Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 777

 

Б.Б, Г.М, Ц.З нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.С,

нарийн бичгийн дарга Л.Мөнхцэцэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 606 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.С-ийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Г.М, Ц.З нарт холбогдох 201726030540 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ө овгийн Б-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................... ........... коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эмэг эхийн хамт ............. дүүргийн .. дугаар хороо, ........... 3 дугаар гудамж, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ............/;

2. Б овгийн Г-ийн М, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ......... дүүргийн .. дугаар хороо, ............ 31 дүгээр гудамж, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ................./;

3. Б овгийн Ц-ийн З, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” хүнсний үйлдвэрт ажилладаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ....... дүгээр гудамж, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ.............../;

Б.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 4-86 тоот хашааны гадна И.Э-ийн нүүр лүү цохиж, эрүүл мэндэд нь үүдэн дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Г.М, Ц.З нар нь бүлэглэн, согтуугаар 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 4-86 тоот хашааны гадна нийгмийн хэв журмыг зөрчин, И.Э, М.Ц нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, М.Ц-ийг “Самсунг”, “Эл Жи” загварын гар утаснуудын дэлгэцийг хагалж, гэмтээн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.М, Ц.З нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, Г.М, Ц.З нарт холбогдох хэргийг хянавал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5270, 5271 шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Э-ийн “...Намайг М, З, Б гэдэг 3 хүүхэд зодсон. М гэдэг хүүхэд нь миний баруун хөмсөг хэсэг рүү гараараа 1 удаа цохиж, мөн дух руу толгойгоороо мөргөж газар унагаасан. З, М хоёр хоёулаа нийлээд намайг газарт унасан байхад тус тусдаа 2-3 удаа өшиглөсөн. Б бол хамгийн сүүлд ганцаараа ирээд миний шүд рүү гараараа 1 удаа цохиж, шүд хөдөлгөөд тэр шүд нь 10 гаран хоногийн дараа уначихсан" гэсэн мэдүүлэг, хохирогч М.Ц-ийн "... Би араас нь татаад хамт газар унаад миний уруул хэсэг рүү тохойгоороо цохисон нь М гэдэг хүүхэд болохыг сүүлд мэдсэн. Харин цээж рүү өшиглөсөн нь З гэдэг хүүхэд байсан... Харин М гэдэг хүүхэд миний уруул руу тохойгоороо цохисноос болж миний уруул язарч үүдэн шүд сулраад хөдөлгөөнтэй болчихсон" гэсэн мэдүүлгүүдийг дүгнэж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн аль шинжийг агуулж буйг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж зүйлчлэн ирүүлэх шаардлагатай байна.

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Б.Б, Г.М, Ц.З нарыг нэг цаг хугацаанд гэмт холбогдсон талаар бичсэн атлаа, тус тусдаа хохирогч нарт хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн мэт хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, тус тусад нь өөр өөрөөр зүйлчилсэн нь огт ойлгомжгүй, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Б.С бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 606 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг бичив. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч И.Э-ийн “... М гэдэг хүүхэд миний баруун хөмсөг хэсэгт гараараа 1 удаа цохиод, дух хэсэг рүү мөргөөд газарт унагаасан. Намайг газарт унасан байхад М хамт зогсож байсан 1 найзтайгаа нийлээд миний хөл болон бие рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед хүргэн ах Ц манай гэрээс гарч ирээд М-ийг татаж газарт хамт унасан... Тэд нарыг гүйгээд явсны дараа Б гэдэг хүүхэд нь ...миний шүд рүү гараараа хүчтэй 1 удаа цохиод авсан...”, хохирогч М.Ц-ийн “...Энхтайваныг зодож байсан 2 хүүхдийн 1 хүүхдийг нь би араас нь татаж газарт хамт унасан. Тэгээд бид хоёр хоорондоо ноцолдоод газраас хоёулаа босох гэж байхад Э-ийг зодож байсан нөгөө хүүхэд нь над дээр ирээд миний цээж рүү өшиглөөд дахиад унагаачихсан. Ингэж унах үед миний уруул хэсэгт эхэлж надтай ноцолдсон залуу тохойгоороо 1 удаа цохиод тэгээд тэр хоёр зугатаачихсан” гэсэн мэдүүлэг болон гэрч Э.Далайгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5270, 5271 тоот дүгнэлтүүд, Б.Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар иргэн И.Э, М.Ц нарт Г.М, Ц.З нар нь хүч хэрэглэн бүлэглэн зодож, зодохдоо тэдний халаасанд байсан гар утаснуудын дэлгэцийг хагалж, гэмтээн уг гэмт хэрэг төгссөний дараа Б.Б нь ганцаараа уг хэрэг гарсан газарт И.Э-ыг цохиж, үүдэн 1 дүгээр шүдний булгарал бүхий гэмтлийг учруулсан болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх Б.Б нь ганцаараа И.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн байхад уг хохирогчийг өмнө нь зодсон Г.М, Ц.З нартай бүлэглэж үйлдсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан бөгөөд хэргийн оролцогч нараас урьдчилсан хэлэлцүүлэгт зүйлчлэл, гэм буруугийн талаар ямар нэг санал, хүсэлт, гомдол гаргаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж гэм бурууд шууд дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг зөрчиж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн яллах дүгнэлтийг бичсэн байхад шүүх “зүйлчлэлийг үндэслэлгүй” гэж дүгнэхдээ энэ нь яллах дүгнэлт шаардлага хангахгүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Иймд Б.Б, Г.М, Ц.З нарт холбогдох хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна...” гэв.      

                                                       ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Б, Г.М, Ц.З нар нь бүлэглэн хохирогч И.Э, М.Ц нарыг зодсон хэргийн үйл баримт тогтоогдож байхад Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Г.М, Ц.З нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

Иймд хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул прокурор Б.С-ийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.