Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 25

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- ************** нэхэмжлэлтэй 

хариуцагч: ********** холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, дутагдуулсан эд хөрөнгийн үнэ 1.105.200 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч **********, түүний өмгөөлөгч ************, хариуцагчийн өмгөөлөгч ************/, гэрч *********, Л.Дариймаа, ************, *********, ***********, ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:                                        

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 1987 оноос хойш энэ байгууллагад ажиллаж байна. Ингэж ажиллах хугацаанд аймгийн хөдөлмөрийн аварга, онц тээвэрчин болж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллага ахмадын баяр тэмдэглэж ахмадуудаа хүлээж авсан бөгөөд Алтай чуулгад болсон концерт үзээд байгууллагын өндөр настан *********, ********* нар 17 цаг өнгөрч байхад ажил дээр орж ирэхэд касс ********** үйлчлэгч ********* амралтын идээ гээд нэг шил архи гаргаж 2 өндөр настанд хүндэтгэл үзүүлж бүх ажилчид бүгд тойруулж амссан. Тухайн үед дарга ********* хүртэл өөрөө амссан. Түүний дараа дарга дахин орж ирээд ажлын байранд архи уулаа гээд бид нар тарсан. Ажил тараад хуруугаар цагаа бүртгүүлсний дараа дарга ************* таарч ажлын талаар маргалдсан. Гэтэл 2016 оны 10 сарын 03-ны өглөө ажилдаа ирэхэд ажлаас халах тушаал гарсан байсан бөгөөд өдөр 14 цагийн үед хамт олны хурал хийж даргатай маргалдсан байдлыг ажлын байранд архи уусан гэж ажлаас халсан тушаал гаргасныг буруу гэж үзэж байна. Дарга надад хэлэхдээ “...чамайг яагаад халж байна гэхээр чамайг дөвчигнөсөн учраас ажлаас халсан...” гэж хэлсэн. Дөвчигнөсөн юм бол дөвчигнөсөн маркаар нь шүүхэд өгвөл зүгээр байна гэж хэлсэн. Мөн дотоод журмын 4.1а-д зааснаар ажлын байранд гэхээр миний ажлын байр биш, манай шуудан үйлчилгээний газар дарга, касс, нягтлан бодогчийн 3 өрөөтэй, тэр архийг няравын өрөөнд гаргаж амссан. Миний ажлын байр бол 4 гарааш, машин техникүүд л байгаа. Манай байгууллага цаг хугацаатай ажил байхгүй хүргэлт хийгээд өдөр 15 цагт ч гэсэн дуусдаг бөгөөд хурууны бүртгэлээ хийх гээд бүгд хүлээж байсан.  

************ дарга техникийн мэдлэг муугаас болж ноором нь дуусан 6 ширхэг дугуй, 2 ширхэг акумлятор нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийнх нь үед тавьсан 4 ширхэг дугуй одоо тэр машиндаа байгаа. 7006 дугаартай машинд 2011 оны 02 сарын 08-ны өдөр 2 ширхэг дугуй тавьсан байдаг. Тэр машиныг актанд гаргахаар бэлдсэн, хоёр дугуй нь машиндаа байгаа. Дугуйны гүйлтийн хугацаа нь Зам тээврийн хуулийн яагаан ном дээр байгаа нэг дугуй 40.000 км явна гэж заасан байдаг. Нэхээд байгаа 2 ширхэг обудтай дугуй, 1 ширхэг акумлятор нь 70-06 дугаартай машиных юм. 08-42 дугаартай машины 4 ширхэг дугуй, 1 ширхэг акумляторын ноором нь дууссан, надад байхгүй, акумлятор нь гарааш дотор хэвтэж байгаа. Акумляторын хугацаа ерөөсөө 24 сар байдаг. 2 дугуй нь хөдөө замд явж байгаад буудаад хээр хаясан. Хоёрыг нь шинэ дугуй солих үед дугуй засварын тэнд хаясан, 2 нь гараашид байгаа. Ажил хүлээлцэх үед дутсан зүйл гараагүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд надад байгаа. Би машинаадаа өөрийнхөө мөнгөөр авч тавьсан зүйлээ авсны дараа өгнө гээд өгөөгүй. Надтай 70-06 дугаартай машин дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийсэн. Иймд ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *********** Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Хариуцагч тал энэ хүнийг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдохгүй байна. Архи уусан гэж яриад байгаа боловч хамт олон нь шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэг өглөө, архи уусан гэдэг үндэслэлээр чөлөөлөөгүй өөр зүйлээр энэ хоёрын хооронд маргаан байсан дарга би гаргах шийдвэрээ гаргасан гэж хэлсэн гэж байна. Энэ талаараа хамт олны хурлын тэмдэглэл дээр тодорхой дурдсан байна. Би тушаалаа гаргасан та хоёр шүүхдээ ханд гэж ярьсан байдлаас харахаар энэ хоёр хүнийг архи уусан гэдэг байдлыг хамт олны хурлаар хэлэлцсэн бөгөөд түүнээс өмнө ажлаас халах тушаал гаргасан байгаа нь харагдаж байна. Мөн ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албан үүргээ согтуугаар гүйцэтгэсэн гэж тайлбарлаад байгаа боловч архи уусан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна. Яагаад тогтоогдохгүй гэж үзэж байгаа гэхээр хамт олон нь бүгд нэг шил архи гаргаад тойруулаад амссан гэж байгаа боловч *********** би энэ архинаас уугаагүй, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж шүүх хуралдаан дээр ярьж байна. Үүнийг нь хамт олноос нь тодруулахаар амссан тийм их согтуу мэдэгдэхгүй байсан бүгд амссан гэж байгаа болохоор тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Монгол улсын эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох гээд яаж шалгаж тогтоох талаар тодорхой заасан. Тухайн үед байгууллагын дарга архи уусан гэж үзэж байгаа бол энэ хүнийг тусгай багажаар шалгаад согтуу гэж гэрчилсэн баримт байхгүй гэж үзэж байна. Хамт олны хэлж байгаагаар өөр шалтгаанаар **********, ********* хоёрыг чөлөөлсөн, бид бүгд тойруулаад амссан гэж байгаа. Энэ архийг ********** өөрөө санаачилж гаргаагүй, уугаагүй, мөн энэ архийг хир хэмжээтэй яаж уусан талаар хамт олон хэлж байгаа. Тухайн үед хамт олон нь ахмадуудаа хүндэтгэх үед Монгол ёсоо бодоод уруулаа хүргэсэн гэж байгаа. Үнэхээр архи уусан гэж үзэж байгаа бол 2016 оны 2 сайдын тушаалын дагуу шалгаж тогтоосон зүйл байхгүй гэж үзэж байна. Энэ байдлуудаас харахаар *********** гэдэг хүн ажил дээрээ архи хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан бичлэгээр ********* согтуу байна гэж байна. Ажил тарсны дараа маргаан гарсан гэж байгаа тэр үед цагдаа дуудаад цагдаа ирээд явсан байдаг, Үнэхээр согтуу байсан бол цагдаа нь шалгаж тогтоохгүй яасан юм. Хурууны хээ уншуулснаас хойш болсон гэхээр ажил тарсан байгаа юм. Дарга нь өөрөө хурууны хээгээ уншуулж цагаа бүртгүүлдэггүй нягтлан бодогч нь даргынхаа кодыг хийж явснаас болж маргаан болоход дарга нь чи их юм ярьж дөвчигнөж байна би чамайг ажлаас хална гэсэн зүйл 09 сарын 30-ны өдөр яригдсан үүнээс болж энэ хүнийг ажлаас чөлөөлсөн. Түүнээс ажлын байранд архи ууж архидан согтуурсан зүйл хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Сөрөн нэхэмжлэлийн тухайд ******** нь нэхэмжлэх эрхтэй этгээд мөн үү биш үү гэдэг дээр шүүх анхаарч үзнэ үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх гэж байгаа. Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаалыг бичээд эсхүл төлөөлөх эрх олгосон тухай баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэсэн байгаа. Говь-Алтай аймгийн Шуудан үйлчилгээний газар нь ********** ийм зүйл авахаар байгаа тул ******** энэ байгууллагыг төлөөлж үүнийг нэхэмжлэх эрх олгосон гэх зүйл хавтаст хэрэгт байхгүй гэж үзэж байна. Мөн ******** ажил хүлээж авах үед эдгээр зүйлс дутуу байсан талаар нотлох баримт байхгүй. Ямар үндэслэлээр эдгээр зүйлсийг нэхэмжлээд байгаа нь хавтаст хэргээс харахаар тогтоогдохгүй байгаа. Мөн Хөдөлмөрийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол мөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн байгаа. Үүний дагуу сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлээд байгаа машиныг хариуцах эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй тул энэ хүнээс нэхэмжлэх нь хууль бус, Хөдөлмөрийн хуулийн 136 дугаар зүйлд зааснаар байгууллагад учирсан хохирол тодорхойгүй байна гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал оруулж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ************ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. ***********оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчим ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн улмаар удаа дараа амаар болон хамт олны хурлаар сануулж байсан боловч тавьсан шаардлагыг үл ухамсарлан Хөдөлмөрийн тухай хууль, *н ХК-ний******** дотоод журам, байгууллагын ажлын байрны тодорхойлолт зэргийг зөрчсөн тул хууль эрх зүйн дагуу ажлаас чөлөөлсөн тул ********* ажилд эргүүлэн орох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ************ ажиллаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгө үрэгдүүлж дутагдуулсан тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд УАЗ пургон 70-06 ГАА дугаартай автомашины 2 ширхэг копудтай дугуй, 1 ширхэг акумлятор, УАЗ пургон маркийн 08-42 ГАА дугаартай автомашины 4 ширхэг дугуй, 1 ширхэг акумлятор, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 4 ширхэг, машины ашиглалтын техникийн дэвтрүүд. *********** дутагдуулсан хөрөнгийн үнэ 1.105.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэг болохоор архи амссан нэг болохоор уугаагүй гэх юм. Нэхэмжлэгч өөрөө бид нар ажлын цагаар архи задалж уусан гэж хэлээд нэхэмжлэл дээрээ ч бичсэн байгаа. Архи задлаад амссан уу амссан, уусан уу уусан амссан уусан 2 ялгаагүй гэж хэлмээр байна. Хурууны хээгээ уншуулаад ажлаас гарах үед 18 цаг 05 минут болж байсан гэж нэхэмжлэгч хэлж байгаа байдлаас харахаар ажлын цаг дуусаагүй байхад архи уусан нь тодорхой байна. Өмгөөлөгч нь хувийн сонирхлоор ажлаас халсан гэж тайлбарлаад байна ажлаас ганц хүнийг халаагүй 2 хүн чөлөөлсөн байгаа. Ажил олгогч хэлэхдээ энэ 2 хүн согтууруулах ундааг илүү хэрэглэсэн байсан хэл ам татлаад хэрүүл үүсгээд байсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг. 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 27 дугаартай тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталж чөлөөлсөн. 40.1.4 дэх хэсэг нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил удаа дараа давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэсэн заалт байгаа. Энэ заалт нь тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно гээд заасан байгаа. Тухайн тушаал дээр дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.1а дахь заалтыг баримталсан бөгөөд энэ нь хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгож ажлаас чөлөөлөх заалт байна. Ажил олгогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн байдлаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрч нарын мэдүүлэг нэхэмжлэгчийн тайлбараас харахаар албан ёсоор баримтжуулсан зүйл байхгүй боловч би архи уусан гэхдээ хувийн сонирхлоор намайг ажлаас чөлөөлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаад байна. Ажлаас чөлөөлсөн үндэслэл маань согтууруулах ундааны зүйл ажлын байранд хэрэглэсэн гэсэн заалт байгаа тул энэ нь нотлогдож байна гэж үзэж, тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд өмгөөлөгч нь эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байхгүй гэж тайлбарлаад байна. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ эхний машин дээр байгуулсан байгаа. Сүүлийн пургон дээр 4 ширхэг дугуй нэхэмжилж байгаад эд хөрөнгө хариуцах гэрээ байгуулаагүй боловч нэхэмжлэгч өөрөө тайлбарлаад сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй бол 6 ширхэг дугуй 2 акумляторыг яасан бэ гэхээр үрэгдүүлсэн алга болгосон гэж яриад хээр хаясан дугуй засвар дээр хаясан гарааш дотор байгаа гэж үрэгдүүлсэн талаараа өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарлаж байна. Нэгэнт сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар яриад байгаа болохоор сөрөг нэхэмжлэл хангагдах үндэслэл байна гэж хэлмээр байна. Няравын хэлж байгаагаар тухайн эд материалыг нэг бүрчлэн биш бүхэл байдлаар хүлээн авч бүртгэдэг байдал харагдаж байна. Дугуйны тухайд нярав нь гарааш дотор 2 дугуйг нь авсан машин байгаа гэж ярьж байна. Хаясан талаараа өөрөө зураг авч өгөх ёстой гэж байна. Дээд албан тушаалтан нь хариуцлагагүй түүнийг нь доорх хүмүүс нь ашигладаг байдал ажиглагдаж байна. Нэгэнт эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр тухайн авто машиныг хариуцдаг нь үнэн байгаа. Тухайн үед 6 ширхэг дугуй, 2 ширхэг акумлятор байхгүй гэдэг асуудлыг ажил хүлээлцэх үед надад өр дутаасан зүйл байхгүй байсан гэж хэлж болох байтал өөрөө тайлбартаа хүлээн зөвшөөрөөд үүнийг яасан талаараа тайлбарлаад тэдгээр зүйлийг үрэгдүүлсэн нь харагдаж байна. Шүүхэд өгсөн CD-ний бичлэгийн тухай юуг нотлох гээд байгаа гэхээр тухайн өдөр хийсэн бичлэг байгаа. Бүгд архи амссан асуудал ярьдаг боловч энэ хоёр хүн илүү их архи уусан байсан. Тэгээд хэл ам татлаад яваад байсан тул энэ бичлэгийг хийж нотлох баримтаар гаргаж өгсөн гэж байгаа. Бичлэгээс харахаар нэлээд согтуу байгаа нь ажиглагдаж байна. Байгууллагын дотоод журмын 14.3.1, 14.3.2 дахь хэсгүүдэд зааснаар эд хөрөнгийг хариуцах үндэслэл байгаа тул үрэгдүүлсэн эд хөрөнгийг энэ хүн бүрэн хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна. Ингээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********* нь ********* ХК-ний Говь-Алтай аймгийн *********** холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар, хариуцагч ******* ХК-ний Говь-Алтай аймгийн *********** нь нэхэмжлэгч У.Мөнхбатаас дутагдуулсан хөрөнгийн үнэнд 1.105.200 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ /хх-1, 54/.

********** ХК-ний Говь-Алтай аймгийн ************ дарга нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ************* ХК-ний дотоод журмын 14.2.1-ийн а заалтыг тус тус үндэслэн механик жолооч *********** 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх-5/.

Нэхэмжлэгч ********* *********** ХК-ний Говь-Алтай аймгийн ************ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна /хх-1 ар тал/.

********** нь ********* ХК-ний Говь-Алтай аймгийн ************* механик жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 0569527 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, *********** ХК-ний Говь-Алтай аймгийн ************* даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, түгээмэл мэргэжлийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын хамт олны хурлын тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна /хх-3-4, 5, 6-8, 19-21, 59-61, 86-93, 18/.

Хариуцагч ********** ХК-ний Говь-Алтай аймгийн ************ нь *********** 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчим ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэн улмаар удаа дараа амаар болон хамт олны хурлаар сануулж байсан боловч тавьсан шаардлагыг үл ухамсарлан Хөдөлмөрийн тухай хууль, *********** ХК-ний дотоод журам, байгууллагын ажлын байрны тодорхойлолт зэргийг зөрчсөн тул ажлаас чөлөөлсөн, уг тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж, түгээмэл мэргэжлийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, *********** ТӨХК-ний хөдөлмөрийн дотоод журам, Төрийн хошой шагналт ********** нэрэмжит Говь-Алтай аймгийн ************ даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 281 дугаартай албан бичиг, ахмадын баярын хоолны үнэ төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт зэргийг нотлох баримтаар гаргасан /хх-19-21, 23-24, 37, 39-40/.

Ажил олгогч *********** ХК-ний Говь-Алтай аймгийн************** нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан зохицуулалтыг үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил үүсээгүй тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн үйлдэл тусгагдсан эсэх байдал ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл ************** зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болно.

Зохигчдын хооронд 2016 онд байгуулагдсан 04 дугаартай түгээмэл мэргэжлийн ажилтны хөдөлмөрийн гэрээний 5.4.1-д “ажлын байрандаа түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албан үүргээ согтуугаар гүйцэтгэсэн” тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ /хх-6-8, 19-21/.

Хариуцагч ********* ХК-ний Говь-Алтай аймгийн ************** даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаас гадна тус компаний дотоод журмын 14.2.1-ийн а заалтыг баримталжээ /хх-5/.

********* ТӨХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 14.2.1-д “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд ...хамааруулна” гэж “а-н” үсэг хүртэл дугаарласан тохиолдлын а-д “ажлын байрандаа болон гадуур ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албан үүргээ согтуугаар гүйцэтгэсэн бол” гэж тодорхойлсон байна /хх-23-24/.

Нэхэмжлэгч ************* “...шуудан үйлчилгээний газрын няравын өрөө миний ажлын байр биш, миний ажлын байр бол гарааш, машин техникүүд, тиймээс би ажлын байранд архи уугаагүй...” гэх байдлаа нотлоогүй, харин 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажил тараагүй байхад ажлын байранд ажилчид архи гарган уусан болох нь хэрэгт авагдсан хамт олны хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар тогтоогдож байна /хх- 86-93, шүүх хуралдааны тэмдэглэл 3-4, 9-27/.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...хариуцагч тал нэхэмжлэгчийг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдохгүй, архи уусан гээд байгаа боловч ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, албан үүргээ согтуугаар гүйцэтгэсэн гэж тайлбарлаад байгаа боловч архи уусан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдохгүй ...*********** нь би энэ архинаас уугаагүй, хэрэглээгүй гэж шүүх хуралдаан дээр ярьж байна...” гэх тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл 2-4, 9-27/.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч байгууллага согтуу байсан гэдгийг мэргэжлийн байгууллагаар шалгуулж тогтоогоогүй, өөр үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус гэж тайлбарлаж, хариуцагчийн өмгөөлөгч ************ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу ажлын байранд архи хэрэглэсэн гэж тайлбарлаж маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч ********** нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож, энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байранд архи уусан талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн CD-ний бичлэг нь дүрсгүй, яриа бичигдсэн байх бөгөөд яриа нь 59 дэх секунтээс 1 минут хүртэл бичигдсэн, яриа нь бичигдсэн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг нэхэмжлэгч ***********, хариуцагч байгууллагын дарга *********** нарын яриа мөн гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн боловч тухайн ярианаас нэхэмжлэгч ******* согтуу гэх байдлыг тогтоох боломжгүй юм /хх-CD-ний бичлэг/

Нэхэмжлэгч тал архидан согтуураагүй, байгууллагын дарга өөр үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлаж байх боловч зохигчдын хооронд байгуулсан түгээмэл мэргэжлийн ажилтны хөдөлмөрийн гэрээний “5.4.1-д ...ажлын байранд ...согтууруулах ундаа хэрэглэсэн,...” бол ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон, маргааны зүйл нь ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал тул уг тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч ************ гаргасан гэх үйл баримт нотлогдон тогтоогдож байх тул *********** урьд эрхэлж байсан *********** ХК-ний Говь-Алтай аймгийн шуудангийн үйлчилгээний газрын механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулан олгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ************ ХК-ний Говь-Алтай аймгийн ********* нь ********** дутагдуулсан хөрөнгийн үнэнд 1.105.200 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, ажлаас халсан тушаалд ажилтны дутагдуулсан гэх эд хөрөнгийг нөхөн төлүүлэхээр заагаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь зохигчдын хооронд байгуулсан түгээмэл мэргэжлийн ажилтны хөдөлмөрийн гэрээний 5.4.10-д “жолооч нь эзэмшиж буй техник, хэрэгслийг өөрийн буруугаас эвдсэн, хувьдаа болон гадны хүмүүст ашиглуулсан, машины эд анги, сэлбэг хэрэгслийг дутаасан, сольсон бол” хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор заасан байх боловч ажилтан ************* ажлыг хүлээлцэх үед сөрөг нэхэмжлэлээр шаардсан кобудтай дугуй, акумлятор зэрэг эд зүйлс дутагдаагүй талаар нэхэмжлэгч болон шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тухайн байгууллагын нярав, нягтлан бодогч нар тайлбайрлаж, мэдүүлсэн /хх-шүүх хуралдааны тэмдэглэл 15-27/.

Хариуцагч ************ ХК-ний Говь-Алтай аймгийн ************* нь ажилтан ********** эд хөрөнгийн ямар хохирол учруулсан болохыг нотлох баримтыг, эд зүйлс дутагдсан талаарх тооллогын бүртгэл баримт, ажил хүлээлцсэн тухай баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй бөгөөд сөрөг шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч байгууллагад эд хөрөнгийн тооллого нэг бүрчлэн хийгддэггүй талаар нэхэмжлэгч, гэрчээр оролцсон нярав, нягтлан бодогч нар тайлбарлаж, нягтлан бодогчийг 2015 онд тооллого явуулахад 70-06 дугаартай пургон машины 2 ширхэг дугуй байхгүй, түүнийг ажилд ороход 70-06 дугаартай автомашин гараашид хоёр дугуйгүй байсан талаар мэдүүлж байна /хх-шүүх хуралдааны тэмдэглэл 26/.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэж заасан бөгөөд 08-42 ГАА дугаартай машинд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд ажил олгогчоос ажилтаны ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно.  

Харин УАЗ маркийн 70-06 ГАА улсын дугаартай авто машин дээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг нотлох баримтаар ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу тухайн гэрээний эхний нүүрний доод хэсэгт хар өнгийн балаар бичвэр бичиж засвар оруулсан, уг засварыг нягтлан оруулсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-59-61/.

Хавтаст хэргийн 62-68 дугаар хуудсанд хариуцагч талаас гаргасан автомашины фото зурагууд байх бөгөөд эдгээр зургийг хэзээ хаана авсан талаарх он, сар, өдөр байхгүй, 62-63 дугаар хуудсанд 70-06 ГАА дугаартай цагаан өнгийн пургон маркийн машиныг баруун зүүн, урд талаас авсан фото зурагт 4 дугуйтай, 65-66 дугаар хуудсанд авагдсан фото зурагт зөв талын 2 дугуй байхгүй, мөн хэзээ авсан болохыг нотлох он, сар, өдөргүй фото зургууд байна /хх-62-68/.

Мөн хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан бараа материалын орлогын баримт дээр хүлээн авсан эд хариуцагч гарын үсэг байхгүй, хэнд тухайн бараа материалыг өгсөн болох нь тодорхойгүй /хх-69-73/, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан үндсэн эд анги, сэлбэгийн бүртгэл 2008 гэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно /хх-127-131/.

Харин ********** ХК-ний Говь-Алтай аймгийн *********** автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд, ашиглалтын техникийн дэвтрүүд нэхэмжлэгч ************** байгаа талаар нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1.б-д “тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээ бичиг баримтыг биедээ авч явах үүрэгтэй” гэж заасан тул эдгээр гэрчилгээ, дэвтрүүдийг нэхэмжлэгч У.Мөнхбатаас гаргуулж хариуцагч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад талууд байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, татгалзлаа зохигчид нотлоогүй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 31.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 39.125 төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн *********** тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч ********** ХК-ний Говь-Алтай аймгийн ************* олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасныг тус тус баримтлан ********* ХК-ний Говь-Алтай аймгийн ********** механик жолоочийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *********** нэхэмжлэл, дутагдуулсан хөрөнгө буюу 6 ширхэг дугуй, 2 ширхэг акумляторын үнэнд 1.105.200 /нэг сая нэг зуун таван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч ************ ХК-ний Говь-Алтай аймгийн ********* сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.б, 2.2.а-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ************* *********** ХК-ний Говь-Алтай аймгийн *********** автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэрүүдийг гаргуулан хариуцагч ************ ХК-ний Говь-Алтай аймгийн ********* олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 31.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар илүү төлсөн 39.125 төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн *********** тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч *********** ХК-ний Говь-Алтай аймгийн ************ олгосугай..  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