Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0114

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,  

шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Боржгон овогт Д.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0364 71378 дугаартай, нэг хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгон овогт Д.Б  нь Монгол Улсын иргэн, 1967 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, .........тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:..........).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ......... тоотод хамтран амьдарч байсан Б.Ц гийн эрүүл мэндэд халдлаа гэх гэмт хэргийн шинжтэй дуудлагын дагуу очсон хууль сахиулагч цагдаагийн ахлагч Ц.Ө ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаад саад болж, биед нь хохирол учруулсандаа гэмшиж, харамсаж байна гэв.

Хоёр.Эрүүгийн 1908 0364 71378 дугаартай хэргээс талуудын судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн:

“... Би 2019 оны 7 дугаар сарын 09-ний орой хувиарын дагуу бүргэд 114 чиглэлийн машинтай, эргүүлийн офицер, ахлах дэслэгч Д ын хамт үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 04 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ........ тоотод салсан нөхөр агсраад, амиа хорлоно гээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Хаягаар нь явж очиход хашааныхаа гадаа, мухар гудамжинд дуудлага өгсөн Ц , эцэг Б  болон салсан нөхөр Б ийн хамт зогсож байсан. Би машинаас түрүүлж буугаад явж очих үед Б  татаж байсан тамхиа эхнэр лүүгээ нясалж шидсэн. Би Б ийн араас гарыг нь татаад “та яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд эргэж хараад, баруун гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэр үед ахлах дэслэгч Д  Б ийг барьж аваад, бид хоёр хамжиж байгаад гарыг нь ард нь гавлаад алаг тэрэгний арын суудал дээр суулгасан. Машинд суугаад байж байхад Б  намайг хэл амаар доромжилж байгаад миний араас баруун гарын тохой руу жийхээр нь би машинаа хөдөлгөөд хашаанд нь орж, хадам аав Б ыг нь дуудаж “та жаахан тайвшруулаад өг” гэж хэлсэн. Тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад Б  намайг машины ард дуудаад, ярилцаад зогсож байхад Б  миний цонхыг 3-4 удаа хүчтэй мөргөөд, орилж хашгираад байхаар нь машинаас гаргаад газар суулгахад намайг дахин хэл амаар доромжилсон. ...Б ийг хэлтэс дээр авч ирээд, төрсөн эгч Ц д нь хүлээлгэж өгсөн. Миний биед учирсан гэмтлийг Б  гэх залуу учруулсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад хүнд цохиулж, биед гэмтэл учирсанд гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

-2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:

“... Би 2019 оны 7 дугаар сарын 09-ний орой хувиарын дагуу бүргэд 114 чиглэлийн машинтай, эргүүлийн офицер, ахлах дэслэгч Д ын хамт үүрэг гүйцэтгэж байсан. 23 цаг 04 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ........ тоотод салсан нөхөр агсраад, амиа хорлоно гээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу хаягаар нь явж очиход хашааныхаа гадаа, мухар гудамжинд дуудлага өгсөн Ц , эцэг Б  болон салсан нөхөр Б ийн хамт зогсож байсан. Би машинаас түрүүлж буугаад явж очих үед Б  татаж байсан тамхиа эхнэр лүүгээ нясалж шидсэн. Би Б ийн араас гарыг нь татаад “та яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд эргэж хараад үгийн зөрөөгүй баруун гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Б  өөрийн үйлдлээрээ миний бие, эрх чөлөөнд халдаж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл гаргасан. Тэр үед ахлах дэслэгч Д  Б ийг барьж аваад, бид хоёр хамжиж байгаад гарыг нь ард нь гавлаад алаг тэрэгний арын суудал дээр суулгасан. Би ажил үүргээ гүйцэтгэж яваад зүүн нүд рүүгээ цохиулж гэмтэл авсан. Гомдолтой байна. Надад эмчилгээний зардалтай холбоотойгоор баримт байхгүй. Б  гэх хүнээс 300.000 төгрөг нэхэмжилж байна. Би нүдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлмээр байна. Нүд хөхөрч хавдсанаас хойш доод зовхи бүдэг хөх туяа суусан. Одоо болтол арилахгүй байгаа. Дээр нь зүүн нүднээс нулимс гоождог болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал), 

2. Гэрч Ц.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

“...2019 оны 7 дугаар сарын 09-ний орой хувиарын дагуу бүргэд 114 чиглэлийн машин дээр цагдаа жолооч, ахлагч Ө ийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. Орой 23 цаг 04 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ........ тоотод салсан нөхөр агсраад амиа хорлоно гээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу хаягаар нь явж очиход хашааныхаа гадаа мухар гудамжинд дуудлага өгсөн Ц , эцэг Б  болон салсан нөхөр Б ийн хамт гурвуулаа зогсож байсан. Ө  машинаас түрүүлж буугаад Б ийн араас нь очиход Б  эргэж хараад, баруун гараа атгаж байгаад Ө ийн зүүн нүд рүү нэг удаа цохихоор нь би Б ийг барьж аваад, бид хоёр хамжиж байгаад гарыг нь ард нь гавлаад алаг тэрэгний арын суудал дээр суулгахад цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй урдаас хэрэлдэж, хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлж байсан. Ө  надад хэлэхдээ Б  миний зүүн нүд рүү цохичихлоо, нүд өвдөөд байна гэж хэлж байсан. Гэрэлтэй газар орж ирээд Ө ийн нүдийг нь харахад улайгаад хөхөрсөн байсан. Би дуудлага өгсөн Ц гийн хамт гэрт нь орж мэдүүлэг тайлбар, эрсдлийн үнэлгээ авчихаад гарч ирэхэд Б ийг алаг машинаас гаргаад газар суулгасан байхаар нь буцааж машинд суулгаад Б ийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн боловч эрүүлжүүлэхийн эмч үзээд толгойны хуучин шарх язарсан гэх шалтгаанаар эрүүлжүүлэх байранд авахаас татгалзсан. ...Б ийг хэлтэс дээр авч ирээд, төрсөн эгч Ц д нь хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

3. Гэрч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“... Би Б  гэх хүнтэй 2000 онд танилцсан. Б  2002 онд Чех улс руу яваад, тэндээ ажиллаж амьдарч байгаад 2018 оны 02 дугаар сард ирээд манайд амьдрах болсон. ...2019 оны 7 дугаар сарын 09-ний орой ажлаа тараад 22 цагийн үед гэртээ ирээд, охинтойгоо хамт хоол хийж идээд сууж байхад гэрийн хаалга нүдсэн. Манай охин хаалга нээхэд Б  согтуу, ганцаараа орж ирээд над руу дайрч хэрүүл хийгээд, жижиг модон сандал авч шидэхэд нь би оногдоогүй. Б  намайг барьж аваад миний толгой руу нэг удаа цохих үед манай аав Б  гаднаас орж ирээд Б ийг надаас салгаж холдуулсан. Би гэрээсээ гарч гүйгээд цагдаад дуудлага өгөөд, цагдаа иртэл байшингийн ард нуугдаж байхад цагдаагийн алаг машин хашаанд орж ирсэн. Би цаанаас гарч ирэхэд Б  цагдаатай юм яриад, тамхи татаж байгаад над руу татаж байсан тамхиа шидсэн. Цагдаа Б ийг “та яаж байгаа юм бэ” гэж хэлээд бариад авахад Б  эргэж хараад, цагдаагийн нүүр лүү цохисон. Цагдаа надад танай нөхөр миний нүд рүү цохичихлоо гэж хэлсэн. Хоёр цагдаагийн нэг нь надаас юм асуугаад гэрт байж байхад Б  машин дотор суучихаад хаалга үүдийг нь өшиглөөд байгаа чимээ гарсан. Надтай хамт байсан цагдаа наадахаа машинаас гарга, машин эвдэллээ гэж хэлсэн. Удалгүй хоёр цагдаа Б ийг аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

4. Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“... Би Ц  гэх эмэгтэйтэй 2000 онд танилцсан. Тэрнээс хойш уулзаж байгаад би Чех улс руу ажил хийх гэж яваад 2017 онд Монгол Улсад ирсэн. Гадаадад байдаг байхдаа Ц тай байнга холбоотой байдаг байсан. 2017 оны 01 дүгээр сараас Ц гийн гэрт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 52-1 тоотод хашаа байшин түрээслэж амьдарсан. 2019 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. ...2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Чех улсад хамт ажил хийж байсан найз Нэргүйтэй таараад, 0.75 литрийн хоёр шил архи хувааж уусан. ...Ц гийн гэрт хэдэн цагт ирсэнээ санахгүй байна, гэрт нь ороод Ц тай хэрүүл маргаан хийж байсан. ...Миний санаж байгаагаар цагдаа ирээд, би цагдаагийн нүүр лүү нэг удаа цохисон санагдаж байна. ...Ц гийн гэрт очиж хэрүүл маргаан хийсэн. Дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийг яагаад цохисноо сайн мэдэхгүй байна. Ц д гаргасан уурандаа цагдаагийн алба хаагчийг цохисон байх. ...Миний төрсөн эгч Ц  надад хэлэхдээ “чамайг цагдаагийн хэлтэс дээрээс очиж авсан, чи Ц гийн гэрт агсам тавиад, өөрийнхөө толгойг юм мөргөж хагалаад, цагдааг цохисон байна” гэж хэлсэн. ...Би цагдаа жолооч, ахлагч Ө ийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8540 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний доод зовхинд 5.5х1.5 см, доод зовхинд 5.5х1 см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан.

Дүгнэлт: “...-Ц.Ө ийн биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /шинжээч М.Аригуунтөгс/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30 дугаар тал),

6. Шинжээч М.Аригуунтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:

“... Би 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ...хувиарын дагуу шинжээч эмчээр 24-н цагийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс жолооч цагдаа ажилтай гэж өөрийгөө танилцуулаад, ажлаа хийж яваад согтуу хүнд нүд рүүгээ цохиулсан гэж хэлээд өөрийн биеэр ирж үзүүлсэн. Ө ийн зүүн нүд нь хөхөрсөн байдалтай ирж үзүүлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дүгээр тал),

7. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 23:04:33 цагт “салсан нөхөр согтуу агсраад амиа хорлоно” гээд байна гэх дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 63, 65 дугаар тал), 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 23:02:21 цагт “цагдаагийн албан хаагчийг зодсон” гэх дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 4, 101 дүгээр тал),

Хохирогчтой холбоотой нотлох баримтууд:

8. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүний хоногийн нөхцөл байдлын танилцуулга буюу машинт эргүүлээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, эргүүлийн цагдаа жолооч Ц.Ө  24 цагаар  эргүүлд үүрэг гүйцэтгэсэн тухай баримт (хавтаст хэргийн 99-100 дугаар тал),

-Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/602 дугаар “Цагдаагийн дэд ахлагч Ц.Ө ийг ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаал /Ц.Ө ийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолоочоор томилсон тухай/ (хавтаст хэргийн 115-116 дугаар тал),

-Ц.Ө ийн ажлын үнэмлэхийн хуулбар /Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн цагдаа/ (хавтаст хэргийн 106 дугаар тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

9. Шүүгдэгч Д.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэргийн шинжтэй дуудлагын дагуу очсон хууль сахиулагч цагдаагийн ахлагч Ц.Ө ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Б  нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Б  нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ......... тоотод хамтран амьдарч байсан Б.Ц гийн эрүүл мэндэд халдлаа гэх гэмт хэргийн шинжтэй дуудлагын дагуу дээрх хаягт очсон хууль сахиулагч цагдаагийн ахлагч Ц.Ө ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

-хохирогч Ц.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 09-нд бүргэд 114 чиглэлийн машинтай, эргүүлийн офицер, ахлах дэслэгч Д ын хамт үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 04 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ........ тоотод салсан нөхөр агсраад, амиа хорлоно гээд байна гэсэн дуудлага ирсний дагуу очиход ...гудамжинд дуудлага өгсөн Ц , эцэг Б  болон салсан нөхөр Б ийн хамт байсан. Б  татаж байсан тамхиа эхнэр лүүгээ нясалж шидсэн. Би Б ийн араас гарыг нь татаад “та яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд эргэж хараад, баруун гараа атгаж байгаад миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. ...Миний биед учирсан гэмтлийг Б  гэх залуу учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал), мөн түүний дахин хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал), 

-гэрч Ц.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 09-нд бүргэд 114 чиглэлийн машин дээр цагдаа жолооч, ахлагч Ө ийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 04 минутын үед ...салсан нөхөр агсраад амиа хорлоно гээд байна гэсэн дуудлага ирсэн.  ...хаягаар нь очиход ...гудамжинд дуудлага өгсөн Ц , эцэг Б , салсан нөхөр Б ийн хамт байсан. Ө  машинаас буугаад Б ийн араас нь очиход Б  эргэж хараад, баруун гараа атгаж байгаад Ө ийн зүүн нүд рүү нэг удаа цохисон. ...Б  нь цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй урдаас хэрэлдэж, хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлж байсан. Ө  надад хэлэхдээ Б  миний зүүн нүд рүү цохичихлоо, нүд өвдөөд байна гэж хэлж байсан. Гэрэлтэй газар орж ирээд Ө ийн нүдийг нь харахад улайгаад хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар тал),

-гэрч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 09-нд ...22 цагийн үед ...Б  согтуу, ганцаараа орж ирээд над руу дайрч хэрүүл хийсэн. ...Би гэрээсээ гарч цагдаад дуудлага өгсөн. ...цагдаагийн алаг машин хашаанд орж ирсэн. ...Б  цагдаатай юм яриад, тамхи татаж байгаад над руу татаж байсан тамхиа шидэхэд цагдаа Б ийг “та яаж байгаа юм бэ” гэж хэлээд бариа авахад Б  эргэж хараад, цагдаагийн нүүр лүү цохисон. Цагдаа надад танай нөхөр миний нүд рүү цохичихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

-шүүгдэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэрт нь ороод Ц тай хэрүүл маргаан хийж байсан. ...Ц д гаргасан уурандаа цагдаагийн алба хаагчийг цохисон байх. ...Миний төрсөн эгч Ц  надад хэлэхдээ “...цагдааг цохисон байна” гэж хэлсэн. ...Би цагдаа жолооч, ахлагч Ө ийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8540 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 30 дугаар тал), шинжээч М.Аригуунтөгсийн мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дүгээр тал),  2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 23:04:33 цагт ирсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 63, 65 дугаар тал), 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 23:02:21 цагт “цагдаагийн албан хаагчийг зодсон” гэх дуудлагын бүртгэл (хавтаст хэргийн 4, 101 дүгээр тал),  2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүний танилцуулга (хавтаст хэргийн 99-100 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуульд “хууль сахиулагч” гэж цагдаа...”-г ойлгоно гэж заасан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж заасан байна.

Хохирогч Ц.Ө  нь Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/602 дугаар тушаалаар 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа жолоочоор томилогдон ажиллаж байсан байх ба, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 24 цагийн хугацаагаар “Бүргэд 114-т” үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Энэ хугацаанд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “салсан нөхөр амиа хорлоно” гээд байна гэх дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, ......... тоот хаягт очиход шүүгдэгч Д.Б  нь эхнэр Ц  руу татаж байсан тамхиа шидэхэд нь хууль сахиулагч Ц.Ө  “та яаж байгаа юм, боль” гэсэн шаардлагыг тавьж болиулах гэхэд хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн улмаар түүнд хүч хэрэглэн эсэргүүцэж нүд рүү нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Д.Б  нь хууль сахиулагч Ц.Ө ийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

Харин прокуророос шүүгдэгч Д.Б ийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хөнгөн хохирол учруулсан гэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх дараах байдлаар хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад “...эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж...” гэсэн хүндрүүлэх шинжийг хуульчилсан нь мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хангах боловч “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэсэн гэмт хэргийг тусгайлан хуульчилсан тул “хохирогчийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбоотойгоор эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хоёр гэмт хэрэгт хамааруулан давхардуулан зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Д.Б  нь хууль сахиулагчийг эсэргүүцэн хүч хэрэглэх үедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан” нийлмэл гэмт хэрэг байна.

Мөн хохирогч Ц.Ө ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх ба, тус гэмт хэргийг шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Иймд шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Шүүгдэгч Д.Б  нь хохирогч Ц.Ө ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байна. Хохирогч Ц.Ө  нь өөрт учирсан хохиролд 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт нотлох баримтыг ирүүлээгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б  нь хохирогч Ц.Ө эд 300.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Ц.Ө  нь дээрх мөнгийг хүлээн авсан, гомдол саналгүй гэх 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр огноолсон баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Б д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлаад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялд шилжүүлэн, нэмж нэгтгэн, нийт 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Б  нь өөрийн өмгөөлөлдөө “...хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Б  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч Ц.Ө  нь албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч бөгөөд түүнийг үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж болгон заасан тул энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд давхардуулан тооцохгүй болно.

Шүүгдэгч Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Д.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар тус тус харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б  нь хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэх боловч гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримтгүй тул түүний гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржгон овогт Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржгон овогт Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан; хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногийн хорих ялаар тооцож, 30 (гуч) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 9 (ес) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Ц.Ө эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА