Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0084

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Х.Нарангуа,

шүүгдэгч Г.Е  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Боржигин овогт Г.Е г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0558 31765 дугаартай, нэг хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Г.Е  нь Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, БҮК-ийн 7-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн ........тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2  дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан (РД:...............).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Е  нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ........тоотод байрлах иргэн Л.М ын байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 105.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Е  мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0558 31765 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1. Хохирогч Л.М ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн:

 “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13-14 цагийн үед зуны байшингаа шалгатал хаалга хэвийн мөртлөө модон цонх онгойж дэлгэгдсэн, цонхыг нь хажуу талд нь аваад тавьчихсан байдалтай байхаар нь хаалгаа цоожоор нь онгойлгоод дотогш орж үзтэл 2 ширхэг суудлын автомашины аккумлятор ...алга болчихсон байхаар нь цагдаад мэдэгдэх гэсэн боловч хадам ээж Ц гийн бие өвдөөд байсан учир онгорхой байсан байшингийнхаа цонхыг гадна талаас нь төмрөөр дарж, хадаж тагалчихаад хадам ээжийгээ гэр рүү нь хүргэж өгөхөөр явсан. Буцаж Баруун салаанд байрлах гэртээ ирээд орой 19-20 цаг болж байхад цагдаагийн 102 дугаар руу залгаж, гэрт хулгай орсон талаар мэдээлэл өгч мэдэгдсэн. Үүний дараа цагдаа нар ирж үзлэг шалгалт хийсэн. Алдагдсан аккумляторууд нь ATLAS брэндийн 60 болон 45 ампертай улаан болон шар өнгийн бариултай байсан. ... Би уг алдагдсан аккумляторуудаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүрэн бүтэн хүлээж авсан. 60 ампертэй аккумляторыг 2017 онд 150.000 төгрөгөөр, 45 ампертай аккумляторыг 2017 онд 100.000 төгрөгөөр авсан. ... Нагац дүү Г.Е  надад ямар нэгэн байдлаар утсаар огт хэлж мэдэгдээгүй. Хэрэв тийм байсан бол би юу гэж цагдаа сэргийлэх болох билээ. Алдагдсан 2 ширхэг 60 болон 45 ампертай аккумляторыг Г.Е  захиран зарцуулах эрх байхгүй. Миний өөрийн эзэмшлийн эд хөрөнгө байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

-2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн:

“... Би эхлээд Баруун салааны зуны сууцанд хулгайч орсон гэж цагдаад өргөдөл өгөөд шалгуулж байсан. Тэгтэл миний төрсөн дүү О ийн хүүхэд Е  цонхоор ороод миний хоёр ширхэг аккумляторыг авсан байна. Е  миний байшингаас хулгай хийсэн нь буруу. Миний сууцанд намайг байхгүй хойгуур нууцаар ороод миний хоёр ширхэг аккумляторыг авч захиран зарцуулах эрх байхгүй. Би дүүдээ ямар нэгэн гомдол санал, нэхэмлэх зүйл байхгүй. Хоёр ширхэг аккумлятороо буцааж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

2. Иргэний нэхэмжлэгч С.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байх, өглөө 10-11 цагийн орчим 20-28 орчим насны, нөгөө нь 30-40 орчим насны хоёр эрэгтэй хүн ирээд 2 ширхэг 45 болон 60 ампертэй аккумляторыг барьж ирсэн. Хоорондоо ярилцахдаа арай ахимаг насны эрэгтэйг нь Б  гэж нэрээр дуудаад байсан. 20-28 орчим насны эрэгтэй 2 ширхэг аккумлятор авах уу гэж асуухаар нь би авахгүй, дараа нь хэл ам болдог гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу энэ миний өөрийн аккумляторууд байгаа юм, та авчихгүй юу гэхээр нь итгээд 2 ширхэг 45 болон 60 ампертай аккумляторыг нэгийг 5000 төгрөгөөр бодож, нийт 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг хоёр залуугийн царайг харвал шууд танина. Б г нь би өмнө нь харж байсан. Манай түүхийн эдийн цэгт шил лааз зөөж өгдөг залуу байсан санагдаж байна. Нөгөө залууг нь харж байгаагүй. Надад харуулж байгаа фото гэрэл зураг дээрх хүн нь 2 ширхэг аккумляторыг Сонгинохайрхан дүүргийн түүхий эд авах цэгт ирж зарсан хүний нэг мөн байна. Манай түүхий эдийн цэгт хяналтын камер байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

