Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00544

 

Л.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

            Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 156/ШШ2017/00626 дугаар шийдвэр,

            Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 226/МА2017/00027 дугаар магадлалтай,

            Л.А-гийн нэхэмжлэлтэй,

            Ж.Б-т холбогдох

         Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Л.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2016 оны 06 сарын 14-ний өдөр мотоцикльтой явж байгаад Ж.Б-ын жолоодож явсан машинд мөргүүлж, зүүн гар зулгарсан шарх, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл гэж Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 15-ны өдрийн 123 дугаар дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж тогтоогдсон боловч ослоос хойш байнга толгой өвдөж, нойргүйдэж, юм мартдаг болсон. Иймд би байнга эм уудаг, надад 1,800,000 төгрөгөөр тогтохгүй хохирол учирсан. 2016 оны 12 дугаар сарын 23-ны 04 тоот шүүхийн шийдвэрээр гэм хорын хохирол нэхэмжилж, 212,200 төгрөг гаргуулахаар болсон. Одоо үүнээс хойш бие сайжрахгүй байсаар байна. Улаанбаатар хот руу тархины нарийн шинжилгээ /тодосгогч бодистой томографик/ өгөхийн тулд зээл 2,300,000 төгрөгийг Төрийн банкнаас авч шинжилгээнд явж зарцууллаа, өмнө нь мөнгөгүй учраас явж чадахгүй байлаа. Одоо амьжиргааны эх үүсвэр байхгүй болоод байна. Иймд Ж.Б-аас 1,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ж.Б-ын шүүхэд гаргасан тайлбарт: Л.А-гийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй байх тул энэхүү тайлбарыг гаргаж байна. 2016 оны 06 сарын 14-ний өдөр би зам тээврийн осол гаргаж, Л.А-г мотоцикльтой явж байхад мөргөсөн нь үнэн боловч тухайн үед гэмтэл авахаар сүйдтэй осол болоогүй юм. 2016 оны 6 сараас хойш Л.А- холбоо бариагүй шүүхээр дамжуулаад л надтай холбогдсон. Одоо банкнаас авсан тэтгэврийн зээлээ надаар төлүүлэх тухай бичсэн нэхэмжлэл нь миний учруулсан гэм хороос үүдэлтэй гарсан зардал биш байх тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна. Надад гаргаж өгөх нотлох баримт байхгүй бөгөөд хөдөө орон нутагт ажилтай байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 156/ШШ2017/00626 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар 505.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б-т холбогдох, эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.                  

          Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 226/МА2017/00027 дугаар магадлалаар: Л.А-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Л.А-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би 2016 оны 06 сарын 14-ний өдөр мотоцикльтой явж байгаад дөрвөн замаар хойшоо нэвт гарах гээд явж байсан. Тухайн үед анхааруулах 4 шар гэрэл анивчиж байсан. Намайг уулзвараар ороход гэрлэн дохионы хажууд машин гэнэт гарч ирсэн. Тэгэхээр нь би баруун гар тал руу жолоогоо дарсан боловч замын гол зураасны хойд ирмэг хүртэл мөргөгдсөн. Толгой халуун оргиод, дүнгэнээд байсан. Гэтэл 1 машин ирж 2 согтуу хүн гарч ирээд яваад өгсөн. Энэ хүн Ж.Б- байсан юм билээ. Тэгээд би цагдаа дуудсан. Тэр цагдаа камераар шалгаад, намайг эмнэлэгт үзүүлээд ир гэсэн. Эмч үзээд тархи хөдөлсөн байна гэсэн бичиг хийж  өгсөн. Түүнийг нөгөө цагдаадаа аваачиж өгсөн ба хэд хоногийн дараа тэр цагдаа 1 бичиг авч ирээд гарын үсгээ зур гэсэн. Тэр нь шүүх эмнэлгийн дүгнэлт байсан юм билээ. Дүгнэлтэд баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл, баруун гар шалбарсан гэж мэдүүлэг өгснөөс болж хөнгөн гэмтэл гэж гарсан. Тухайн үед цагдаа дагуулж явж шинжээч эмчид үзүүлэх байсан. Ж.Б- нь эрүүгийн ахлах дэслэгч н.Эрхэмбаатартай ах дүү 2 болж манайхаар очсон. н.Эрхэмбаатарт “дүү чинь хохирлоо барагдуулаагүй байна” гэхэд бид ах, дүү биш ээ гэсэн. Жил гаруй хугацаанд эмчлүүллээ. Урьд нь чих шуугидаг байсан ба үүнээс болж толгой өвддөг байсан нь үнэн. Ж.Б-т мөргүүлснээс болж ухаан алддаг болсон. Удаа дараа ухаан алдаж байгаа нь үнэн. Тухайн үед болсон ослын зураг, камерийн бичлэгийн тайлбар зэргээр намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

         Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

       Нэхэмжлэгч Л.А- хариуцагч Ж.Б-т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 06 сарын 14-ний өдөр зам тээврийн осол гаргаж Л.А-г мотоцикльтой явж байхад мөргөсөн нь үнэн боловч 1,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь ослоос үүдэлтэй гарсан хохирол биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Л.А- 2016 оны 06 сарын 14-ний өдөр мотоцикльтой явж байгаад Ж.Б-ын жолоодож явсан машинд мөргүүлж, зүүн гар зулгарсан шарх, баруун мөрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба энэ дүгнэлтэд Л.А- гомдол гаргаагүй байна.

         Нэхэмжлэгч Л.А- компьютер томографийн шинжилгээ хийлгэ гэсэн эмчийн бичгийн дагуу 2017 оны 01 сарын 25-ны  өдөр уг  шинжилгээг  хийлгэж, төлбөрт 300,000 төгрөг төлсөн, 2017 оны 02 сарын 01-ний өдөр тархины судасны бичлэг хийлгэсэн, 2017 оны 03 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос  Хэнтий аймагт ирсэн тухай үйл баримт тогтоогдсон ба талууд энэ тухайд маргаагүй байна. /хх 6, 9, 12/

        Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтын шалтгаант холбооны нөхцлийг тайлбарлан хэрэглэж чадаагүй, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

           Зам тээврийн ослын дараа эмчийн заавраар нэхэмжлэгчийн хийлгэсэн шинжилгээ, эмчилгээнд осол гарахаас өмнө түүний толгой өвддөг, нойргүйддэг, ядардаг байсныг хамааруулан тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл муутай, гэм хор учруулснаас  хариуцлага хүлээх үүргээс чөлөөлөгдөх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан нөхцөл үүсээгүй байна.

             Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтад үндэслэн  компьютер томографийн шинжилгээнд 300,000 төгрөг, тархины цахилгаан бичлэг 28,500 төгрөг, хот хоорондын зорчих тасалбар 13,200 төгрөг, нийт 341,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

        Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 226/МА2017/00027 дугаар магадлал, Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 156/ШШ2017/00626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас гэм хорын хохиролд 341,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,458,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Б-аас 10,901 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Нэхэмжлэгч Л.А- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

                              ШҮҮГЧ                                                      Д.ЦОЛМОН