| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0058/Э |
| Дугаар | 0113 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 0113
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Г.У , түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1141/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.У т холбогдох эрүүгийн 1808 0435 00678 дугаартай, нэг хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Г.У нь Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо .............тоотод түр оршин сууж байсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих шийтгүүлсэн (РД:...........).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.У нь “Чех улс руу виз гаргана” гэх зарыг цахим сүлжээнд байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Ө аас 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У аас: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1808 0435 00678 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ц.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 6 дугаар сард “фейсбүүкийн Чех дэхь Монголчууд”-ын группээр зар үзэж байхад “Чех улс руу виз гаргана” гэсэн зар уншаад Г.У гэх хаяг руу манай эхнэр, дүү хоёр анх холбогдсон. Тэр үед Чех улс руу ажлын гэрээ, ярилцлагын цаг гаргаж өгнө гэж байсан. Тухайн үед уулзсан ч эргэж холбогдоогүй байсан. Түүнээс хойш 8 сарын үед дахин Чех улс руу гарах гээд би фейсбүүкээр “Г.У ” гэх хаяг руу чатаар дугаараа үлдээхийг хүсэж бичсэн. У өөрийн дугаараа явуулсан. Тэр дугаар руу нь залгаж У тай холбогдож Чех улс руу ажлын гэрээгээр гарах талаар яриад уулзахаар болсон. Тухайн үед би ээжийнхээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын ............буудалд байх гэрт нь гэр барьж байсан. Тэгтэл У над дээр ирж уулзахаар болсон. Удалгүй У Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын ............буудал дээр ирсэн байгаагаа хэлээд би очиж уулзсан. У тай уулзаад Чех улс руу ажлын гэрээгээр явах гэсэн юм, би эхнэрийн хамт явна гаргаж өгч чадах уу гэхэд У урьдчилгаа өгчих юм бол 30 хоногийн дотор гаргаад өгчихнө, надад Чехийн элчинд таньдаг хүн байгаа гэсэн. Намайг нэг хүний 800.000 евро, хоёр хүний 1.600.000 евро болж байна, та хоёр урьдчилгаа гээд 1.700.000 төгрөг өгчих гэсэн. Би 1.700.000 төгрөг байхгүй гээд 1.500.000 төгрөг өгөхөөр болсон. Хоорондоо харилцан тохиролцоод би гэр рүүгээ ороод ээжийг аваад У бид гурав Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн Хаан банк руу очсон. Тэгсэн ажлын цаг дуусах гээд байхаар нь ээжийг банкинд үлдээгээд мөнгө шилжүүлж бай гээд У бид хоёр хамтдаа Баянхошуунд байх нотариатын газарт очиж зээлийн гэрээ хийсэн. Г.У надад 30 хоногийн хугацаатай 0.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулъя гээд байгуулсан. Гэрээ байгуулсан шалтгаан нь цаг хугацаандаа Чех улс руу явах ажлыг амжуулж чадахгүй бол 30 хоногийн дараа миний мөнгийг 0.5 хувийн хүүтэйгээр буцаан өгөх болно, найдвартай гэж яриад гэрээ байгуулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-19 дүгээр тал),
2. Гэрч Д.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:
“... 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд, Тахилтад байх гэртээ байхад манай хүү Ө надад Чех улс руу явуулна гэсэн хүнтэй уулзахаар болчихлоо гэж хэлээд явсан. Удалгүй буцаж ирээд Чех улс руу явуулах хүнтэй уулзлаа, урьдчилгаа 1.500.000 төгрөг өгөх хэрэгтэй байна, та данснаасаа аваад өгөөч гэсэн. Би хүүгийнхээ хамт яваад Тахилтын ............буудлаас 30 гаруй насны өндөр бүдүүн залууг авсан. Тэр залуу гадаад байдал сонин байсан болохоор чи найдвартай Чех явуулах хүн мөн үү гэхэд би найдвартай, хувиараа дугуй засвар, тоглоомын газар ажиллуулдаг айх зүйл байхгүй, та итгэж болно гэсэн. Бид гурав хамтдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтэд байдаг “Хаан банк” орсон. 18 цаг болох гэж байсан тул манай хүү, тэр залуу хоёр нотариат хаахаас өмнө очихгүй бол болохгүй, та мөнгөө аваад .......дугаарын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлчихээрэй гэсэн. Тэр хоёр яваад би өөрийн .......дугаарын данснаас 1.500.000 төгрөг .......дугаарын Г.У гэх данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
3. Шүүгдэгч Г.У ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өгсөн:
“... Миний фэйсбүүк хаяганд найзын хүсэлт илгээсэн байсан Ц.Ө гэдэг хүн 2018 оны 8 дугаар сарын 22-нд миний .......дугаарын утсаар надтай холбогдож Чех улс руу хэрхэн яаж явдаг талаар зөвөлгөө авъя гэсэн. Тухайн өдрийн үдээс хойш түүний зааж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт, “Тахилт”-ын “............буудал” гэх газарт очиж түүнтэй уулзсан. Бид хоёр Чех улсад хөдөлмөрлөх ажлын гэрээ, цаг, визний талаар ярилцсан. Ц.Ө “та л Чех улс руу гарахад туслаач” гээд гуйгаад байсан. Би түүнд “аль болох болгож бүтээж өгье, урьдчилгаанд 1.500.000 төгрөг өгчих” гэж хэлээд өөрийн .......дугаарын Хаан банкны дансаа өгөхөд тэр дор нь 1.500.000 төгрөгөө миний данс руу шилжүүлсэн. Би түүнд “нэг сарын хугацаанд Чех улс руу гаргах виз гаргаж өгч чадахгүй бол мөнгийг чинь буцааж өгнө” гэж хэлсэн байсан. Визийг нь гаргаж өгөхөөр хөөцөлдөж байхад өөрсдөө “виз бүтэхгүй юм байна, болохгүй юм байна, больё гээд байхаар нь 500.000 төгрөгийг миний хэргийг шалгаж байсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч д/ч Бадмаагаар дамжуулан Ц.Ө т өгсөн. Үлдэх 1.000.000 төгрөгийг нь өгөх хугацаандаа өөр хэрэгт шүүхээр ял шийтгэгдээд Хорих газарт ял эдэлж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал) ,
