Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 139/2016/00092/И |
Дугаар | 337 |
Огноо | 2016-11-30 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороонд байрлах “МТ-Петролиум” хязгаарлагдмал хариуцлагатай компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байрлах “Цахиурт ойл” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөр, алданги 24078600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 сарын 27-нд Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагчийн төлөөлөгч Х.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Цахиурт ойл” ХХК-тай байгуулсан 83/14 тоот гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээг 2014 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд манай компани стандартын шаардлага хангасан барааг цаг тухайд нь нийлүүлж байсан. Энэхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу Гэрээт шатахуун түгээх станц нь худалдан авсан барааны төлбөрийг, барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдан авсан шатахууны төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 16052400 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд 83/14 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 16052400 төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 35 хоногийн алданги болох 1685502 төгрөг, нийт 17737902 төгрөгийг “Цахиурт ойл” ХХК-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани тус шүүхэд “Цахиурт ойл” ХХК-аас Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 83/14 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 16052400 төгрөг, түүний хугацаа хэтэрсэн 2015 оны 10 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 3-ны өдрийг хүртэл нийт 35 хоногийн алданги болох 1685502 төгрөг, нийт 17737902 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бид нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 233 хоногийн хугацаа хэтэрсэн бөгөөд нэг хоногийн алданги 48,157.2 төгрөг нийт 11220627 төгрөг болсныг хуулийн дагуу үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож 6340698 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд “Цахиурт ойл” ХХК-аас үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөр 16052400 төгрөг, түүний алданги 8026200 төгрөг, нийт 24078600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2016 оны 3 сарын 3-нд тус аймгийн шүүхэд Цахиурт ойл ХХК-нд холбогдох нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн гол шаардлага нь манайх Цахиурт ойл ХХК-тай 2014 оноос хойш гэрээт шатахуун түгээх станцад шатахуун борлуулах гэрээ байгуулж хамтарч ажилласан. Энэ гэрээний гол утга нь Цахиурт ойл ХХК нь манай компаний МТ гэсэн логог ашиглаад шатахуун борлуулах, манайхаас бөөний үнээр буюу бусад газраас хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун өгч борлуулах, борлуулсан ашгаа өөрөө авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Ингээд 2014 оноос хойш шатахуун борлуулж байгаад 2015 оны 8 сараас эхлээд шатахууны мөнгөө цаг хугацаанд нь төлөхгүй удаашруулах болсон. Тэгээд шатахууныхаа мөнгийг яаж төлөх талаар хариуцагч талтай удаа дараа уулзаж ярилцаж байсан. Гэвч тодорхой шийдэлд хүрч чадалгүй шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн. Тэгээд энэ шатахууны үлдэгдэл төлбөр нь 16052400 төгрөг байгаа юм. Би авсан шатахууныг нь нарийвчлалтайгаар хэлье. 2014 оны 12 сард нийт 17551200 төгрөгийн шатахуун авсан. Үүнээсээ 1200000 төгрөгийг нь төлсөн. Ингээд 16351200 төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаад 2015 оны эхний 3 сард нийт 10118800 төгрөгийг төлж, мөн эргүүлээд 8190000 төгрөгийн шатахуун нэмж авсан байдаг. Ингээд нийт үлдэгдэл нь 2015 оны 3 сарын 31-ний байдлаар эхний улиралд 14422400 төгрөгийн үлдэгдэлтэй явж байсан. Тухайн оныхоо 4 сарын 1-нээс 8 сарын 14-ний хооронд мөн 16900000 төгрөгийн шатахуун аваад үүнээсээ өмнөх улирлын үлдэгдэл 14422400 төгрөгийг төлөөд өнөөдрийн байдлаар 16052400 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ өнгөрсөн оноос хойш төлөөгүй өнөөдрийг хүрч байгаа. Иймээс манай компани шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Мөн гэрээний 5.2.3-т заасны дагуу алданги тооцсон. Алдангийг нь хоног тутамд 0.3 хувиар тооцож гаргасан байгаа. Алдангийг 2015 оны 8 сарын 31-ний өдрөөс хойш тооцохдоо эхлээд 36 хоногийн алданги буюу 1685502 төгрөгийн алдангийг анх нэхэмжилж байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, алдангийн хэмжээгээ нэмэгдүүлсэн байгаа. Алдангийн хэмжээг яаж нэмэгдүүлсэн бэ гэхээр өмнөх алдангиасаа хойших хугацааг тооцохоор нийт алдангийн хэмжээ нь 50 хувиасаа хэтрэх буюу 11 сая төгрөг болж хувирсан учраас Иргэний хуульд заасан анз тооцох хэмжээгээр тооцож, 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож алдангийг нэхэмжилж байгаа. Энэ алдангийн дүн нь нийт 8026200 төгрөгийн алданги байсан. Энэ нь Иргэний хуульд заасны дагуу 50 хувьдаа хүрээд зогссон. Ингээд нийт үндсэн төлбөр 16052400 төгрөг, түүний алданги 8026200 төгрөг, нийт 24078600 төгрөгийг Цахиурт ойл ХХК-наас гаргуулж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Үүн дээр нэмж хэлэхэд үлдэгдэл төлбөр буюу 16052400 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг хариуцагч талын хариу тайлбараас уншихад ойлгомжтой байгаа. Тэгэхээр хариуцагч талыг энэ мөнгөн дээр маргаагүй гэж ойлгож байгаа. Мөн алданги 1685502 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэсэн нь анх 3 сарын 3-ны өдөр гаргасан нэхэмжлэлд алдангийн 1685502 төгрөг гэж тусгачихсан байсан учраас үүнээс чөлөөлж өгнө үү гэж байгаа юм. Тэгэхээр нийт агуулгаар нь бодож ойлговол үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэж миний хувьд ойлгож байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь “МТ-Петролиум” ХХК-ийн хуулийн зөвлөх Г.Энхжавхлантай уулзаж эвлэрүүлэн зуучлагчаар энэ хэргээ хэлэлцье гэж удаа дараа хэлсэн боловч тухайн үед нь хариу өгнө гээд өнөөдөр шүүхээр хэлэлцэгдэж байгаа юм. Би нэхэмжлэгч талтай эвлэрэх гэж үзсэн боловч нэхэмжлэгч тал эвлэрэхгүй байсан учраас болохгүй юм байна гэж үзсэн юм. Би “МТ-Петролиум” ХХК-нд гомддог. Яагаад гэхээр “ЗЭТ, би Эс, Ди” ХХК нь гэрээт борлуулагч. Би ч гэсэн гэрээт борлуулагч. Өнөөдөр “ЗЭТ, би Эс, Ди” ХХК-ний гадна талын тохижилтыг дээд зэргээр гоё хийсэн. Би шатахуун түгээх станцыг хуучин балгас байхад нь босгож аваад чадах чинээгээрээ тохижуулж ийм болгосон. Гэрээнд зааснаар “МТ-Петролиум” ХХК-ний тэмдэг, логог хийж өгнө гэсэн байгаа. Гэвч гэрээнд тусгагдсаны дагуу надад тэмдэг, лого зэргийг огт хийж өгөөгүй. Би нэхэмжлэгч талын менежерт нь хэлж байсан. Сүүлдээ надаар тоглоом хийж инээдэг болсон. Үүнд нь би харамсаж явдаг. “МТ-Петролиум” ХХК нь хоёр гэрээт борлуулагчийнхаа нэгийг нь алаг үзээд нөгөөд нь илүү хандаж байдагт нь би маш их гомдсон. Хэрвээ миний үйл ажиллагаа зүгээр явагдаж байсан бол би ийм үлдэгдэл, алдангид орохгүй байсан. Би хийх зүйлээ хийгээд цаг тухайд нь өдөр бүр мөнгөө тушааж байх байсан. 34 сая төгрөгийн баримт гэдэг нь юуг нотлох гээд байна гэхээр хамгийн гол нь би хоёр өдөр болоод мөнгөө тушаадаг. Би “МТ-Петролиум” ХХК-нийг алдагдалд оруулахгүй юмсан гэж бодоод өөрийнхөө ашгийг хүртэл өгчихдөг байсан. Гэтэл 2015 оны 8 сарын 20-ноос хойш түрүүнд өгсөн зурган дээр гарсан байгаа “ЗЭТ, би Эс, Ди” ХХК-ний өөрсдийнх нь газрын зөвшөөрөл болохоор хадан хошууны замын хойд талд мөртлөө газрын гэрчилгээ нь эмнэлгийн урд талд гэсэн хууль бус захирамжтай байгууллага манай замыг хааж буугаад орц, гарцыг маань хаагаад сүүлдээ хаалт хийгээд манай үйл ажиллагаа зогссон. Өмнөх шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгчийг дагуулж очоод зам хаачихсан байгаа учраас машин орж болохгүй байна. Танай компаний 4 тонн түлш 25-ын саванд байна. 2 тонн 80 бас байгаа. Энийг та нар хэмжиж үзээд татан авах талаар өмнөх шүүх хуралдаан дээр ирсэн нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Уранцэцэгт хэлсэн юм. Тэгээд Б.Уранцэцэгийг өөрийнхөө шатахуун түгээх станц дээр дагуулж очоод харуулсан чинь нээрээ машин орж болохгүй юм байна гэж байсан. Аймаг дээр “МТ-Петролиум” ХХК-ний том салбар нь байхад тэндээс очоод татаад авчихад яагаад болдоггүй юм гэсэн чинь та тэр зардлыг нь дийлэхгүй гэж хэлсэн. Миний хүсэлтийг дээд байгууллагадаа уламжилж өгөөч гэж хэлсэн. Дээд байгууллагадаа хэлсэн үгүйг нь мэдэхгүй байна. Би нэхэмжлэгч талтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу нэхэмжлэгч талаас авсан 4 тонн түлш, 2 тонн А-80 бензин нь савандаа хэвээрээ байгаа. Тухайн үед би түлшээ 1800 төгрөгөөр, А-80 бензинээ 1600 төгрөгөөр зарж байсан. Тэгээд би үлдсэн 5 сая төгрөгийг нь төлнө гэж хэлсэн. Харин алдангийг нь би төлөхгүй. Яагаад гэхээр зам хааж бууснаас болоод манай компаний үйл ажиллагаа зогссон учраас надаас шалтгаалсан зүйл огт байхгүй. 5352400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа төлнө гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МТ-петролиум” ХХК нь хариуцагч Цахиурт ойл ХХК-наас хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн шатахууны үнэ 16052400 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 8026200 төгрөг, нийт 24078600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч талаас авсан 4 тонн түлш, 2 тонн А-80 бензин нь байгаа, алданги төлөхгүй, шатахууны үнэ 5352400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж маргаж байна.
Нэхэмжлэгч “МТ-Петролиум” ХХК, хариуцагч “Цахиурт ойл” ХХК-ний хооронд МТ-Петролиум ХХК нь өөрийн худалдааны тэмдгийг ашиглуулж, шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн, тос тосолгооны материалаар тасралтгүй хангах бодолго баримталж гэрээт шатахуун түгээх станцын хэрэгцээ, санхүүгийн боломжийг харгалзан үнийг тухай бүр тохиролцож нийлүүлэх зорилгоор 2014 оны 11 сарын 12-нд №83/14 дугаартай “гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулсан /хэргийн 10-14-р тал/ байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн байна.
Нэхэмжлэгч нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т “Гэрээт ШТС-нь 5.2.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцсон алдангийг төлнө” гэж заасны дагуу алданги 8026200 төгрөг нэхэмжилж байх боловч үүрэг гүйцэтгэх хугацааг хэзээнээс эхэлж тооцож байгаа буюу гэрээний хугацаа хэтрүүлсний алдангийг хэзээнээс эхэлж тооцож байгаа нь тодорхойгүй байна. Мөн талуудын хооронд 2014 оны 11 сарын 12-нд байгуулсан №83/14 дугаартай “гэрээт шатахуун түгээх станцтай хамтран ажиллах гэрээ”-ний хугацаа 2015 оны 11 сарын 12-нд дууссан байна.
Нэхэмжлэгч тал “МТ-Петролиум” ХХК нь 2015 оны 4 сарын 14-нд 6500 литр А-80 /1280 төгрөгийн үнэтэй/, 2016 оны 6 сарын 19-нд А-80 /1320 төгрөгийн үнэтэй/-гээр Цахиурт Ойл ХХК-д нийлүүлсэн ба нийт 16900000 төгрөгнөөс 548600 төгрөг төлснийг хасаад 16052400 төгрөг, 2015 оны 10 сарын 30-наас хойш 233 хоногийн үндсэн төлбөрийн 50 хувийн алданги 8026200 төгрөгийг хэргийн 15-р талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас гаргасан МТ-петролиум ХХК-аас, Цахиурт ойл ХХК-ийн зээлээр авсан шатахууны тооцоо нийлсэн акт гэх 4 хуудас баримт болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байгаа гэх тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн шатахууны үнэ 16052400 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 8026200 төгрөг, нийт 24078600 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бензин, шатахууны үнэ, гэрээний хугацаа хэтэрснээс үүсэх алдангийг хэрхэн, ямар хугацаанаас тооцож буй нь тодорхойгүй, хэдий хэмжээний бензин түлшийг хэзээнээс эхлэн олгосон, хүлээн авсан талын гарын үсэгтэй баталгаат баримт байхгүй, нэхэмжлэгч талын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “МТ-петролиум ХХК-аас, Цахиурт ойл ХХК-ийн зээлээр авсан шатахууны тооцоо нийлсэн акт”-анд гэрээний нэг тал болох МТ- петролиум ХХК-ний менежер, нягтлан бодогч нар гарын үсэг зурсан, үлдэгдэл барааны тооцоо зэргийг тооцсон орлого зарлагын тооцооны баримт, нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл зэрэг нэхэмжлэлийн үндэслэлийг нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч тал нэхэмжлэгч талаас авсан 4 тонн түлш, 2 тонн А-80 бензин нь савандаа хэвээрээ байгаа. Тухайн үед би түлшээ 1800 төгрөгөөр, А-80 бензинээ 1600 төгрөгөөр зарж байсан. МТ-Петролиумын өөр гэрээт борлуулагч манай шатахуун түгээх станцын орц, гарцыг хааж бууснаас болоод надаас шалтгаалахгүй шалтгааны улмаас би үлдсэн шатахууныг одоо болтол борлуулж чадахгүйд хүрсэн учраас нэхэмжилсэн алдангийг төлөхгүй. Харин нэхэмжлэлээс зарж болрлуулсан шатахууны үнэ 5352400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа төлнө, бусдыг төлөхгүй гэсэн тайлбар гаргаж байгааг үндэслэн нэхэмжлэгчээс 5352400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТ-Петролиум” ХХК-нд олгож, үлдэх шатахууны үнэ болох 10700000 төгрөг, алданги 8026200 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч МТ-Петролиум ХХК-ний Ерөнхий захирал Р.Ганзориг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, С.Долзодням нарт олгосон итгэмжлэлээс татгалзсан хүсэлтийг шүүх хуралдаанд ирүүлсэн тул шүүх хуралдаанд Б.Уранцэцэг, С.Долзодням нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100588 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-д зааснаар хариуцагч Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд байрлах Цахиурт Ойл ХХК-с шатахууны үнэ 5352400 төгрөг гаргуулан “МТ-Петролиум” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18726200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч МТ-Петролиум ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363041 /гурван зуун жаран гурван мянга дөчин нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Цахиурт ойл” ХХК-аас /захирал Х.Энхбат/ улсын тэмдэгтийн хураамж 100588 /нэг зуун мянга таван зуун наян найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТ-Петролиум ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