Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 45

 

 Т.Бд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Эрдэнэбат 

            Хохирогчийн өмгөөлөгч                    З.Нямсүрэн 

             Шүүгдэгч                                            Т.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж шийдвэрлэсэн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Гийн давж заалдах гомдлоор Т.Бд холбогдох 201711000207 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1966 оны 07 сарын 20-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 1990 онд Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 27 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих, Дорнод аймгийн ардын хэсгийн 7 дугаар шүүхийн 1992 оны 03 сарын 30-ны өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 03 сарын 02-ны өдрийн 1/17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, Ө овогт Тийн Б /РД …/.

          Шүүгдэгч Т.Б нь согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн 2017 оны 5 сарын 22-ны өдрийн өглөө 07 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг “Найрамдал” паркийн зүүн урд Хэрлэн голын эрэг дээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Б.Гийн баруун гар болон толгойн тус газарт цохиж баруун шуу, баруун сарвууны 4, 5 дугаар шивнүүр ясны далд хугарал, зулайд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ө овогт Тийн Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бийг 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Бийн цагдан хоригдсон 13 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож эдлэх ялаас нь хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Т.Бийн өмсөж явсан хар хөх өнгийн малгайтай цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, хар өнгийн хуванцар нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар Т.Бөөс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны төлбөрт 2355000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2020000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Т.Бийн эзэмшлээс хураан авсан АВ2366837 серийн дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн … регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Т.Бд тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Т.Бд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, ...шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Г давж заалдах гомдолдоо: Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хууль бус гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Б нь олон нийтийн газар зэвсэг хэрэглэж танхайрч, намайг хүчиндэх гэж завдаж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж баруун гарын шуу, 3 хуруу хугалж зугтаах гэсэн чинь төмрөөр толгой руу олон удаа цохиж миний биед маш аймшгийн хүнд гэмтэл учруулсан. Гэтэл мөрдөн байцаагч, прокурор хуулиа мөрдөхгүй дутуу шалгаж, илт хэрэгтний талд түүнийг өмгөөлж шийдвэр гаргасан. ... Энэ хэрэгт танхайрсан, хүчиндэхийг завдсан гэмтлийн дүгнэлтийг дахин хийлгэж нэг талыг барьсан учраас мөрдөн байцаалтад буцааж өгөөч гэж санал тавихад шүүх тоогоогүй хэрэгтний талд шийдвэр гаргасан. Миний гарыг төмрөөр хуга цохисон, 3 хуруу хугарсан, төмрөөр толгойг хага цохисон, олон удаа оёдол тавиулсан зэргээр миний биед учирсан хохирлууд цаашдаа намайг эмч тахир дутуугийн группэд ор гэсэн. Би одоо ажлаа хийж чадахгүй байна. Зодуулснаас хойш олон сая төгрөгийн хохирол учраад байхад шүүх хохирлыг буруу тооцож мөн ялтны талд шийдвэр гаргасан явдалд гомдолтой. ...Миний өмгөөлөгчийн энэ хэргийг нэг талыг барьсан, гүйцэд биш хийсэн, зүйлчлэл буруу, гэмт этгээдэд ял завшуулж байна гэсэн саналуудыг шүүх хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. ... Хохирогч би зодуулаад бодит байдалд маш их шаналж зовж, эмнэлэгт хагалгаанд орж одоо насаараа тахир дутуу эрэмдэг болсон болсон явдалд шүүх зөв дүгнэлт өгч хуулийн байгууллага прокурорын алдааг засч, миний хохирлыг барагдуулж хуулиа зөв хэрэглэдэг хуульч нар байгаа гэж үзэж дээрх гэмт хэрэгтэнд тохирсон шийтгэлийг оногдуулахыг хүсэж байна. Шүүх хуулиа зөв хэрэглэж гэмт хэрэгтнээс учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Т.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгч Д.Цэдэнпэлжээ нь мөрдөн байцаалтын явцад Т.Бийг 2017 оны 05 сарын 25-ны өдөр сэжигтнээр баривчлах /хх-ийн 43-44/ тухай, 2017 оны 05 сарын 25-ны өдөр цагдан хорих /хх-ийн 46-47/ тухай, 2017 оны 06 сарын 05-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай /хх-ийн 49-50/ шүүгчийн захирамж тус тус гаргасан атлаа хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан "Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах шатны, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасантай холбогдуулан хохирогч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хянан хэлэлцээгүй болохыг дурдвал зохино.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.НАРАНБАЯР                         

                  ШҮҮГЧИД                                                       Б.СҮХГОМБО

                                                                                          Ж.ДОЛГОРМАА