4. Г.У ын “Хаан” банкинд эзэмшдэг .......тоот дансанд 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 52-56 дугаар тал),
5. Г.У аас хохирлын төлбөрт 500.000 төгрөг хүлээн авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 30, 31 дүгээр тал)
6. Шүүгдэгч Г.У ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 32 дугаар тал), түүний “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-56 дугаар тал), шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 66-80 дугаар тал), Боржигон овогт Г.У ын ялын тооцооны тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.У нь цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Ө аас 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, яллагдагчийн зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахП гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.У т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.У нь хохирогч Ц.Ө т “Чех улс руу виз гаргана” гэх зарыг цахим сүлжээнд байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
-хохирогч Ц.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би фейсбүүкээр “Г.У ” гэх хаяг руу чатаар дугаараа үлдээхийг хүсэж бичсэн. У ын өөрийн дугаараа явуулсан. У тай холбогдож Чех улс руу ажлын гэрээгээр гарах талаар яриад ...очиж уулзсан. У тай уулзаад Чех улс руу ажлын гэрээгээр явах гэсэн ... гаргаж өгч чадах уу гэхэд У урьдчилгаагаа өгчих юм бол 30 хоногийн дотор гаргаад өгнө гэсэн. Урьдчилгаа гээд 1.500.000 төгрөг өгөхөөр болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),
-гэрч Д.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хүү Ө надад Чех улс руу явуулна гэсэн хүнтэй уулзахаар болчихлоо, ...урьдчилгаа 1.500.000 төгрөг өгөх хэрэгтэй байна та данснаасаа аваад өгөөч гэсэн. ...би өөрийн .......дугаарын данснаас 1.500.000 төгрөгийг .......дугаарын Г.У гэх данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
-шүүгдэгч Г.У ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Миний фэйсбүүк хаяганд найзын хүсэлт илгээсэн байсан Ц.Ө гэдэг хүн 2018 оны 8 дугаар сарын 22-нд миний утсаар надтай холбогдож Чех улс руу хэрхэн яаж явдаг талаар зөвөлгөө авъя гэсэн. Ц.Ө “та л Чех улс руу гарахад туслаач” гээд гуйгаад байсан. Би түүнд “аль болох болгож бүтээж өгье, урьдчилгаанд нь 1.500.000 төгрөг өгчих” гэж хэлээд өөрийн .......дугаарын Хаан банкны дансаа өгөхөд 1.500.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дүгээр тал), Г.У ын “Хаан” банкинд эзэмшдэг .......тоот дансны хуулга ( хавтаст хэргийн 52-56 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.У нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Ц.Ө ыг “Чех улс руу виз гаргана” гэх зарыг цахим сүлжээнд байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Иймд шүүгдэгч Г.У нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогчийг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Шүүгдэгч Г.У нь хохирогч Ц.Ө ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.500.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлсөн байх ба, шүүгдэгч Г.У аас үлдэх 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ө т олгох нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүнд энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 90 хоногийн буюу 3 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 10 сар 16 хоногийн хорих ялаар тогтоох, түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр дүгнэлтдээ “шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, түүний биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Г.У ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, удаа дараа залилах гэмт хэрэгт холбогдсон, нийгэмшихгүй байгаа хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Г.У нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаад 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг 7 сар 16 хоногийн хугацаагаар тооцсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У т энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 1 жил 9 сар 16 хоногийн хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг буюу эрүүл мэндийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Г.У нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хорих ял эдэлж байгаад, түүнд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хорих анги шилжүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр гарсан боловч уг шийдвэр тухайн өдрөөс хэрэгжээгүй, Г.У ыг цагдан хорих 461 дүгээр ангид 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгсөн байх тул тус өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл түүний цагдан хоригдсон 254 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г.У ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У т энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 (долоо) сар 16 (арван зургаа) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 1 (нэг) жил 9 (ес) сар 16 (арван зургаа) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У т оногдуулсан 1 жил 9 сар 16 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У ын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 254 (хоёр зуун тавин дөрөв) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У аас 1.000.000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ө т олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА