Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0492

 

Н.А нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Н.А, Ш.Д, О.М, Б.С, Д.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Д, хариуцагч П.Н, хариуцагчийн өмгөөлөгч У.Х, гуравдагч этгээд Б.М, М.Э, Э.Д, Ч.О нарыг оролцуулан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Н.А нарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр:

“...Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтыг тус тус баримтлан Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаартай Ш.Д-г ажлаас чөлөөлөх тухай, Б/13 дугаартай Н.А-г ажлаас чөлөөлөх тухай, Б/14 дугаартай О.М-г ажлаас чөлөөлөх тухай, Б/15 дугаартай Б.С-г ажлаас чөлөөлөх тухай, Б/16 дугаартай Д.Б-г ажлаас чөлөөлөх тухай, Б/17 дугаартай Ж.Б-г Хужирт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай, Б/18 дугаартай Э.Д-г Агуйт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай, Б/19 дугаартай Б.М-г Рашаант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай, Б/20 дугаартай М.Э-г Жаргалант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай, Б/21 дугаартай Ч.О-г Булган багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Д-г Хужирт /2/ багийн Засаг даргын, Н.А-г Агуйт /3/ багийн Засаг даргын, О.М-г Рашаант /4/ багийн Засаг даргын, Б.С-г Жаргалант /5/ багийн Засаг даргын, Д.Б-г Булган /6/ багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нарын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 80 өдрийн цалинтай тэнцэх олговор 14967040 /арван дөрвөн сая есөн зуун жаран долоон мянга дөчин/ төгрөгийг Булган сумын Засаг даргаас гаргуулан Ш.Д-д 2971920 /хоёр сая есөн зуун далан нэгэн мянга есөн зуун хорин/ төгрөг, Н.А-д 2958000 /хоёр сая есөн зуун тавин найман мянган/ төгрөг, О.М-д 2955840 /хоёр сая есөн зуун тавин таван мянга найман зуун дөчин/ төгрөг, Б.С-д 3010400 /гурван сая арван мянга дөрвөн зуун/ төгрөг, Д.Б-д 3070880 /гурван сая далан мянга найман зуун наян/ төгрөгийг тус тус олгож ...” шийдвэрлэжээ.

Хариуцагч Булган аймгийн Булган сумын Засаг даргын өмгөөлөгч У.Х заалдах гомдолдоо:

“...Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 12 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх Ш.Д, Н.А, О.М, Б.С, Д.Б нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын Засаг дарга П.Н-д холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13, Б/14, Б/15, Б/16, Б/17, Б/19, Б/20, Б/21 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны едрийн 12 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний тухайд

Тус шүүх хуралдаан дэгийн дагуу явагдаагүй, хэргийн оролцогч нар нь шүүхийн хэлэлцүүлэг эхэлсний дараа шинээр нотлох баримт гаргаж өгсөн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар шүүх хуралдаан товлохоос өмнө нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй гэх заалтыг зөрчсөн байна. Нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөхдөө хүндэтгэн үзэх шалтгаан дурдаагүй, захиргааны хэрэг үүссэний дараа ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтаа гаргаж өгөх боломжтой байтал хуульд заасан үүргээ биелүүлээгүй байхад Булган аймгийн анхан шатны шүүх нотлох баримтыг хүлээн авч захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн тус шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг өмгөөлөгч У.Х-д танилцаагүй, танилцах боломжоор хангаж өгөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрх, үүргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-1-д зааснаар нотлох баримттай танилцах, боломжит хугацаагаар хангуулах эрхийг Булган аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл шинээр гаргаж өгсөн нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэх, хэрэгт хамааралтай эсэх гэх мэт захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасныг тус тус зөрчин өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтад дүгнэлт өгөх, мэтгэлцэх боломжоор хангаж өгөөгүй нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч О.М, Ш.Д, гуравдагч этгээд Э.Д нарт мэдэгдсэн боловч тэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, эдгээр оролцогч нарт эрх үүрэг болон нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материалтай танилцуулсан, өмнө нь шүүхэд тайлбараа ирүүлсэн зэргийг харгалзан тэднийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд харшлах зүйлгүй гэж үзсэн болно” гэж дүгнэжээ.

Тус дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Өөрөөр хэлбэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараар эвлэрэх боломжтой байсан. Эвлэрэх боломжтой байсан учраас нэхэмжлэгчийг зайлшгүй оролцуулах ёстой байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх боломжоор нэхэмжлэгч О.М, Ш.Д нартай эвлэрэх боломжийг шүүх хангаж өгөөгүй, хэргийн оролцогч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 20.1.2-д “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан эрхийг эдлүүлээгүй буюу хариуцагчид эвлэрэх боломжоор хангаж өгөөгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага нь хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэж маргаж буй үйл баримт, захиргааны актын хууль зүйн үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхыг шаарддаг.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Булган сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” Б/02 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Н.А-г 3 дугаар Агуйт багийн, О.М-г 4 дүгээр Рашаант багийн, Б.С-г 5 дугаар Жаргалант багийн, Д.Б-г 6 дугаар Булган багийн Засаг даргаар тус тус, Ш.Д-г 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар 2 дугаар Хужирт багийн Засаг даргын албан тушаалд томилсон байна.

Гэтэл хариуцагч Булган сумын Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох ...” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нарыг засаг даргын албан үүргийг гүйцэтгэх бүрэн эрхийн хугацаа дууссан гэж үзэн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар Ш.Д-г, Б/13 дугаар захирамжаар Н.А-г, Б/14 дүгээр захирамжаар О.М-г, Б/15 дугаар захирамжаар Б.С-г, Б/16 дугаар захирамжаар Д.Б-г тус тус тухайн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б/17 дугаартай захирамжаар Ж.Б-г Хужирт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, Б/18 дугаартай захирамжаар Э.Д-г Агуйт багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, Б/19 дугаартай захирамжаар Б.М-г Рашаант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, Б/20 дугаартай захирамжаар М.Э-г Жаргалант багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр, Б/21 дугаартай захирамжаар Ч.О-г Булган багийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр тус бүр түр томилжээ.

Үүнийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч багийн иргэдийн нийтийн хурлаас шинээр багийн Засаг даргыг сонгож, томилуулах шийдвэр гараагүй байхад биднийг бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрлөх эрхэд халдсан гэж тайлбарлан “Булган сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн Б/12, Б/13, Б/14, Б/15, Б/16 болон гуравдагч этгээд нарыг ажилд түр томилсон Б/17, Б/18, Б/19, Б/20, Б/21 захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гарган маргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж зааснаар багийн Засаг даргыг чөлөөлөх тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэх боловч тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэсэн байх хуулийн шаардлагыг тусгайлан зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Булган сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/335 албан бичгээр “...2020 оны Орон нутгийн сонгууль явагдсанаас хойш Булган сумын Ачуут, Хужирт, Агуйт, Рашаант, Жаргалант, Булган багуудын иргэдийн Нийтийн Хурал өнөөдрийг хүртэл хуралдаагүй” гэсэн лавлагаа бүхий тодорхойлолт гаргасан ба хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа тус сумын 1-6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд хандаагүй, тус Хурлаас энэхүү асуудлаар аливаа тогтоол, шийдвэрийг хүргүүлээгүй нь нотлогдож байх тул анхан шатны шүүхийн “шинээр багийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан хүн тодроогүй байхад албан үүргээ гүйцэтгэж байгаа багийн Засаг дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн сумын Засаг даргын шийдвэр хууль бус” гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр дээрх нотлох баримтад Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан олон нийтийг хамарсан хурал цуглаан зохион байгуулахыг хориглосон тул багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй гэсэн байх боловч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх засаг төрийн төлөөлөгчийн хувьд нутгийн өөрийн удирдлагад тухайн багийн иргэдийн оролцоо болон Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах үүднээс нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Нийтийн Хурлын саналыг зайлшгүй авсан байх шаардлагыг үгүйсгэхгүй.

Иймд нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн Булган сумын Засаг даргын захирамжууд хуульд тусгайлан тавигдсан шаардлагыг хангалгүйгээр гаргасан шийдвэр болох нь тогтоогдож байх ба тэрхүү шийдвэрүүдэд үндэслэн гуравдагч этгээд нарыг томилсон захиргааны актууд мөн хууль зүйн үндэслэлгүй болох учир маргаан бүхий актуудыг хүчингүй болгож, улмаар нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн буюу шүүх хуралдаан товлон зарласны дараагаар нотлох баримт бүрдүүлсэн, нотлох баримттай танилцуулах эрх болон хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэх боломжоор хангаагүй хэмээн тайлбарлаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж зааснаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ нь хэргийн үйл баримт, маргааны үндэслэл зэргээс хамааран тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар шүүх зөвхөн хуралдаан товлон зарлахаас өмнө цуглуулсан байхыг шаардахгүй.

Хэрэгт авагдсан Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл давж заалдах гомдолд тайлбарлаж буй нотлох баримтыг хүлээн авч шийдвэрлэсэн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч оролцсон бөгөөд нотлох баримт шинжлэн судлах үе шатанд хариуцагчийн өмгөөлөгчийн саналын дагуу хэрэгт авагдсан бүх баримтыг шинжлэн судалсан ба хариуцагчийн өмгөөлөгчөөс өөр этгээд тусгайлан нотлох баримт шинжлэн судлуулах хүсэлт гаргаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн өмгөөлөгчөөс эвлэрэн хэлэлцэх санал гаргасанд нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүх хуралдаан завсарлаж, нэхэмжлэгч нар хэргийн шүүхээр хянан хэлэлцүүлэхээр хариу өгч, эвлэрэн хэлэлцэх саналыг хүлээж аваагүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 болон 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй бөгөөд уг маргааныг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл энэ талаар хэргийн оролцогчид харилцан тохиролцоогүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй.

Нөгөөтээгүүр, хариуцагч Булган сумын Засаг дарга дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Булган сумын Хужирт, Агуйт, Рашаант, Жаргалант, Булган багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналд үндэслэн гаргах ёстой бөгөөд нэхэмжлэгч багийн Засаг дарга нарын бүрэн эрхийн 4 жилийн хугацааг хуульд зааснаар дууссанд тооцох биш, дараагийн багийн Засаг даргыг томилоход энэхүү шаардлагыг хангуулах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Булган сумын Засаг даргын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн  захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА