Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0047

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбарам хөтлөн,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч Х.Д  /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0058/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос:

 Боржигон овогт Д. А ыг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0124 60544 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч,  2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Д. А  нь Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ..........тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД: ............).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Д.А  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4 дүгээр буудлын замд “Хонда-Инсайт” загварын .......... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 10.13-д: Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэснийг тус тус зөрчсөний улмаас О.Д гийн жолоодон явсан “Тоёота марк-Х” загварын ........... УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас өөрийн машинд зорчин явсан зорчигч Б.А гийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А  мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилт дахь гэрээсээ аав, талийгаач, хүү А  нарын хамт дөрвүүлээ гараад явж байсан. Замдаа хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх байснаа мартсан байсан. Тэгээд явж байсан зам нарийхан  байсан, замаас эргэх гэсэн чинь хажуу талаас машин ирж миний жолоодон явсан машиныг мөргөж зам тээврийн осол гарсан юм. Талийгаачийн оршуулгын зардлыг ах дүү нар нийлж  гаргасан байгаа гэв.

Хоёр. Эрүүгийн 1903 0124 60544 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон бусад хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1. Замын цагдаагийн газрын дуудлагын лавлагаанд “..2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 01 минут 45 секундэд Тахилтын 4 дүгээр буудал дээр зам тээврийн осол гарсан тухай” (хавтаст хэргийн 20 дугаар тал),

2. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг 18 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-13 дугаар тал),

3. Б  овогтой А  51 настайдаа 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зам тээврийн ослоор нас барсныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн тухай нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 80 дугаар тал),

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:

“... Миний эх Б  овогтой А  нь 1968 онд Говь-Алтай аймагт төрсөн. Залуудаа хөдөө өссөн, малчин хүн байсан юм. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай ээж хамт амьдардаг байсан Д  гэх хүний хүүхдийн автомашинд явж байгаад зам тээврийн осолд ороод нас барсан гэдгийг би Говь-Алтай аймагт байхад мэдсэн. Ээжийн сууж явсан тээврийн хэрэгсэл зам дээр бүтэн эргэх үйлдэл хийснээс болж зам тээврийн осол гарсан гэж би ойлгосон. Талийгаачийг “Боль буян” гэх газраар зуучлуулж, оршуулсан. Оршуулгын зардал нийт 6-7 сая төгрөг болсон. Нэхэмжлэх зүйлийг тоогоор гаргаагүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

5. О.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд:

- гэрчээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө би гэрээсээ ажил руугаа 08 цаг 30 минутын орчим гарсан. Гэрээс гарахдаа ээж, дүү болон эхнэрийн хамт өөрийн эзэмшлийн ........... УНР улсын дугаартай цагаан өнгийн T.Mark X авто машиныг жолоодоод хөдөлгөөнд оролцсон. Тэгээд доош уруудаад явж байхад 4 дүгээр буудал дээр нэг машин дохиогоо өгөхгүй гэнэт урдуур гараад ирсэн. Би тухайн автомашины хажуу тал руу нь мөргөсөн. Бид машинаасаа бараг 10 минутын дараа буусан. Хамгийн түрүүнд дүү Д  буугаад, дараа нь ээжийг машинаас буулгасан. Эмнэлгийн машин 30 минутын дараа ирээд гэмтэж бэртсэн хүмүүсийг аваад осол болсон газраас хөдөлсөн. Эмнэлэг рүү нийт 5 хүн явсан. Би осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний жолоодож явсан автомашин 60 км цагийн хурдтай явж байсан. Ослын улмаас ээж жаахан гэмтэлтэй байгаа, дүү зүгээр байна лээ. Тухайн үед зам хуурай, гэрэлтэй, зам дээр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би зогсоох арга хэмжээ авсан, тоормосоо нэг аваад нэг гишгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал),

-иргэний нэхэмжлэгчээр 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

“... Өмнөх гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Миний автомашин урд талаараа их хэмжээний эвдрэлтэй. Үнэлгээгээр 4.138.000 төгрөг гарсан. Би автомашинаа янзлалгүй тэр чигээр нь зарсан. Жолооч А тай тохиролцож санал гомдолгүй болсон. Миний автомашин дотор явсан Д  болон ээж М  нар гэмтээгүй. Ээжийн гар жаахан хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар тал),

6. Гэрч Д.Д. мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би хүү А , талийгаач А , ач А  нарын хамт Нарантуул худалдааны төв орж хэрэгтэй зүйлсээ авах гээд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооноос өглөө 08 цагт хүү А ын хар машинтай гэрээсээ гарсан. Тэгээд явж байгаад А ийг цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр 4 дүгээр буудлын автобусны буудал дээр бүтэн эргэх үйлдэл хийтэл ардаас  машин орж ирээд манай машины хажуу бөөр рүү мөргөсөн. ...Талийгаач машины хажууд, газарт дээшээ хараад хэвтэж байсан. Маш их цус гарч байсан. Удалгүй түргэн ирээд талийгаач болон  намайг, бас нөгөө машинаас нэг залуу, нэг эмэгтэйг аваад хөдөлсөн. Эмч нар миний 3 хавирга хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд манай охин М  ирээд талийгаачийг нас барсан гэж хэлсэн. Миний бие зүгээр байгаа, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би талийгаачтай хамт амьдраад 12 жил болсон. Дундаасаа хүүхэд байхгүй. Хөдөө хамтдаа мал малладаг байсан юм. Тухайн үед А  эргэх үйлдэл хийхдээ анхааруулах дохио өгсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр тал),

 

7. Гэрч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өглөө ... өөрийн том хүү Д , бага хүү Д  болон бэр охин А  нарын хамт ...гэрээсээ гарсан. Тэгээд эцсийн буудлаар тойроод доош уруудаад, 4 дүгээр буудлын урдуур гарах гэтэл нэг машин автобусны буудал дээрээс хөндлөн гарч ирээд осол болсон. Хүү Д  машинаа зогсоох гээд тоормос гишгэж байгаа харагдсан. Би тэр машиныг гарч ирсэн гэдгийг хараагүй, анзаараагүй. Маш хүчтэй тоормос гишгээд би урагшаа юм мөргөөд толгойгоо хагалсан. Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлэхэд гарын мах тасарч, толгой хагарсан байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал),

8. Гэрч О.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг 30 минутад ...ах Д , эх М , бэр эгч А  нарын хамт ах Д  машинаа бариад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах гэрээсээ гарсан. Бид эцсийн буудлаар төв зам руу нийлээд доошоо хотын төв рүүгээ уруудаад 4 дүгээр буудал орох гээд явж байтал бидний сууж явсан машины урдуур хар өнгийн жижиг машин шууд дараад бүтэн эргээд ороод ирсэн. ...Тэр үед шоконд ороод их гайхсан. Би машинаас нээх удаагүй буугаад хойд хаалга онгойлгоод ээжийгээ машинаас гаргасан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, миний биед бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Осол гарахад ах Д  согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр машин дохио өгөөгүй, шууд л эргэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дүгээр тал),

9. Гэрч Я.А ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “... Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед Тахилтаас гэрээсээ хадам ээж М , нөхөр Д , хадам дүү Д  нарын хамт T.Mark X маркийн ........... УНР улсын дугаарын автомашинтай гараад 22-ын Сонсголон зах орохоор явж байх үед нэг мэдэхэд түс гэсэн чимээ гараад машинтай мөргөлдөөд шоконд орсон. Тэгээд харахад нэг хар юмтай мөргөлдсөн байх шиг байсан. Буугаад хартал машинтай мөргөлдсөн, хадам ээжийн толгой, гар нь, бас нөхрийн толгой өвдөөд байна гэж байсан. Түргэн ирээд нөгөө машинаас 2 хүн, манай машинаас нөхөр, хадам ээж хоёрыг аваад явсан. Цагдаа нар ирээд хэмжилт хийж зураг дараад байсан. Би хойно суусан байсан болохоор хамгаалах бүс зүүгээгүй. Зам орчны нөхцөл байдлын хувьд хальтиргаа гулгаагүй, цас ороогүй, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би огт бэртэж гэмтээгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал),

10. Гэрч Л.З ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

“... Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө гарсан зам тээврийн ослын талаар мэдэхгүй. Манай найз А  над руу утсаар осол гарч хүн нас барсан талаар хэлсэн. Би А ын багын найз юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр тал),

 

11. Гэрч Л.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн“... Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө гарсан зам тээврийн ослын талаар мэдэхгүй. Манай дүү А  утсаар над руу осол гарч хүн гэмтсэн талаар хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиход А  эгч нас барсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар тал),

 

12. Шүүгдэгч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд:

гэрчээр 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө гэрээсээ аав Д , хойд ээж А , хүү А  нарын хамтаар өөрийн эзэмшлийн, эхнэрийн нэр дээр байдаг Honda Insight маркийн .......... УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон гарсан. Тэгээд хүүхдээ цэцэрлэгт өгөх ёстой байснаа мартаад хотын төв рүү явах тал руу эргэчихсэн. Уг зам дээр эргэх гэхээр нарийхан байсан, эргэж болохгүй гэж бодоод доошоо нилээд уруудаж байгаад автобусны буудал дээр очоод зүүн гарын талын толинд хартал ямар нэг машин харагдахгүй болохоор нь жолоогоо зүүн гар тийш нь дараад эргэтэл гэнэт зүүн гар талаас саарал өнгийн зүйл ороод ирэх шиг болсон. Тэгээд нэг хэсэг шоконд ороод сууж байгаад машинаасаа буугаад хойд талын суудал дээр сууж байсан хүүгээ буулгаад, дараа нь А  эгчийг буулгах гэтэл хойд сандал нил цус болчихсон, ухаангүй байхаар нь өргөөд машинаас буулгаад газарт машиныхаа сандалны дэрийг аваад дээш нь харуулаад хэвтүүлсэн. Ингээд 30 гаран минутын дараа түргэн ирээд талийгаачийг аваад явсан. Би болон манай аав хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Талийгаач манай аавтай хамт амьдраад 7-8 жил болж байгаа. Миний жолоодож явсан машин осол гарахаас өмнө бүрэн бүтэн байсан. Хамгийн сүүлд 9 дүгээр сард оношилгоонд орсон. Талийгаачийн ажил явдал Улаанбаатар хотод болж өнгөрсөн. Миний талаас бүхий л зүйлийг гаргасан. Би хэрэг гарахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Нөгөө машины жолооч бид хоёрыг эмнэлэг дээр драйгер үлээлгэж шалгасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дугаар тал),

-яллагдагчаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

“... Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ маш тодорхой ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй. Энэ ослын улмаас хойд ээж буюу бидэнтэй хамт 10 гаран жил хамт амьдарсан ээж маань нас барсан явдалд маш их харамсаж байна. Манай ээжээс ялгаагүй бидэнд сайн ханддаг хөгшин байсан. Би шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Амь хохирогч нь манай гэр бүлийн хүн, ээж маань байсан учир бид хамтдаа буяны ажлын зардлыг гаргаж, буяны ажлыг сайхан зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн. Би гаргасан алдаагаа ухамсарлаж байна. Зам тээврийн осол анхаарал болгоомж алдах ганц л хоромд гардаг юм байна. Орчноо сайн харалгүй чиг өөрчлөх үйлдэл хийсэндээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дугаар тал),

13. Иргэний хариуцагч Г.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:

“... Би Honda Insight маркийн .......... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай нөхөр Д.А  жолооддог. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр миний эзэмшлийн автомашин аваарт орсон. Би бусдад учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулна. Миний машин дахин хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байгаа. Өөрийн автомашинд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

14. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлд:

 “...толгой, хүзүү, цээж, хоёр гар цусаар бохирлогдсон. Хоёр чихнээс улаан хүрэн өнгийн цус гарсан. Духны зүүн доод хэсэгт зүүн шанааг хамарсан 13х6 см улаан өнгийн зулгаралттай. Зүүн нүдний доод зовхинд хөх өнгийн цус хуралттай. Доод эрүү хугарч зөрсөн, эрүү, дагз, доод мөчдөд сул үүссэн хүүрийн толбо биеийн ард хэсгээр улаан хүрэн өнгөөр бүдэг үүссэн. Зүүн гуяны гадна дээд хэсэгт 5х5 см, урд дээд хэсэгт 3х2 см захаасаа шарлаж шимэгдэж буй хүрэн ягаан өнгийн хуучин цус хуралттай. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2376 дугаартай дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: 2019.10.31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 4 дүгээр буудлын замд Б.А  зам тээврийн осолд орж ГССҮТ рүү явах замдаа нас барсан гэх.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний явц

Цогцосны гадна үзлэгээр тогтоосон гэмтэл, өөрчлөлт, содон шинж тэмдэг:

Зүүн нүдний доод зовхи бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн хацар, шанаа, амны булан бага зэрэг хаван хавдартай, бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, доод уруулын дотор салстад цус хуралттай, зүүн чамархай, шанаа, чихний хэсэг хамарсан 12.5х5.4 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн гуя гадна дээд хэсэгт 5х4 см, урд дээд хэсэгт 3х2 см ногоон шаргал өнгийн цус хуралттай. Хоёр чихний гадна сувгаас цус гарсан, баруун доод 2, 3-р шүдний заагаар эрүү яс хугарч зөрсөн, эмгэг хөдөлгөөнтэй. Зүүн сарвуу долоовор хурууны угт 0.6х0.5 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, эргэн тойрон бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Гавал тархины битүү гэмтэл: Гавлын орой, суурь ясны хугарал. Багана тархины эдийн няцрал. Суурийн зүүн өмнөд тараагуур судасны салаалах түвшингийн цүлхэнгийн хагарал, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, суурь хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Хоёр хажуу ховдол, 3, 4-р ховол дахь шингэн цус. Зүүн чамархай хуйхны дотор хэсэг, ясны хальсны цус хуралт. Доод эрүү, зүүн 6-р хавирганы хугарал. Зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу долоовор хуруунд зулгаралт, цус хуралт.

2. Тархи, уушгины хаван, дотор эрхтний цус эргэлтийн алдагдал.

Дүгнэлт: 1.Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын орой, суурь ясны хугарал, баганы тархины эдийн няцрал, суурийн зүүн өмнөд тараагуур судасны салаалах түвшингийн цүлхэнгийн хагарал, их тархины зүүн тал бөмбөлгийн орой, суурь хамарсан аалзан хальс доорх тархмал цус харвалт, зүүн чамархай хуйх, ясны хальсны цус хуралт, доод эрүү, зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа уруулын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, зүүн сарвуу долоовор хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг болсон хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой амь насанд аюултай шинэ гэмтэл байна. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

3. Талийгаач нь тархины суурийн зүүн өмнөд тараагуур судасны цүлхэн эмгэгтэй байна.

4. Б.А  нь дээр тусгагдсан гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.

5. 2019.10.31-ний өдрийн 14:00 минутын анхны үзлэгээр нас бараад 3-5 цаг болсон байжээ.

6. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна.

7. Б.А гийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй. Ходоодонд дмедрол илрээгүй, хүчтэй хүчил шүлт илрээгүй, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. /шинжээч Б.Ганзориг/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 104-108 дугаар тал),

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5278 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс: Майк 1ш, Плате 1ш, Хүрэм 1ш, Хөхний даруулга 1ш, Өмд 1ш, Гутал 1 хос, Оймс 1 хос, Алчуур 1ш.

Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн:

-Платенд гарсан 5 мм хэмжээтэй гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гэмтэл байна.

-Платенд гарсан 1.5 см, хар хөх урт хүрмэнд гарсан 45 см, 13х7.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ уранхай байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна.

-Ягаан алчууранд гарсан 10х5 мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад тээврийн хэрэгслийн мөр илрэхгүй байна. /шинжээч Ж.Баттулга/ ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 111-114 дүгээр тал),

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 6168 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн зүйл: Хохирогчийн гэх хувцас-8ш

Дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх гутал болон оймсон дээр цус илрээгүй.

2. Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. ABO системээр O /I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. /шинжээч Ж.Оюунаа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 117 дугаар тал),

18. “Хас үнэлгээ” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 405 дугаартай “...Toyota Mark X маркийн, ........... УНР улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын шууд зардлыг 4.038.000 төгрөгөөр, шууд бус зардлыг 10.000 төгрөгөөр, нийт 4.138.000 төгрөгөөр тогтоосон” үнэлгээний тайлан, гэрэл зураг (хавтаст хэргийн 120-123 дугаар тал),

19. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 553 дугаартай дүгнэлтэд:

Осол хэргийн болсон байдал: 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4 дүгээр буудлын замд Х.Инсайт маркийн .......... УНМ дугаарын автомашинтай мөргөлдөж, Х.Инсайт маркийн .......... УНМ дугаарын автомашин дотор зорчиж явсан 51 настай, эмэгтэй Б  овогтой А гийн амь нас хохирсон хэрэгт.

ХАРИУЛТ:

1. Х.Инсайт маркийн .......... УНМ дугаарын автомашины жолооч Д. А  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны нөхцөл байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, “10.13. Дараахь газруудад буцаж эргэхийг хориглоно:

в/. чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Т.Марк Х маркийн ........... УНР улсын дугаартай автомашины жолооч Октбярь овогтой Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Т.Марк X маркийн ........... УНР улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.

4. Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь Х.Инсайт маркийн .......... УНМ улсын дугаарын автомашины жолооч Д. А  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөнөөс шалтгаалсан гэх үндэслэлтэй байна.

5. Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. /Цагдаагийн ахмад Л.Гансүх/ ...”  гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 129 дүгээр тал),

20. “Honda Insight” загварын .......... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн  эзэмшигчээр “Хас банк” бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 26 дугаар тал), “Хас банк”-ны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь (хавтаст хэргийн 40-42 дугаар тал),

21. Шүүгдэгч Д.А аас амь хохирогчийн оршуулгын зардалд төлсөн гэх 1.682.350 төгрөгийн зардлын баримтууд (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал),

22. Шүүгдэгч Д.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 144 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 141 дүгээр тал), Д.А ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (О хувь), гэрэл зураг (хавтаст хэргийн 19 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 145 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 146 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр тал), Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 81, 140 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 142 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 143 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.А т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.А  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4 дүгээр буудлын замд “Хонда-Инсайт” загварын .......... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 10.13-д: Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэснийг тус тус зөрчсөний улмаас О.Д гийн жолоодон явсан “Тоёота марк-Х” загварын ........... УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас өөрийн машинд зорчин явсан зорчигч Б.А гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Д.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д гээс шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, шүүгдэгч Д.А  нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Мөн шүүгдэгч Д.А  нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.А  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08 цаг 55 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4 дүгээр буудлын замд “Хас банк”-ны эзэмшилд бүртгэлтэй “Хонда-Инсайт” загварын .......... УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

-10.1-т заасан “Жолооч чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 10.13-д: Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно:

-а/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн О.Д гийн жолоодон явсан “Тоёота марк-Х” загварын ........... УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчин явсан зорчигч Б.А гийн амь насыг хохироосон үйл баримт нь:

-Замын цагдаагийн газрын дуудлагын “..2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 01 минут 45 секундэд тахилтын 4 дүгээр буудал дээр зам тээврийн осол гарсан тухай” лавлагаа (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 10 цаг 18 минутад Зам тээврийн осол, хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны замд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-13 дугаар тал),

-2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 14-16 дугаар тал),

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Миний эх Б  овогтой А гийн ...сууж явсан тээврийн хэрэгсэл зам дээр бүтэн эргэх үйлдэл хийснээс болж зам тээврийн осол гарсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал), Б.А  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зам тээврийн ослоор нас барсныг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн тухай нас барсны гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 80 дугаар тал),

-гэрч О.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө .............. УНР улсын дугаартай цагаан өнгийн T.Mark X авто машинаа өөрөө жолоодоод хөдөлгөөнд оролцсон. ...4 дүгээр буудал дээр нэг машин дохиогоо өгөхгүй гэнэт урдуур гараад ирсэн. Би тухайн автомашины хажуу тал руу нь мөргөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал),

-гэрч Д.Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А ын хар машинтай гэрээсээ өглөө 08 цагт гарсан. ...4 дүгээр буудлын автобусны буудал дээр бүтэн эргэх үйлдэл хийтэл ардаас машин орж ирээд манай машины хажуу бөөр рүү мөргөсөн. ...Талийгаач машины хажууд, газарт дээшээ хараад хэвтэж байсан. Маш их цус гарч байсан. ...манай охин М  ирээд талийгаачийг нас барсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр тал),

-гэрч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...том хүү Д , бага хүү Д  болон бэр охин А  нарын хамт гараад ...эцсийн буудлаар тойроод доош уруудаад, 4 дүгээр буудлын урдуур гарах гэтэл нэг машин автобусны буудал дээрээс хөндлөн гарч ирээд осол болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал),

-гэрч О.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө ...ах Д , эх М , бэр эгч А  нарын хамт ах Д  машинаа бариад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах гэрээсээ гарсан. Бид эцсийн буудлаар төв зам руу нийлээд доошоо хотын төв рүүгээ уруудаад 4 дүгээр буудал орох гээд явж байхад бидний сууж явсан машины урдуур хар өнгийн жижиг машин шууд дараад бүтэн эргээд ороод ирсэн. ...Тэр машин дохио өгөөгүй, шууд л эргэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дүгээр тал),

-гэрч Я.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед Тахилтаас гэрээсээ хадам ээж М , нөхөр Д , хадам дүү Д  нарын хамт T.Mark X маркийн ........... УНР улсын дугаарын автомашинтай гараад 22-ын Сонсголон зах орохоор явж байх үед нэг мэдэхэд түс гэсэн чимээ гараад машинтай мөргөлдөөд шоконд орсон. Тэгээд харахад нэг хар юмтай мөргөлдсөн байх шиг байсан. Буугаад хартал машинтай мөргөлдсөн байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар тал),

-гэрч Л.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай найз А  над руу утсаар осол гарч хүн нас барсан талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр тал),

-гэрч Л.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Манай дүү А  утсаар над руу осол гарч хүн гэмтсэн талаар хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиход А  эгч нас барсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар тал),

-шүүгдэгч Д.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2376 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 104-108 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5278 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 111-114 дүгээр тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 6168 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 117 дугаар тал), тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 553 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 129 дүгээр тал), “Хас үнэлгээ” ХХК-ний үнэлгээний тайлан, гэрэл зураг (хавтаст хэргийн 120-123 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.А гийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.А ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

Тус зам тээврийн осол хэргийн улмаас иргэн Б.А гийн амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгч О.Д гийн эд хөрөнгөд 4.138.000 төгрөгийн хохирол учирсан.

Эрүүгийн хэрэгт эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдийг хохирол нөхөн төлүүлэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хуулийн зохицуулалттай.

Шүүгдэгч Д.А  нь “Honda Insight” маркийн .......... УНМ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан.

Хэрэгт авагдсан баримтыг үзвэл Д.А  нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг Хас банктай 36 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалсан, улмаар тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчөөр “Хас” банк бүртгэлтэй байх боловч “дээрх тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж ашиглаж байгаа гэх иргэн Г.С г эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд” гэж үзэж иргэний хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна.

Тус хэргийн амь хохирогч Б.А гийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ц.Б  нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар шүүхэд мэдэгдсэн бөгөөд, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хууль ёсны төлөөлөгч Ц.Б гийн “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн баримтыг шүүхэд гаргасан.

Мөн шүүгдэгч Д.А  нь амь хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан гэх 1.682.350 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлжээ. Иймд шүүгдэгч Д.А , иргэний хариуцагч Г.С  нарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн иргэний нэхэмжлэгч О.Д гийн “Тоёота марк-Х” загварын ........... УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Хас үнэлгээ” ХХК нь 4.138.000 төгрөгөөр тогтоосон байх боловч энэ талаар хохирол нөхөн төлөгдсөн гэх баримтгүй, харин иргэний нэхэмжлэгч О.Д гээс мөрдөн шалгах ажиллагаанд “Би автомашинаа янзлалгүй тэр чигээр нь зарсан. Жолооч А тай тохиролцож санал гомдолгүй болсон” гэж мэдүүлсэн, мөн шүүхээс түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдснийг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

3.Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ  “...шүүгдэгч Д.А ын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Д гээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд болгоомжгүйгээр үйлдэгддэг тул шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй, улирлын шинжтэй ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялыг тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Д.А  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас нас барсан амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Д.А ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.

Нөгөө талаас шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэх учиртай бөгөөд, тухайн хэргийн хувьд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Д.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэрийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, ялыг тэнсэж өгнө үү гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч Д.А ын 1064812 дугаартай жолооны эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Боржигон овогт Д. А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.А ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Д.А ын В ангилалын, 1064812 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

   6. Эрүүгийн 1903 0124 60544 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Д.А , иргэний хариуцагч Г.С  нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б д төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч О.Д  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

             7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АЛТАНТУЯА