3. Гэрч Б. М гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байх, 13-14 цагийн үед Баруун салааны Бумбатын рашааны орчим архи уугаад яваад байдаг 25-30 орчим насны залуу, Е  гэгч нь ...үүргэвчтэй цүнх үүрсэн байдалтай орж ирсэн. Манай хүү Б  наадханд чинь юу байгаа юм гэж асуухад Е  үүргэвчнээсээ 1 ширхэг суудлын автомашины хар өнгийн дөрвөлжин аккумлятор гаргаж ирсэн. Тэгээд Е  “үүнийг зарж архи ууя, хоёулаа хамт тушаачихаад ирье” гээд манай хүү Б д хэлээд тэр хоёр гэрээс гараад явсан. Түүхий эд авах газар руу явсан байх, хэсэг хугацааны дараа тушаасан мөнгөөрөө архи авлаа гээд ороод ирсэн. Би нэг шил архийг нь далд хийсэн. Б , Е  хоёр нэг шил архи хувааж уугаад тасраад унтсан. Маргааш өглөө нь Е г босгоод, хоол өгчихөөд, би Е г “чи яасан их архи уудаг юм, манай хүүхдийг архинд оруулах гээд уруу татаад байх юм” гээд гэрээсээ хөөгөөд явуулсан. Уг өдрийн орой  21 цагийн үед цагдаа “Б  гэж хүн байна уу” гэж асууж орж ирээд, манай хүүг унтаж байхад нь “босоод ир, уулзъя” гээд дагуулаад гэрээс гарсан. Удалгүй хүү Б  гэртээ эргэж орж ирээд надад “нөгөө Е  чинь М  ахын гэрт хулгайгаар ороод автомашиных нь аккумляторыг хулгайлж авч ирээд зарчихсан юм байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

4. Гэрч А.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн:

“... Би 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан хуваарийн дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 24 цагийн хугацаатай гүйцэтгэж байсан юм. Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэлд шуурхай очиж ажиллаж байсан. Тус өдөр авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын амны орчим явж байхад тус хорооны оршин суугч байсан, 45-50 орчим насны эрэгтэй хүн надад “тус хорооны Бумбатын рашааны орчим архины хамааралтай этгээд болох Б  нь ойрын үед их архи хэрэглэж байгаа, мөн 2-3 хоногийн өмнө цахилгааны утас барьчихсан явж байсан” гэж хэлж мэдэгдсэн. Гэр бүлийн хүчирхийллийн болон согтуу хүн агсам тавиад байна гэж байнга дуудлага өгч байдаг Бумбатын 1-2 тоотод оршин суух Б  байж болзошгүй гэж бодоод түүний гэрийн хаягаар орой 20 цагийн орчим очиж шалган,  М гийн Б тэй уулзаж “чи ямар цахилгааны утас хаанаас авч зараад байгаа юм бэ” гэж асуухад “юун цахилгааны утас вэ, би Е тэй хамт явж аккумлятор л зарсан шүү дээ” гэж хэлэхээр нь “тэр аккумлятороо яасан” гэж асуусан чинь “Е  2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байх, өдрийг нь санахгүй байна, манай гэрт өдөр ирсэн, ирэхдээ үүргэвчин дотор 1 ширхэг суудлын  автомашины аккумлятор авч ирээд, бид хоёр Баруун салааны түүхий эд авдаг цэгт уг 1 ширхэг аккумляторыг тушаагаад архи ууя” гэж хэлэхээр нь хамт тушаахаар явж Баруун салааны түүхий эд авах цэгт өгөөд архи аваад уусан талаар хэлсэн. Тэгээд Е г хаана байгаа талаар асуухад Д гийн гэрт Баруун салааны Нумтын аманд байгаа, хаягийг нь хэлж мэдэхгүй байна гэхээр нь Б г дагуулаад Д  гэгчийн гэрийн хаягийг заалган очиход Е  нь тэдний гэрт архи уусан байдалтай байсан. 2019 оны 10 дугаар сард аккумлятор алдагдсан гэмт хэрэг бүртгэгдсэн талаар хоногийн гэмт хэргийн дуудлага мэдээлэл шалгаж үзэхэд дэслэгч Д д 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нумтын амны 2-6 тоотын иргэн М ын байшингаас аккумлятор алдагдсан талаар гэмт хэрэг бүртгэгдсэн байсны дагуу Д тай холбогдон хамтран ажилласан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

5. Гэрч Ё.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“... Г.Е г манай хөрш М ын эгчийнх нь хүүхэд гэдгээр таньж мэддэг. Сүүлд 2019 оны 10 дугаар сарын дундуур, өдрийг нь санахгүй байна, Е  “М  ах гэртээ ирсэнгүй, гражинд нь хоночихлоо” гэж хэлээд манай гэрт орж ирж байсан. Манайд орж ирэхдээ 2 мөртэй үүргэвчтэй байсан, дотор нь 2 ширхэг суудлын автомашины 60 ампертай хар өнгийн аккумлятор, нөгөө нь жижиг аккумлятор байсан. Е  “ах М ын гражинд байхаар нь авчихсан, унааны мөнгө болгох гээд тушаавал авах болов уу, түүхий эдийн цэг дээр буюу Баруун салааны эцсийн доохон талд байрлалтай түүхийн эдийн цэгт тушаая, хамт явъя, хэд болох нь уу” гэхээр нь би хамт явсан. Уг нэг ширхэг 60 ампертай, хар өнгийн аккумляторыг 10.000 төгрөгөөр өгчихлөө гэж хэлээд гарч ирсэн. Нөгөө аккумлятороо өөрөө үүрээд авч явсан. Харин тушаасан мөнгөөрөө нэг тамхи, 0.33 литрийн архи аваад, архийг нь Е  бид хоёр гудамжинд сууж байгаад уучихсан. Би Е гээс М  ах чинь мэдэж байгаа юу гэж асуухад болноо болно, М  ах өөрөө мэдэж байгаа гэж яриад байхаар нь би болж байгаа юм байна гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

6. Гэрч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 25-ны хооронд байх, рашааны урд талд Е  надтай 08 цагийн үед таарсан. Надаас сайн уу ах, тамхи байна уу гэж асуухаар нь би ороодог байна гэж хэлээд цааш явсан. Надтай таарсан өдрийн маргааш өглөө 10-11 цагийн үед М ын дүүгийн хүүхэд гэх 25-30 орчим насны Е  гэгч нь үүргэвчтэй цүнх үүрсэн байдалтай орж ирсэн. Манай ээж  М  “наадханд чинь юу байгаа юм” гэж асуухад Е  гэгч залуу үүргэвчнээсээ суудлын автомашины хар өнгиийн дөрвөлжин аккумлятор нэгийг гаргаж ирээд “үүнийг зарчих газар байна уу, архи ууя, хоёулаа хамт тушаачихаад ирье” гээд надаас гуйгаад байхаар нь би хамт явсан. Би “наадах чинь танай ахын автомашины аккумлятор мөн үү” гэсэн чинь “тиймээ мөн” гэж хэлэхээр нь “зарж болох юм уу” гэхэд “энэ аккумлятор ажиллахгүй байгаа юм чинь яадаг юм” гэж хэлсэн. Түүхий эд авах газар руу очоод өгөхөд 5000 төгрөг болсон. Тушаасан мөнгөөрөө 1 шил 0.5 литрийн архи аваад манай гэрт очиж уусан. Энэ үед Е  өөрийнхөө ээжтэй утсаар яриад манай ээжийн дансаар дамжуулаад 20.000 төгрөг аваад дэлгүүр орж хоёр шил архи авсан ба, хувааж уугаад тасраад унтсан. Маргааш өглөө нь би босгоод Е д хоол өгсөн. Е г манай ээж  М  “чи яасан их архи уудаг юм бэ, манай хүүхдийг архинд оруулах гээд уруу татаад байх юм” гээд гэрээсээ хөөгөөд гаргаж явуулсан юм. Уг өдрийн орой 21 цагийн үед цагдаа “Б  гэж хүн байна уу” гэж асууж орж ирээд намайг унтаж байхад “босоод ир, уулзъя” гээд гэрээс дагуулаад гарсан. Надаас Д ийн гэр нь хаана вэ гэж асуухаар нь би зааж өгсөн. Тэнд Е  байсан учир цагдаа нар аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

7. Шүүгдэгч Г.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 08 цагийн орчим Улиастайд байдаг М гийн гэрээс гараад шууд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Нумтын аманд байдаг ээжийн ах буюу нагац ах М ын гэрт онцын шалтгаангүй очиход М  ах гэртээ байхгүй, гэр нь түгжээтэй байхаар нь зуны байшингийн цонхыг рамаар нь салгаж газар тавиад, дотогшоо ороод ATLAS брэндийн том, жижиг хоёр ширхэг аккумляторыг авч, нэгийг нь цүнхлээд, нэгийг нь бариад доошоо Б  ахын гэрт очоод “хоёр аккумлятор байна, миний аккумлятор байгаа юм, хоёулаа зараад архи уучихъя” гэхэд тэгье гэхээр нь бид хоёр түүхий эд зардаг газар очоод хоёуланг нь 10.000 төгрөгөөр зараад, мөнгөөр нь архи уусан. Ингээд дараа нь цагдаа нар намайг бариад цагдаагийн хэлтэс дээр авчирахаар нь би үнэнээ хэлээд аккумлятор зарсан газраа зааж өгөөд, цагдаа нар аккумляторыг хурааж авсан. Надад тэр хоёр аккумляторыг захиран зарцуулах эрх байхгүй. Би М  ахынд хонох зорилготой байсан. Тэгээд гэртээ байхгүй болохоор нь ганцаараа орж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),

8. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-9 дүгээр тал),

9. ATLAS брэндийн улаан өнгийн, 60 ампертай аккумлятор 1 ширхэг, ATLAS брэндийн шар өнгийн бариултай, 45 ампертай аккумлятор 1 ширхэгийг тус тус иргэн С.О ээс хураан авч, хохирогч Л.М т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10 дугаар тал),

10. “Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19/218 дугаартай “...2017 онд авсан, суудлын автомашины 60 амперын аккумлятор 1 ширхэгийг 60.000 төгрөгөөр, 2017 онд авсан 45 амперын аккумлятор 1 ширхэгийг  45.000 төгрөгөөр тус тус үнийг тогтоосон...” тухай үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

11. Гэрч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“...Е  нь бага насаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололд эцэг, эхийн гар дээр өнгөрөөсөн. Ирээдүй цогцолбор сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Эхнэр, хүүхэдтэй байж байгаад салсан. Одоо ганц бие байгаа. Ааш зангийн хувьд их зөв хүүхэд байгаа юм. Уг нь багаасаа зөв хүмүүжилтэй хүүхэд байсан. Өөрийгөө болгоод ажил төрөл хийгээд явдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

12. Гэрч Л.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн:

“...Е  бага насаа 1 дүгээр хорооллын байшин урлалын хоёрдугаар комбинатын нийтийн байранд өнгөрөөгөөд 1 дүгээр ангидаа 1 дүгээр хороолын 83 дугаар сургуульд орж суралцаад Ирээдүй цогцолбор 8 дугаар ангийг төгссөн. Миний хүү барилгын туслах ажил хийж байсан. Эхнэр, хүүхэдтэй байж байгаад салсан. Одоо надтай хамт амьдарч байгаа. Сүүлийн үед архи уугаад байдаг болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

13. Шүүгдэгч Г.Е гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбарууд (хавтаст хэргийн 67-71, 111-115 дугаар тал), Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал (хавтаст хэргийн 107-110 дугаар тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 117 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн албан тоот (хавтаст хэргийн 82 дугаар тал), “Хас банк”-нд данс эзэмшдэггүй тухай албан тоот (хавтаст хэргийн 85 дугаар тал), түүний Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 88-94 дүгээр тал), яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж (хавтаст хэргийн 57 дугаар тал) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Е д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Г.Е  нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ........тоотод байрлах иргэн Л.М ын байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 105.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, яллагдагчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Е  нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байрь суурьтай оролцохоо илэрхийлсэн бөгөөд өмгөөлөлдөө хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Е гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Е  нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ........тоотод байрлах иргэн Л.М ын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч буюу цонхны рамыг салгаж, гэрт нь орж  хоёр ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 105.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч Л.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “... 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13-14 цагийн үед зуны байшингаа шалгатал хаалга хэвийн мөртлөө модон цонх онгойж дэлгэгдсэн, цонхыг нь хажуу талд нь аваад тавьчихсан байдалтай байсан. ...хаалгаа цоожоор нь онгойлгоод дотогш орж үзтэл 2 ширхэг суудлын автомашины аккумлятор алга болчихсон байсан. ...Алдагдсан аккумляторууд нь ATLAS брэндийн 60 болон 45 ампертай улаан болон шар өнгийн бариултай байсан. ... Би уг алдагдсан аккумляторуудаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүрэн бүтэн хүлээж авсан. ... Нагац дүү Г.Е  надад ямар нэгэн байдлаар утсаар огт хэлж мэдэгдээгүй. Хэрэв тийм байсан бол би юу гэж цагдаа сэргийлэх болох билээ. Алдагдсан 2 ширхэг 60 болон 45 ампертай аккумляторыг Г.Е  захиран зарцуулах эрх байхгүй. Миний өөрийн эзэмшлийн эд хөрөнгө байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал) болон түүний дахин өгсөн “...миний төрсөн дүү О ийн хүүхэд Е  цонхоор ороод миний хоёр ширхэг аккумляторыг авсан байна. Е  миний байшингаас хулгай хийсэн нь буруу. ...миний хоёр ширхэг аккумляторыг авч захиран зарцуулах эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

-гэрч Б. М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Е  гэгч нь ...үүргэвчтэй цүнх үүрсэн байдалтай орж ирсэн. Манай хүү Б  наадханд чинь юу байгаа юм гэж асуухад Е  үүргэвчнээсээ 1 ширхэг суудлын автомашины хар өнгийн дөрвөлжин аккумлятор гаргаж ирээд, “үүнийг зарж архи ууя, хоёулаа хамт тушаачихаад ирье” гээд манай хүү Б д хэлээд тэр хоёр гэрээс гараад явсан. ...Удалгүй хүү Б  гэртээ эргэж орж ирээд надад “нөгөө Е  чинь М  ахын гэрт хулгайгаар ороод автомашиных нь аккумляторыг хулгайлж авч ирээд зарчихсан юм байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

-гэрч А.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б тэй уулзаж “чи ямар цахилгааны утас хаанаас авч зараад байгаа юм бэ” гэж асуухад “юун цахилгааны утас вэ, би Е тэй хамт явж аккумлятор л зарсан шүү дээ” гэсэн. “тэр аккумлятороо яасан” гэхэд Е  ...үүргэвчин дотор 1 ширхэг суудлын автомашины аккумлятор авч ирээд, бид хоёр Баруун салааны түүхий эд авдаг цэгт уг 1 ширхэг аккумляторыг тушаагаад архи ууя” гэж хэлэхээр нь хамт тушаахаар явж Баруун салааны түүхий эд авах цэгт өгөөд архи авч уусан талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

-гэрч Ё.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Е  “М  ах гэртээ ирсэнгүй, гражинд нь хоночихлоо” гэж хэлээд манай гэрт орж ирсэн, орж ирэхдээ үүргэвчтэй байсан, дотор нь 2 ширхэг суудлын автомашины 60 ампертай хар өнгийн аккумлятор, нөгөө нь жижиг аккумлятор байсан. Е  “ах М ын гражинд байхаар нь авчихсан, унааны мөнгө болгох гээд, ...түүхийн эдийн цэгт тушаая, хамт явъя” гэсэн. ...аккумляторыг 10.000 төгрөгөөр өгчихлөө гэж хэлээд гарч ирсэн. ...Би Е гээс М  ах чинь мэдэж байгаа юу гэж асуухад болноо болно, М  ах өөрөө мэдэж байгаа гэж яриад байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),

