Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 0106

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Зулаа хөтлөн,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч М.А , түүний өмгөөлөгч Б.Баттулга /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2814/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Боржигин овогт М.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0430 51653 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт М.А  нь Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 5 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, тус хорооны 4 дүгээр гудамжны ..........тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:.........).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.А  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны ..........02 тоотод оршин суух иргэн Э.Б гийн өвлийн байшинд орж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung Note 5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0430 51653 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд:

-Хохирогч Э.Б гээс “танай гэрээс 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гарч ирсэн гэх хүнийг та ямар шинж тэмдэг, онцлогоор таних вэ” гэхэд “...Тухайн залуу тухайн өдөр богино ханцуйтай, нимгэн фудволктой, доогуураа ногоон алаг өнгийн олон халаастай өмдтэй, хар өнгийн гуталтай, 40-45 орчим насны, бор царайтай, ...зүүн гарын шууны ар хэсэгт байх,...түлэнхийн сорвитой байсан, ...тухайн залууг царай болон зүүн гарын сорвиор нь шууд танина гэх ба, М.А ыг танигдах хүмүүсийн дунд дуртай байрлалаа эзлэхийг хэлэхэд М.А  би танигдах хүмүүсийн дунд зүүн гар талаас 3-д зогсоно гэсний дагуу 3 гэсэн дугаар өгч танигдах хүмүүсийн дунд зүүн талаасаа 3-д зогсоож гэрэл зургаар бэхжүүлж авав.

-Хохирогч Э.Б д танигдах хүмүүсийг үзүүлж, “танай гэрээс 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гарч ирсэн залуу энэ хүмүүс дунд байна уу, хэрэв байвал та уг хүнийг зааж, ямар содон шинж тэмдгээр нь таньж байгаа талаараа хэлнэ үү гэхэд “...хохирогч Э.Б  нь манай гэрээс гарч ирсэн залуу мөн байна, би шуунд таньлаа гээд 3 дугаартай таниулагчийг заасан тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...Би царай болон гаран дээрх сорвиор нь таньлаа” гэснийг буулгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

2. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд “...М.А  нь дээгүүрээ шаргал өнгийн богино ханцуйтай, ямар нэгэн бичиггүй фудволктой, доогуураа шаргал өнгийн даавуун өмдтэй, цагаан өнгийн ултай, хар өнгийн пүүзтэй, ...170 см орчим өндөртэй, ...зүүн шууны гадна хэсэгт хуучин тав тогтсон сорвитой байсан. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

3. Хохирогч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

 “... Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ..........тоотод байх хашаа байшинд нөхөр, хүүхэд, хадам ээжийн хамт амьдардаг. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн үед манай хашаан дотор байдаг хөрш айл болох Алтангэрэлийнд 4 настай охин М.Л ыг үлдээгээд, ажилдаа яваад 18 цагийн үед гэртээ ирж, хоол ундаа хийчихээд хажуу айлаас хүүхдээ авах гээд гарахад манай хашааны хаалгыг хүн цохиж байсан. Тэгэхээр нь би охиноо хажуу айлаас авчихаад нэг мөсөн хаалга онгойлгож өгье гэж бодоод хажуу айл руу ороод охиныхоо гутал хувцсыг нь өмсүүлээд охиноо аваад гарсан. Гадаа гараад хашааны хаалган дээр очиход манай гэрээс 40-45 орчим насны, бор царайтай, 160-170 см орчим өндөртэй, зүүн гарынхаа шуун дээр түлэнхийх юм шиг сорвитой залуу гарч байсан. Би тэр залууд хандаж “юу хийж байгаа юм” гэж асуухад “айл андуурчиж” гэж хэлэхээр нь “айл андуурсан хүн айлын цоожтой хашаа давж орж ирдэг юм уу” гэж хэлээд уурлахад юу ч дуугарахгүй байж байгаад, хашааны хаалга онгойлгож өгөхөд хашаанаас гараад гудамжаар ганцаараа гүйгээд явсан. Тухайн үед гартаа ямар нэгэн юм бариагүй байсан болохоор нь нэг их юм бодоогүй. Гэртээ ороод нөхөр рүүгээ залгаж хаана явж байгааг нь асуух гээд утсаа хайгаад олоогүй. Тэгээд хөрш залуугийн гар утаснаас өөрийнхөө ........ гэсэн дугаар руу залгахад нилээн хэд дуудаж байснаа холбогдох боломжгүй болчихоор нь манай гэрээс гарч ирсэн танихгүй залуу миний Samsung Note 5  маркийн гар утсыг авсан гэж мэдсэн. Нөхрийг гэртээ ирэхээр нь гар утсаа алдсан тухайгаа хэлээд нөхрийн гар утаснаас цагдаад дуудлага өгсөн. Удалгүй хоёр цагдаагийн албан хаагч ирэхээр нь болсон хэргийн талаар хэлэхэд надаас сэжиглэж байгаа хүний онцлог содон шинж тэмдгийн талаар асуухаар нь би цагдаад хандаж “40-45 орчим насны, бор царайтай, 160-170 см орчим өндөртэй, зүүн гарынхаа шуун дээр түлэнхийнх юм шиг сорвитой залуу байсан” гэж хэлэхэд цагдаагийн хоёр албан хаагч надад Ай паднаасаа зураг харуулсан. Надад харуулсан зураг нь манай гэрээс гарч явсан залуугийн зураг мөн байсан, би шууд хараад таньсан. Тэгээд цагдаагийн алба хаагчид ойролцоох дэлгүүрийн худалдагч нараас зургийг нь харуулж асуугаад гэрийг нь заалгаад манай нөхөр хамт очиход гэртээ байгаагүй гэж надад хэлсэн. Маргааш нь дахиад очиход гэртээ байж байхаар нь цагдаад мэдэгдэж, цагдаагийн хэлтэс рүү хүргэсэн байсан. Би тэр залууд хандаж миний гар утас хаана байгаа талаар асуухад би гар утсыг чинь явуулын танихгүй хүнд зарсан, хохирлыг чинь төлж барагдуулна, та өргөдлөө буцаагаад авчих гэж хэлээд гуйгаад байхаар нь би эхлээд хохирлоо барагдуулчих гэж хэлсэн. Мөн үүнээс хойш хэд хэдэн удаа манай нөхөр болон надтай уулзаж гомдлоо буцаагаад авчих гэж гуйж байсан. ...Манай гэрээс гарч ирсэн залуугийн өмднийх нь халаасанд гар утасны хэлбэртэй зүйл товойгоод харагдаж байсан. Тухайн үед би хүн болгон гар утас барьдаг юм болохоор өөрийнх нь гар утас гэж бодоод тоогоогүй юм. Тэр залуу манай гэрт орох болон миний гар утсыг захиран зарцуулах эрх байхгүй. Манай нөхөр сүүлд харчихаад гэрийн ойр хавиар архи уугаад яваад байдаг залуу мөн байна гэж байсан. Би хулгайд алдсан гэх “Samsung Note 5” маркийн гар утсаа 400.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гар утсаа 350.000 төгрөгөөр үнэлнэ. Өөрт учирсан хохирлыг барагдуулж авна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн:

“... Надад учирсан хохирол болох 320.000 төгрөгийг бэлнээр М.А  надад өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын мөнгө хүлээж авсан гэх баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

4. Гэрч Ж.М ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажлаа тараад 21 цагийн орчим гэртээ ирэхэд эхнэр Б  надад “18 цагийн үед гэртээ ирээд ...хажуу айл руугаа орчихоод гарч ирэхэд нь манай гэрээс 40 орчим насны, бор царайтай, зүүн гарынхаа шуун дээр түлэнхийнх юм шиг сорвитой танихгүй залуу гарч ирэхээр нь манай эхнэр тэр залуугаас юун хүн бэ гэж асуухад айл андуурчихаж гэж хэлэхээр нь эхнэр уурлаад хашааны хаалга онгойлгож өгөөд гаргаад явуулсан” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод над руу залгах гэхэд гал тогооны өрөөний шүүгээн дээр байсан “Samsung Note 5” маркийн өөрийнх нь гар утас байхгүй байхаар нь хажуу айлын залуугийн утсаар өөрийнхөө гар утас руу залгахад хэд хэд дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон байсан гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өг гэсний дагуу манай эхнэр миний утаснаас цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн хоёр алба хаагчид ирээд тэр залуугийн онцлог содон шинж тэмдгийн талаар асуухад эхнэр тухайн залуу зүүн гарын шуун дээрээ сорвитой гэж хэлэхэд цагдаагийн алба хаагчид Ай пад дээрээсээ манай эхнэрт зураг харуулахад эхнэр зураг дээрх залууг манай гэрээс гарч явсан залуугийн зураг мөн байна гээд шууд таньсан. Тэгээд би цагдаа нартай хамт манай гэрээс гарч ирсэн гэх залуугийн зургийг ойролцоох хүнсний дэлгүүрийн худалдагчид харуулахад таньдаг гээд гэрийг нь зааж өгсний дагуу гэрт нь очиход хүн байгаагүй. Маргааш нь дахиад очиход гэртээ байж байхаар нь цагдаад мэдэгдэж, цагдаагийн хэлтэс рүү хүргэсэн байсан. М.А  гэх залуу эхнэр бид хоёроос хэд хэдэн удаа өргөдлөө буцаагаад авчаач гэж гуйхаар нь би тэр залууг утас авчирч өгөөд өргөдлөө буцаалга гэж хэлсэн. ...Манай эхнэр Samsung Note 5 маркийн гар утас шинээр нь 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

5. Гэрч Э.Л ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“... Би 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагаан 2 дугаар гудамжны 2 тоот гэрээсээ гар утсаа алдсан гэх дуудлагын дагуу очиж ажилласан. Намайг очих үед гар утсаа алдсан гэх эмэгтэй “намайг хажуу айлаас охиноо аваад буцаад гэр рүүгээ орох гэхэд манай гэрээс гарынхаа шуун дээр сорвитой, архи үнэртүүлсэн залуу гарч ирэхээр нь юун хүн бэ гэхэд айл андуурчихаж гэхээр нь уурлаад хашааны хаалгаар гаргаад явуулсан” гэж хэлсэн. Би өмнө нь эрүүлжүүлж байсан гаран дээрээ сорвитой М.А  гэх залууг байж магадгүй гэж Ай поднаасаа зургийг нь харуулахад гар утсаа алдсан гэх эмэгтэй шууд таньсан. Тэгээд нөхөртэй нь хамт ойролцоох хүнсний дэгүүрийн худалдагчид зургийг нь харуулахад таньдаг гээд гэрийг нь зааж өгсний дагуу 22-23 цагийн орчим гэрт нь очиход гэртээ байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

6. Гэрч Улам-Ундрахтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай хөрш айлын Э.Б  манай охиныг хараад өгөөч гээд 4 настай Лхамаа гэх охиноо 09 цагийн орчимд үлдээж харуулсан. Э.Б  тухайн өдөр 19-20 цагийн орчим манай гэрт орж ирээд охиныхоо гутлыг нь өмсүүлээд гараад явсан. Сүүлд сонсоход манай гэр рүү орж ирж охиноо авах хойгуур гэр рүү нь хүн ороод гар утсыг нь аваад явсан гэж сонссон. Э.Б  манай гэрт охиноо авах гэж орж ирээд, охиноо хувцаслаад ...ойролцоогоор 2-3 минут болоод гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

7. Шүүгдэгч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11  дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...  2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ...нарийн гудамжинд уучихаад гэртээ харих замдаа гэрийн ойролцоо байдаг Мөөгий /М / гэх залуугийн хашааных нь хаалгыг цохиод хүн гарч ирэхгүй байсан болохоор нь хашааг нь давж гэр рүү нь орсон. Согтуу байсан болохоор нь гэрт нь ороод яг юу хийснээ санахгүй байна. Ямар ч байсан Мөөгий /М / гэх залуугийн эхнэр /Б / намайг гэрээсээ гаргаад хашааны хаалгаар хөөгөөд гаргаж байсныг санаж байна. М ын гэрээс гараад гудамжинд унтаж байгаад сэргэхэд миний өмдний халаасанд утас байхаар нь танихгүй залууд 30.000 төгрөгөөр зарсан. Би утас зарсан мөнгөөрөө ганцаараа архи авч уугаад орой нь гэртээ очиж амарсан. Намайг маргааш нь гэртээ унтаж байхад цагдаа ирээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Би сүүлийн хоёр жил орчим гар утас бариагүй. Миний бодлоор миний зарсан утас М  гэх залуугийн эхнэрийн алдсан гар утас мөн байх. Гар утасны маркийг мэдэхгүй. Дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн гар утас байсан. Би Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 2 дугаар гудамжны 02 тоотод байх С.М ын гэрт зөвшөөрөлгүй орсон. М ын гэр рүү орох болон Б гийн эзэмшлийн гар утсыг захиран зарцуулах эрх надад байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. ...2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр дээгүүрээ хар ногоон өнгийн богино ханцуйтай фудволктой, доогуураа бор алаг өнгийн өмдтэй, цагаан өнгийн ултай хар өнгийн пүүзтэй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),

8. “Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19/197 дугаартай “... “Samsung Note 5” загварын хуучин гар утсыг 320.000 төгрөгөөр үнийг тогтоосон...” тухай үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 49 дүгээр тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

9. Гэрч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:

“... М.А  миний төрсөн дүү байгаа юм. 1996 онд 10 дугаар анги төгссөн. ...2001 онд С  гэх эмэгтэйтэй хамт амьдарч эхэлсэн, 2005 оноос хойш салсан. Хүү нь манай ээж бид хоёр дээр ирэн очин байсан. Архи уухаараа олон үгтэй болдог, тамхи татдаг, архи уух дуртай. ...Миний сонссоноор А  айлаас гар утас хулгайлаад шалгагдаж байгаа гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),

10. Гэрч М.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:

“... М.А  миний төрсөн ах байгаа юм. 67 дугаар сургуульд элсэн орж 1996 онд 10 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд хувиараа мужааны ажил хийдэг байсан. 2000 онд Улаанбаатар хотод Б.С тай танилцаж, 2001 оноос хойш тусдаа гарч Баянхошууны эцэст амьдардаг байсан. 2003 онд хүүхэдтэй болсон. Үүнээс хойш гэр бүлийн маргаанаас болж 2007 онд салаад эцэг, эхийн хамт амьдарч эхэлсэн. Төрийн болон хувийн албан байгууллагад ажил хийж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар тал),

11. Шүүгдэгч М.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 76 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн  лавлагаа (хавтаст хэргийн 73 дугаар тал) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.А д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны ..........02 тоотод оршин суух иргэн Э.Б гийн өвлийн байшинд орж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung Note 5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.А  нь гэм буруугийн талаар, өмгөөлөгч Б.Баттулга нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.А  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны ..........02 тоотод оршин суух иргэн Э.Б гийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, “Samsung Note 5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Хохирогчийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дугаар тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-хохирогч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ...манай гэрээс 40-45 орчим насны, бор царайтай, 160-170 см орчим өндөртэй, зүүн гарынхаа шуун дээр түлэнхийнх юм шиг сорвитой залуу гарч  байсан. ...“айл андуурчиж” гэж хэлэхээр нь “айл андуурсан хүн айлын цоожтой хашаа давж орж ирдэг юм уу” гэж хэлэхэд ...хашаанаас гараад гүйгээд явсан. ...Гэртээ ороод нөхөр рүүгээ залгаж хаана явж байгааг нь асуух гээд утсаа хайгаад олоогүй. Тэгээд манай гэрээс гарч ирсэн танихгүй залуу миний Samsung Note 5  маркийн гар утсыг авсан гэж мэдсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-гэрч Ж.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажлаа тараад ирэхэд эхнэр Б  “...хажуу айл руугаа орчихоод гарч ирэхэд нь манай гэрээс 40 орчим насны, бор царайтай, зүүн гарынхаа шуун дээр түлэнхийнх юм шиг сорвитой танихгүй залуу гарч ирэхээр нь манай эхнэр тэр залуугаас юун хүн бэ гэж асуухад айл андуурчихаж  гэж хэлсэн гэсэн. ...гэртээ ороод над руу залгах гэхэд гал тогооны өрөөний шүүгээн дээр байсан Samsung Note 5 маркийн өөрийнх нь гар утас байхгүй байхаар нь ...гар утас руу залгахад хэд хэд дуудаж байгаад холбогдох боломжгүй болсон байсан гэж хэлсэн. ...М.А  манай гэрт орох, эхнэрийн гар утсыг захиран зарцуулах ямар ч эрх байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

-гэрч Э.Л ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагаан 2 дугаар гудамжны 2 тоот гэрээсээ гар утсаа алдсан гэх дуудлагын дагуу очсон. Намайг очих үед гар утсаа алдсан гэх эмэгтэй “ хажуу айлаас охиноо аваад буцаад гэр рүүгээ орох гэхэд манай гэрээс гарынхаа шуун дээр сорвитой залуу гарч ирэхээр нь юун хүн бэ гэхэд айл андуурчихаж гэхээр нь уурлаад хашааны хаалгаар гаргаад явуулсан” гэж хэлсэн. ...М.А  гэх залууг байж магадгүй гэж Ай паднаасаа зургийг нь харуулахад гар утсаа алдсан гэх эмэгтэй шууд таньсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

-гэрч Улам-Ундрахтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.Б  тухайн өдөр 19-20 цагийн орчим манай гэрт орж ирээд охиныхоо гутлыг нь өмсүүлээд гараад явсан. Сүүлд сонсоход манай гэр рүү орж ирж охиноо авах хойгуур гэр рүү нь хүн ороод гар утсыг нь аваад явсан гэж сонссон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

-шүүгдэгч М.А ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...  Мөөгий /М / гэх залуугийн хашааных нь хаалгыг цохиод хүн гарч ирэхгүй байсан болохоор нь хашааг нь давж гэр рүү нь орсон. ...эхнэр /Б / нь намайг хашааны хаалгаар хөөгөөд гаргаж байсныг л санаж байна. ...М ын гэрээс гараад гудамжинд унтаж байгаад сэргэхэд миний өмдний халаасанд утас байхаар нь танихгүй залууд 30.000 төгрөгөөр зарсан. ...М ын гэр рүү орох болон Б гийн эзэмшлийн гар утсыг захиран зарцуулах эрх надад байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал), “Мастер үнэлгээ” ХХК-ний үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 49 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах орон байранд хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М.А  нь мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах орон байранд буюу хохирогчийн цоожтой хашааг нь давж орон, эзэнгүй байсан гэрт нь нууцаар, хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлсан байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тус гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.А  нь хохирогчийн гэрээс авсан “Samsung Note 5” маркийн гар утасны үнэ болох 320.000 төгрөгийг хохирогч Э.Б д төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс М.А ыг хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг” гэж заасан. Энэхүү заалтаас харахад М.А ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарахгүй юм. Мөн өмгөөлөгч нь М.А ыг тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзнэ үү гэх боловч хулгайн гэмт хэргийн хувьд тохиолдлын чанартай биш урьдчилан бэлтгэж, төлөвлөсөн байдаг санаатай гэмт хэрэг юм гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга дүгнэлтдээ“ шүүгдэгч М.А ын хувьд анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн ба, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын өмчлөх эрх, орон байрны халдашгүй байдалд халдаж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт үйлдлийнхээ үр дагаврыг хариуцна. Гэсэн хэдий ч Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон хариуцлага хүлээнэ гэсэн шударга ёсны зарчим байгаа. Иймд энэ зарчимд үндэслээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.А  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй юм.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой. Мөн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай ба, шүүгдэгч М.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дараах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд гэмт хэргийн ангилалын талаар заасан ба, уг зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заасан.

Шүүхээс шүүгдэгч М.А ыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь  “хоёр жилээс найман жил” хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тухай зохицуулалттай ба, тус гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч М.А ыг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзнэ үү гэх ба, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлттэй үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй гэж үзэхгүй, хөнгөрүүлэх нөхцөлд харгалзах үндэслэлгүй болно.

4.Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А ын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт М.А ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.А ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А ын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн 1908 0430 51653 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Б д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.АЛТАНТУЯА