Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0537

 

Н.С, П.Б нарын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж, Г.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Н.С-ын давж заалдах гомдлын дагуу Н.С, П.Б нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 461 дүгээр шийдвэрээр:

“...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.С, Н.Б нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн зориулалтаар Г дунд сургуульд эзэмшүүлсэн 1738 м.кв газрын нэхэмжлэгч Н.С, П.Б нарын үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж буй болон гадаа үүдний хэсэгт хамаатай талбайг хамарсан 577.2 м.кв газарт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.С давж заалдах гомдолдоо:

“...Н.С, П.Б нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 461 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч талын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн зориулалтаар “Г” сургуульд эзэмшүүлсэн 1738 м.кв газрын нэхэмжлэгч Н.С, П.Б нарын үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж буй болон гадаа үүдний хэсэгт хамаатай талбайг хамарсан 577.2 м.кв газарт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ дараах ач холбогдол бүхийн нөхцлийг харгалзан үзсэнгүй. Үүнд:

1. Нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийн эрх, түүний дагалдах эрх хэзээ үүссэн хугацааны асуудал. Нэхэмжлэгч нар нь Ш дээд сургуулийн захирал С.Д-тэй 2003 онд анх үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх авах гэрээг байгуулж Y-2205011552 дугаарт бүртгүүлж 365.7 м.кв үл хөдлөх хөрөнгийг өмчилсөн. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд газар эзэмших эрх гарсан нөхцөлд шилжүүлэх тохиролцоотой байсан. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна хэмээн заасан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг өмчилж буй иргэний эрх, ашиг сонирхол газартай холбоотой аливаа шийдвэр гаргахад шууд хөндөгдөж байдаг. Гэтэл Нийслэлийн засаг дарга 2006 онд Галакси сургуульд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.8-д газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо хийх, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Хэн нэгэн этгээд үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг өмчлөгчид мэдэгдэлгүй эзэмших, ашиглах боломжийг олгосон нь Газрын тухай хууль, Монгол Улсын Иргэний хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгч Н.С, П.Б нар нь нэг давхарын 365.7 м.кв үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг харин хоёрдугаар давхарыг бүхэлд нь мөн нэг давхарын зарим хэсгийг “Д Б” ХХК нь өмчилж байна. Энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхэд гуравдагч этгээдээр “Г” сургуулийг татан оролцуулсан ч үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг шийдвэрлэхдээ “Д Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхээс нэхэмжлэгч Н.С, П.Б нарыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа тул түүний доорх газрын асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн. Үүний адил 1, 2 дугаар давхарт байрлах аж ахуйн нэгжийг гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч Н.С, П.Б нарын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхэд Нийслэлийн засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн зориулалтаар “Г” сургуульд 1738 м.кв газрын эзэмшүүлсэн шийдвэр нь шууд нөлөөлж байгаа. Тухайлбал: “Г” сургуулиас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж өргөтгөл барьж байна гэх нэрээр нэг давхарын хэсгийг нураалгах хүсэлтийг гаргаж маргаан үүссэн. Хэргийг хянан шийдвэрлэх явцад “Г” сургууль гаргасан хүсэлтээ гаргаж өгөхийг удаа дараа хүссэн ч өөрөөр тайлбарлаж, түр хог хадгалах амбаар барьсан хэсгийг нураах хүсэлт гаргасан гэж тайлбарладаг. Мөн “Г” сургууль энэ байранд сүүлийн 10 жилд сургуулийн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд одоо ч сургуулийн үйл ажиллагаа огт явуулахгүй байгаа атлаа нэхэмжлэгч Н.С, П.Б нарын үл хөдлөх хөрөнгөд кароаке, рестораны үйл ажиллагаа явуулж болохгүй гэх агуулгатай гомдлыг Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад байнга гаргаж, түрээслэгч нарын эрхийг зөрчиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцлийг үүсгээд байгаа.

4. Хариуцагч талаас газар эзэмших хүсэлт гаргаагүй, газар эзэмших шаардлага хангаагүй гэх тайлбарыг гаргадаг, шүүхээс энэ нөхцлийг үнэлж үзсэн. Гэтэл Н.С, П.Б нь газар эзэмших хүсэлт гаргасан хэдий ч “Г” сургуульд эзэмшүүлсэн болохыг олж мэдсэн. Иймээс шинээр газар эзэмших хүсэлт гаргах ямар ч боломжгүй, мөн шилжүүлэх авах тохиролцох боломжгүй. Тухайлбал: Нийслэлийн засаг даргад гаргасан хүсэлтийн хариуд газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газар эзэмших эрх шилжүүлэх зэргийг бүрдүүлж ирэхийг шаардсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй гэдгээ тайлбарласан ч шүүхээс харгалзан үзээгүй. Нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар, үндэслэл, нотлох баримтыг хангалттай үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж “Д Б” ХХК-ийг гуравдагч этгээдээр татаж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж нэхэмжлэгч талын зүгээс үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, “шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 7/8496 дугаар лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч Н.С, П.Б нар нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011538 дугаартай 777.3 м.кв талбайтай сургууль, үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын хэсгээс 1 давхрын 365.7 м.кв талбайтай хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011552 дугаарт бүртгүүлсэн байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжаар “Г” дунд сургуульд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш” НЭЗДС-ийн эзэмших эрхтэй байсан 1738 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгч нар нь өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгө орших газрыг бусдад эзэмшүүлсэн нь үндэслэлгүй хэмээн “Нийслэлийн засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн зориулалтаар “Г” сургуульд эзэмшүүлсэн 1738 м.кв газрын нэхэмжлэгч Н.С, П.Б нарын үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж буй болон гадаа үүдний хэсэгт хамаатай талбайг хамарсан 577.2 м.кв газарт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” хэмээн тайлбарлаж байна.

Гэвч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах ...” гэж зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зайлшгүй газар эзэмшигчийн хүсэлтийн дагуу иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч Н.С, П.Б нар нь Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг даргад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах барилга орших газрыг эзэмших хүсэлтийг 2020 оныг хүртэлх хугацаанд гаргаж байгаагүй тул гуравдагч этгээдэд 2006 онд газар эзэмших эрх олгосон шийдвэр хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж хүсэлт зоригоо илэрхийлсэн буюу хүсэлт гаргасан этгээд нь бусдын эзэмшил, ашиглалт үүсээгүй газрыг эзэмших давуу эрхтэй байх агуулгыг илэрхийлдэг.

Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг 2020 онд мэдсэн хэмээн тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг эзэмших давуу эрхтэй болох нь тогтоогдохгүйн зэрэгцээ гуравдагч этгээдээс газар эзэмших хүсэлтээ хуульд заасан шаардлагыг хангуулан гаргаж хууль ёсоор газрыг эзэмшиж байх тул хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах, илт хууль бусд тооцох боломжгүй.

Тодруулбал “Г” сургууль нь нэхэмжлэгчийн адилаар 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний дагуу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1742 м.кв талбайтай газар бүхий 411.6 м.кв сургуулийн зориулалтын байрыг “Ш” дээд сургуулиас худалдан авч эрхийн улсын бүртгэлийн Y-2205011538 дугаарт бүртгүүлсэн боловч 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Ш” дээд сургуулийн зүгээс “Г” сургуульд газар эзэмшүүлэх гэрчилгээг шилжүүлэхийг хүссэн, 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Г” сургуулиас Газар эзэмшүүлэх гэрчилгээг шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг тус тус Нийслэлийн Газрын албанд гаргасан байна.

Иймд Нийслэлийн Газрын албанаас гуравдагч этгээд “Г” сургуульд 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 060031 дугаар гэрчилгээ олгож, 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Г сургууль нь Нийслэлийн Газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш” НЭЗДС-ийн эзэмших эрхтэй байсан 1738 м.кв газрыг эзэмшиж эхэлжээ.

Харин нэхэмжлэгч нарын тухайд 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ болон 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд үл хөдлөх хөрөнгийн хэсгийг өмчлөх талаар тохиролцсон байх ба харин тухайн үл хөдлөх хөрөнгийн газрын эзэмшлийн талаар зохицуулалт агуулаагүй байх учир тус газрыг эзэмших давуу эрхтэй байсан гэж үзэхгүй бөгөөд өмнө газар эзэмших хүсэлтээ гаргаж, газар эзэмших эрх олж аваагүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй, нөлөөлөхгүй учир анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.  

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч Н.С, П.Б нар маргаан бүхий барилгын өөрт өмчлөх хэсэгт хамаарах газрыг “Г” сургуульд эзэмшүүлсэн захиргааны акттай маргаж байгаа тохиолдолд уг хэрэгт маргаан бүхий актаар газар эзэмших эрх олж авсан этгээд болох Г” сургуулийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэлийн шаардлагын дагуу хөндөгдөж байна гэж үзнэ.

Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо тайлбарлаж буй “Д Б” ХХК-ийн хувьд маргаан бүхий газарт газар эзэмших эрхгүй этгээд ба Нийслэлийн засаг даргын 2006 оны 86 дугаар захирамжийг илт хууль бусд тооцсоноор тус хуулийн этгээдийн хувьд хөндөгдөх эрх ашиг байхгүй тул уг маргаанд гуравдагч этгээдээр зайлшгүй оролцуулах шаардлагагүй учир хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.С-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА