Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 673

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч /хохирогч/ Ц.У, түүний өмгөөлөгч Э.Золбоо, шүүгдэгч /хохирогч/ Д.Г, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г, Ц.У нарт тус тус холбогдох эрүүгийн 1906 06783 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   1. Монгол Улсын иргэн, Д.Г,

2. Монгол Улсын иргэн, Ц.У,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Г, Ц.У нар нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Палаззо” төвийн 1 давхар 101 тоот хаалганы үүдэнд таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие биеээ түлхэх, цохих зэргээр халдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “…” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ: “….” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2 /, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Ггаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6, 9-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.Уаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13, 16-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-21/, Ц.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34, 36/, Д.Ггийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 37, 69/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13624 дугаар дүгнэлт /хх-н 41-42/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13618 дугаар дүгнэлт /хх-н 48/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Ггаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 56-58/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ц.Уаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 63-65/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Золбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 70-72/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Д.Г, Ц.У нар нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Палаззо” төвийн 1 давхар 101 тоот хаалганы үүдэнд таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие биеээ түлхэх, цохих зэргээр халдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.      

Шүүхээс шүүгдэгч Д.Г, Ц.У нарыг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан бие биеээ түлхэх, цохих зэргээр бие биендээ халдаж, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ггийн хохирогчоор өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээрээ байж байхад 101 тоотын Урантуулын оффис гэрэлтэй, хаалга нь хагас дэлгээтэй байхаар нь “хүн байна уу” гэж асуусан чинь дотроос нь Урантуул “би засвар хийж байна” гэж хэлээд хаалга дотор талаас нь уяагаар уясан байсан. Тэгэхээр нь би түүнд засвар хийж байгаа бол битгий хятад будаг ашигла л даа хүмүүс уурлаад байна, хоёрдугаарт чи оффистоо ирдэг юм байж өмнө шүүх дээр яагаад оффистоо ирдэггүй гэж хэлсэн юм бэ гэж хэлсэн чинь Урантуул намайг “зайл гичий минь, болдог бол чамайг алчихмаар байна шүү” гэж хэлээд миний толгой руу гараараа цохиод хэвлийн хэсэг рүү өшиглөхөд манай оффисын жижүүр Батжаргал гарч ирээд биднийг салгасан. Энэ үед дээрх гэмтлүүд бүгдийг нь Урантуул учруулсан.” гэх мэдүүлэг /хх-н 9-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Уын хохирогчоор өгсөн: “...Тухайн үед хаалганы цоож гацсан түгжиж болохгүй байхаар нь би хаалгыг олсоор ороосон байхад “Хийморь” СӨХ дарга Гаамаа жижүүр бололтой хөгшин залуу 2 эрэгтэй хүний хамт манайд орж ирээд намайг хэл амаар доромжлоод орилсон. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад надаас цахилгаан болон СӨХ төлбөр болох 5 сая гаран төгрөг нэхээд байхаар нь би Гаамаад шүүхээр шийдвэрлэхгүй ээ шүүх шийднэ гэж хэлээд цааш орсон. Гэтэл миний ардаас хаалганы олсыг тас татаж орж ирээд 3-лаа нийлээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би хаалга хаах гээд Гаамааг түлхсэн чинь надад гар хүрлээ гээд намайг хойш цохиж унагаасан. Ингээд би хаалга хаах гээд цааш түлхсэн чинь нэг эрэгтэй нь гар утсаараа бичлэг хийгээд гурвуулаа намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би арай гэж хаалганы бариулнаас татаад хаалга хаах гэсэн чинь миний гар руу цохиод гар гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хх-н 16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Батжаргалын гэрчээр өгсөн: “...Урантуул гэгч эмэгтэй чамд ямар хамаатай юм чи гичий зайл гэж хэлээд Гаамаа гуайг нэг түлхсэн чинь Гаамаа зуурах гэсэн богино гартай учраас гар нь хүрэхгүй байх шиг байна лээ. Тэгсэн Урантуул гэгч эмэгтэй түүнийг хөл рүү нь өшиглөөд авахаар нь би “чи одоо яаж байгаа юм бэ, өөрийнхөө ээж шиг хүнийг арай дэндэж байгаа юм биш үү” гэсэн чинь тэр хүүхэн больсон. Тухайн үед тэр эмэгтэй арай дэндүү аашилж байна лээ.” гэх мэдүүлэг /хх-н 19-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Золбаярын гэрчээр өгсөн: “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Палаззо төвийн 101 тоот гадна уг байрны “Хийморь” СӨХ-ийн дарга Д.Г эгч эмэгтэй, 101 тоотын Ц.У нар маргалдан, харилцан зодолдсон байдалтай байсан. Тухайн үед би тэнд хууль сануулан бусдын биед хохирол учруулахгүй халдсан үйлдэлд тань тус бүр торгуулийн арга хэмжээ авна гэж хэлэхэд тэр 2 хоёулаа нэг, нэгэндээ зодуулсан учир шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгон цаашид өргөдлөөр хандана гэж хэлсэн учир сүлд-10 буюу жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Тухайн үед бид хяналтын камерын бичлэгийг шүүж авах гэтэл Урантуулын обьект ашиглалтад ороогүй засвартай байсан учир хяналтын камергүй, харин уг давхарт байрлах хяналтын камерын бичлэгийг авах гэтэл зодоон болсон газар руу тусахгүй байсан учир аваагүй. Анх биднийг очиход тэднийг хэн хэнийх нь биед ил харагдах шарх сорви анзаарагдаагүй, харин Гаамаа нь намайг өшиглөсөн гээд өмдөн дээрх гутлын улны мөрийг харуулаад байсан. Ц.У хэлэхдээ “би байрныхаа хаалгыг хаах гэтэл Гаамаа гэгч хаалган дээр зогсоод хаалга хаалгахгүй байхаар нь би түүнийг түлхсэн. Ер нь бие биенийгээ түлхэлцсэн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 69-70/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13624 дугаартай:

1. Ц.Уын биед баруун гарын долоовор, дунд хуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 41-42/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13618 дугаартай:

1. Д.Ггийн биед зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 48/,  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.У, Д.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар гэм буруу дээр маргаж, бие биенээ цохиж, зодоогүй, дээрхи гэмтлийг учруулаагүй гэж маргаж байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хоорондоо маргалдаж муудалцсан болон бие биенээ түлхэж, ноцолдож унагасан гэдэг дээр маргаагүй, шүүгдэгч Ц.У гэм буруу дээр маргаагүй болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч нар маргалдаж, ноцолдох, зууралдах явцдаа  бие биендээ хөнгөн гэмтэл учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогтож байна.   

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.У, Д.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гд 193.000 төгрөгийн хохирол учирсаныг шүүгдэгч Ц.У төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Уыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч Ц.У 204.150 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэнийг шүүгдэгч Д.Г нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Д.Ггаас гаргуулж хохирогч Ц.Уд олгох нь зүйтэй гэж үзлээ.