| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0075/Э |
| Дугаар | 0086 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 0086
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Лодой овогт Ж.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0370 01289 дугаартай, нэг хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Лодой овогт Ж.Г нь Монгол улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..........” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны ..........тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:............).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан байх үедээ 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны ..........тоотод байх гэртээ эхнэр Я.Б тэй маргалдаж, түүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүч хэрэглэн халдаж, биед зүүн мөр, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ:
2019 оны 7 дугаар сарын 01-ний өглөө манай гэрт ээж, ах, эгч нар маань ирсэн. Би ээжиийг Хархорин зах явна гэхээр 100.000 төгрөг өгье гэхэд эхнэр уурлаж бид маргалдсан. Тэгээд би уурлаад эхнэрээ сандлаар цохисон. Эхнэр маань өөрийгөө хамгаалах гээд надад халдсан гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0370 01289 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:
1. Хохирогч Я.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“... Би нөхөр Г тай 2008 онд гэр бүл болж, Булган аймгийн Могод суманд амьдарч байгаад 2015 онд Улаанбаатар хотод ирсэн. Дундаасаа 9-10 насны хүү, охин хоёртой. 2019 оны 6 дугаар сарын 30-ны орой нөхөр Г гэртээ ирээгүй, гадуур хоночихоод 2019 оны 7 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн орчим нилээн согтсон байдалтай орж ирж унтсан. Тэр үед хөдөөнөөс Г ийн ээж, эгч, ах нар ирж манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ......тоотод ирчихсэн байсан. 11 цаг болж байхад ээж Ч , эгч С , Ц нар нь явлаа гэсэн чинь Г сэрээд ээждээ 100.000 төгрөг өгнө гэхээр нь би дургүйцэж, “маргааш банкны зээл төлнө шүү дээ” гэсэн чинь Г “чамд хамаагүй” гэхээр нь би уур хүрээд юм хэлээгүй. Г “С эгч нэг шил архи аваад өгчих” гэж хэлэхээр нь би “хамт дагаж яваад Хар хорин дээр үлдэхгүй юу, тэнд байгаа архичидтай архи уухгүй юу” гэж хэлсэн чинь Г уурлаж босож ирээд хуванцар 2 литрийн айрагтай сав над руу шидсэн. Тэгээд намайг орон дээр үсдэж унагаагаад сандлаар цохисон. Тэгж байтал эгч С гийн нөхөр Ц дундуур орж салгасан. Тэр үед Г ийн хамраас цус гарчихсан, нойлын өрөө рүү орохоор нь би гэрээс гарч утсаараа цагдаа дуудах гэтэл араас Г гарч ирээд газраас чулуу аваад над руу шидсэн. Тэр чулуу миний баруун өгзөг орчим оносон. Би 102 дугаарт дуудлага өгөөд удалгүй цагдаа ирээд Г ийг аваад явсан. Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгосон. Миний биед учирсан гэмтлийг нөхөр Г сандлаар цохиж учруулсан. Г намайг зодохоор нь би өөрийгөө хамгаалж, Г ийг түлхэж ганц нэг удаа цохисон, хөлөөрөө цээж, нүүр рүү нь түлхэж, нүүрийг нь хумсаараа маажсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр хамт амьдарч байгаа. Би өөрийн биед учирсан гэмтэлд өвчин намдаах эм уусан. Өөр эмчилгээ хийлгээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал),
-2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн:
“... Миний биед манай нөхөр Г гэмтэл учруулсан. Би өөрөө өөрийнхөө биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулсан зүйл огт байхгүй. Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтэд өөрөө өөрийнхөө биед гэмтэл учруулах боломжтой гэж дүгнэлтэд тусгасан байсан. Гэхдээ би ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл учруулаагүй. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133 дугаар тал),
2. Гэрч Ч.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 6 дугаар сарын 30-наас 01-нд шилжих шөнө би хөдөөнөөс орж ирээд эхнэр С , Ч нар Г ийн гэрт Баянхошуунд ирчихсэн байна гэхээр нь шөнө 01 цагийн орчим очиж хоносон. Өглөө унтаж байгаад сэрээд, хадам ээж, эхнэр хоёрын хамт Хархорин зах руу явах гээд тэдний жижиг өрөөнд гутлаа өмсөх гээд сууж байтал эмэгтэй, эрэгтэй хоёр хүн чанга дуугарах чимээ том өрөөнөөс гарсан. Төд удалгүй хадам ээж “Г , Б хоёр хоорондоо зодолдоод, хэрэлдээд байна, чи ороод салгаадах” гэхээр нь би том өрөөнд ортол Б ийн үс нь сэгсийчихсэн, Г ийн нүүр, хувцас нь цус болчихсон, Г Б ийн цамцных нь энгэр орчмоос зуурчихсан байдалтай харагдсан. Тухайн үед сандраад шууд дундуур нь орж салгаад Г ийг угаалгын өрөө рүү оруулж цусыг нь угаалгасан. Б ийг гэрээс гарч бай гээд гаргасан. Г угаалгын өрөөнөөс цусаа угаачихаад гэрээс гарч яваад удалгүй орж ирээд Б байхгүй байна гэж хэлсэн. Тэгж байтал цагдаа хүрээд ирсэн. Б ийг Г зодсон. Эмэгтэй хүн яаж эрэгтэй хүнийг дийлж зодох юм. Б өөрийнхөө биеийг хамгаалж Г ийг гар хөлөөрөө цохисон юм шиг байна лээ. Б Г т архи дарс уулаа гэж уурлаж байсан. Мөн банкны зээл төлөх хугацаа болж байна, мөнгө төгрөг гээд юм ярьж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дүгээр тал),
3. Гэрч Ж.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 22-
ны өдөр өгсөн:
“... 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би ээж Ч гийн хамт Булган аймгаас ирээд дүү Г ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ......тоотод очсон юм. Тэднийд очиход Г гэртээ ирчихээд буцаад гараад явсан. Тэр шөнө гэртээ ирж хоноогүй, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өглөө 06 цагийн орчим архи уучихсан согтуу орж ирж унтаад 12 цаг болох гэж байхад сэрсэн. Манай нөхөр Ц бас шөнө ирж хоносон. Эхнэр Б нь Г т уурлаж “чи архи уулаа, архи уух гээд байгаа юм бол Хархорин зах дээр байдаг архичин нартай очиж архи уугаач” гэж хэлсэн чинь Г уурлаж, хуванцар сандал аваад Б рүү шидэхэд Б ийн зүүн мөр орчим оносон. Б уйлаад “яадаг юм, чи дандаа архи уудаг биз дээ, гэр орондоо ирж хонохгүй, банкны зээл болох гээд байхад чи ээжид мөнгө өгөх гээд байх юм” гэж уурласан. Тэгсэн чинь Г “чамд хамаагүй, дуугүй бай, би ээжид мөнгө өгөхөд яадаг юм, манай гэрийнхэн ирчихсэн байхад чи яахаараа мөнгө төгрөг гэж уурлаж янз бүр болдог юм” гэж хэлээд Б ийг цамцнаас нь зуурч аваад гараараа цохиход Б тухайн үед нүүр рүү нь самардаж, зодуулахгүй гэж зууралдсан. Тэр хооронд ээж манай нөхөр Ц ийг жижиг өрөөнөөс дуудаж, тэр хоёрыг салгаад Г ийг угаалгын өрөө рүү оруулж, Б ийг гэрээс гарч бай гэж хэлээд гаргасан. Г гадагш гараад буцаж орж иртэл төд удалгүй цагдаа нар орж ирээд Г ийг аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр тал)
4. Шүүгдэгч Ж.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 24-
ний өдөр яллагдагчаар өгсөн:
“... Би 2019 оны 7 дугаар сарын 01-ний өглөө айлд хоночихоод 06 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны ......тоот дахь гэртээ очиход хөдөөнөөс ээж Ч , эгч С , хүргэн ах Ц нар ирчихсэн байсан. Би архи уучихсан байсан болохоор шууд унтсан. Ээж, эгч, ах нар 11 цагийн орчим явлаа шүү гэхээр нь би сэрж том өрөөндөө орсон. Ээж хөдөөнөөс ирсэн байсан болохоор гарын юм өгч чадахгүй гээд 150.000 төгрөг өгчихье гээд эхнэр Б т хэлсэн чинь уурлаж “маргааш банкны зээл төлөх гэж байгаа биз дээ, мөнгө хүрэхгүй байхад” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд хамаагүй, би өгнө” гээд 150.000 төгрөг өгсөн чинь эхнэр Б “чи хоногоор явж архи уулаа, архи уух гээд байгаа юм бол наад ээж, ах, эгч нарыгаа дагаж яваад Хархорин захын орчим уудаг архичидтай нийлээд архи уугаач” гэж хэлэхээр нь би уурлаж, гарт баригдсан айрагтай, ундааны жижиг хуванцар сав аваад Б рүү шидэхэд оноогүй. Тэгэхээр нь урд байсан жижиг хуванцар сандал аваад шидэж, мөр орчмыг нь онож, тэр сандлаар цохисон. Мөн үснээс нь зулгааж орон дээр дарж байгаад “чи дуугүй бай” гэсэн чинь өөдөөс гараараа миний нүүр, амыг хумсаар урсан. Би Б ийг дараад цохих гэж байхад өөрийгөө хамгаалж намайг цохисон. Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Ээж, эгч, ах нарынхаа хажууд эхнэрээ зодсон нь миний буруу. Хуульд заасан хариуцлагыг хүлээнэ. Би Б тэй гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. Гэр бүлийн маргаан байдаг хэдий ч Б ийг өмнө нь зодож цохиж байгаагүй. Миний ээж, эгч, ах нар ирсэн байхад намайг хүндлэхгүй, янз бүрийн юм ярьж, Хархорин захын архичидтай нийлж архи уу гэж доромжилсон болохоор нь зодсон юм. Хүргэн ах Ц жижиг өрөөнөөс гарч ирж салгасан. Миний хамраас цус гараад намайг угаалгын өрөөнд оруулсан. Би угаалгын өрөөнд хамрынхаа цусыг арччихаад гэрээс гартал Б цаана зогсож байхаар нь газраас чулуу аваад шидэхэд өгзөг орчим нь оносон. Б хашаанаас гараад хойш гүйгээд яваад өгсөн. Удалгүй цагдаа дагуулаад ороод ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр тал),
-2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн:
