Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 36

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р баг, Түргэний 6-04 тоотод оршин суух, НП76072561 регистрийн дугаартай, Хамнигин овогт Гомбын Өсөхбаярын хүсэлттэй “Баасанжавын Мөнхбаярыг бусдын асрамжинд байсныг тогтоолгох, мөн Баасанжавтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Өсөхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Өсөхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2009 оноос эхлэн Рэнцэнгийн Баасанжавтай хамт амьдрах болсон. Улмаар 2016 оны 05 сарын 26-ны өдөр бидний дундаас хүү Мөнхбаяр төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Хэрлэн сумын 3-р баг Түргэний 6-04 тоотод амьдарч хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Баасанжав нь 2016 оны 12 сарын 19-нд өвчний улмаас нас барсан. Нийгмийн даатгалын сангаас хүү Мөнхбаярт тэжээгчээ алдсны тэтггэмж тогтоолгох гэсэн боловч Баасанжав бид хоёрыг албан ёсоор гэрлэлтийн баталгаагүй учир шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Баасанжав нь захиргааны журмаар эцэг тогтоолгон хүүгээ өөрийнхөө нэр дээр гэрчилгээг нь авсан байгаа. Гэвч бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учир Баасанжав нь өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулж чадаагүй байсан. Иймээс хүү Мөнхбаярыг 2016 оны 05 сарын 26-наас 2016 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл талийгаач Р.Баасанжавын асрамжинд байсныг тогтоох, мөн нийгмийн даатгалын байцаагч бид хоёрыг хамтран амьдарч байснаа тогтоолгох хэрэгтэй гэсэн учир 2009 оноос 2016 оны 12 сарын 19-нийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Өсөхбаярын нэхэмжлэлтэй “хүү Баасанжавын Мөнхбаярыг Р.Баасанжавын асрамжинд байсныг тогтоолгох, мөн Баасанжавтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Өсөхбаяр нь талийгаач Рэнцэнгийн Баасанжавтай 2009 оноос хойш хамт амьдарч байсан бөгөөд хамтын амьдралтай байх хугацаандаа буюу 2016 оны 05 сарын 26-ны өдөр хүү Б.Мөнхбаярыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар, эцэг тогтоосон тухай лавлагаа, гэрч С.Энхболд, Г.Баянмөнх нарын мэдүүлгээр батлагдаж байна.

Иймээс 2016 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн хүү Баасанжавын Мөнхбаяр нь талийгаач Р.Баасанжавын асрамжинд байсан, мөн нэхэмжлэгч Г.Өсөхбаяр нь Рэнцэнгийн Баасанжавтай 2009 оноос 2016 оны 12 сарын 19-ний өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох  хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, 135.2.14-т зааснаар 2016 оны 05 сарын 26-ны өдөр төрсөн хүү Баасанжавын Мөнхбаярыг талийгаач Рэнцэнгийн Баасанжавын асрамжинд байсныг, мөн нэхэмжлэгч Гомбын Өсөхбаяр, Рэнцэнгийн Баасанжавтай хамтын амьдралтай байсныг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Өсөхбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.БАЙГАЛМАА