-гэрч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Е  гэгч нь үүргэвчтэй цүнх үүрсэн байдалтай орж ирсэн. Манай ээж  М  “наадханд чинь юу байгаа юм” гэж асуухад Е  гэгч залуу үүргэвчнээсээ суудлын автомашины хар өнгиийн дөрвөлжин аккумлятор нэгийг гаргаж ирээд “үүнийг зарчих газар байна уу, архи ууя, хоёулаа хамт тушаачихаад ирье” гээд надаас гуйгаад байхаар нь би хамт явсан. Би “наадах чинь танай ахын автомашины аккумлятор мөн үү” гэсэн чинь “тиймээ мөн” гэж хэлэхээр нь “зарж болох юм уу” гэхэд “энэ аккумлятор ажиллахгүй байгаа юм чинь яадаг юм” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),

-иргэний нэхэмжлэгч С.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...хоёр эрэгтэй хүн 2 ширхэг 45 болон 60 ампертэй аккумляторыг барьж ирсэн. ...миний өөрийн аккумляторууд байгаа юм, та авчихгүй юу гэхээр нь итгээд 2 ширхэг 45 болон 60 ампертай аккумляторыг нэгийг 5000 төгрөгөөр бодож, нийт 10.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

-шүүгдэгч Г.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ...нагац ах М ын гэрт онцын шалтгаангүй очиход М  ах гэртээ байхгүй, гэр нь түгжээтэй байхаар нь зуны байшингийн цонхыг рамаар нь салгаж газар тавиад, дотогшоо ороод ATLAS брэндийн том, жижиг хоёр ширхэг аккумляторыг авч, нэгийг нь цүнхлээд, нэгийг нь бариад доошоо Б  ахын гэрт очоод “хоёр аккумлятор байна, миний аккумлятор байгаа юм, хоёулаа зараад архи уучихъя” гэсэн. ...бид хоёр түүхий эд зардаг газар очоод хоёуланг нь 10.000 төгрөгөөр зараад, мөнгөөр нь архи уусан. ...Надад тэр хоёр аккумляторыг захиран зарцуулах эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал), хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-9 дүгээр тал), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10 дугаар тал), “Мастер үнэлгээ” ХХК-ний үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 44-45 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.Е  нь мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хангалттай тогтоогдсон байна. Уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн садан төрлийн хамаарал бүхий хүний гэрт эзэнгүй үед нь хууль бусаар нэвтэрсэн, мөн хэдийгээр хохирогчтой төрөл садан боловч хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших эрх түүнд олгогдоогүй талаар хохирогчоос мэдүүлсэн болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Е г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Г.Е  нь хохирогчийн гэрээс хулгайлсан хоёр ширхэг аккумляторыг хоёрдогч түүхий эдийн цэгт борлуулсан байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь С.О ээс хураан авч хохирогч Л.М т биет байдлаар нь буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогч Л.М т төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Г.Е гээс 10.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.О т олгох нь зүйтэй байна.  

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Е  нь өөрийн өмгөөлөлдөө “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг  гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Е  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2 удаа ял шийтгүүлж байсан байх ба, сүүлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан байх ба, түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Е д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Е г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.Е н “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Г.Е  нь 2018 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт ял шийтгүүлж, түүнд шүүхээс хорихоос өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг эдэлж дууссан байгаа боловч дахин үргэлжлүүлэн 2019 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нийгэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй зэрэг хувийн байдал байх тул түүнд шүүх хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

4.Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Есүйхэйгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 (дөчин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх эсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Г.Е г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Е г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Есүйхэйгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 (дөчин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн 1908 0558 31765 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.М т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Е гээс 10.000 (арван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.О т олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Е д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Е д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.АЛТАНТУЯА