“... Миний биед учирсан гэмтэл нь эхнэр Б ийг зодож байхад Б надад учруулсан гэмтэл юм. Би шинжээч эмчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8269 дугаартай дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн байдлаар өөрөө өөртөө гэмтэл учруулсан зүйл огт байхгүй. Би Б ийн биед зүүн мөр, зүүн шуунд, зүүн бугалганд гэмтэл учруулсан. Өөрөө өөртөө энэ гэмтлийг учруулаагүй, би зодсон. Буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Миний буруу. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8270 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн бугалганы гадна дээд хэсэгт 17х9.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай, 7х0.1 см, 4х0.1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн мөрөнд 8х5.5 см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн шууны дотор дээд хэсэгт 2.5х2 см хөх ягаан өнгийн цус хуралттай.
Дүгнэлт: “... Я.Б ийн биед зүүн мөр, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөр, зүүн шуунд цус хуралт гэмтэл нь тус тус гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч М.Аригуунтөгс/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22 дугаар тал),
6. Шинжээч Ц.А ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“... Шинжээч эмч Аригуунтөгс хөлөө хугалчихсан ажлаа хийхгүй байгаа. Я.Б ийн биед “зүүн мөр, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт” гэмтэл нь байрлалаар авч үзвэл хүн өөрийн гар хүрэх боломжтой байрлалаар үүссэн, гэхдээ хүний нөхцөл байдлыг мэдэхгүй болохоор мөрдөгчийн асуултад өөрөө өөртөө учруулах боломжтой гэж хариулсан. Я.Б , Ж.Г ийн биед учирсан гэмтлүүд нь бусдын гараар үүсэх боломжтой гэмтлүүд юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дугаар тал),
7. Я.Б ийн бие махбодид учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
8. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 37-38 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 39-47 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 57-58 дугаар тал),
9. Шүүгдэгч Ж.Г ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 26 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 85 дугаар тал), 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Г т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байх үедээ 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны ..........тоотод байх гэртээ эхнэр Я.Б тэй маргалдаж, түүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүч хэрэглэн халдаж, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ж.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Ж.Г т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Хэргийн үйл баримт, гэрлэлтийн гэрчилгээнээс үзвэл шүүгдэгч Ж.Г , хохирогч Я.Б нар нь 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэр бүл болсон, 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч Ж.Г , хохирогч Я.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Шүүгдэгч Ж.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байх үедээ 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны 09 дүгээр гудамжны 09 тоотод байх гэртээ эхнэр Я.Б тэй тухайн үед үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, усны сав болон чулуу авч шидэх, үсдэх, сандлаар бие рүү нь цохих зэргээр зодож, биед нь зүүн мөр, зүүн шуунд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч Я.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Г ...ээждээ 100.000 төгрөг өгнө гэхээр нь би дургүйцэж, “маргааш банкны зээл төлнө шүү дээ” гэсэн чинь Г “чамд хамаагүй” гэсэн. Г “С эгч нэг шил архи аваад өгчих” гэж хэлэхээр нь би “хамт дагаж яваад Хар хорин дээр үлдэхгүй юу, тэнд байгаа архичидтай архи уухгүй юу” гэж хэлсэн чинь Г уурлаж босож ирээд хуванцар 2 литрийн айрагтай сав над руу шидсэн. Тэгээд намайг орон дээр үсдэж унагаагаад сандлаар цохисон. ...цагдаа дуудах гэтэл араас Г гарч ирээд газраас чулуу аваад над руу шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар тал) болон түүний дахин өгсөн “... Миний биед манай нөхөр Г гэмтэл учруулсан. Би өөрөө өөрийнхөө биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулсан зүйл огт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 133 дугаар тал),
-гэрч Ч.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хадам ээж “Г , Б хоёр хоорондоо зодолдоод, хэрэлдээд байна, чи ороод салгаадах” гэхээр нь би том өрөөнд ортол Б ийн үс нь сэгсийчихсэн, Г ийн нүүр, хувцас нь цус болчихсон, Г Б ийн цамцных нь энгэр орчмоос зуурчихсан байдалтай харагдсан. ...Б ийг Г зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дүгээр тал),
-гэрч Ж.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б нь Г т уурлаж “чи архи уулаа, архи уух гээд байгаа юм бол Хархорин зах дээр байдаг архичидтай очиж архи уугаач” гэж хэлсэн чинь Г уурлаж, хуванцар сандал аваад Б рүү шидэхэд Б ийн зүүн мөр орчим оносон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр тал),
-шүүгдэгч Ж.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Б “чи хоногоор явж архи уулаа, архи уух гээд байгаа юм бол наад ээж, ах, эгч нарыгаа дагаж яваад Хархорин захын орчим уудаг архичидтай нийлээд архи уугаач” гэж хэлэхээр нь би уурлаж, гарт баригдсан айрагтай, ундааны жижиг хуванцар сав аваад Б рүү шидэхэд оноогүй. Тэгэхээр нь урд байсан жижиг хуванцар сандал аваад шидэж, мөр орчмыг нь онож, тэр сандлаар цохисон. Мөн үснээс нь зулгааж орон дээр дарсан. ...Хархорин захын архичидтай нийлж архи уу гэж доромжилсон болохоор нь зодсон юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр тал) болон дахин яллагдагчаар өгсөн “... Би Б ийн биед зүүн мөр, зүүн шуунд, зүүн бугалганд гэмтэл учруулсан. Өөрөө өөртөө энэ гэмтлийг учруулаагүй, би зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8270 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 22 дугаар тал), шинжээч Ц.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 137 дугаар тал), Я.Б ийн бие махбодид учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг (хавтаст хэргийн 36 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 37-38 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 39-47 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 30 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 57-58 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шинжээчийн 8270 тоот дүгнэлтэд хохирогч Я.Б өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой талаар дүгнэсэн ба, энэ талаар тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч Ц.А оос тодруулахад ”Я.Б ийн биед учирсан гэмтлийг байрлалаар нь авч үзвэл хүн өөрийн гар хүрэх боломжтой байрлалаар үүссэн, гэхдээ хүний нөхцөл байдлыг мэдэхгүй болохоор мөрдөгчийн асуултад өөрөө өөртөө учруулах боломжтой гэж хариулсан байна. Я.Б ийн биед учирсан гэмтлүүд нь бусдын гараар үүсэх боломжтой гэмтлүүд юм. ...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 137 дугаар тал), нөгөө талаас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Я.Б ийн бие махбодид шүүгдэгч Ж.Г гэмтэл учруулсан болох нь хэргийн газар байсан гэрч нарын мэдүүлэг болон хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ж.Г нь гэр бүлийн харилцаатай эхнэр Я.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Ийнхүү шүүгдэгч Ж.Г ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Я.Б ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэсэн, улмаар гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол буюу ээждээ мөнгө өгнө, өгөхгүй гэх, мөн архичидтайгаа нийлж архи уу гэж доромжилсон гэх зэрэг үл ойлголцлын улмаас гэмт хэрэг гарчээ.
Иймд шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Г ийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Харин тус хэрэгт шүүгдэгч Ж.Г ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан тухай шинжээчийн 8269 тоот дүгнэлт гарсан байх ба, уг асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлыг нягтлахаар хэргийг прокурорт буцаасан ба, уг асуудлыг шалгахад хохирогч Я.Б нь шүүгдэгч Ж.Г т зодуулах явцдаа өөрийгөө хамгаалах зорилгоор түүний эсрэг хийсэн үйлдлийн улмаас Ж.Г ийн биед гэмтэл учруулсан байна. Өөрөөр хэлбэл хохирогчоос өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалт байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ж.Г т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хянан шийдвэрлэсэн болно.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.Г нь хохирогч Я.Б ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Я.Б нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ж.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ж.Г нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Ж.Г т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ж.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Г ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лодой овогт Ж.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1908 0370 01289 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Я.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА