Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0379/З |
Дугаар | 221/МА2021/0460 |
Огноо | 2021-09-01 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2021/0460
Н.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.У-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 7 дугаар зүйлийн 7.6, 12 дугаар зүйлийн 12.4.2, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012094, Ү-2204013182, Ү-2204015525 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус бүр 6 сарын хугацаатай түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нь шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд маргаан бүхий бүртгэлийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд Ү-2204012094, Ү-2204013182, Ү-2204015525 дугаарт бүртгэгдсэн бүртгэл хүчингүй болохыг дурдан ” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
Нэхэмжлэгч Н.У нь “Ү-2204012094 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө /Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 15-р гудамж, 444Б тоот /-ийг “Хас банк” ХХК-аас Д.Б-д шилжүүлэн бүртгэсэн 2017 оны 05 дугаар 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргасан.
Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 419 тоот шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1.2, 7.5, 7.6, 12.5.1 дэх заалтыг баримтлан “Хас банк” ХХК-ний Ү-2204012094 тоот өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж, 3 дахь заалтаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78.2 дахь хэсгийг баримтлан давхардсан бүртгэлийн хөдөлгөөнүүдийг түдгэлзүүлж, аль бүртгэл нь “Үнэн зөв” гэдгийг өөрөө, шаардлагатай бол холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгаж тогтоон бүртгэлийн давхардлыг арилгаж зөвтгөн шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэхийг шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон юм.
Улмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 347 дугаар тушаалаар “Х б” ХХК-ний өмчлөлд бүртгэгдсэн Ү-2204012094 тоот бүртгэл /одоо гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэгдээд буй/-ийг түдгэлзүүлж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №9/5991 тоот “Материал шалгуулах тухай” албан бичгээр хандсан баримт хэргийн материал болон Ү-2204012094 тоот үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт тус тус авагдсан байдаг.
Гэтэл гуравдагч этгээд “Х б” ХХК болон хариуцагч Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь шүүхийн шийдвэр дээрх байдлаар гарсан болохыг мэдсээр байж шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн Ү-2204012094 тоот үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гуравдагч этгээд Д.Б-д шилжүүлж хууль зөрчсөн.
Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, мөн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2012 он/-ийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд “Х б” ХХК нь дээрх зохицуулалтын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй атал шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, Ү-2204012094 тоот үл хөдлөх хөрөнгийг Д.Б-д шилжүүлсэн.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5.1,2, 7.5, 7.6, 12.5.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчиж, Ү-2204012094 тоот үл хөдлөх хөрөнгийг Д.Б-д шилжүүлсэн. Мөн хариуцагч Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар 09-ний өдрийн №347 дугаар тушаалыг зөрчиж, тус тушаалаар түдгэлзүүлсэн “Х б” ХХК-ний бүртгэл /Ү-2204012094/-ийг гуравдагч этгээд Д.Б-д шилжүүлсэн.
“Х б” ХХК болон хариуцагч Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс нь шүүхийн шийдвэр болон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар түдгэлзүүлсэн бүртгэлд өөрчлөлт оруулж, хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн тул “Х б” ХХК-иас Д.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэл хууль зүйн үндэслэлгүй ба хүчингүй болох ёстой.
Өөрөөр хэлбэл, “Х б” ХХК-ийн өмчлөлийн Ү-2204012094 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Д.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох ёстой атал тус бүртгэлийг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Хас банкны өмчлөлийн Ү-2204012094 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Д.Б-д шилжүүлэн бүртгэсэн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.
“Х б” ХХК-ийн өмчлөлийн Ү-2204012094 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Д.Б-д шилжүүлэн бүртгэсэн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэл нь хууль зөрчсөн бөгөөд хүчингүй бүртгэл тул гуравдагч этгээдийн зүгээс Н.У-ийн өмчлөлийн Ү-2204015525 дугаартай ул хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргах эрх байхгүй юм.
Өөрөөр хэлбэл, Д.Б-ын нэр дээр бүртгэгдсэн бүртгэл нь хүчингүй бүртгэл тул Д.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх хууль зүйн үндэслэл байхгүй.
Мөн анхан шатны шүүх Д.Б-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй гэж үзэж, 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан атлаа Н.У-т холбогдох бүртгэлийг мөн 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн хүрээнд Д.Б-д холбогдох бүртгэл хүчингүй гэж үзсэн атлаа нэхэмжлэгч Н.У-т холбогдох бүртгэлийг мөн илт хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд логикийн хувьд зөрчилтэй юм.
Нөгөөтэйгүүр Н.У-ийн өмчлөлд бүртгэгдсэн Ү-2204015525 дугаартай үл хөдлөх хөрөнгө нь 430 м.кв талбайгаар бүртгэгдсэн нь Н.У нь тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд талбайн хэмжээний асуудлыг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг давхардуулан бүртгэсэн бүртгэлийн талаарх маргаан 2009 оноос эхэлсэн бөгөөд гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн зүгээс Н.У-ийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэлийн асуудлаар ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй ба энэ талаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 419 тоот шийдвэрт дурьдсан байдаг.
Н.У-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хэмээн шүүхийн шийдвэрт тэмдэглэж, бичиглэлийн алдаа гаргасан болохыг дурьдаж байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар 02-ны өдрийн 372 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: Маргаан бүхий газар нь анх 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ашиглах эрхтэйгээр Д.Б болон О.Г нарын нэр дээр үүсч, тухайн этгээдүүд үл хөдлөх эд хөрөнгийг тус газар дээр барьж байгуулан 2003 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ү-2204012094 дугаарт өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулан авсан. Үүнээс хойш тус үл хөдлөх эд хөрөнгө нь газрын хамтаар Д.Б болон О.Г нараас 2003 оны 04 дүгээр сард С.Э-д, 2003 оны 05 дугаар сард “Ч ц” ХХК-д, 2003 оны 11 дүгээр сард Б.Г-д, 2008 оны 03 дугаар сард Ц.А-д, 2009 оны 05 дугаар сард Хас банкинд, 2017 оны 05 дугаар сард гуравдагч этгээд Д.Б-ын нэр дээр тус тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн байдаг.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Б-ын нэр дээр байгаа өмчлөх эрх нь 2003 онд үүсч, Н.У-ийн нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэл нь 2004 онд үүссэн байгаа юм. Энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хамгийн анх бий болгосон этгээд болох Д.Б болон О.Г нарын нэр дээр үүссэн бүртгэл нь үнэн зөв буюу Д.Б-д шилжиж ирсэн өмчлөх эрхийн бүртгэл нь үнэн зөв болох нь цаг хугацааны хувьд тодорхой харагдаж байна.
Энэ талаар ч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа хариуцагчаас Н.У-т олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохдоо Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2-д заасан эрхээ хэрэгжүүлээгүйгээс мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх зарчим зөрчигдсөнийг шүүх зохих ёсоор дүгнээгүй, цаг хугацааны хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд өмчилснөөс хойш хүсэлт гаргасан нэхэмжлэгчид өмчлүүлэх шийдвэр гаргаж давхардуулсан болно.
Түүнчлэн 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/81 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 14 дүгээр гудамж, 445А тоот хаяг нь газрын мэдээллийн санд байхгүй байна...” гэж дурьдсан буюу нэхэмжлэгч Н.У-ийн нэр дээр үүссэн өмчлөх эрхийн гэрчилгээнд дурдагдсан хаяг нь бүртгэлгүй албан ёсны хаяг биш болохыг тогтоосон. Гэтэл шүүхээс энэхүү үйл баримтыг дүгнээгүй буюу нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй хаяг нь газрын мэдээллийн санд байхгүй хуурамч хаяг байгаа талаар үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй байна.
Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1 дэх хэсэгт “...Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно...” гэж заасан байх тул Д.Баттулгын нэр дээр бүртгэлтэй буюу 2003 онд Д.Б, О.Г нарын нэр дээр Ү-2204012094 дугаартай өмчлөх эрхийн бүртгэл үүссэн нь аль бүртгэл нь үнэн зөв болохыг илүү нарийн тодорхой харуулж байна.
Нэхэмжлэгчээс “Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 419 дугаартай шийдвэр гарч түдгэлзүүлсэн маргаантай хөрөнгийг хууль зөрчин бусдын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн албаны 2017 оны 05 дугаар дугаар сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Б-д шилжсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж, Гуравдагч этгээдээс “Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 14 дүгээр гудамж, 445а тоот хаягт байрлах 260 м.кв гарааш, хувийн сууц 72 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилгыг 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ү-2204013182 дугаар Ч.О-н нэр дээр бүртгэсэн бүртгэл, мөн уг хууль бус бүртгэлийн үндсэн дээр хийгдсэн Н.У-ийг өмчлөгчөөр бүртгэсэн 2008 оны Ү-2204015525 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байтал анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлүүдийг бүхэлд нь 6 сарын хугацаанд түдгэлзүүлж, уг тогтоосон хугацаанд маргаан бүхий бүртгэлийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд Ч.О, Н.У, Д.Б нарын Ү- 2204013182, Ү-2204015525, Ү-2204012094 дугаарт бүртгэгдсэн бүртгэлүүдийг хүчингүй болгохыг дурдсан нь ойлгомжгүй байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар шүүхээр өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар иргэн, хуулийн этгээд нэхэмжлэл гаргадаг, шүүхээс гарах шийдвэр эрх нь зөрчигдсөн иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зорилготой атал анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алиных нь эрх ашиг сэргээгдэхээргүй, маргаан бүхий улсын бүртгэлүүд бүхэлдээ хүчингүй болсон тохиолдолд цаашид уг үл хөдлөх эд хөрөнгийг хэн өмчилж, эзэмших нь тодорхойгүй нөхцөл байдалтай үлдэх эрсдэлтэй.
2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Б-ын нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн бөгөөд шилжүүлэг хийгдэх үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд ямар нэгэн хориг тавигдаагүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой ямарваа нэгэн маргаан үүсээгүй байсан. Гэтэл шүүхээс Д.Б-ын нэр дээрх бүртгэлийг түдгэлзүүлж, маргаан бүхий бүртгэлийн асуудал шийдэгдээгүй тохиолдолд хүчингүй болгохоор шийдвэрлэж буй нь Иргэний хуульд заасан дээрх зохицуулалтыг зөрчих, хуульд заасан зохих журмын дагуу шударгаар өмчлөх эрх олж авсан иргэний эрхийг ноцтойгоор зөрчих нөхцөл байдлыг тус тус үүсгэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 сарын 2-ны өдрийн 0372 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ :
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-аас “Шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, гуравдагч этгээд Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т-ээс “Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.
Талуудын маргаж буй энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн тухайд: 1/ Ү-2204012094, 2/ Ү-2204013182, 3/ Ү-2204015525 гэсэн 3 бүртгэл, хувийн хэрэг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.
1/ Ү-2204012094 тухайд: Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 14-4446 тоот хаягт байрлах 300 м.кв газар, 60 м.кв дэлгүүрийн зориулалттай барилга 2002 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Д.Э-аас О.Г-т шилжиж, 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Д.Б, О.Г нарын хамтран өмчлөлд 280 м.кв орон сууц, граш, дэлгүүрийн барилга эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012094 дугаарт бүртгэгдсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр С.Э*д, 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Чулуутын цуурай” ХХК-д, 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б.Г*д, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Ц.А-ийн өмчлөлд тус тус шилжсэн.
Ц.А нь 2007 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж уг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьсан бөгөөд зээлээ төлж чадаагүй улмаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 9/09-01 дугаар Барьцааны хөрөнгө, түүний өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэлд хангуулах зорилгоор шилжүүлэх гэрээгээр Хас банкны өмчлөлд шилжиж бүртгэгдсэн.
Ийнхүү Ү-2204012094 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Хас банкнаас гуравдагч этгээд Д.Баттулгад шилжжээ.
2/ Ү-2204013182 тухайд: 2004 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 14 дүгээр гудамжны 445А тоот хаягт байрлах 260 м.кв талбайтай гарааш, 72 м.кв талбайтай сууц, дэлгүүрийн зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө Ч.О өмчлөлд Ү-2204013182 дугаарт бүртгэгдэж, 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 130 м.кв талбайтай үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Д-ийн өмчлөлд шилжсэнийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015525 дугаарт бүртгэсэн байна. Харин 202 м.кв талбайтай хэсэг нь Ч.О-н өмчлөлд /Ү-2204013182/ улсын бүртгэлийн дугаартайгаар үлдсэн бөгөөд одоо ч энэхүү бүртгэл хүчин төгөлдөр байна.
3/ Ү-2204015525 тухайд: 2004 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 14 дүгээр гудамжны 445А тоот хаягт байрлах 260 м.кв талбайтай гарааш, 72 м.кв талбайтай сууц, дэлгүүрийн зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө Ч.О-н өмчлөлд Ү-2204013182 дугаарт бүртгэгдэж, 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 130 м.кв талбайтай үйлчилгээ, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Д-ийн өмчлөлд шилжсэнийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015525 дугаарт бүртгэсэн байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж, өөрийн нэр дээр бүртгүүлсэн хэсгээ Т.Д нь Н.У-т 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Т.Д-аас Н.У-т шилжүүлсэн байна.
Н.У нь 130 мкв хэсгийг өмчлөх эрхээ бүртгүүлэх ёстой боловч гэрчилгээнд тусгагдсан 130 м.кв талбайг 430 м.кв талбай болгон өөрчилж, гэрээнд 430 м.кв гэж тусган бүртгүүлж, 2006 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, дараа нь үрэгдүүлсэн гэж мэдүүлж 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дахин 430 м.кв хэмжээтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. Одоо энэхүү бүртгэл мөн адил хүчингүй болоогүй, хүчин төгөлдөр байна.
Энэхүү маргааны тухайд 202 м.кв талбайтай хэсэг нь Ч.О-н өмчлөлд /Ү-2204013182/ улсын бүртгэлийн дугаартайгаар бүртгэлтэй тэрээр өмчлөгч хэвээрээ байгаа бөгөөд энэхүү хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
Мөн энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж байсан Ц.А нь 2007 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж уг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьсан бөгөөд зээлээ төлж чадаагүй улмаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 9/09-01 дугаар Барьцааны хөрөнгө, түүний өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэлд хангуулах зорилгоор шилжүүлэх гэрээгээр Хас банкны өмчлөлд шилжиж бүртгэгдсэн.
Энэхүү хөрөнгийн тухайд 2019 оны 05 сарын 24-ний өдрийн 16 дугаартай Прокурорын тогтоолд “.... Баянзүрх дүүргийн 17 хороо, Эмнэлгийн 14 дүгээр байрны 445б орон сууц, граж, дэлгүүр, газрын болон .... хуурамчаар үйлдсэн гэрчилгээг ашиглан 2007 оны 04 дүгээр сарын 25-нй өдөр ХААН банкны барьцаанд тавьж, 48 сая төгрөг залилан асан” гэж дурьдсан байна. Мөн энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан гэх Ц.А нь 2007 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж уг үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьсан гэх нөхцөл байдлаас гадна Л.Б гэгчтэй хамтран үл хөдлөх эд хөрөнгийн хуурамч гэрчилгээ ашиглан Кредит банкнаас 2 удаа, Монгол шуудан /Хадгаламж/ банкнаас 1 удаа, Голомт банкнаас 1 удаа, Хас банкнаас 1 удаа, Капитал банкнаас 1 удаа, нийтдээ 6 удаагийн үйлдлээр 73,500,000 төгрөгийг залилан мэхэлж авч байжээ.
Хас банкнаас 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болон 2007 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээл авч байжээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Ц.А-ийн тухайд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байдлыг зайлшгүй тодруулах, түүнд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн гэх Б.Гонгорсүрэнг гэрчээр асуух, өмнө нь Б.Г-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн гэх Чулуутын цуурай ХХК /захирал нь Ц.А-тэй хамтран олон удаа зээл авч байсан Л.Б гэгч/ зэргийг, мөн Ц.А-ийн тухайд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн байдлыг шалгах нь зүйтэй байна.
Ц.А-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэсэн гэх Б.Г нь Чойжилын Хонгор гэх нэрээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол, 7 байрны 192 тоот орон сууны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хурамчаар үйлдсэн гэрчилгээг ашиглан 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Монкорд” ХЗХ-д барьцаалан 15 сая төгрөгийг залилан мэхлэж авч байжээ. Мөн Б.Г нь Б-ийн Х гэх нэрээр хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ашиглан ХААН банкнаас 11 сая төгрөг залилан авч байжээ.
Энэ бүх нөхцөл байдлаас үзэхэд энэхүү маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн тухайд 2 хувийн хэрэг байгаа болон 445 А болон 445Б гэсэн /давхардсан/ бүртгэл, хувийн хэрэгтэй боловч нэг үл хөдлөх эд хөрөнгө байгаа тул эхэлж иргэний шүүхээр хэн нь ямар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага эхэлж тавигдахыг үгүйсгэхээргүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаар шийдвэртэй хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийн 70200 төгрөгийг буцаан олгож, үлдэх 70200 төгрөг, гуравдагч этгээд “Х б” ХХК-иас төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР