Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/180

 

  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

Шүүгдэгч Ч.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-ад холбогдох эрүүгийн 2038002280165 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ч.М.

Шүүгдэгч Ч.М- нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 3 дугаар хороонд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ш.Т-гийн цээж рүү нь түлхэж шатнаас унагаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Дэнжийн ... тоотод байрлах гэртээ эхнэр Ш.Т-г “хүний шавхруу уулаа” гэж хэлэхэд нь уурлаж, шат руу өгсөж явахад нь зүүн гараараа цээж хэсэг рүү нь цохиж, шатнаас унагаж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн үүдэн нэгдүгээр шүднүүдэд их хэмжээний хөдөлгөөн, доод уруулын салсад няцарсан шарх, хамрын нуруу, дээд уруулын салст, доод уруулын салст, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруул, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
  • Хохирогч Ш.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 сарын 10-ны өдөр миний мэргэжил нэг найзууд шагнал авсанд баяр хүргэхээр манай гэрт 19 цагийн үед лаазтай сэнгүр нэртэй пиво нэг хороп ачирсан. Бид хэд сууж уусан. Манай нөхөр миний хажууд уугаад байхаар нь манай найз эмэгтэйчүүд удалгүй явсан. Манай хүү бид хэд ширээ, сандлаа янзлаад байж байхад манай нөхөр Ч.М- хүмүүсийн үлдээсэн пиво уугаад байхаар нь “чи болиооч хүмүүсийн шүлстэй пиво уугаад” гэж хэлээд хоёр давхар руу өгсөж явахад миний араас зөрж ирээд намайг цээж хэсэг рүү цохьсон. Би шат руу хойшоо унасан. Би юу ч ойлгоогүй шатнаас унасан. Нүүр ам цус болсон байсан. Чи яаж байгаа юм бэ гэхэд бичлэг хийгээд суугаад байсан. Би цусаа цэвэрлэж байхад манай хүү Чингүнээ цагдаа дуудсан. Цагдаа ирээд аваад явсан. Өмнө намайг зодож байсан асуудал болж байсан. Би цагдаагийн байгууллагад хандаж гэр бүлийн хүчирхийллээр 2019 оны 11 сард баривчилгаанд явсан. Намайг байнга харддаг хэл амаар доромжилдог. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
  • Арван найман насанд хүрээгүй гэрч М.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайд ирсэн хүмүүст ээж, бид гурав хоол унд хийж үйлчилсэн. Манайд ирсэн хүмүүс хоол ундаа идэж уусан. Би хоёр давхар руу хоёр дүүгээ аваад гарсан. Манайд ирсэн хүмүүс 23 цаг өнгөрч байхад явсан. Хүмүүсийг явсны дараа аав, ээж, бид 3 нэг давхараа цэвэрлэсэн. Ээж дээшээ хоёр давхар руу өгссөн. Аав удалгүй ээжийн араас хоёр давхар руу өгссөн. Удалгүй шатнаас унах чимээ гарсан. би гүйгээд очиход ээж доошоо харсан хэвтээд нүүр нь цус болсон аав согтуу гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Би ээжийг нэг давхраас хоёр давхар руу гаргаж ирээд нүүр амыг нь харахад нүүр ам нь их цус болсон байсан. Би аавыг та ээжийг яаж байгаа юм бэ гэхэд танай ээж бол бөгсөө худалдсан янхан, гичий гэж хэлээд надад мөн адил янхны хүүхэд гэж над руу дайрсан. Би цагдаа дуудсан. ...2019 оны 11 сард ээжийг зодсон. Мөн цагдаа дуудаж өгч баривчилгаанд явж байгаад гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
  • Гэрч Х.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ш.Т- 2020 оны 02-р сарын 11-ны өглөө 08 цаг 57 минутад над руу залгасан байсан. Тухайн үед би утсаа сонсоогүй байж байхад чат бичээд урьд шөнө М-д зодуулаад шатнаас уначихлаа гэж бичсэн байсан. Тэгээд би буцаагаад залгасан чинь утсаар ярьж чадахгүй бие өвдөөд байна та чөлөө өгөөч гэхээр нь өгөөд явуулсан. Ш.Т- ямар ч байсан 7 хоног ажилдаа ирээгүй эмнэлэгээр явсан байгаа. Нөхөр М-д зодуулсан гэж байсан. Надтай тухайн үед ирж уулзаагүй. Харин 2-3 хоногийн дараа ажил гараад дуудуулахад бие нь их муу юм шиг хагас тонгойсон байдалтай ирж уулзаад явсан. ...Урьд нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр байх бас нөхөртөө зодуулсан гээд чөлөө авч байсан. Тэгээд би үнэн нотломж явуул гэтэл чатаар нүд хөхөрсөн, нүүр хавдсан зургаа явуулж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаартай: “1. Ш.Т-гийн биед баруун үүдэн 1-р шүднүүд их хэмжээний хөдөлгөөнтэй, доод уруулын салсад няцарсан шарх, хамрын нуруу, дээд уруулын салт, доод уруулын салст, зүүн шилбэнд цус хуралт, дээд уруул, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Ш.Т-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг эрүүл түр хугацаагаар сарниулах болон 2.4.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10%-аар тогтонги алдагдана” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
  • Шинжээчээс мэдүүлэг авсан: “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул дээд уруулын няцарсан шарх хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн дээд нэгдүгээр шүднүүдийн их хэмжээний хөдөлгөөн нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 10%-аар тогтонги алдагдаж байгаа тул хөнгөн зэрэгт хамаарч байна. Учир нь байнгын шүд булгарсан, их хэмжээний хөдөлгөөн орсон тохиолдолд дахин ургаж тогтдоггүй унадаг тул ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлдөг” гэх тэмдэглэл /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ч.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай эхнэр Ш.Т- шагнал аваад Хатгал тосгонд ажилладаг нягтлан болон санхүүгийн хүмүүс манай “Цэнхэр сувд” нэртэй зоогийн газарт ирсэн юм. Тухайн үед би хоол унд хийж өгөөд явж байхад ирсэн хүмүүс М- ах ирж хамт суугаач гэхээр нь хамт суугаад пиво уусан юм. Тэгээд ирсэн улсууд их удаагүй 2 цаг шахам болоод гараад явсан. Тухайн үед манайд ирсэн хүмүүс ууж байсан юмаа үлдээгээд явахаар нь пивийг нь би уусан. Тэгсэн чинь Ш.Т- “чи хүний үлдээсэн юм уулаа” гэж уурлахаар нь би өөдөөс нь уурлаад хэрүүл болсон. Тухайн үед Ш.Т- хоёр давхар руу гарч унтах гээд явахаар нь би араас очоод шатан дээр маргалдаж байгаад цээж рүү нь цохиод унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  •  Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ч.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Ч.М- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ч.М- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ч.М-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ш.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18/-ийг өгсөн, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулж “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ч.М- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлалт гуйсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ч.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид “500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял” оногдуулах санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.М- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Ч.М-ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЗЖАРГАЛ