шүүгчийн захирамжийн дээрх заалт нь хуулийн ямар зүйл, хэсгийг баримталсан нь тодорхойгүй бөгөөд дээр дурдсан хуулийн зүйл, хэсгийн алинд ч хамаарахгүй байхад хуулийн зүйл, хэсэг баримтлалгүй ажлын 5 хоногийн дотор эсэргүүцэл бичих эрхтэй гэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Э.М-д холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1153 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна...” гэв.

Хохирогч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гаргуулж авмаар байна...” гэв.

Шүүгдэгч Э.М-н өмгөөлөгч Л.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн...” бол гээд таслал тавьсан байгааг тусдаа өөр, өөр утга агуулсан гэж ойлгож байна. Хохирогч 173.000 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт өгсөн боловч шүүгдэгч нь хохиролд 1.750.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжтой байсан...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Э.М-н үйлдлийг прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна.

Анхан шатны шүүхээс Э.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д "гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх" нөхцөл байдал хангагдаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна шүүх дүгнэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасныг үл хамааран хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан заажээ.

Иймд прокурор Э.О-н бичсэн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Э.М-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.