| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 919 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Ж” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ж.Б холбогдох эрүүгийн 2006 00000 1105 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, төвийн мэргэжилтэн, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ж.Б .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 4 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт аюулгүй тойргийн орчим 8147 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа, 9791 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахлаа гэх шалтгааны улмаас Э.Доржжүгдэртэй маргалдаж, түүний нүүр, цээж тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг
өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Доржжүгдэрийн өгсөн мэдүүлэг /хх-4-5/, гэрч Т.Ууганцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Д.Төмөрхуягийн өгсөн мэдүүлэг /хх-10-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 сарын 28-ны өдрийн 5080 дугаартай дүгнэлт /хх-13-14/, Ж.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-26/, зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/, “Натур эмнэлэг” компьтерт томографийн оношилгооны шилжилгээны баримт /хх-17/, хохирлын баримт /хх-18/, хохирогч Э.Доржжүгдэрийн гаргасан гомдолгүй, саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, яллагдагч Ж.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-36-37/, шүүгдэгч Ж.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 4 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт аюулгүй тойргийн орчим 8147 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа, 9791 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахлаа гэх шалтгааны улмаас Э.Доржжүгдэртэй маргалдаж, түүний нүүр, цээж тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Доржжүгдэрийн өгсөн: “2020 оны 4 сарын 26-ны орой 22:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Сансарын аюулгүйн тойргийн урдуур өөрийн 9791 УБР улсын дугаартай Т.Приус маркийн машинтайгаа явж байхад зүүн талаас нэг машин сигналдсаар байгаад намайг зогсоосон. Улаан хүрэн өнгөтэй 8147 УБК улсын дугаартай солонгос машин байсан. Тэгээд тэр машины урд сууж явсан 2 эрэгтэй буугаад ирсэн. Жолооч нь хүү нь бололтой байсан, хажууд нь сууж яваа нь аав нь бололтой байсан. Би аавтай нь яриад би яасан юм бэ гэж хэлсэн чинь хүү нь хажуунаас орж ирээд миний цээж рүү цохисон. Цонх онгорхой байсан. Тэгээд машины цонхоор гараа оруулж намайг цохисон. Тэгээд би машинаасаа буугаад яахаараа намайг цохидог юм гэсэн. Тэр хүү нь надад хандаж “пизда минь араа даахуу” гээд байсан. Би даана гээд хэлсэн чинь миний зүүн талын шанаа руу 5-7 удаа цохисон. Би цохиулж байхдаа зөрүүлж 1 удаа цохисон.” /хх-4-5/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ууганцэцэгийн өгсөн: “Манай нөхөр Батжаргал жолоо барьж явсан. Тэгээд би хойд талын суудал дээр унтаж байсан бөгөөд гэнэт хүчтэй тоормос гишгэхэд би сэрсэн. Манай нөхөр машинаасаа буугаад тухайн жолоочтой маргалдаад зууралдаад авсан. Тухайн үед манай нөхрийг тухайн машины жолооч гараараа нүүр хэсэгт 2 удаа цохиход хариуд нь манай нөхөр тэр залууг цохиж байсан бөгөөд яг хаана нь цохиж байгааг хараагүй.” /хх-8-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Төмөрхуягийн өгсөн: "Сансарын аюулгүй
тойргийн тэнд хажуу талаас приус машин шахаж орж ирсэн. Тэр үед би урд талын суудал дээр сууж байгаад цонхоо доош буулгаад яаж яваад байна аа гэхэд тэр машины жолооч залуу яаж явсан юм гээд уурлахад манай хүргэн машинаасаа буугаад маргалдаад зодолдоод байсан." /хх-10-11/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 сарын 28-ны өдрийн 5080 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Доржжүгдэрийн биед зүүн шанаа, чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, цээж, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-13-14/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Б яллагдагчаар өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 10:00 цагийн үед Хандгайты зуслангаас эхнэр Т.Уранцэцэг, хадам аав болох Д.Төмөрхуяг, хадам ээж Цэцэгмаа нартай хамт гараад явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Сансарын аюулгүйн тойрог дээр баруунаас урд чиглэлд 8147 УБК улсын дугаартай улаан хүрэн өнгийн туксон маркийн машинаар зорчиж явахад баруун гар талаас цагаан өнгийн приус 30 маркийн 9791 УБР улсын дугаартай цайвар авто машин дүрэм зөрчиж орж ирсэн. Тэр үед би машиныг зогсоогоод тус машины жолоочид шаардлага тавихад машинаасаа бууж ирээд надмайг заамдаж авахаар нь би түүний нүүрэн хэсэгт гараараа цохисон. Тэр үед хадам аав, эхнэр хоёр машинаас гарч ирээд салгасан бөгөөд бид нар машиндаа суугаад явцгаасан.” /хх-24-26/ гэх мэдүүлэг,
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,
“Натур эмнэлэг” компьтерт томографийн оношилгооны шилжилгээны баримт /хх-17/,
Хохирлын баримт /хх-18/,
Хохирогч Э.Доржжүгдэрийн гаргасан гомдолгүй, саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт,
Яллагдагч Ж.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-36-37/,
Шүүгдэгч Ж.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-27/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 4 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт аюулгүй тойргийн орчим 8147 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа, 9791 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахлаа гэх шалтгааны улмаас Э.Доржжүгдэртэй маргалдаж, түүний нүүр, цээж тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Э.Доржжүгдэрт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Ж.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь бусадад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС