Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/177

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг,

Хохирогч Б.С-,

Шүүгдэгч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г-д холбогдох эрүүгийн 2038002170172 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Г.

Шүүгдэгч Э.Г- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд хамтран амьдрагч Б.С-ыг нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хромон гутал болон хоолны сэрээгээр цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г- нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.С-аас нэгжний мөнгө нэхэж, хэрүүл маргаан үүсгэсний улмаас Б.С- “өгөхгүй” гэж дээрээс нь дарж хоолойг нь бооход өмсөж байсан гутлаараа баруун, зүүн гарын бугалга хэсэг рүү нь цохиж, индүүний залгуураар зүүн талын ташаа руу нь ороолгож, хоолны сэрээгээр баруун өвдөг рүү нь хатгаж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун өвдгөнд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчоор өгсөн: “...одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. ... 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу шиний хоёрны өглөө 10 цагийн үед гэртээ байхад манай хамтран амьдрагч Э.Г- надаас нэгж авах мөнгө өгөөч гэхээр нь би Э.Г-д чиний хөөрөгний уутанд 3.000 төгрөг байсан биз дээ тэр мөнгөөрөө нэгжээ аваач гэж хэлтэл чи миний 10.000 төгрөгийг авсан, би тэр мөнгөө авья гэхээр нь би өгөхгүй гэсэн юм. Түүнээс болж бид хоёрын дунд хэрүүл гарсан. Тухайн үед Э.Г- гэрийн зүүн талын орон дээр хэвтчихээд миний хор шар хүргэсэн юм яриад, уур хүргээд байхаар нь би дээрээс нь дарж байгаад хоолойг нь хальт боосон юм. Тэгтэл Э.Г- босож ирээд өөрийнхөө хромон гутлаараа намайг цохиж зодсон. Би тэр үед цагдаа дуудлаа шүү амь авраарай гэх зэргээр зориуд орилсон. Тэгээд хүн орж ирэхгүй болохоор нь дүү рүүгээ утсаар ярьж хэлчихээд гэрээсээ гарч гүйгээд арынхаа айлд орж хэсэг байж байгаад буцаад гэртээ орсон. Гэртээ ортол Э.Г- миний баруун хөлийн өвдөг рүү хоолны сэрээгээр хатгаж гэмтээсэн. Тэр үед манай төрсөн дүү Б- нөхөр хүүхэдтэйгээ орж ирээд цагдаад дуудлага өгчихсөн юм. Э.Г- миний хор шар малтаад хүний уур хүргээд хэвтээд байхаар нь очоод хоолой дээр нь хальт дарж авсан. Тэгтэл Э.Г- уурлаж босож ирээд өөрийнхөө хромон гутлаараа миний баруун гарын булчин, сарвууны ар хэсэг, мөн зүүн гарын булчин зэрэг газруудаар хэд хэдэн удаа цохисон. Дараа нь индүүний залгуураар зүүн талын ташаа руу нэг удаа ороолгож, хоол иддэг амны сэрээгээр баруун өвдөг рүү нэг удаа хатгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 10-11 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаартай: “1. Б.С-ын биед баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, баруун өвдгөнд шарх бүхий гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаандаа үүсгэгджээ. 3. Б.С-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр над руу эгч Б.С- залгаад уйлсан байдалтай намайг Э.Г- зодсон гэж хэлсэн. Тухайн үед би айлд байсан учраас гарч байгаад яръя гэж хэлсэн. Тэгээд тэр газраасаа гараад гэртээ очоод эгчийн гэрт шууд очсон чинь эгч уйлсан байдалтай намайг Э.Г- зодсон гээд гар, хөл нь хөхөрсөн байж байсан. Харин Э.Г- гэртээ байхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Өмнө нь зодож байсан талаар би мэднэ. Зөндөө л зодож би очиж байсан. Эгч цагдаад өгөхөөр өөрөө болиулах нэг бол цагдаад өгүүлдэггүй юм. Айгаад байдаг юм уу эсвэл өрөвдөөд байдаг юм шиг байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  • Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 47-50 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн эхнэр Б.С-ын биед гэмтэл учруулснаа бүрэн хүлээн зөвшөөрч өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Бургас багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/,
  •  Шүүгдэгч Э.Г-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/,
  • Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-33 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Э.Г- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.Г- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Г-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.С- нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт “...ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Э.Г- нь хохирогчтой “...эмчилгээ болон холбогдох зардлыг тухай бүрт нь гаргасан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, талууд эвлэрсэн” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 34-35/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 29/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-33/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчоос уучлалт гуйсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүгдэгчид “...400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар Мөрөн сумын “Хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д хийлгэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Э.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